Стивен Хокинг: Сансарт аялж, хар нүхтэй тааралдсан ч түүн рүү орох зориг надад байхгүй
- 2015-06-03
- Дэлхий
- 0
Астрофизикч Стивен Хокинг “Wired” сэтгүүлд хар нүх, цаг хугацааны товч түүхийн талаар ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна. Өвчний улмаас бүх бие мэдээгүй болж, ганцхан уураг тархи нь ажилладаг Стивен Хокинг орчлон ертөнцийн тухай гарамгай онолуудыг боловсруулж, Альберт Эйнштейний дараа орох физикчээр тодорсон юм.
-Математикч Рожер Пенроуз “Бидний оюун ухаан ямар нэгэн зүйлийг үргэлж боддог” гэсэн байдаг. Та яг одоо юун тухай бодож байна вэ?
-Би физикийн ойлголт болох хар нүхний талаар 40 жил судалж байна. Энэ талаар цаг үргэлж боддог. Харин сүүлийн үед орон зай, цаг хугацааны муруйн тухай бодох болсон.
-Та орчлон ертөнцийн өнгөрсөн үед нь нийтлэг биш өөр өөр түүх юм гэж хэлсэн. Энэ онолоо ямар туршилтаар батлах вэ?
-Фейнманы онолоор түүх өөрийн гэсэн замаар хувьсан өөрчлөгдөж байдаг.
-Та их тэсрэлтийн онолыг судалсан хүн. Их тэсрэлтээс үүдэж огторгуй аяндаа өөрөө өөрийгөө бүтээсэн, огторгуйн цаг тоололд эхлэл ч, төгсгөл ч гэж байхгүй гэдэгт та итгэдэг. Хэрэв таны онол гарцаагүй үнэн бол ертөнцийн бүтээгч эзэн гэж бий юү?
-Тийм ээ. Энгийнээр бол тийм. Би огторгуй их тэсрэлтийн улмаас үүсэж бий болсон гэдэгт итгэдэг. Өөрийн судалгаагаар ч үүнийг батлахыг хичээж байна. Ямартай ч огторгуй физикийн хуулиар бий болсон бөгөөд үүнд эхлэл, бас төгсгөл гэж байхгүй. Ямар нэг бурхан дураараа бүхнийг бүтээгээд, хоосон дунд гариг, эрхсийг шидээд, тогтоочихоогүй гэсэн үг. Гэхдээ энэ нь бурхан байдаг, эсвэл үгүй гэдэгтэй огт хамаагүй. Тэр байдаг ч байж болно. Гол нь огторгуй лав түүний оролцоогүйгээр өөрөө өөрийгөө бүтээсэн гэдэг нь л чухал.
-Та “Цаг хугацааны түүх” номдоо Эйнштейний онолоос иш татдаг. Хэрвээ танд аугаа эрдэмтэн Альберт Эйнштейнтэй уулзах боломж тохиовол түүнээс юун тухай асуух байв?
-Би түүнээс “М-онол тань таны насан туршдаа эрэлхийлж байсан нэгдсэн онол мөн үү” гэж асуух байсан. “М-онол” гэдэг нь хүн төрөлхтний орчлонгийн тухай бүх мэдлэгийг нэгтгэх учиртай онол. Гэхдэ би сүүлийн үед “М-онол”-д эргэлзээтэй хандах болсон. Хэрвээ энэ онолыг нээж чадвал бид хамгийн аугаа томоос өчүүхэн жижиг зүйл хүртэл бүх зүйлийн гарал үүслийг ойлгох магадлалтай. Мөн Эйнштейнээс яагаад хар нүх байдаггүй гэдэгт итгэдэг байсан тухай асууна. Хар нүх байгааг түүнээс хойш нотолчихсон л юм даа.
-Хар нүх цацраг ялгаруулдаг гэх онолыг та гаргаж тавьсан. Энэ нь нэг хэрэг. Гэхдээ хэрэв бид хар нүх руу уналаа гэж төсөөлбөл бидэнд чухам юу тохиолдох бол?
-Асар их татах хүч бүхий энэ урхинд гэрэл хүртэл баригдаж, орон зай мурийж, цаг хугацаа гажууддаг. Бид хар нүхний гадна оршиж байгаа ч огторгуйн дотор нь байна. Тэгэхээр хэзээ нэгэн цагт хар нүхтэй тааралдахгүй гэх баталгаа байхгүй. Хэрвээ сансар огторгуйд аялж, хар нүхтэй тааралдлаа гэхэд тийш үсэрч орох тэнэг зориг лав надад байхгүй.
-Таны эртний найз, физикч Кип Торн “Хокинг гараа ашиглах чадвараа алдсанаас хойш гурван хэмжээсээр сэтгэдэг ер бусын чадвартай болсон” гэсэн. Магадгүй хүний тархи дөрвөн хэмжээсээр сэтгэх чадвартай юу?
-Хэн ч дөрвөн хэмжээсээр төсөөлж, сэтгэж чадахгүй. Гурван хэмжээсээр сэтгэнэ гэдэг ч амаргүй.
-Хүн төрөлхтөн өөр ертөнцийг колоничлох хэрэгтэй гэсэн сэдвээр та илтгэл тавьсан удаатай. Хүн төрөлхтөн бусад гаргийг эрхшээлдээ оруулах төлөвлөгөөгөө хэрхэн хэрэгжүүлэх вэ?
-Энэ дэлхийд тодорхой бус шалтгаанаар ямар нэгэн гамшиг тохиовол нэг ч амьд биет үлдэж чадахгүй гэж би бодож байна. Тэр цагт сансрын хөлөг дээр амьдрах биш дэлхий адил гариг хайж олох шаардлага тулгарна.
-Хүн төрөлхтний мөхөл гэснээс та “Хиймэл оюун ухаан биднийг устгах аюултай” гэж үргэлж хэлдэг. Ийнхүү шүүмжлэлтэй ханддагаа тайлбарлаж болох уу?
-Хүн биологийн хязгаараасаа үүдэж технологийн хөгжлийн хурдыг гүйцэж чадахгүй. Удаан хугацааны биологийн хувьслаар хязгаарлагдсан хүмүүс хиймэл оюунтай өрсөлдөж чадахгүй, тэдний өмнө хүчин мөхсдөнө. Тиймээс би “Хиймэл оюуныг бүрэн хөгжүүлэх нь хүн төрөлхтний мөхлийг дуудна” гэж сануулж байна.
-”Simpsons” хүүхэлдэйн кинонд таныг дүрсэлсэн байдаг. Хэрвээ уран сайхны кинонд тогловол танд ямар дүр тохирох бол?
-Би шинжлэх ухаанд үнэт цагаа бүрэн зарцуулдаг учраас урлаг соёлын талаар талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ надад хамгийн тохиромжтой дүр бол Жеймс Бондын киноны хорон санаатан. Яагаад гэвэл, миний тэргэнцэр болон компьютерийн дуу хоолой тийм дүрд төгс тохирно гэж бодож байна.
Х.Заяа
Сэтгэгдэл (1)
(112.72.13.247)
ха ха..үнэхээр хошин шогын мэдрэмжтэй хүн юм..