Хакухо Даваажаргал хүчтэй өрсөлдөгч Кисэносатог давлаа

 

Японы мэргэжлийн сумо бөхийн энэ оны сүүлийн башё үргэлжилж байна. Өнөөдөр кюүшюү арал дээр болж байгаа тэмцээний арваннэгдэх өдрийн барилдаанд том цолтой бөхчүүдээс ёкозүна Хакухо Даваажаргал, озэки Кисэносатог, ёкозүна Какүрюү Ананд озэки Котошёогикүг, ёкозүна Харумафүжи Бямбадорж сэкиваки Точиозанг, озэки Тэрүнофүжи Ган-Эрдэнэ комүсүби Ёшиказэг, комүсүби Точионшин маэгаширагийн 3 дахь бөх Аминишикиг тус тус давсан.

 

Харин озэки Гоэйдо м-1 Ичиножёо Ичинноровт, сэкиваки Миёогирюү м-1 Осунаарашид өвдөг шороодлоо. Манай их аварга Хакухогийн хамгийн хүчтэй өрсөлдөгч нь озэки Кисэносато билээ. Энэ хоёр бөх хоорондоо 54 удаа таарч барилдахад аварга 42 давж, 12 удаа унажээ. Хэдийгээр давааны тоо илүү байгаа ч Хакухо 63 дараалан даваад байхад нь Кисэносато дээд амжилтыг нь зогсоож байсан.

 

Мэргэжлийн сумогийн дээд зиндаанд домогт их аварга Футабаяама тэртээ 1936-1939 оны хооронд 69 дараалан давсан бол Хакухо 2010 онд 63 барилдаанд дараалан давж, бүх цаг үеийн дэд байрт бичигддэг аж.

 

Мөн дээд зиндаанд барилдаж буй Монголын бусад бөхчүүдээс Кёкүшюүхо Эрдэнэбаатар Митакеумиг, Таканоива Баасандорж Китатайкиг давж, Тамаваши Мөнх-Оргил Чиёоотрид, Асасэкирюү Дашням Саданофүжид уналаа.

 

Эхний арваннэгэн өдрийн дараах байдлаар мэргэжлийн сумогийн 69 дэх ёкозүна Хакухо Даваажаргал нэг ч унаагүй башёг тэргүүлж байна. Түүний ард 10 даваа 1 унаатай ёкозүна Харумафүжи Бямбадорж, 9 даваа 2 унаатай маэгашира Шохозан нэхэж байгаа аж.


М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)