Хятадад хуурамч вакцин үйлдвэрлэсэн нь санааг зовоож байна

Хятадын зах зээлд 250,000 тун шаардлага хангаагүй галзуугийн вакцин тараагдсан нь илэрч, ерөнхий сайд Ли Кэчянь шуурхай шалгалт явуулж, буруутай этгээдүүдийг хатуу шийтгэх даалгавар өглөө.

 

Өнгөрсөн долоо хоногт тус улсын хамгийн том эмийн үйлдвэрүүдийн нэг алдаа согогтой вакцин үйлдвэрлэн зах зээлд нийлүүлснийг төрийн албан тушаалтнууд, компанийн удирдлагууд нуун дарагдуулсан тухай мэдээ ил болсон юм.

Хятадын олон нийт сошиал орчинд эсэргүүцлийн давалгаа үүсгэж эхэлжээ. Жилинь мужийн Чаншэнь Биотехнологи компанийн ажиллагааг нууц мэдээллийн дагуу шалгахад вакцины үйлдвэрлэл, шалгалтын бодит үр дүнг дарагдуулж байсан нь илэрсэн юм.

Өчигдөр буюу Ням гарагт Хятадын хүнс, эмийн бодлого зохицуулах газар Чаншэний үйл ажиллагааг зогсоосноо зарлажээ. Одоогоор согогтой вакцинаас болж хохирсон хүүхдийн тухай мэдээлэл гараагүй байна.

Гэвч уг хэрэг нь Хятадын засгийн газарт итгэх олон нийтийн итгэлийг унагасан хэрэг болжээ. 2008 онд хүүхдийн тэжээлийн үйлдвэр меламинтай хуурай сүү үйлдвэрлэснийг нуун дарагдуулсан хэрэг илрэхэд 6 хүүхэд нас барж, 300,000 хүүхэд өвдөж байв.

Энэ хэргийг мөн л албан тушаалтнууд нуун дарагдуулж байсан нь илэрсэн юм.

Хятадын Wechat сүлжээнд “#Changsheng vaccine case” гэсэн шошготой мэдээг өнөөдрийн байдлаар 470 сая удаа үзээд байна. Улмаар иргэд АНУ-ын элчингийн Weibo хуудсанд олноор хандаж, тус улс дахь хүний эрх, иргэдийн аюулгүй байдалд анхаарлаа хандуулж, шахалт үзүүлэхийг уриалжээ. Зарим иргэн “Ноён элчин сайдаа! Хятадыг чөлөөлж, аварч өгөхийг Трамп ерөнхийлөгчөөс гуйж байгааг уламжилж өгнө үү. Бид үр хүүхдээ вакцинаар хөнөөлгөхийг хүсэхгүй байна” гэж бичсэн байна.

Хятадын төрийн мэдээллийн агентлагийн өгүүлснээр 250,000 тун асуудалтай вакциныг Шандон мужид нийлүүлсэн байна. Бусад мужуудын эрүүлийг хамгаалахынхан Чаншэнь компанийн бусад вакциныг хэрэглэхээ зогсоосон байна.

Чаншэнь компани нь Хятадын тэрбумтан Гао Жүнфаний эзэмшил юм. Шэнжэний хөрөнгийн бирж дээр тус компанийн хувьцааны үнэ 10 хувь унасан нь зөвшөөрөгдсөн уналтын хэмжээг давсан үзүүлэлт болсон байна. Өнгөрсөн долоо хоногт асуудал ил болсны дараа Чаншэний зах зээлийн үнэлгээ 40 хувиа алдсан юм.

Цагдаа нар 2016 онд Шандон мужаас $90 саяын дүнтэй согогтой вакцин орон даяар тарсан хэргийг илрүүлж байжээ.

Чаншэний хэрэг Хятадын эм тариа үйлдвэрлэгчдэд итгэх олон нийтийн итгэлийг улам бүр унагаж байна. Хятадын засгийн газар дотоодын эмийн үйлдвэрлэлийг дэмжих бодлого барьсаар ирсэн юм.

 

Эх сурвалж: BBC

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (59.153.113.121)

    2018-08-03

    Хятадаас юу ч битгий ав.шат дараатай багасгах хэрэгтэй