Сэтгэл засал гэж юу вэ?

Нийгэм, эдийн засгийн амьдрал тогтворгүй байдал нь олон хүнийн сэтгэл санаанд нөлөөлж, ирээдүйдээ итгэх илгэлгүй болж, гэр бүлийн харилцаа болон хүмүүсийн сэтгэл зүйд хүнд цохилт өгөх зэргээр олон сөрөг үр дагавар гарч хүн стрессд ордог.

Сэтгэл засал нь сэтгэл зүйн онол ба аргууд дээр үндэслэгддэг агаад үйлчлүүлэгчид сэтгэлийн түгшүүр төрүүлдэг мэдрэмж, сэтгэгдэл, харилцаа, сэтгэлзүйн шинж тэмдгүүдийг арилгах явдлыг зохицуулахаар хувь хүн ба бүлэгт тусламж үзүүлэх системтэй, чиглэл зорилго бүхий үйл ажиллагаа юм.

Сэтгэл заслын тогтсон үндсэн 4 загвар байдаг.

- Эмнэлгийн загвар: Сэтгэл засал бол эмчилгээний арга бөгөөд үйлчлүүлэгчийн бие, сэтгэцэд нөлөөлөх үйлдэл
- Социологийн загвар: Сэтгэл засал нь зан үйлийг өөрчлөх, нийгмийн амьдралд дасан зохицоход туслах зорилготой нарийн төвөгтэй арга
- Сэтгэлзүйн загвар: Бие хүнийг сургах, зан үйлийг өөрчлөх үйл явцын хүрээнд хэрэглэгдэх арга
- Философийн загвар: Хүмүүсийн хоорондын харилцан үйлдэлд үүсдэг цогц үзэгдэл хэмээн тус тус үзнэ.

Сэтгэл зүйн зөвлөгөө ба сэтгэл засал хоёрын ялгаа

Сэтгэл зүйн зөвлөгөө ба сэтгэл засал гэсэн нэр томьёонууд нь тайлбарлах явцад холилдох явдал байнга гардаг бөгөөд онолын болон хэрэглээний төвшинд хэд хэдэн ялгаатай зүйлс байдаг.

Сэтгэлзүйн зөвлөгөө
Энэ нь клиникийн хувьд эрүүл /сэтгэцийн эмгэг, өвчтэй бус/ боловч өдөр тутмын амьдралд тохиолдох сэтгэлзүйн хүндрэл бэрхшээл, асуудал, зан ааш, зан төлөвтэй холбоотой асуудлууд, мөн сэтгэл санаа хэвийн ч цаашид хэрхэн өөрийгөө бие хүний хувьд хөгжүүлэх талын асуудал зэрэгтэй тулгараад байгаа хүмүүст үзүүлж буй мэргэжлийн зөвлөгөө юм. Сэтгэлзүйн зөвлөгөө бол сэтгэцийн хувьд эрүүл боловч стресстэй, мухардалд орсон, амьдралынхаа хямарлын үед яваа, гэр бүл хосын харилцааны асуудалтай байгаа болон амьдралдаа илүү сайхан амьдрах замыг ирж хайж байгаа хүмүүст үзүүлдэг нэг төрлийн ярилцах засал юм.

Сэтгэл засал
Сэтгэл засал бол сэтгэцийн эмгэг /түгшүүр, сэтгэл гутрал, гэмтлийн дараах стрессээс үүдэлтэй эмгэг гэх мэт/ болон зан үйлийн эмгэг /түрэмгий байдал, цочмог зан, хор хохирол учруулах үйлдэл гэх мэт/ хүмүүст ярилцлага болон бусад аргаар эмчилгээ хийдэг. Энэ нь сэтгэл засалчийн заавар, зөвлөгөө, удирдлагын дагуу сэтгэц-зан үйлийн эмгэгийг өөрчлөхөд чиглэдэг. Сэтгэл заслын үед сэтгэл судлалын онол, сэтгэл заслын арга зүйд суурилсан хөтөлбөр гаргаж, өөрийн өвчнийг ухамсарлан ойлгох байдлыг нэмэгдүүлэх, тэнцвэртэй бус байдлыг өөрчлөх, сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдлыг арилгах, дахин сэдрэх байдлыг багасгахад үйлчлүүлэгчид тусалдаг юм.

 

ЭРҮҮЛ МЭНД ЭНЭ НАСНЫ ЖАРГАЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)