Хордлогыг эмээр бус хариуцлагаар эмчилье
- 2019-05-09
- Нийгэм
- 0
Хоёр сарын өмнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах KFC түргэн хоолны газарт үйлчлүүлсэн иргэд нэгэн зэрэг шахуу хоолны хордлогод орж Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмчлүүлж эрүүл мэндээрээ хохирсон. Гэтэл хоёр сарын дараа буюу 5 сарын 7-нд “Бургер кинг” ресторанаар үйлчлүүлсэн гурван хүн хордлого авч Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандсан талаарх мэдээ сайтуудад тавигдаж эхэллээ.
Гэтэл KFC түргэн хоолны газраас хордсон үйлчлүүлэгчид нь ахуйн хавьтлын замаар халдварладаг гэдэсний халдварт өвчин шигеллээр халдварласан. Үүнийг бүрэн эмчлүүлээгүй тохиолдолд тухайн иргэн насан туршдаа халдварт өвчний нянг биедээ тээх эрсдэлийг дагуулсан тухай мэдээллийг ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга хэлсэн байдаг. Мөн шигеллийн төрлийн нян нь зун, өвлийн улиралд их дэгддэг болохыг ч эмнэлгийнхэн хатуу анхааруулсан. Гэтэл түргэн хоолны газраас хордсон хордлого зуны эхний сард гараад байх шиг.
KFC түргэн хоолны газар болон “Бургер кинг” нь импортын бүтээгдэхүүнүүдээр гол түүхий эдээ бэлтгэдэг. Үүнээс үүдээд боловсруулсан бүтээгдэхүүнүүдэд нь зөрчил илрээд байна уу? гэсэн хардлага иргэдэд төрөх болсон.
Нөгөө талаар эдгээр үйлчилгээний газрууд хаанаас түүхий эдээ татан авдаг болох нь албан ёсны баталгаагүйгээс гадна дотоодын стандарт нэвтэрсэн үйлдвэрлэгчдээсээ түүхий эдээ авдаггүй нь үнэхээр гайхмаар. Импортоор орж байгаа түүхий эд стандартын шаардлага хангаагүйгээс гадна түүхий эдийн бэлтгэл хяналттай бус, тээвэрлэлтийн шаардлага хангаагүй нөхцөлд хадгалдаг гээд асуудлыг тоочвол барагдахгүй. Ер нь урт хугацааны хадгалалттай тээвэрлэлт эрсдэлтэй гэдгийг түргэн хоолны газруудаас гарч байгаа хоолны хордлого илтгээд байх шиг.
Буух эзэн буцах хаягтай дотоодын хэдэн мах, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээсээ бүтээгдэхүүний түүхий болон боловсруулсан материалаа авч үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа түргэн хоолны газрууд чухам ямар бодлоготой байна вэ?
Би, та ч хэзээ хоолноос болж хордохоор болсон энэ цаг үед хордлогыг эмээр бус хариуцлагаар төлдөг систем рүү шилжихийг шаардъя. Түргэн хоолны сүлжээ газрууд үйлчлүүлэгчдэдээ хүндэлж хариуцлагаа өндөржүүлье.
Сэтгэгдэл (0)