Э.Амартүвшинг дэлхийн шилдэг баритонуудын нэгээр дэвшүүллээ

Суут хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн “Тоска” дуурийн Скарпиагийн дүрд Монгол Улсын Гавьяат жүжигчин Э.Амартүвшин дөрөв дэх удаагаа тоглолоо. Дөрөв хэмээн тодотгож буйн учир нь, тэрбээр Итали улсын Наполи хотын “Сан Карло’’-гийн дуурийн театрын тайзнаа гарсныг хэлж буй хэрэг юм. Сүүлийн жилүүдэд гадаадын улс орнуудад Монголын баритон хоолойтнуудын авьяас, ур чадварыг харуулж байгаа түүний хамгийн сүүлд тоглосон дуурь нь “Тоска”. Энэхүү сонгодог бүтээлд хүссэн болгон нь дуулдаггүй.Нас, туршлага, ур чадвар гээд олон зүйлийг харгалзан тайзнаа гарах эсэхийг нь шийддэг. Тиймээс л олон улсын уран бүтээлчид Э.Амартүвшинтэй хамтран ажиллаж, зарим тоглолтдоо урьдаг биз ээ. Ийнхүү дэлхийн алдартай тайзан дээр гарч, Монгол Улсын нэрийг дуудуулж яваа түүнийг дуурийн “Оксар”-т нэр дэвшүүлснийг өчигдөр албан ёсоор зарлалаа. “Дуурийн од” олон улсын шагнал гардуулах ёслолыг найм дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд Италийн Засгийн газар, Ерөнхийлөгчийнхөө ивээл дор зохион явуулдгаараа онцлогтой.

“Дуурийн од" шагналын төрөл тус бүрт гурван хүний нэрийг дэвшүүлээд байгаа юм. Э.Амартүвшингийн гол дүрд нь дуулсан Ж.Вердийн “Набукко"-г Италийн 2019 онь шилдэг 10 дуурийн нэгээр нэрлэж байсан билээ. Тухайн үед уг дуурийг үзсэн үзэгчид “Гучин жилийн дараа Италид Ж.Вердийн баритон ирлээ" хэмээн үнэлж байв.

 

 

Харин манай дуучны хувьд “Набукко"-г шинэ найруулга, орчин үеийн хэлбэрээр тайзнаа туурвихад оролцон тоглосноороо онцлогтой болсон юм. Дэлхийн суут хөгжмийн зохиолчийн гранд хэмээн тодотгодог уг дуурийг манай улс тайзнаа хараахан тавиагүй байгаа билээ.

 

Б.Сийлэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)