Моёор

Миний багад манай нутагт Моёор Чүлтэм гэж нэг ах байдаг байлаа. Охорхон мөртөө төмөр замын хар хөх форм дээр цэргийн саравчтай малгай духдуулаад энгэрээрээ дүүрэн зүсэн зүйлийн тэмдэг медалиуд зүүчихээд галфийтай өмдөн дээр хромон гутал өшиглөж Гитлер шиг алхдаг, гараа чамархайдаа тулгаж ирээд л хай гэж мэндэлдэг найгүй сүртэй. Хүүхдүүд бид ухаан алдчихна. Аав ээж нар хүүхдүүдээ Моёор Чүлтэмд өгнө, Моёор ирж байна гэхчлэн айлгана. Бид ч бараанаар нь зугтаана. Ийм нэг. Жаахан ухаан ороод ааваас энэ Моёор Чүлтэм мундаг том дарга уу гэж асуухад аав БАРАГ л гэчихээд инээнэ. Юу нь инээдтэй гэж ухах ч биш. Дахиад ганц хоёр анги ахиад Чүлтэм гуайг сэтгэцийн жаахан юмтай гэж ойлгосон доо. Тэр үес яагаад ч юм надад “БАРАГ Л” л гэдэг үгний утга тэр хүнтэй холбогдож тогтоогдсон байдаг...Хожим сургуулиа төгсөөд нутагтаа очиход Моёор жамаа дагасан гэж сонсоод нэг тийм цагаахан орон зай үгүйлэгдээд л мартагдаж билээ.

Далийрахад хэд хоногийн өмнө тв р нэг контент (их моодонд орж байгаа хэлц) гарч байнаа. Суваг эзэмшигчээр би тодроод гэрийнхнийгээ хүчээр үзүүлж байв. Нэвтрүүлгийн санаа нь нэг мангар сайд том мангартайгаа нийлээд хятадуудад маниусын хувьцааг зарж иддэгийн даваан дээр эфирийн голд нь суугч нэгэн бээр аварчээ. Зүгээр ч үгүй өмнө нь нэг аварсан одоо хоёрдохоо гэж томров. ( уг нь ханхалзав гэж хэлэх гэснээ цагдаад дуудагдаж магадгүй гэж айгаад түдгэлзсэнийг өчсү). Энэ хүн байхгүй бол бяд балрах байж. Өөрсдийн өвөрт байсан мөнгийг (хувьцааг) хулгайлж байхад мэддэггүй үхэрүүд юм гэдгээ ямартай ч ойлголоо. Аврагч, контентод оролцсон зургаан хүнийг ( өөрийг нь хасаад) хөтлөгчтэй нь, хараад сууж байгаа маниустай давхарт нь агшаагаад л ...

Аймаар. Ашгүй нэг юм дуусах тал руугаа орлоо. Дараагийн суваг эзэмшигчидийн тал нь унтаад гүргэрээрээ эхнэр охин хоёр л үлджээ. Эхнэрийн нүдэнд ашгүйдээ гэсэн оч гялалзана. Гэтэл охин ааваа энэ хүн их хурлын гишүүн том дарга уу гэж асуулаа. Энэ л мөчийг хүлээж байсан аятай амнаас мөнөөх БАРАГ л гэдэг үг чавхны чулуу шиг үсрэн гарваа гэж. Хаха зүүгдээстэй. Эхнэр над руу нээх хачин харж гэнэ. Аргагүй ш дээ ямар Моёор Чүлтэмийг таних биш. Манайхан уншиж байгаа бол андахгүй.

Модон жим. Хаврын эхэн.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)