Иргэн Ш.Ербол: Иргэний эрхийг боомилсон шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна
- 2024-11-14
- Топ сэдэв
- 0
Манай улсад замын хөдөлгөөний түгжрэл нь иргэдийн бухимдлыг төрүүлж буй гол асуудлын нэг болоод байгаа юм. Уг асуудлыг шийдвэрлэх хүрээнд энэ сарын 8-ны өдрөөс эхлэн импортоор орж ирсэн автомашинд олгох улсын дугаарт хязгаар тогтоож, найман шалгуурт тэнцсэн тохиолдолд олгоно гэдгийг албаныхан мэдэгдсэн. Гэвч энэ нь хүний зорчих эрхийг хязгаарласан шийдвэр хэмээн олны дунд халуун сэдэв болоод байгаа юм. Энэхүү асуудлаар иргэдийн төлөөлөл дээрх шийдвэрийг эсэргүүцэж, Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэн өчигдөр Үндсэн хуулийн Цэцэд хандсан юм.
Иргэн Ш.Ербол “2023 оны арванхоёрдугаар сард УИХ-аас түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийг баталсан. Энэ хуулийн зорилтыг харахад түгжрэлийг бууруулах, орон сууцжуулах гэж байгаа мэт боловч хүний эрхийг хязгаарласан хуулийн заалтууд орсон байгаа юм. Улаанбаатар хотод олгогдох тээврийн хэрэгслийн тооны дээд хязгаарыг НИТХ-аас баталсан байдаг.
Үүний дагуу энэ оны хоёрдугаар сард Улаанбаатар хотод байх тээврийн дээд хэрэгслийн х эмжээг тогтоосон. Нийслэлийн Засаг дарга 730 мянгаас бага болсон тохиолдолд тээврийн хэрэгслийн дугаарыг шалгуур үзүүлэлтээр олгоно гэсэн байдаг. Энэ шийдвэрээр автомашины тоо 730 мянгаас давбал автомашины дугаар олгохгүй, тээврийн хэрэгслээ өмчлөх эрхгүй болж байгаа юм. Машин авлаа гэхэд найман шалгуур үзүүлэлтийг хангах ёстой. Жишээ нь, заавал “Евро4”-өөс дээш хөдөлгүүртэй машин авах ёстой гэдэг зүйл гаргаад ирсэн. Энэ шийдвэр үр дүнд хүрэх үү гэдэг нь хамгийн том асуудал болж байна. Тэгэхээр сүүлийн 20-30 жил төрийн эрхийг барьж байгаа Засгийн газар түгжрэлийг бууруулах талаар ямар өнцгөөс харсан шийдвэр гаргаж байна гэвэл замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд түгжрэлийг үүсгэж байгаа гэдэг хандлагаар дандаа иргэдийн эрхийг хязгаарласан, боомилсон шийдвэрүүд гаргаж байна. Уг нь давхар зам бариад, гарц гүүрнүүдийг нэмж барьсан бол ийм байдал үүсэхгүй байх байсан. Төр засаг түгжрэлийг бууруулах хангалттай арга хэмжээг аваагүй мөртлөө иргэдийг буруутгаад, иргэний эрхийг боомилж байгаад гомдолтой байна. Би одоо “ приус-20” машинтай, үүнийгээ сайжруулаад “приус-30” машин авъя гэхээр боломжгүй болж байна. Яагаад гэхээр 730 мянган машины тоо хэтрээд одоо 785 мянга болсон. Хэрэв энэ тоо 730 мянгаас буурсан тохиолдолд л оочер дараалалд оруулж байгаад машины дугаар олгоно гэнэ. Оочер дараалалд яаж оруулах вэ гэсэн чинь 2024 онд үйлдвэрлэсэн машинтай хүн ирээд, би 2015 онтой машин авах гэж байвал тэр хүн миний урд орох ёстой. Үнэтэй машин нь урд орох ёстой болж байгаа юм. Энэ нь иргэдийн Үндсэн хуульд заасан тэгш байх эрхийг зөрчсөн асуудал. Ийм учраас УИХ-аас өнгөрсөн жил гаргасан хуулийг,
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, Нийслэлийн засаг даргын захирамжийг хүний эрхийг зөрчиж, иргэдийн эрхийг хязгаарласан учраас Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаж байна. Төр шударга ёсыг дээдэлдэг юм бол бидний гаргасан гомдлыг хүлээж авах ёстой гэж үзэж байна” гэв.
Баянгол дүүргийн 30 дугаар хорооны иргэн Ё.Баттулга “Миний хувьд дөрвөн сард таньдаг дүүгээрээ дамжуулаад банкны зээлээр машин захиалсан. Өнөөдрийг хүртэл ирээгүй байна. Машин маань ирэхээр би дугаар авч болох юм уу, болохгүй юм уу. Машины дугаар авахгүй бол тэр машин миний өмч биш болчхоод байгаа юм. Дугаар олгох шалгуур үзүүлэлт дээр би санал нийлэхгүй байгаа. Жишээ нь, “Нийслэл хотод олгох улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг Нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн тогтооно” гэсэн байгаа. Бид нийслэлийн иргэдийн төлөөлөгчдөө сонгосон байтал яагаад хотын Засаг дарга үүнийг шийдэх ёстой гэж. Монгол Улсын хүн амын тал хувь нь Улаанбаатар хотод амьдарч байхад яагаад хотын дарга бидний хувь заяаг шийдэх ёстой юм” гэв.
Баянзүрх дүүргийн иргэн Ч.Отгонжаргал “Миний хувьд машинаа сайжруулаад өөр машин авна гээд гурван жилийн өмнөөс төлөвлөсөн б о ловч дугаарын хязгаарлалтаас болоод машинаа солиход асуудал үүсч байна. Миний машиныг худалдаж авах хүн маань гаргасан хууль дүрмийг сахих боломжгүй учраас миний машин үнэгүйдэж байна. Шаардлагууд нь эко машин, 0 км гэж байгаа юм. Бусад нь алхаарай гэж байгаа юм шиг хүний худалдах, худалдан авах шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байгаа учраас энэ шийдвэрийг эсэргүүцэж байна. Одоо миний зарах гэж байгаа машин бол 2014 оны машин, 2015 оноос хойш орж ирсэн машин гээд он заасан учраас зарахад хүнд болж байгаа юм. Тэгээд зарахдаа заавал хөдөө орон нутагт зарна гэж байгаа юм. Би хөдөө орон нутагт хүн танихгүй. Үнэтэй, 0 кмтэй машиныг авч чадахгүй л бол машинаа эвдэртэл нь унах ёстой юм уу бүү мэд. Энэ нь ялгаварлан гадуурхсан шийдвэр гэж үзсэн учраас Үндсэн хуулийн Цэцэд хандаж байна” гэв. Нийслэлээс гаргасан шийдвэрт иргэдийн төлөөлөл ийм байр суурьтай байгаа юм.
Авто тээврийн үндэсний төвөөс 2024 оны аравдугаар сарын 7-ноос арванхоёрдугаар сарын 16-ны хооронд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулахаар болсон. Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч нь тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажина. Ялагч нь хэрвээ заасан хугацаанд т өлбөрөө төлөөгүй тохиолдолд дэнчингийн төлбөр буцаан олгогдохгүй. Төлбөрөө бүрэн төлснөөс хойш ажлын таван өдөрт багтааж өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд дугаараа байршуулах үүрэгтэй юм. Цахим орчинд автомашины дугаар зарна, шилжүүлж өгнө гэсэн зарын дагуу ченжтэй холбогдоход “Энэ дугаарууд нь зөвхөн хотын дугаартай машинд шилжүүлж өгнө. Орон нутагт дугаартай машинд шилжихгүй. Хуучин дугаараа солиод авах учраас дугаар нь хүчингүй болохгүй гэсэн үг. Импортоор орж ирсэн, гаальтай машинд бол болохгүй. Гаальтай бол жагсаалтаар дугаар авч байгаа” гэсэн юм.
Уг шийдвэртэй холбоотой “Замын хөдөлгөөний удирдлагын төв”-ийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу “Замын хөдөлгөөний удирдлагын төвийн “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор арван нэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоолыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь огт олгохгүй гэсэн үг биш. Уг баталсан дээд хязгаарт багтаан таван шалгуур үзүүлэлтээр нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг олгоно” гэсэн юм.
Г.БАЛГАРМАА
Сэтгэгдэл (0)