Орон нутагт ариутгал, халдваргүйтгэлийн ажил хийгдэж байна
- 2020-03-14
- Орон нутаг
- 0
Архангай
COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Мэргэжлийн хяналтын газраас аймгийн төв болон 18 сумын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ус хангамжийн эх үүсвэр, худалдаа үйлчилгээний цэг салбар, ШТС, банкны салбар зэрэг нийт 541 ААНБ, хот хоорондын зорчигч тээврийн 55 автобус, 81 таксинд тусгай зөвшөөрөлтэй гурван мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйтгэл хийлгүүлж хяналт тавилаа. Мөн ариутгал халдваргүйтгэл хийж байгаа бодисын чанар, аюулгүй байдалд үнэлгээ өгөх зорилгоор дээж авч МХГ-ын лабораторид шинжилгээнд хамруулахад чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангаж байна.
Булган
Дэгдэлт, тархац нь хурдтай өсөн нэмэгдэж буй “Covid-19” өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор байгууллагын дотор их цэвэрлэгээ болон гадна орчны 50 метр хүртэлх газрын хог хаягдлыг цэвэрлэж, зайлуулах, мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгэх тухай газрын даргын 01/95, 01/100 албан тоотыг 83 обьектод хүргүүлсэн. Үүний дүнд 10876м2 талбайг цэвэрлэж, 56м3 хог хаягдлыг хот тохижуулалтын ангитай гэрээ байгуулсны дагуу тээвэрлүүлэн зайлуулж, аймгийн Эрүүл мэндийн газар нь 53 байгууллага аж ахуйн нэгж, иргэн, 13 усан сан, 12 орон сууцны 52 орцны 29335м2 талбай, 74 автомашинд, 14 аж ахуйн нэгж, өөрийн эзэмшлийн 513 м2 талбайд зөвшөөрөгдсөн бодисыг зааврын дагуу найруулж халдваргүйтгэл хийсэн биелэлттэй байна. Энэ ажил үргэлжилж байна.
Дундговь
Коронавирусийн /COVID-19/ халдвар, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг зочид буудал, дэн буудлуудад аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын албан хаагчидтай хамтран хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар зочид буудлын орчин, өрөө, тасалгаануудын цэвэрлэгээ үйлчилгээнд хяналт тавьж, халдваргүйжүүлэлтийн бодисын нөөцийн талаар судалгаа авч цаашид эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Орхон
Аймгийн засаг даргын “Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай” А/86 дугаар захирамжийн дагуу Цагдаагийн газартай хамтран эргүүл шалгалтыг хийж, цагийн хязгаарлалт зөрчсөн 2 аж ахуй нэгж, 13 иргэнд зөрчлийн тухай хуулийн 5.13 дэх заалтаар торгуулийн арга хэмжээ авсан. • Чи ми чи ХХК-ийн Мини маркет-1.500.000 төгрөг • Шар цэхий Зул ХХК-ний Алтан хөхий дэлгүүр-1.500.000 • ЧБХ хүнсний дэлгүүр-150.000 • Их хатиган ХХК-150.000 • Эрдэнэт Хараа ЗГБН-үүд-150.000 • Зоригт тэмүүлэл ХХК худалдагч-150.000 • Х-Альфа ХХК-ийн худалдагч-150.000 • Хөдөлгөөний хязгаарлалт зөрчсөн 6 иргэнд 900.000 төгрөг • Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулсан 2 иргэнд 300.000 төгрөг буюу нийт 4.950.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулан 100% барагдуулсан. Хураан авсан 178 шил архи, 29 сав шар айргийг шийдвэрлүүлэхээр Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх захиргааны журмаар эд зүйл хураах, устгах, улсын орлого болгох орон тооны бус зөвлөлд МХГ-ын 03/76 тоот албан бичгээр хүргүүлсэн.
Хэнтий
Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн үүрэг даалгавар, зөвлөмжийн дагуу аймгийн Нэгдсэн эмнэлэг, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК, Мал эмнэлгийн газар, Хаан банк, Баян-овоо, Цэнхэрмандал, Батширээт, Бэрх, Норовлин, Хэрлэн, Бор-өндөр, Дархан, Мөрөн, Хэрлэнбаян-улаан, Биндэр, Дадал сумд биелэлтээ ирүүлэн эрсдэлээс урьдчилан сэргийлэн хамтран ажиллаж байна.
Ховд
Нийтийн хог цэвэрлэгээний ажлыг Жаргалант сумын засаг даргын А/69 тоот захирамжийн хүрээнд зохион байгуулж, бүх аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшлийн болон ойр орчмын газрын бохирдлыг цэвэрлүүлж энэ ажилд нийт 105 байгууллагын ажилтан албан хаагчид хамрагдаж 200 гаруй тонн хаягдлыг зайлуулж төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ.
Ховд аймагт Худалдаа, үйлчилгээний үйл ажиллагаа явуулж байгаа томоохон захууд, худалдааны төвүүд, нийтийн хоол эрхлэгч аж ахуйн нэгж, Баар ресторан, зочид буудал, банк, санхүү, нийтийн тээврийн нийт 116 байгууллагын үйлчлүүлэгчдэд зориулж бие засах, гар угаах нөхцөлийг бүрдүүлсэн байдалд хяналт тавьж, хэрэгжилтийг бүрэн хангуулж ажиллаж байна. Үйлчилгээний байгууллагууд амны хаалтгүй иргэнд үйлчлэхгүй уриатай ажиллаж байна.
Улсын онцгой комиссын 2020.01.31-ний онцгой №02 тэмдэглэлийн дагуу Аймгийн онцгой комиссын 2020.02.01-ний №03 тоот шийдвэр гаргаж Олон нийтийг хамарсан уулзалт, сургалт, семинар, ёслол хүндэтгэл, урлаг, спортын арга хэмжээг зогсоох шийдвэрийн дагуу шашны 15, их дээд дунд сургуулийн спорт 26 заалд хяналт шалгалт хийж, 9 зөрчил илэрсэнийг 100 хувь газар дээр нь таслан зогсоосон байна.
Мөн зах худалдааны төвүүдийн удирдлагуудтай 2020 оны 03 сарын 10-ны өдөр уулзалт зохион байгуулж, илэрсэн зөрчил, дутагдлыг танилцуулж, аж ахуй нэгжийн дотоод хяналтаар 2020.03.11-ний өдрөөс 9 зах, худалдаа төв үйл ажиллагаагаа түр зогсоож, ариутгал халдваргүйтгэл, цэвэрлэгээ хийлгүүлж байна. Хогоо ачуулан улсын байцаагчдын өгсөн үүргийн дагуу зөрчлөө арилгуулан эрсдэлээ бууруулсан тохиолдолд үйл ажиллагааг явуулахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 3 захын 1100 м2 талбайд ариутгал хийгдээд байна.
Сэтгэгдэл (0)