“Цагаан хор” сахарын талаарх 7 ташаа ойлголт

Сахарыг “цагаан хор” гэж нэрлэх нь бий. Гэхдээ сахар бол бидний бодож байгаа шиг тийм их аюултай бодис биш хэмээн Шведийн хоол судлаач Мария Карлинг ярьж байна. Тэрбээр Шведийн “Svenska Dagbladet” сонинд бичсэн нийтлэлдээ сахарын талаар түгээмэл тархсан 7 ташаа ойлголтыг няцаажээ. Үүний сацуу зөв хооллолт гэдгийг мартаж болохгүй, ямар ч тохиолдолд аммтанг хэтрүүлэн хэрэглэж болохгүй гэдгийг санууллаа.

 

Сахар эрүүл мэндэд хортой гэж олон хүн үздэг боловч яг үнэндээ бол тийм ч их хортой биш ажээ. Зарим үед амттан идэх нь түүнээс бүрмөсөн татгалзсанаас илүүтэй эрүүл мэндэд тустай байдаг гэнэ.

Хоол судлаач Сара Аск “цагаан хор”-ны бодит нөлөөллийг тогтоохын тулд судалгаа хийсэн байна. Тэрбээр “Сахартай нөхөрлөцгөөе” гэдэг номондоо сүүлийн жилүүдэд ихэд тархсан сахараас болгоомжлох үзэгдэл нь үндэслэлтэй эсэхэд эргэлздэг гэдгээ тодорхой бичжээ. Ингээд сахарын талаарх шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй 7 ташаа ойлголт, төөрөгдлийг залруулцгаая.

 

Төөрөгдөл 1. Цусан дахь сахарын хэмжээ буурвал ямар нэгэн амттан идэх хэрэгтэй

Үгүй, тийм биш ээ. Эрүүл хүмүүсийн цусан дахь сахарын хэмжээ хэт багасч унах ёсгүй. Өөрөөр хэлбэл, сахарын хэмжээ нь маш бага хэлбэлзэнэ гэсэн үг. Хэдий чинээ их амттан иднэ, цусан дахь сахарын түвшин төдийчинээ өндөрсөж, өдрийн туршид дээш доош хэлбэлздэг гэж бодож болохоор. Гэтэл үнэн хэрэг дээрээ мацаг барих үед ч гэсэн цусан дахь сахарын хэмжээ төдийлөн унадаггүй аж. Тархины цусан хангамжийг найдвартай түвшинд байлгахын тулд сахарын хэмжээг өсгөж байдаг хэд хэдэн механизм хүний бие организмд бий. Хэрвээ танд гэнэт шоколадны хэлтэрхий идмээр санагдвал энэ нь цусан дахь сахарын хэмжээтэй огт хамаагүй шүү. Шоколад идмээр санагдах нь та хэсэг хугацаанд юм идээгүй болохыг сануулж буй өлсгөлөнгийн даавартай холбоотой байж магадгүй, эсвэл та ядарсан учраас түр амрах эсвэл бага зэргийн дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй болсон ч байж магад.  

 

 

Төөрөгдөл 2. II хэлбэрийн чихрийн шижин сахараас үүдэлтэй

Үгүй ээ, сахарын хэрэглээ ба чихрийн шижин өвчний хооронд шалтгаан-үр дагаврын холбоо хамаарал байдаг гэдгийг хэн ч батлаагүй байгаа. I хэлбэрийн чихрийн шижин нь сахартай огт хамаагүй бол II хэлбэрийн шижин нь хүний амьдралын хэв маягтай холбоотой бөгөөд сахарт асуудлын гол нь байгаа юм бишээ. Амттанг хэтрүүлэн хэрэглэх, үүний улмаас илүүдэл жинтэй болох, булчингийн масс багасах нь түгээмэл байдаг. Таргалалт нь II хэлбэрийн чихрийн шижин үүсч даамжрах шалтгаануудын нэг бөгөөд генийн онцлог, хөдөлгөөн багатай амьдралын хэв маяг, стресс зэрэг нь эрсдэлт хүчин зүйлүүд билээ. Сахартай ундаанууд нь өвчин тусах магадлалыг нэмэгдүүлдэгийн учир шалтгаан нь ийм төрлийн ундаанууд илүүдэл жинтэй болоход нөлөөлдөг гэдэгт оршино.  

Төөрөгдөл 3. Сахар нь хүүхдүүдийг хэт идэвхтэй болгодог

Энэ бол бодит байдалд огт нийцэхгүй дүгнэлт. Хүүхдүүдийн ийм зан байдал нь хүрээлэн буй орчин нөхцөлтэй холбоотой болохоос бус сахараас ямар ч хамааралгүй. Хүүхдүүд амттанд хэрхэн ханддаг вэ гэдэг талаар олон тооны судалгаа хийгдсэн.

 

Сахарт хэт мэдрэг гэгддэг хүүхдүүдийн талаарх судалгааг Америкийн эрдэмтэд хийсэн байна. Хүүхдүүд нь амттан идсэнийхээ дараа хэт идэвхтэй болж байна гэсэн ташаа эцэг эхчүүдэд төрөх болжээ. Үнэн хэрэгтээ бол сахар нь тодорхой хэмжээнд өвчин намдаах, тайвшруулах үйлчилгээтэй байдаг, гэхдээ энэ нь тусдаа өөр сэдэв юм.

 

Төөрөгдөл 4. Сахар үрэвслийг даамжруулдаг

Үгүй ээ, сахарын хэрэглээ ба үрэвслийн хооронд ямар нэгэн шалтгаан-үр дагаврын холбоо хамаарал байхгүй бололтой. Дахин хэлэхэд, хүмүүс амттанг хэтрүүлэн хэрэглэдэг учраас илүүдэл жинтэй болдог ба таргалалт нь янз бүрийн үрэвслийн үйл явцыг даамжруулдаг байна. Тэгэхээр асуудлын гол нь сахарт байгаа юм биш ээ.

Эрүүл мэндээ сайжруулахын тулд ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүнийг дагнан хэрэглэхгүй байх нь зүйтэй гэдгийг хоол судлаач Сара Аск онцлон зөвлөсөн юм. Тэрбээр “үрэвслийн эсрэг үйлчилгээтэй хоол хүнс”-ний тухай янз бүрийн онолд итгэдэггүй аж. 

 

Төөрөгдөл 5.  Хавдрын эсүүд сахараар хооллодог

 

Үгүй ээ, сахар нь хавдрын өвчлөл даамжрах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж дүгнэж болохгүй. Гэхдээ хэт их хэмжээгээр сахар идсэнийхээ дараа хорт хавдраар өвчилсөн хулганууд дээр туршилт судалгаа хийж байсан тохиолдол бий. Хэрвээ эрүүл амьдралын хэв маягийг мөрдөж, сайн хооллож байх юм бол хорт хавдрын гурван тохиолдол бүрийн нэгээс нь зайлсхийх боломжтой гэж эрдэмтэд ярьдаг. Гэхдээ “сайн хооллоно” гэдэг нь сахараас бүрмөсөн татгалз гэсэн үг биш ээ. 

 

Хавдар даамжрах эрсдэлд хоол хүнс хэрхэн нөлөөлдөг нь одоогоор тодорхойгүй байгаа. Эрүүл хооллох талаарх зөвлөмжүүдийг судлаачид өгдөг боловч ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүнийг хоолныхоо жороос бүрмөсөн хасах эсвэл их хэмжээгээр хэрэглэхийг зөвлөдөггүй билээ. Харин хорт хавдар нь нөхцөл байдал таагүй байдлаар өрнөсөнтэй олон талаар холбоотой байдаг. Энэ тохиолдолд төгс хооллолт ч танд тус болохгүй.

Төөрөгдөл 6. Сахараас бүрмөсөн татгалзвал эрүүл мэндэд тустай

Мэдээжийн хэрэг, сахар бол тэжээлийн чухал бодис биш, тэгэхээр түүнээс татгалзахыг хүсч байгаа бол энэ нь тухайн хүний өөрийнх нь сонголт. Гэхдээ ямар ч байсан сахарыг дунд зэргийн хэмжээгээр хэрэглэхэд эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөхгүй. Шведийн эрдэмтэд сахарын хэрэглээ ба эрт нас барах эрсдэлийн хооронд шалтгаан-үр дагаврын ямар холбоо хамаарал байдаг вэ гэдгийг тогтоохын тулд 50 мянган хүнийг оролцуулсан судалгаа хийжээ. Хэт их сахар хэрэглэдэг хүмүүсийн хувьд цагаас өмнө нас барах эрсдэл өндөр байсан бол үүний зэрэгцээ сахар огт иддэггүй хүмүүсийн хувьд ч мөн адил эрсдэлийн үзүүлэлт өндөр байжээ. Харин эрүүл хооллолтын зөвлөмжид заасан сахарын хэрэглэх хамгийн дээд хэмжээнээс арай бага хэмжээгээр сахар хэрэглэж байсан хүмүүсийн хувьд цагаас эрт нас барах эрсдэл хамгийн бага байв.

Иймэрхүү судалгааны дүн нь шалтгаан ба үр дагаврын талаар ямар ч тодорхой ойлголт өгөхгүй боловч сахарыг зохистой хэмжээнд хэрэглэх нь эрүүл мэндэд хоргүй гэдгийг харуулж байгаа юм.  

Төөрөгдөл 7. Бэлэн хүнсэн дэх сахар бол аюултай “урхи”

 

Тэгэхээр......Ийм нууцлаг сахар нь хортой байж болох юм, гэхдээ нөхцөл байдлыг илүү өргөн хүрээнд харах хэрэгтэй л дээ. Жишээ нь, гахайн утсан маханд агуулагдаж буй 0,05 гр сахар ямар хэмжээний аюул учруулахаар “урхи” вэ? Давсалсан май загас, улаан лоолийн сүмс /кетчуп/, загасны түрс, суши зэрэг хоол хүнсийг сахар ихтэй гэж ор үндэсгүйгээр “муулдаг” боловч үнэндээ тэдгээрт тун өчүүхэн хэмжээний сахар агуулагддаг. Эдгээр хүнсийг орц найрлагынх нь гуравны нэг нь сахараас бүрддэг хийжүүлсэн ундаа, 100 гр тутамдаа 48 гр сахар агуулдаг сүүтэй шоколад эсвэл орц найрлагынх нь тал хувь нь цэвэр сахараас бүрддэг бөөрөлзгөнийн чанамалтай харьцуулаад үз дээ.  

 

Б.Адъяахүү

Эх сурвалжууд: Монцамэ агентлаг

https://inosmi.ru/science/20200308/246978555.html

https://www.svd.se/sju-missuppfattningar-om-socker

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)