Р.Энхбат: Ажлаа сэтгэлээсээ хийж яваа хүн бүхэн эх орончид, цэрэг эх оронч гэдэг үг чинь хүйтэн дайны үеийн ойлголт
- 2020-03-17
- Өөр өнцөг
- 0
“Адмон” группийн захирал Р.Энхбаттай ярилцлаа.
-Эх оронч үзэл гэж юу вэ гэсэн асуултад олон янзын хариу дуулддаг ч амьдралаас тасархай лоозон маягийн тайлбар л давтамжтай сонсогддог. Таныхаар эх оронч үзэл гэж юу вэ?
-Эх оронч үзэл гэж ярихгүй бол боломгүй цаг үе ирчихсэн юм шиг. Эх оронч үзлийн тухай ярихаар цэрэг эх оронч үзэл гэсэн юм яригдаад байдаг. Засгийн газар энэ тэрээс анхаарч, Батлан хамгаалах яамны генералын ахалсан ажлын хэсэг гараад эх орныхоо төлөө эх оронч үзлээр зүтгээд яваа харагддаг. Яг чухамдаа юу хийсэн юм бүү мэд. Иймэрхүү өнгөтэй үйл явдал өрнөж байгаа анзаарагддаг. Тэр хүмүүсийн бодож санаж яваа нь үнэхээр тэс өөр байна л даа. Бид хэдэн жилийн өмнө хүмүүсээс бахархлыг нь асууж байсан юм. Хачин хачин хариулт ирсэн. Уур хүрмээр. Байгалиараа, газрын баялгаараа бахархдаг ч гэж байх шиг. Байгаль, баялаг бол хүний бүтээсэн зүйл биш. Уг нь хийсэн бүтээснээрээ л бахархмаар юм. Тэр үед “Монгол хүн хийж бүтээсэн юмны тухай биш бэлэн байгаа зүйлсийг бахархлаа болгож явдаг байх нь” гэсэн бодол төрөөд өнгөрч байлаа.
-Монголчууд яагаад байгаль, байгалийн баялгаараа бахархсан бэ гэсэн асуултад хариу хайсан уу, та?
-Алга дарам газар дээр амьдардаг хүмүүс бий. Тэр хүмүүсийн хувьд эх орон гэхээр яг юу хэлэхээ сайн мэдэхгүй байх. Гэтэл Монголын хувьд өөр. Гуравхан сая хүнтэй, өргөн уудам нутагтай. Ийм онцлогтой улсын иргэдэд эх орны тухай ойлголт өөр байх нь гэсэн бодол төрсөн. Эх орон гэхээр газар ус нь шууд харагддаг, өргөн тал, үзэсгэлэнт байгаль өөрийн эрхгүй орж ирдэг шиг байгаа юм. Алга дарам газарт аж төрдөг хүмүүст “Энэ нутаг бол минийх” гэсэн ойлголт байхгүй. “Энэ хашаа минийх” л гэсэн ойлголттой аж төрдөг.
-Хийсэн бүтээсэн зүйлс монголчуудын бахархал болохгүй яваагийн цаана ямар нэг шалтгаан байна уу?
-Хийсэн бүтээсэн зүйл нь алга. Өнөөдрийн нийгэм, улс төрөөс үлгэр дуурайл болохоор хүн гээд хайхаар бараг байхгүй. Дээхнэ үед бол байсан. Бусад орнуудад сайхан сайхан хүмүүс байна. Мөнгөн дэвсгэрт дээрээ хүртэл хөгжмийн зохиолчоо тавьсан байх жишээний. Шведийн мөнгөн дэвсгэрт дээр хүүхдийн зохиолч Астрид Линдгрений зураг бий. Швед хүмүүс “Хамгийн дээр бурхан, дараа нь Линдгрен байдаг” гэж бахархан ярьдаг. Линдгрен шведчүүдийн хувьд тийм эрхэм, агуу бахархал нь.
-Линдгрений “Дээвэр дээр суудаг Карлсон”, “Урт оймст Пиппи”-г нь ганц Шведийн ч биш, дэлхийн хүүхдүүд дурлаж уншдаг. “Урт оймст Пиппи”-г танайхаас орчуулсан байх аа?
-Тэгсэн. Харамсалтай нь эх хэлээрээ орчуулж хэвлээд ч уншдаггүй номны нэг.
-Манай мөнгөн дэвсгэрт дээр Чингис хааны хөрөг бий. Таны яриаг хөөгөөд бодохоор бидний бахархдаг хүмүүн хэдэн зуун жилийн өмнөх их хаан маань л болж таараад байна уу?
-Чамд нэг сонин жишээ хэлье. Би хоёр гурван францад “Та нар Наполеоноор бахархдаг уу” гэсэн асуулт тавьж үзсэн юм. Бүгдээрээ “За даа бараг үгүй дээ” гэсэн хариу хэлсэн.
-Яагаад, дэлхийн мундаг жанждын нэг энэ тэр гээд бахархмаар юм?
-Тэр хүний хүсч мөрөөдөж явсан зүйл өнөөдрийн бидний бодож зорьж яваагаас ялгаатай. Нөгөө талаар тэдэнд бахархах юм зөндөө шиг байгаа юм. Жишээ нь, тэд Францын хувьсгалаараа бахархдаг. Францын хувьсгалыг орчин үеийг авчирсан хувьсгал гэдэг шүү дээ. Тэгш эрх, ардчилал, ахан дүүсэг ёс гэсэн гурван том үнэт зүйлийг дэлхийн түүхэнд анх удаа гаргаж ирж хүмүүн төрөлхтөнд бэлэглэсэн хувьсгал. Францын хувьсгалаар асар олон оронд ийм идей тарсны нэг нь Орост Октябрийн хувьсгалыг эхлүүлсэн. Октябрийн хувьсгал нь манай Ардын хувьсгал болж, Ардын хувьсгалаар бид чинь Үндсэн хуульт улс болсон түүхтэй. Хаант засаг үгүй болж Үндсэн хуулиа хаан болгосон. Францын хувьсгалаас өмнө өчнөөн улс орон хааны доор оршиж байлаа. Хаан бүгдийг мэддэг байсан. Чингисийн үеэр жишээлье. Чингис бол хаан, бусад нь албатууд. Тэр цаг хүмүүс сайн хааны нөмөрт амьдрах аз завшааны тухай л боддог байсан. Түүнээс биш хувь хүний эрх чөлөө, аз жаргалын тухай ойлголт огт байгаагүй. Тэр үеийн хүмүүсийн утга учир бол амьд байх тухай л асуудал. Францын хувьсгалаас өмнө хорвоо ертөнц янз янзын хааны эрх сүр дор оршиж, хүн төрөлхөн үнэхээр зовлонтой аж төрсөн. Тэр үед бүх юм хааны өмч. Чи ч хааны өмч. Би хаан байсан бол чиний толгойг авмаар санагдвал авчихна. Үндсэн хууль тунхагласнаас хойш бид өргөн уудам газар нутгаа өөрсдийнхөө өмч гэж ойлгоод явж байна. Ингэхээр хүнд эх орноо хайрлах, газар нутгаа бодох сэдэл төрдөг юм байна л даа. Эх орон гэсэн ойлголтод маш их гай авчирч байгаа нь уул уурхай. Өнөөдөр Өмнөговь руу явмааргүй байна. Бүгдийг нь өмчлөөд авчихсан. Би тэнд юугаа хийх юм. Бүгдийг нь авчихвал надад эх орон гэж яриад байх юм алга.
-Зах зээлийн нийгэмд амьдардаг улс орнууд байгаа зүйлээ харилцан арилжаалж байж хөгжих нь жам шүү дээ. Доллар олж байж иргэд нь чинээлэг аж төрж, улс нь дажгүй хөгжинө. Бидний доллар олдог ганц том бараа бол уул уурхайн бүтээгдэхүүн. Уул уурхай муухай гэхээс илүү уул уурхайгаа яаж зөв хөгжүүлэх вэ гэсэн асуултад хариу хайх ёстой байх аа?
-Өнөөдөр та бид хоёр хамтарч компани байгууллаа гэж бодъё. Та гаднаас орж ирээд хамтаръя гэлээ. Энэ тохиолдолд би давуу талаа алдахгүй. Яадаг ч байсан талаас илүү хувийг нь авна шүү гэнэ биз. Бүхэл бүтэн улс байтугай захын дамын наймаачин ч энэ зарчмаа алдахгүй. Мэдээж янз бүрийн асуудал бий. Гэхдээ маш энгийн, хэн ч ухаад ойлгочих гэрээ хийх хэрэгтэй. Ганцхан зарчмыг хатуу барих ёстой. Ойлгомжгүй гэрээг хэнтэй ч хийж болохгүй. С.Баяр номондоо энэ гэрээг ойлгосон хүн байхгүй, одоо ч алга гэсэн байна лээ. Ингээд харахаар байгуулсан гэрээгээ ойлгоогүй хэрнээ бүгдээрээ Оюу толгой ярьдаг болчихсон шиг байгаа юм.
-Нэгэнт байгуулчихсан гэрээн дээрээ эргэж буцаад байх нь эх оронч хандлагад хэр нийцэх бол. Гадны хөрөнгө оруулагчид Монголыг итгэлгүй нөхдүүд гэж харах эрсдэл бас бий...?
-Олон асуудал ярьж болох байх. Хэрвээ эх оронч байсансан бол хэн ч ойлгож болох гэрээ хийх байсан гэдэг утгаар л энэ өнцгийг хөндсөн юм. Эхнээсээ ийм зарчим барьж, эх оронч сэтгэлээр хандсан бол өнөөдрийн асуудал үүсэхгүй байсан гэсэн бодол, төсөөлөл төрөөд яваа юм, надад. Одоо хоёулаа үндсэн сэдэв рүүгээ орох уу?
-За тэгье. Монголчууд эх оронч үзэл гэдгийг байгалийн баялаг, өргөн уудам газар нутгаараа төсөөлж, үүнийгээ бахархал болгоод яваа нь нүүдэлчин ахуйгаас улбаатай юм болов уу?
-Зарим утгаараа тэгж хэлж болно. Хаант засаг биш, ард түмэн л бүгдийг мэдэх ёстой гэсэн ойлголтоор бүх юм минийх гэж хандаж байна л даа. Бид байгалийн талаасаа, үзэгдэж харагдаж байгаа талаасаа эх оронч үзлийг иймэрхүү маягаар ойлгож болно. Харин нийгмийн хувьд өөр. Нийгэм гэдэг маань хийсвэр, абстракт ойлголт. Хүмүүсийн зохиож бүтээсэн, өөрсдийнх нь санаа төсөөллөөр бий болсон зүйл. Бид байгаль дээр биш, нийгэм гэж зохиомол орчинд амьдарч яваа. Тэр утгаараа ийм орчинд эх оронч үзэл гэж юуг хэлэх вэ гэсэн асуултад хариу хайх хэрэгтэй.
-Та ярианыхаа эхэнд “цэрэг эх оронч үзэл” үеэ өнгөрөөсөн гээд хэлчих шиг болсон. Тэгвэл яг өнөөгийн нийгэмд юуг эх оронч үзэл гэх вэ?
-Цэрэг эх оронч үзэл гэдэг хүйтэн дайны үед, нутаг орноо бүтэн байлгахын төлөө дайтаж тэмцэж явсан үед л илүү хамаарна. Би янз бүрийн хүмүүстэй эх оронч үзлийн тухай санаа бодлоо солилцохоос гадна улс орнууд ямар байдаг тухай судалгаа хийж үзлээ. Жишээ нь, зарим оронд тариалангийн талбай л сайн бол эрүүл, арвин ургац авна, энэ чинь л хүн ардын эрүүл амьдрах үндэс, тэр утгаараа тариалангийн талбайгаа арчилж тордож хамгаалж яваа хүн эх оронч гэж үздэг юм байна. Манайхаар бол малаа эрүүл хариулж яваа малчин, малыг эрүүл байлгах бодлого, орчныг бүрдүүлж өгсөн шийдвэр гаргагчид эх оронч гэсэн үг. Бид ямар ч үед малынхаа махыг идээд амьдрах тавилантай хүмүүс. Өнөөдөр яаж байгаа билээ, эрүүл мах гэсэн ойлголт алга, малынхаа махыг дамлаж зарах систем ажилласаар байна.
-Ерөөсөө л хариуцсан ажлаа чин сэтгэлээсээ хийдэг хүнийг л эх оронч гэх нь. Энгийн хэрнээ гүн утгатай ойлголт байна шүү...?
-Харин тийм, ингээд харахаар эх оронч үзэл гэдэг тийм онцгой зүйл биш байгаа биз. Малаа эрүүлжүүлж, тэрийгээ эх оронч үзэл гээд тайлбарлаад явбал ард түмэн сонсоно, хайрлана. Би түрүүн уул уурхайг зүгээр ч нэг яриагүй. Хариуцлагагүй уул уурхай газар авлаа, тэр хэрээр эх оронч үзлийг маань сэглэж байна гэдгийг хэлэх гэсэн юм. Норвеги өнөөдөр хамгийн баян орны нэг. Асар их баялагтай. Тэр их баялгаа маш ухаалаг хэрэглэж байна. Энэ л эх оронч үзэл. Түүнээс биш би газар битгий ух гээгүй. Гэтэл манайд ямар байгаа билээ. Биенээсээ өрсөж, ухаж идэхээр улайрч яваа. Хэдхэн жилийн дараа миний эрх дуусна, тэрнээс урьтаж яаж “хусах” вэ л гэж бодож байна шүү дээ.
-Та боловсрол, соёлын салбарт ажиллаж яваа хүн. Та салбартаа эх оронч үзэлтэй ажиллаж чадаж байгаа юу?
-Жишээ нь, хүүхдийн ном хийхдээ би агуулгыг нь эхлээд боддог. Дараа нь гадны дотны номнуудыг хардаг. Яаж хийх талаараа янз бүрээр сэтгэдэг. Эхлээд төрийн бодлогод тохирсон, төрийнхөө бодлогыг дэмжсэн юм хийхийг хичээлээ л дээ. Гэтэл төрд бодлого гэж ойлгогдохоор юм байгаагүй. Тэгээд компани дотроо хамгийн жижиг хэлбэрээр төрийн бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Ийм л байх ёстой гэдэг бодлоор. Сургуулийн өмнөх насныханд IQ чухал биш. Тэр жаахан хүүхдүүдэд сэтгэл бий болгох ёстой. Тусч, хүлээцтэй, харамч биш сэтгэлийг суулгаж өгөх учиртай. Хүүхэд сэтгэлийг л хамгийн сайн ойлгоно. Түүнээс биш ямар нэгэн IQ бодлогыг дурлаж бодоод суудаггүй. Сургуулийн өмнөх насныхны хувьд тархи нь хөгжих болоогүй, эхлээд сэтгэлийг нь хөгжүүлэх ёстой.
-Хүүхдийн сэтгэлийг хөгжүүлэхийн тулд яах ёстой гэж та харж байна вэ?
-Ардчилсан нийгэмд ямар ёс суртахуунтай ажиллах вэ гэж бодож байгаа юм л даа. Гэтэл нөгөө талаас уламжлалт ёс заншил ярьдаг өчнөөн хүмүүс огт өөр юм ярих жишээний. Хаант засгийн үеийн, 800 жилийн өмнөх сургаалыг сурах бичигт бичээд хүүхдээр цээжлүүлэх гээд зүтгэчихдэг. Тийм юм байхгүй гээд зөрөхөөр би муу хүн болчихдог. Ш.Чоймааг хүндлээгүй болж таараад, шаар болоод байгаа юм. Тэгэхээр өнөөдөр яг яах ёстойгоо ярихгүй бол нэг хэсэг нь ардчилал, нөгөө хэсэг нь уламжлал яриад горьгүй байна. Ардчилал ярьсантай нь ардчилал ярих гэхээр өнөөхөө мэддэггүй. Уламжлал ярьдгууд ч ялгаагүй. Уламжлалыг өнөөдөр яаж хэрэглэх вэ гэхээр мэддэггүй. Музейн үзмэр шиг юм ярьдаг. Бид музейн үзмэрээр амьдрахгүй. Эцсийн эцэст музей дотор өрсөн эд хэрэгсэл нэг айлд цугларсан байгаагүй. Хүмүүс алтан аяга, зэс домбо, хаш хөөрөг нэг айлд цугаараа байсан юм шиг эндүүрээд явдаг. Тийм биш шүү дээ. Яг нарийндаа музейд өрсөн тэдгээр зүйлсийн ихэнх нь хуурамч.
-Таныг ингэж хэлэхээр дургүйцэх хүн олон гарах байх даа?
-Хамаагүй. Хэрвээ чи хийдэг ажилдаа үнэнч хандвал мэдээж асуудал тулгарна. Тулгарсан асуудлаа шийдэхээр дахиад хоёр асуудал гарч ирнэ. Өнөө хоёр асуудлыг шийдэнгүүт магадгүй дахиад нэг асуудал ургана. Магадгүй амьдрал асуудлыг шийдэх зам байх. Түүнээс биш зүлгэн дээр гэрээ бариад зүгээр нэг жаргадаг юм байхгүй. Байгалийн амьдрал дээр магадгүй. Нийгмийн амьдрал дээр бол хэзээ ч боломжгүй зүйл. Тэр байтугай тэтгэвэрт гараад сэтгэлээр унаж байна шүү дээ, хүмүүс. Хийх юм байхгүй учраас. Ер нь байгаль салхи шуурганд дургүй. Гэтэл нийгэм тэс өөр. Нүдээ аних л юм бол нурааж унагаачих гээд, хулхидаад хуурайлчих гээд байна шүү дээ. Тэгэхээр нийгмийн амьдрал гэдэг цаг минут тутам харж, хамгаалж, нураачихгүйн төлөө явах цогц зүйл юм байна.
-Байгуулсан нийгмээ нураачихгүйн төлөө асар соргог амьдрах ёстой юм байна гэж ойлголоо...?
-Ерөөсөө л тийм.
-Ёс суртахуунтай зөв сайн монгол хүүхдийг хүмүүжүүлэх жорыг та олсон уу?
-Таны асуусан энэ зүйлийг би номоороо л хийнэ. Чадах зүйл маань ном учраас. Ойр тойрны хүмүүстэйгээ уулзахаараа ярьдаг сэдвүүдийн маань нэг л дээ. Би танил японоосоо “Чамайг бага байхад чихнээс чинь уяатай явсан, өнөөдрийг чинь бүтээхэд хамгийн их нөлөөлсөн зүйл юу вэ” гэж асуулаа. Өнөө япон хүн “Хүнд саад болохгүй амьдрахыг л захиж, сургадаг байсан” гэсэн хариу өгсөн. Швейцарь хүнээс ингэж асуусан чинь “Хүн байсан ч, байгаагүй ч урдахаа хийж урагшлах ёстой гэсэн захиа, сургаал маш том нөлөө үзүүлсэн” гэж хариулсан. Сая хэлсэн хариунаас Япон, Швейцарь улс хүүхдүүдээ ирээдүйд хэрхэн бэлддэг нь харагдаж байна аа даа. Гэтэл манайд “Би сайхан санасан юм” гэж яриад нэгэндээ саад болж, хорлож яваа жишээ өчнөөн. Манайд хүний нүд хариулдаггүй хүн ховор. Дарга нь байхаар нэг өөр, байхгүй бол бас өөр хандлага гаргадаг нь гэм биш зан болчихсон. Гэтэл япон, швейцариуд ийм байж болохгүйг багаас нь сургадаг байх нь. Ямар эх оронч бодлого вэ. Хүн бүр урдахаа чин сэтгэлээсээ хийгээд явах нь нийгэмд ямар тустай хэрэг вэ. Хүний цагийг үрэхгүй байх, хэлсэндээ хүрэх их гоё чанар. Хүмүүс хооронд ярьсан яриа бодитой ажил болоод явдаг бол ямар сайхан бэ. Хүмүүс хоорондын харилцааны үнэт зүйлийг бий болгох, тэрийгээ дагаад явна гэдэг эх оронч үзэл. Тэгэхээр эх оронч үзэл гэдэг тийм адармаатай хэцүү асуудал биш байгаа биз.
-Таныг ингээд хурц тод ярихаар жишээ нь Боловсролын яамны удирдлагууд “Зөв юм ярих нь ч ярьж байна, гэхдээ энэний үгийг дагаад явна гэж юу байдаг юм” гэсэн өнгөөр хандах байх. Төр засгийг төлөөлсөн дарга сайд нар алдааг нь шүүмжилсэн иймэрхүү ажил хэрэгч шүүмж, саналд иймэрхүү хандлага гаргасаар өнөөг хүрсэн. Ингээд харахаар хөлд нь суусан маягтай, аажуу зөөлнөөр харилцаж байгаад санаагаа бодлогод нь тусгамаар ч юм шиг...?
-Зарим хүмүүс ямар нэг юмыг хүлээх, азнах завтай явдаг байж магадгүй. Надад тийм их зав байхгүй. Яг одоо л хэлэх юмаа хэлэхгүй бол сүүлд нь харамсана. “Юугаа хүлээж дуугүй явав аа” гээд толгой руугаа “шаана” шүү дээ. Байгаль дээр маш олон зан чанар төлөвшигддөг л дөө. Зохицох, аргалах, сэргэлэнтэх гэх мэт байгалийн гаралтай олон зан чанар бий. Энэ чанаруудыг нийгэм рүү хөрвүүлээд харахаар их сонин. Зах зээл эхлэнгүүт овтой, сэргэлэн багш нар нь наймаа хийгээд явчихсан. Багшийнхаа ажлыг амьдралаа гээд бодож зүтгэсэн хэсэг нь амаараа шороо үмхэх нь үмхээд ямар нэг байдлаар хохироод үлдсэн. Уг нь энэ хүмүүстээ төр засаг бодлогоор анхаарал тавих ёстой юм. Төр засаг байхгүй болсон учраас энэ хүмүүс гутарсан, архинд орсон. Нөгөө сэргэлэн, овтой нөхөд нь өнөөдөр дээр гарчихсан яваа. Ийм зан чанар ихдэхээр нийгэм заваардаг. Бүх зүйл муухай болдог. Товчхондоо сэргэлэнчүүд нь дээшээ гараад, номоороо явсан нь тээр дор байна.
-Таны хэлснийг ухаад бодохоор зөв төлөвшил, хандлага, зан чанарыг хүүхдэдээ суулгахаар алсдаа залилуулж хохироод дуусна, зальжин, овсгоотой, хүний аргыг олдог хүн л болгоё гэж бодож яваа аав, ээж нарыг буруутгах хэцүү юм аа?
-Буруутгах хэцүү. Гэхдээ гарц бий. Төр алийг нь дэмжихээ тодорхой болгочих хэрэгтэй. Өнөөдөр бол алийг нь ч дэмжээд байгаа юм бүү мэд, төр байхгүй юм шиг байна.
-Тэгж байгаад зүй жамаараа сайжирна, адгаж яарах хэрэггүй гэсэн хандлага бас бий. Хэдэн сонгуулийн дараа хүссэн хүсээгүй улс төр цэвэршинэ гэдэг хандлагатай та санал нийлэх үү?
-Би өмнө нь чамд ярьж байсан даа. Нэг танил маань сонгуульд нэр цэвэр дажгүй хүмүүсийг дэвшихэд нь дэмжье гэхээр хүн олдохгүй байна гэж ярьсан тухай. Нийгэм гэдэг чинь хүмүүсийн бүтээл. Тийм хүн байхгүй үед аажимдаа сайжирна гэж юу байх вэ дээ. Өнгөрсөн арван жилийг аваад үзье. Хэсэг хүмүүс идэж уугаад бүхний оройд гарчихсан. “Энүүгээрээ л явна, үүнээс өөр замыг хүн төрөлхтөн олоогүй. Хувь тавилантайгаа эвлэрээд амьдар” гэж том том юм ярьсаар өнөөг хүрсэн. Гэтэл өнөөдөр яаж байна. Тэр дээр маш олон зальжин овсгоотой нөхдүүд гараад ирчихсэн. Чихэлдэж, багталцахаа байгаад эхлэнгүүт нэг нэгнийхээ хулгай, луйврыг ээлжлэн дэлгээд уналаа. Хоорондоо байлдаад эхэлчихсэн шүү дээ. Тэдний дайн мөрөөрөө ажлаа хийгээд яваа, доор нь байгаа хүмүүст их юм харуулж байна аа даа. Чиний хэлээд байгаа “аяндаа сайжирна” гэдэг үгийг би ингэж ухаж байна. Гэхдээ үүнийг түргэтгэх ёстой.
-Түргэтгэхийн тулд яах ёстой гэж?
-Зургадугаар сарын хорьд гартал бид жигтэйхэн шударга зүйл зөндөө сонсоно. Маш олон хулгай дээрэм илэрнэ. Илрүүлсэн баатрууд нь тодорч гарч ирнэ. Харин зургадугаар сарын 20-ноос хойш бүх юм хэвэндээ орно. Тэгэхээр тэр дээр суугаа хүмүүс шударга үйлийг хэрэг гарвал хийдэг, өөрт нь ашиггүй бол хийдэггүй гэсэн дүгнэлт гараад ирж байгаа биз. Гэтэл чи бид хоёрын ярьж суугаа шударга зүйл өдөр бүр үргэлжлэх ёстой. Яагаад сонгууль дөхөхөөр хоёр, гуравхан сарын дотор өчнөөн шударга зүйлс гарч ирээд, сонгуулийн дараа алга болоод байна вэ? Байдал бишдсэний л шинж. Өнөөдөр шударга юмсыг ард түмний сонголтоор худалдаж авч байна, өөрөөр хэлбэл бидэнд зарж байна. Чи надаас сая “яах вэ” гэж асуусан. Яах ийх тухай ярихаасаа өмнө юу болоод байна вэ гэдгийг мэдрэх, мэдэх ёстой. Юу болоод байгааг нь би сая хэллээ. Ер нь хүн аливааг яг байгаагаар нь ойлгож байж ямар нэгэн зөв шийдвэр гаргана гэж би хувьдаа боддог.
-Сүүлийн үед улс төрд өрнөж байгаа үйл явцаас итгэл найдвар төрүүлсэн өөрчлөлт анзаарагдаж байх юм уу?
-З.Энхболдын гуравны хоёрыг солино гэдэг их айхавтар юм болж магадгүй. Ямар ч байсан гуравны хоёрыг нь “хусах” юм байна гэдэг их сайн мессэж. Үүнийг У.Хүрэлсүх бас ашиглах байх. Ингэвэл нөгөөдүүлээс салах бас нэг боломж гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр хэн тэр орон зайд орж ирэх вэ, цаашаа яаж ажиллах вэ гэдэг сонирхол татаж байна.