Л.Мөнхбаатар: Хувийн тэтгэврийн сангийн тогтолцоог бүрдүүлэх хууль боловсруулах чиглэлээр ажиллаж байна
- 2020-03-18
- Эдийн засаг
- 0
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-ДЭМБ-аас "Covid -19" халдварыг цар тахал гэж зарлалаа. Үүнтэй уялдан манай эдийн засаг хүндэрч аж ахуйн нэгж компаниуд хүнд байдалд ороод эхэллээ. Төр засгаас хэрхэн анхаарах хэрэгтэй гэж та бодож байна?
-Өвчлөлийн голомт гарсан БНХАУ-тай таван мянган км газраар хиллэж, эдийн засаг, худалдаа, бараа эргэлтийн хамгийн том харилцагч Монгол Улстай шууд харилцдаг улсын хувьд өвчлөл өндөр хоёр дахь улс байж болзошгүй байлаа. Энэ үед манай Засгийн газар, Улсын онцгой комисс мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулалттай ажиллаж, ард иргэд, аж ахуйн нэгжүүд хувь хувьдаа хичээцгээж байна. Манай улсын хувьд нөхцөл байдал амаргүй байна. Нэгдүгээрт, манай эдийн засаг Хятадын эдийн засгаас ихээхэн хамааралтай учраас коронавирусийн халдварын Хятадын болон дэлхийн эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл нь Монголын эдийн засагт шууд хамаарна.
Нөгөөтэйгүүр улс орныг бүхэлд нь хамарсан хорио цээрийн дэглэм нь дотооддоо эдийн засгийг сааруулах хүчин зүйл болж байна. Энэ үед улс орнууд өөрсдийн онцлогт тохирсон мөнгөний болон төсөв, санхүүгийн бодлогын арга хэмжээг авч байна. Хөл, хорио цээрийн дэглэм богино хугацаандаа аж ахуй, бизнесийн үйл ажиллагааг хязгаарлаж байгаа ч вирусийг ийнхүү тархаахгүй байх нь эдийн засгийг урт хугацааны буюу том хэмжээний эрсдэлээс хамгаална. Миний бодлоор манай улсын хувьд хэд хэдэн арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай.
-Ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна?
-Нэгт, экспорт буурсантай холбоотойгоор төсвийн орлого буурах хандлага ажиглагдаад эхэллээ. Орлого буурч байгаагийн хэрээр зарлагаа танах шаардлагатай болох байх. Гэхдээ царцах хандлагатай эдийн засгийг тэлэх бодлого явуулах хэрэгтэй. Тухайлбал, зах зээлд гаргах зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, үүнд банкнаас болон ЖДҮ зэрэг төрөөс олгодог зээлүүдийг хамааруулах, төсвийн хөрөнгө оруулалтад эрэмбэлэл, өөрчлөлт хийж болох ч нийт хэмжээг аль болох бууруулахгүй байж, эдийн засгийг тэтгэх, идэвхжүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Монгол банк 300 орчим тэрбумын эх үүсвэр чөлөөлөн зээлийн хүртээмжийн нэмэгдүүлэхээр болсон нь зөв шийдвэр болсон гэж бодож байгаа. Хоёрт, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх болон төлөлтийг хойшлуулах, шаардлагатай импортын барааны гааль, нөат-ыг тэглэх, төлөлтийг хойшлуулах, татварын алданги, торгууль ногдуулахгүй байх, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг хойшлуулах, зээлийг хүртээмжтэй байлгах, зээлийн төлөлтийн хугацааг хойшлуулах арга хэмжээг ЗГ, МБ, банкууд хамтран зохион байгуулах зэрэг арга хэмжээг авч болохоор санагдаж байна. Зарим асуудлаар хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болно. Гуравт, иргэдийн хувьд ипотекийн зээлийн үндсэн ба хүүгийн төлбөрийг хойшлуулах, сайн дурын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг хойшлуулах, цахим гүйлгээн дэх банкны шимтгэлийг багасгах зэрэг арга хэмжээнүүд яаралтай авах шаардлагатай харагдаж байна.
-Сонгуулийн жилтэй холбоотой манай улсын эдийн засаг цаашид хэрхэх бол?
-Cонгууль болох эсэхээс үл хамааран 2020–2021 онд хувийн хэрэглээний тогтвортой өсөлт, барилга, уул уурхай, аж үйлдвэрлэлийн салбарын хөрөнгө оруулалтын нөлөөгөөр эдийн засаг дунджаар 5.6 хувиар өсөх төлөвтэй гэж эдийн засагчид төлөвлөж байсан. Гэхдээ одоогоор оны эхний гурван сарын байдлаар коронавирусийн халдварын нөлөөгөөр 2020 оны эдийн засгийн байдлыг урьдчилан таамаглахад төвөгтэй болж байна. Эдийн засаг цаашид хэрхэх нь энэ вирусийг эмчлэх арга, вакциныг хэзээ гаргах, мөн хэрэгжүүлэх эдийн засгийг дэмжих бодлогын үр нөлөөнөөс хамаарах байх. Сонгуулийн жил эрх баригчдын хувьд сонгуулийн болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө хангуулах зорилгоор төсвийн төлөвлөлтөө хийх шаардлага гарна. Ялангуяа төсвийн хөрөнгө оруулалтын зардал дээр илүү гарч ирэх байх. Нөгөө талаар 2020 оны УИХ-ын сонгуульд улс төрийн нам, эвслээс гарах зардлын дээд хэмжээг 5.9 тэрбум төгрөгөөр, нэр дэвшигч тус бүр тойргоос шалтгаалан дээд тал 775 сая төгрөг хүртэл гэж тогтоосон. Эндээс харахад, нэр дэвшигчдийн нийт тоог өмнөх сонгуулиар барагцаалан 500 гэж тооцоход нийтдээ ойролцоогоор 250 орчим тэрбум төгрөг зөвхөн нэр дэвшигчдээс зарцуулагдахаар байна гэж зарим улстөрчид тооцсон байна лээ. Тэгэхээр төсвийн төлөвлөлт, коронавирусийн халдвар,түүний холбоотой төсөв, мөнгөний бодлого, сонгууль гэх мэтчилэн нөхцөл байдлууд мэдээж сонгуулийн жилийн эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлөх байх гэж харж байгаа.
-2020 оны УИХ-ын сонгууль хойшлогдох уу?
-УИХ-ын сонгууль зургадугаар сарын 24-нд болдгоороо болох байх. Гэхдээ улс орны нөхцөл байдал эрсдэлтэй байгаа үед сонгууль гэж хийрхэхээсээ илүү коронавирусийн халдвараас сэргийлэх, эдийн засгаа дэмжих, сэргээх арга хэмжээндээ илүү анхаарлаа хандуулах хэрэгтэй.
-Тэтгэврийн реформ хийх ажлын хэсэгт та ажиллаж байгаа. Манай улсад тэтгэврийн реформ хийх шаардлага юу байна гэж харж байна вэ. Тэтгэврийн реформ хийснээр ямар давуу талууд үүсэх вэ?
-2019 онд нийт 1.2 сая орчин даатгуулагч нийгмийн даатгалд хамрагдсанаас нийгмийн даатгалын санд 1736.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 2034.5 тэрбум төгрөгийг тэтгэвэр, тэтгэмжид зарцуулсан байна. Нийгмийн даатгал, тэтгэврийн сангийн тогтолцоо энэ байдлаар хуримтлал үүсгэдэггүй. Нийгмийн даатгалын сангийн зарлага нь орлогоо гүйцэхээ больсон янзаараа яваад байвал тун удахгүй төр тэтгэврийн сангийн алдагдлыг нөхөж чадахаа болино. Манай одоогийн тогтолцооны хувьд 1994 он хүртэл бүх нийтийг хамарсан төсвөөс санхүүждэг тогтолцоотой байсан.
1994 оноос шинэ хууль батлагдсанаар аж ахуйн нэгж, байгууллага ажилтныхаа нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхой хувийг төлдөг болсон. 2009 оноос нийгмийн даатгалын санг улсын төсвөөс салгасан. Ингэснээр нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн тодорхой хувийг банкинд байршуулж, хүүгийн орлого олох боломжтой болсон. Энэ бол дэвшил. Мөн 1999 онд Нэрийн дансны хууль батлагдаж, тэтгэврийн шинэчлэлийг эхлүүлэх гэж оролдсон боловч одоо нэрийн дансны үлдэгдэл хийсвэр хуримтлал буюу тоо байдаг. Иймэрхүү байдлаар 1994 оноос хойш нийгмийн даатгалын, тэтгэврийн сангийн асуудлаар яг шинэтгэлийн гэхээр зүйл бараг хийгдээгүй. Бага зэрэг боловсронгуй болгох, засах сайжруулах болон нэг удаагийн шинжтэй арга хэмжээнүүд авсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд тэтгэвэр, нийгмийн даатгалын сан, тэтгэвэр авагчидтай холбоотой нэн даруй тулгамдсан асуудлуудаар тодорхой шийдвэрүүд гаргасан.
-Тухайлбал?
-Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүү 18 байсныг 10 хувь болгон буруулсан, тэтгэврийн хэмжээг гурван жил дараалан нэмэгдүүлсэн, малчин, хувираа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломжийг олгосон, шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлсэн, тэтгэврийн насыг шинэчлэн тогтоосон, тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэсэн гэх зэргийг дурдаж болно. Эдгээр нь тухайн нөхцөлд зайлшгүй нэг удаадаа авч хэрэгжүүлэх, тулгамдсан асуудлууд байсан. Нэг удаагийн чанартай, олон нийтэд таалагдах гэсэн арга хэмжээ авлаа гэж шүүмжлэгдэж болох ч, үнэхээр ахмадууд маань өөрийн цаг үедээ хийж, бүтээж, ирээдүйгээ даатган нийгмийн даатгалын шимтгэлээ төлж ирсэн боловч, тэр хэмжээгээрээ тэтгэвэр авч чадахгүй, хатуухан хэлэхэд тэтгэвэрт гарснаар амьжиргааны баталгаат түвшнээс доогуур орлоготой иргэн, өрх рүү шууд шилжиж байна.
Иймд төрөөс зайлшгүй нэг удаагийн зарим арга хэмжээг авъя, харин цаашдаа асуудлын урт хугацааны шийдлийг олъё гэж л үзсэн. Өөрөөр хэлбэл, цаашид нэг удаагийн шийдвэрээр гал унтраах маягтай арга хэмжээ авахаас илүү тэтгэврийн тогтолцооны шинэчлэл хийх, хувийг тэтгэврийн сангийн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байгаа. Иймээс ирээдүйд тогтвортой үйлчлэх зөв тогтолцоог бий болгох зорилгоор өнөөгийн нөхцөл байдлыг шалгаж, дүгнэлт хийх, тэтгэврийн сангийн шинэчлэл хийх хуулийн төслийг боловсруулахаар ажлын хэсэг ажиллаж байна.
-Гадны улсад тэтгэврийн тогтолцоо нь ямар байдаг юм бол. Манай улсын Нийгмийн даатгалын сан 2012 оноос хойш тасралтгүй алдагдалтай явж ирсэн байдаг. Тэтгэврийн реформ хийснээр энэ санд хэрхэн нөлөөлөх вэ?
-Тэтгэврийн сангийн тогтолцоо сайн бүрдсэн гэгдсэн зарим улс орнуудад гурван төрлийн тэтгэврийн сан зэрэг ажиллаж байдаг. Нэгдүгээрт, одоогийн манайд байгаа сангийн хэлбэр буюу орлогынхоо тодорхой хувиар шимтгэл төлнө, нийтийн сангаас эргээд тэтгэврээ авна. Хоёрдугаарт, хувийн тэтгэврийн хөрөнгө оруулалтын сангуудад орлогынхоо тодорхой хувийг хийж, өөртөө тэр хэмжээгээрээ тэтгэврийн хуримтлал үүсгэнэ. Гуравдугаарт, дээрх хоёроос гадна нэмэлтээр сайн дураараа орлогынхоо тодорхой хувиар тэтгэврийн хуримтлал үүсгэх юм.
Манайд нэгдүгээрх буюу тэтгэврийн даатгалын шимтгэлийг төр бүхэлд нь хурааж аваад эргээд хуваарилдаг тогтолцоо нь ажиллаж байна. Ийнхүү хуваарилахдаа хэн хэдэн төгрөгийн шимтгэл нийтдээ төлсөн гэхээсээ илүү ерөнхийд нь, нийтэд нь хүртээх байдлаар бүхэлдээ хуваарилалт хийж байгаа. Ингэснээр хувь хүн өөрийн төлсөн хэмжээнээс шууд хамаарах бус тэгшитгэн хуваарилсан бага хэмжээтэй тэтгэвэр авахад хүрч, энэ нь төрд ч дарамттай, иргэддээ ч ээлгүй байна. Иймд хувийн тэтгэврийн сангийн тогтолцоог бүрдүүлэх хууль боловсруулах чиглэлээр ажиллаж байна. Хуулийн хувьд маш сайн зохицуулсан хувийн тэтгэврийн сангууд бий болсноор зардлаа өөрийн өгөөжөөрөө санхүүжүүлээд явчих бөгөөд энэ нь зөвхөн шимтгэл төлөгчид ч төдийгүй эдийн засгийн бусад салбарт ч эерэг үр нөлөөтэй бөгөөд их хэмжээний, урт хугацааны хуримтлал үүсгэдэг тогтолцоо юм. Гэхдээ энэ тогтолцоонд шилжиж түүний үр ашгийг хүртэж тогтолцоо бүрэн дүүрэн ажиллах хүртэл хугацаа орно. Түүнчлэн өнөөгийн үүссэн нийгмийн даатгалын өр төлбөрийг төлөх буюу хийсвэр үлдэгдлийг бодит үлдэгдэл болгох суурь санхүүжилт шаардагдана. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бид баялгийн сан байгуулах, уул уурхайгаас олсон ашгийг иргэдэд тэгш хүртээмжтэй хүртээх зохицуулалт тусгасан. Магадгүй энэ хүрээнд нэг удаадаа уул уурхайгаас олох ашгаас уг санхүүжилтийг авч болох юм.
Нөгөөтэйгүүр хувийн тэтгэврийн хөрөнгө оруулалтын сангаас үүсэх эрсдэлийг хаах, урьдчилан сэргийлэх, хөрөнгийн удирдлагын менежмэнтийг оновчтой зохион байгуулах асуудлыг хуулиар сайн зохицуулах ёстой.