Ч.Хүрэлбаатар: Монгол улс дэлхийн хэмжээний бодлогыг эдийн засагтаа авч хэрэгжүүлж байна
- 2020-03-18
- Үнэн
- 1
Коронавирусийн тархалттай холбоотойгоор дэлхий нийтийн эдийн засагт хүндрэл үүсэх нь гарцаагүй болсон. Манай улсад ч мөн нөлөөлөх учраас эдийн засгийг цаашид хүндрүүлэхгүй байх чиглэлд төр засгаас ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ. Тэр дундаа Сангийн яам ямар бодлого баримтлан ажиллаж байгаа талаар Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР зарим телевизэд ярилцлага өгснийг хүргэж байна.
-Монголбанк бодлогын хүүгээ нэг функтээр бууруулсан нь эдийн засагт тодорхой дэмжлэг үзүүлэх байх. Засгийн газар үүнээс өөрөөр иргэд болон аж ахуйн нэгжид ямар дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ. Ер нь эрсдэлийн үеийн төлөвлөгөө бидэнд байна уу?
-Коронавирусийн тархалтын үед Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгааг хэлье. Юуны өмнө бидний баримталж буй гол зарчим бол Монгол хүний эрүүл мэнд, амь нас. Үүнтэй уялдуулаад бид арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж.байна. Урд хөршид вирусийн дэгдэлт эрчимжиж эхлэхэд бид хилээ хаасан. Үүний улмаас Засгийн газарт тулгамдсан асуудал нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол үүсч, үнэ өсөхвий гэдэг асуудал байсан. Тиймээс зөвхөн хүнсний бараа бүтээгдэхүүн болон түүнд шаардлагатай тоног төхөөрөмжийг хилээр оруулахаар шийдвэрлэсэн. Түүнчлэн цаашид урд хилээр эдгээрийг оруулж ирэхэд түвэгтэй болж магадгүй гэдэг үүднээс хойд хилээр дамжин оруулж ирдэг бараа бүтээгдэхүүний гааль, НӨАТ-ын татварын хугацааг хойшлуулах арга хэмжээ авсан. Энэ нь ч үр дүнгээ өгсөн буюу хэмжээ, нийлүүлэлт хэвийн, үнэ тогтвортой байна. Татварыг хойшлуулах шийдвэр гаргаснаас хойш 18 аж ахуйн нэгж 11.4 сая кг элсэн чихэр, 4.4 сая литр ургамлын тос, 2.2 сая кг цагаан будаа, 2 750 мянган кг цагаан будааг тээвэрлэлтээр авчирч байгаа бол 35 мянган кг улаанбуудайг импортоор оруулж ирээд байна. Энэ бол эхний үе шатны арга хэмжээ. Одоо бид аж ахуйн нэгжүүддээ анхаарал тавьж эхлээд байна. Коронавирус дэгдсэн нь хэвийн явж байсан эдийн засгийг зогсоосон. Тиймээс энэ бол уначихсан эдийн засгийг сэргээх тухай ойлголт биш. Өөрөөр хэлбэл, хэвийн нөхцөлд гэнэтийн саад учирсан тохиолдолд авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээ нь өөр байдаг. Тиймээс үүнд таарсан арга хэмжээг авч эхэлсэн. Ийм нөхцөлд аж ахуйн нэгжүүд нийгмийн даатгалын шимтгэл төлөхөд хэцүү учраас өндөржүүлсэн бэлэн байдлын үед нийгмийн даатгалаа төлөөгүй бол алданги, торгууль тооцдог байсныг болиулсан буюу чөлөөлсөн.
Хоёрдугаарт, энэ хугацаанд төлж буй татвараас нь мөн алданги, торгууль авахгүй байхаар шийдсэн. Эдгээр шийдвэр бол аж ахуйн нэгжүүдэд том боломж олгосон хэрэг. Нөгөөтэйгүүр маш олон аж ахуйн нэгж түрээсээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ тухайд бид түрээслэгч, түрээслүүлэгч хоёрын хувийн харилцаанд шууд оролцож болохгүй учраас түрээсээ буулгасан бол түрээсийн орлогод ногдох татвараас чөлөөлөхөөр болсон.
ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙХГҮЙ
-Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор энэ оны төсөвт тодотгол хийх шаардлагатай гэдгийг эдийн засагчид хэлээд байгаа. Тоон дүн, бодит байдал зэргээс харахад ийм нөхцөл үүссэн үү, Сангийн яамныхан энэ тухайд тооцоо судалгаа хийсэн үү?
-Засгийн газар, Сангийн яам шаардлагатай арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байгааг би сая хэллээ. Тиймээс төсөвт төлөвлөсөн арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ. Өөрөөр хэлбэл, төсвийг тодотгохгүй. Төсөвт тусгасан хөрөнгө оруулалтын бүх ажлаа хийнэ. Нэг компани төсвийн гүйцэтгэлээр хийх ажил авлаа гэхэд дагаад маш олон аж ахуйн нэгж туслан гүйцэтгэгчээр ордог. Бусад салбарын бүтээн байгуулалт ч мөн ялгаагүй, маш олон компани, аж ахуйн нэгжийг ажилтай байлгадаг учраас бид үүнийг зогсоохгүй.
-Та сая Засгийн газрын хийсэн болон хийж буй ажлын талаар ярилаа. Харин цаашдаа эдийн засгийг дэмнэх чиглэлд ямар алхам хийх вэ?
-Засгийн газар болон Монголбанк, бусад байгууллагатай ярилцсаны үндсэн дээр бид нэг зүйлд тохирсон. Тодруулбал, одоо ноолуурын улирал эхэлж байна. Тиймээс ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд тодорхой хэмжээний санхүүжилтийн эх үүсвэр гаргаж өгөхөөр ярилцаж байна. Хөгжлийн банкны нэлээд их хэмжээний мөнгийг арилжааны банкуудад байршуулж байгаа. Үүнийг ноолуурын зээл болгож гаргана, тодорхой хэмжээний хүүгийн хөнгөлөлтийг Засгийн газраас шийдвэрлэнэ. Энэ нь эргээд Монгол Улсын хэмжээнд зээл болж гардаг буюу эргээд эдийн засагт ордог. Банкны зээлийн хүүгийн төлбөр, худалдаа үйлчилгээ зэрэг бүх салбарт хүрдэг учраас энэ чиглэлд санал нэгдсэн. Түүнчлэн Монголбанктай ярилцаж байгаад валютын нөөцийг бүрдүүлдэг алтны салбарт тодорхой хэмжээний бодпогын дэмжлэг үзүүлэхээр ярилцаж байна. Энэ мэтээр бид эдийн засгийн бодлогын арга хэмжээгээ үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
-Таны хэлснээр хэвийн байсан эдийн засаг вирусийн тархалтаас болоод зогсчихлоо. Ийм байдал хэдий болтол үргэлжлэхийг хэн ч таашгүй. Гэтэл энэ хугацаан дахь эдийн засгийн алдагдлыг хэрхэн нөхөх вэ?
-Юуны өмнө хэлэхэд, дэлхий нийтэд тархсан коронавирусийн дэгдэлт бидэнд эдийн засаг бол нэг үйлдвэр, эсвэл орд газар биш гэдгийг харууллаа. Дэлхийн улс орнуудын эдийн засаг гэдэг нь хүн, тэдгээрийн хөдөлгөөн, үйл ажиллагаа юм байна гэдгийг маш тодоор харуулсаар байна. Хэрвээ хүний хөдөлгөөн буюу худалдан авалт, амралт зугаалга зэрэг байхгүй бол эдийн засаг гэж байхгүй. Тиймээс бид экспортоо эхлүүлэх ажлыг бэлэн болгочихсон. Төрийн бүх байгууллага бэлтгэлээ базаачихсан. Хятадын тал манай улсыг экспортоо эхлүүлэхийг бүрэн зөвшөөрчихөөд байна. Харин манай улсаас гадагшаа экспорт хийдэг компани, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн гэдгийг бидэнд мэдэгдвэл дараагийн алхмыг авч хэрэгжүүлэхэд бэлэн болсон. Тэднээс хариу ирүүлбэл бид Лхагва гаргийн /өнөөдөр/ Засгийн газрын хуралдаанд танилцуулснаар экспортыг эхлүүлнэ. Манайх шиг жижиг эдийн засагтай орны хувьд экспортоо эхлүүлчихвэл зогсонги байдалд орсон байсан эдийн засгийг эргээд хэвийн горимд шилжүүлнэ гэсэн үг. Түүнчлэн бид Монгол хүний эрүүл мэнд, амь насыг нэгдүгээрт тавьсан учраас олон төрлийн үзвэр, үйлчилгээг зогсоосон байсныг энэ сарын 16-наас нээж эхэллээ. Ингэснээр эдийн засаг хэвийн голдиролд орох алхам болно гэж харж байна. Эдгээр арга хэмжээ жигдрээд эхэлбэл ирэх арав, арваннэгдүгээр сар гэхэд эдийн засаг хэвийн болчих болов уу гэж тооцоолж байна. Гэхдээ цаашид нөхцөл байдал хэрхэхийг таашгүй. Ямар ч байсан Сангийн яамны зүгээс өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн шуурхай ажлын хэсгийг байгуулсан. Бид өдөрт хоёр удаа хуралдаж, цаг үеийн мэдээлэл солилцоод явж байна. Үүний зэрэгцээ бусад орон, эдийн засгийн ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг ч харьцуулан ажиглаж байна. Шаардлагатай гэж үзвэл тэр дор нь Засгийн газарт танилцуулаад шуурхай арга хэмжээ авахад бэлэн байгаа гэж ойлгож болно. Ерөнхий сайдын зүгээс ч ийм чиглэл өгсөн. Тиймээс бид цаг хугацаа, амралт, баярын өдөр алинд ч байсан шуурхай хуралдаад шаардлагатай шийдвэрийг гаргахад бэлэн байгааг хэлье.
-Өнөөдрийн байдлаар улсын төсөвт 175 тэрбум төгрөгийн алдагдал үүссэн. Үүнийг хэрхэн нөхөхөөр тооцоолж байна вэ. Тэр дундаа ажлын байрыг хамгаалах чиглэлд арга хэмжээ авахыг МҮХАҮТ-аас сануулж байна. Энэ тухайд та ямар тайлбар хийх вэ?
-Бидний тооцооллоор ДНБ-ий хэмжээ үндсэндээ нэг орчим хувиар буух болов уу гэж харж байна. Гэхдээ оны төгсгөл гэхэд дийлэнхийг нь нөхчих болов уу гэж бодож байгаа. Энэ бол яг одоогийн нөхцөл байдлын тооцоолол гэдгийг тодотгоё.
Ерөөсөө хэвийн байсан бүх зүйлд гэнэтийн саад буюу халдварт өвчний тархалт үүссэн учраас энэ байдлаас давуу тал олоод авчих гэсэн санаатай хэн ч байхгүй байх. Иргэд төдийгүй аж ахуйн нэгжүүд, төр хүртэл тодорхой хэмжээний хохирол амсчихаад байна шүү дээ. Жишээлбэл, төрийн хувьд нэгдсэн төсвийн орлого оны эхний хоёр сарын байдлаар 175 тэрбум төгрөгөөр тасарчихаад байна.
125 тэрбум нь АМНАТ-ын орлого. Өөрөөр хэлбэл, экспортоо зогсоочихсон учраас АМНАТ-ын орлого тасалдчихаж байгаа юм. Гэхдээ У.Хүрэлсүхийн Засгийн газар сайнгүй эдийн засгийг хүлээж авсан ч суурь үзүүлэлтүүдээ бататгаж чадсан буюу нэг жилийн хүндрэлийг даваад гарчих чадамжтай болгосон. Валютын нөөц нэг тэрбум ам.доллар байсан бол одоо 4.2 тэрбум ам.долларт хүрээд байна.
Төсвийн орлого 2018 онд ашигтай буюу хуримтлалтай гарсан. Ирээдүйн өв санд 620 тэрбум төгрөгийг хуримтлуулсан төдийгүй 4.2 тэрбум төгрөгийн өр дарчихаад байна. Аж ахуйн нэгжүүдээ хүнд байдалд оруулахгүйн тулд бид дээр дурдсанчлан татварын хөнгөлөлтүүдийг үзүүлж байна. Дээр нь Монголбанкы бодлогын хүүгээ нэг, заавал байлгах нөөцийг хоёр функтээр буулгасан. Энэ нь гэнэтийн нөхцөлд хадгалж байсан нэлээд их хэмжээний мөнгийг эдийн засагт оруулах боломжийг арилжааны банкуудад бүрдүүлж өгсөн гэсэн үг. Тэгэхээр бид бүгдийг хяналтдаа авсан. Нөгөө талаас манай төсөв өөрөө уян хатан. Өөрөөр хэлбэл, дээд хязгаарыг хатуу тавьсан мэт боловч дотроо төсвийн ерөнхийлөн захирагч нар нь хөдөлгөөн хийгээд явах бүрэн боломжтой байдаг. Коронавирусийн үед дэлхийн улс орнууд үндсэндээ гурван чиглэлээр эдийн засагтаа чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Нэгдүгээрт, эрүүл мэндийн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх. Хоёрдугаарт,миний саяын ярьсанчлан татварын бодлогоор жижиг аж ахуйн нэгж, бизнесээ дэмжих. Гуравдугаарт, банкны мөнгөний бодлогоор аж ахуйн нэгж төдийгүй бизнесээ дэмжин ажиллаж байна. Бид ч мөн дэлхийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй эдийн засгийн арга хэмжээг цаг алдалгүй авч байна.
-Одоогоор эрүүл мэндийн салбарт мөнгөн дүнгээр хэчнээн хэмжээний дэмжлэг үзүүлээд байна вэ?
-Одоогоор улсын төсвөөс нийтдээ 17 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Үүнд шаардлагатай тоног төхөөрөмж болон бусад зардал багтсан гэсэн үг. Мөн Дэлхийн банкнаас олгосон 10.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр тоног төхөөрөмжийн асуудлаа шийдэж байна. Азийн хөгжлийн банкнаас ч мөн хөрөнгө оруулалтыг олгосон. Дээрээс нь 26.3 сая төгрөгийн санхүүжилт авахаар Дэлхийн банктай ярилцаад явж байна, Товчхондоо, эрүүл мэндийн салбарт шаардпагатай хөрөнгө оруулалтыг богино хугацаанд шийдэх гарцыг гаргаад байна. Энэ мэтээр тодорхой зорилготойгоор бодлогын арга хэмжээг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлээд явж байна ойлгож болно.
ОНЫ СҮҮЛЧ ГЭХЭД ЭДИЙН ЗАСГИЙН АЛДАГДЛАА НӨХӨХ ТООЦООЛОЛТОЙ БАЙНА
-Коронавирусийн тархалтгай холбоотойгоор хилээ хааснаас хойш алт тушаалт нэмэгдлээ гэх сайн мэдээ бий. Энэ нь эдийн засагт мэдээж эерэг нөлөөлөл үзүүлэх байх. Гэтэл нөгөө талдаа хил хаахаар алт тушаалт нэмэгдсэн нь хил, гаалийн хяналт өмнө нь сул байсныг харуулаад байгаа юм биш үү гэдэг асуулт ч гарж ирж байна?
-Алт тушаалт нэмэгдсэн нь мэдээж сайн. Эдийн засагт нөөц бүрдүүлэхэд чухал хөшүүрэг болно. Хувийн хэвшлийнхэн олсон алтаа хил давуулж хэн нэгэнд зараад хууль бус үйлдэл хийж байснаас Монгол Улсдаа алт хэлбэрээр нь тушаахыг би хувьдаа сайшааж байгаа. Гэхдээ үүнд бид маш сайн тооцоо, судалгаа хийх ёстой. 2019 оны эхний улиралд АМНАТ 10 хувьд хүрчихсэн байсан. Тэгэхээр энэ үед татвар арван хувьтай байсан учраас тушаалт бага байсан байх магадлал өндөр. Татварын хувь хэмжээг багасгах тухай яриа гарчихсан байсан учраас хүлээзнэж байсан байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр алт тушаалтыг 2018 оны эхний улирлын тоотой харьцуулах нь илүү зөв байх. Нөгөөтэйгүүр Монгол Упсын хилээр гарч буй бүх ашигт малтмалыг хянах зорилгоор хил, гааль дээр рентген аппаратыг байршуулахаар болсон. Холбогдох бүх ажлыг хийгээд явж байна. Өмнө нь хилээр цагт зургаан машин гаргадаг байсан.
Ажлын найман цагийн дотор л гэхэд 48 машин гарах нь байна шүү дээ. Тэгвэл бид шинэчлэл хийснээр цагт 150 машин гаргана. Ингэснээр 1500 машиныг арван цагийн дотор шалгаад гаргачихна гэсэн үг. Машин доторх ашигт малтмалыг бүгдийг нь рентгенээр харж шапгаад бичлэгээ 5-10 жилээр хадгалах боломжтой төхөөрөмжийг бүх боомтод суурилуулна. Боомтын шинэчлэлийн ажлын хүрээнд энэ мэтээр олон ажпыг хийж байгаа ч хөл хорионоос үүдэлтэйгээр зогсонги байдалтай байна.
-АН-ын зүгээс 355 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаас хэмнэлт хийх боломжтой гэдгийг хэлээд байгаа. Нөгөөтэйгүүр бизнес эрхпэгчдээс тодорхой татваруудыг хойшлуулах санал гаргасан байтал Засгийн газар сайн дураараа тэглэх тухай яриад эхэлсэн гэх юм. Энэ тухайд та тайлбар хийх үү?
-2020 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдааны 78 дугаар тогтоол надад байна. Энэ бүх тогтоол, протоколд татвар хойшлуулах талаар л дурдсан байгаа. Түүнээс тэглэх тухай ойлголт байхгүй. Угаасаа хоёр сарын хугацаанд хойшлуулах эрх л Засгийн газарт бий. Тиймээс эхний ээлжид хойшлуулъя, дараа нь хуулиа баталсны дараа чөлөөлье гэж байгаа юм. Үүнийг мушгиж ойлгох хэрэггүй. Гурван сарын дараа сонгууль болно. Үүнтэй холбоотойгоор улстөрчид гарч ирээд л “Ингэх, тэгэх ёстой” гэцгээдэг. 2016 оны сонгуулийн өмнө ч ингэж л байсан. Гэсэн атлаа ямар ч үр дүн гараагүй. Гэхдээ мэдээж бид хүмүүсийн ярьж байгаагаас авахыг нь авна. Бид байнгын, тасралтгүй ажиллаад холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг дахиад хэлье. Коронавирус дэгдсэн энэ үед улс төрийн оноо авах зорилгоор ч юм уу элдэв зүйлийг яриад байх шаардлагагүй. Төр цаг наргүй ажиллаж байна. Цаашид ч шаардлагатай үед төлөвлөгөөний дагуу арга хэмжээгээ аваад явна. -Энэ онд 42 сая тонн нүүрс экспортлохоор төсөвт тусгасан. Гэтэл хөл хориотой холбоотойгоор тодорхой хугацаа алдчихаад байна.
Ийм нөхцөлд нүүрснээс олохоор төлөвлөсөн орлогыг төвлөрүүлж чадах болов уу?
-Одоогоор 2.2 сая тонн нүүрсийг экспортолчихоод байна. Дээр дурдсанчлан рентген машиныг ирэх сар гэхэд боомтуудад байршуулчихаар ихээхэн цаг хугацаа хожно. Одоо гаргаж байгаагаас хэд дахин их хэмжээний ашигт малтмалыг гаргаад байх боломжтой болно. Тийм ч учраас оны сүүлч гэхэд эдийн засгийн алдагдлаа нөхөх боломжтой гэж хараад байгаа юм. Хятадын талаас ч мөн манайхаас гаргаж чадах хэмжээгээр авахаа илэрхийлсэн. Би мэдэмхийрсэндээ ингэж яриад байгаа юм биш. Өмнө нь энэ удаагийнх шиг халдварт өвчин гарсан үед эдийн засагт ямар нөлөө үзүүлж байсан бэ, хэдий хугацаанд сэргэсэн зэрэгт олон улсын байгууллагаас хийсэн судалгаанд үндэслэсэн үнэлгээ гэдгийг хэлье.
-Арилжааны банканд зээлгүй иргэн ховор. Нэг дор олноор цугларах нь эрсдэлтэй учраас аж ахуйн нэгжүүд зайнаас ажиллах, амраахзэрэг алхам хийж эхэлсэн. Үүнээс үүдэлтэйгээр иргэд банкны зээлээ төлж чадахгүйд хүрэх эрсдэл үүссэн. Гэтэл банкууд энэ тухайд ямар ч алхам хийхгүй байна. Төрийн зүгээс банкуудын дотоод ажилд шууд оролцох боломжгүй гэдгээ хэлсэн. Энэ тухайд ямар гарц байна вэ?
-Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд тэднээс гуйсан шүү дээ. “Зөвхөн Монгол Улс биш дэлхий нийтээр хэцүү байна, та нар уян хатан хандаач” гэдгийг хэлсэн. Одоохондоо ямар ч үр дүнгүй л байна. Үүнээс харахад арилжааны банкуудад реформ хиймээр байгаа юм. Аль юм болгон цөөн тооны банкны эрхшээлд байх юм бэ, гаднын банк оруулж ирж зах зээлийнх нь зарчмаар ажиллуулмаар байна гэдгийг хэлдэг, Энэ салбарт чөлөөт өрсөлдөөн байхгүй болохоор хүү өндөр байгаа юм. Эцэст нь энэ өндөр хүү нь иргэдэд туодаг. Тиймээс энэ байдлаас гарахын тулд чөлөөт зах зээлийг хөгжүүлэх хэрэгтэй.
М.ӨНӨРЖАРГАЛ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (1)
irgen (31.165.215.200)
1-r saraas ehleed mongoliin zasag sain ajillaj baigaa