Хүүхдийн барилдаанаас ирээдүйн улсын цолтон төрдөг сайхан замналтай
- 2020-03-19
- Үнэн
- 0
Монгол эрчүүд бид бүхэн хүүхэд байхдаа шилбүүр унан давхиж, үе тэнгийнхэнтэйгээ өмссөн хувцсаа урагдтал барилдаж өссөн. Ингэж үндэсний спортоор хичээллэх нь хот суурин газар руу их нүүдэл эхэлсэн 1960, 1970-аад оноос өмнө цаг дор хөвгүүдийг бүгдийг хамарч байсан гэхэд болно. Хожмоо хот, суурин газрын байрны хүүхдүүд бөхийн дугуйланд хамрагдаж, харин гэр хорооллын хүүхдүүд хөдөөх уламжлалаа хадгалж ирсэн билээ. Хөвгүүдийн барилдааныг Улсын баяр наадмын хөтөлбөрт оруулж албан ёсны болгосон нь 1944 он юм.
Нийтийн дунд Хүүхдийн барилдаан гэж нэршсэн Улсын баяр наадмын өсвөрийн бөхчүүдийн анхны барилдаанд 32 хөвгүүн зодоглосноос Офицерын сургуулийн Аюурын Жигмэддорж түрүүлж, мөн сургуулийн Жадамбын Рэнчин үзүүрлэжээ. Харин хойтон жилийн /1945 он/ наадмаас эхлэн 1950 он хүртэл хүүхдийн барилдаанд жил бүр 64 хөвгүүн зодоглосон байна. Ардын хувьсгалын түүхт 30 жилийн ой тохиосон 1951 онд Улсын баяр наадмын томчуудын барилдаанд (Ж.Цэвээнравдан аварга түрүүлсэн) 1024 бөх, харин хүүхдүүдийн барилдаанд 128 бөх барилдуулсан байдаг. Өсвөрийн 128 бөхийн энэхүү барилдаанд Офицерын сургуулийн сурагч Ширэндэвийн Ягаан түрүүлж, мөн сургуулийн Цэрэнноровын Ёндонсамбуу үзүүрлэжээ. 1946 оны Улсын их баяр наадмаас эхлэн Баяр наадмын комиссоос хүүхдийн барилдаанд амжилттай барилдсан өсвөрийн бөхчүүдэд Улсын шонхор, Улсын харцага, Улсын шандас цол олгож эхэлсэн түүхтэй.
Ташрамд тайлбарлахад, 1969 оны есдүгээр сарын 12-ны өдрөөр огноолсон Үндэсний бөхийн анхны дүрэм гарахаас урьд өмнө хүүхдийн төдийгүй томчуудад цол олгохдоо Баяр наадмын комиссынхон гишүүдийнхээ олонхийн саналаар уламжлал харгалзсан дурын шийдвэр гаргаж байв. Харин Монголын Биеийн тамир, спортын эвлэлийн Төв зөвлөлийн тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан анхны дүрэм гарснаар Баяр наадмын комиссынхон амжилттай барилдсан бөхчүүдэд цол олгохдоо баримтлах хууль эрх зүйн акттай болсон.
1969 оны Үндэсний бөхийн дүрмийн 10 дугаар бүлгийн 18 дугаар зүйлийн а-д “Монгол үндэсний бөхчүүдийг хөхиүлэн хөгжүүлэх зорилгоор Улсын баяр наадамд барилдсан хүүхэд, багачуудад нэгдүгээр байр эзэлбэл Улсын шонхор, хоёрдугаар байр эзэлбэл Улсын харцага цол олгоно’’ гэж заасан.
Үүнээс хойших Улсын баяр наадмын Хүүхдийн барилдааны түрүү, үзүүрийн бөхөд эдгээр цол олгодог байв. Цолноос гадна хүүхдийн барилдаанд амжилт гаргасан өсвөрийн бөхчүүд давааны бай шагнал авдаг болсон. Ер нь хүүхдийн барилдаанд бай шагнал олгодог уламжлал эрт дээр цагаас улбаатай юм билээ.
Бидэнд одоогоор мэдэгдэж байгаа нэгэн баримтыг сонирхуулъя. 1918 оны “Нийслэлийн сонин бичиг”-ийн нэгэн дугаарт “Богд хаан танаас таалж...бөх барилдуулж Хүрээний бага хөвгүүдийг Морин наадам мэт уралдуулж, түрүүлсэн бөх хөвгүүдэд аймаг, Шавийн их наадмын адил ихээхэн шан хүртээв хэмээмүй” гэж бичжээ.
Улсын баяр наадмын хүүхдийн барилдаанд түрүү, үзүүрт хүрсэн бөхчүүдээс хамгийн анхлан улсын цолонд (1971 он) хүрсэн хүчтэн бол Биндэръяагийн Батхуяг начин юм. Архангай аймгийн Хотонт сумын харьяат тэрбээр 1963, 1964 оны наадмаар хүүхдийн барилдаанд үзүүрлэж, улсын харцага цол авсан байдаг. Хүүхдийн барилдаанд түрүүлж, үзүүрлэж байсан өсвөрийн бөхчүүдээс хожмоо улсын цолонд хүрсэн хүчтэнүүдийг танилцуулъя. Саран хаалтад хэдэн оны наадмын Хүүхдийн барилдаанд амжилттай барилдсаныг тодотголоо.
-Улсын аварга Д.Сумъяабазар (1988 оны түрүү)
-Улсын гарьд Б.Гантогтох (1986 оны түрүү)
-Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ(2003 оны түрүү)
-Улсын харцага Г.Элбэг (1989 оны түрүү)
-Улсын начин Б.Батхуяг (1963 оны үзүүр)
-Улсын начин Ц.Цэрэнхүү (1987 оны түрүү)
-Улсын начин Ц.Анхбаяр (1982 оны үзүүр) нар. 2015, 2019 оны Улсын их баяр наадмын түрүү бөх Э.Оюунболд 2009 наадмаар хүүхдийн барилдаанд зодоглоод 128 бөхөөс шөвгийн дөрөвт шалгарч байлаа. Мэргэжлийн сүмо бөхийн ёкозүна Асашёрюү Дагвадорж 1996 оны наадмаар хүүхдийн барилдаанд түрүүлж, харцага болж байсан юм. Уг нь уламжлалт өмнөх дүрмээр улсын шонхор болох байсан ч МҮБХ-ны Цэцдийн зөвлөлөөс 1990 оны арванхоёрдугаар сард гаргасан шинэ дүрмийн өөрчлөлтийн дагуу харцага болсон. Энэхүү шинэчилсэн “Монголын Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 6.2- т “Улсын баяр наадмын хүүхдийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн буюу алт, мөнгөн медаль хүртсэн бөхөд харцага, гарди цол олгоно" гэж заасан байв. /Улсын гэсэн тодотголгүй байгааг анхаарна уу/ Асашёрюү Дагвадоржийг 1996 онд хүүхдийн барилдаанд түрүүлж харцага цол авч байхад түүний төрсөн ах Д.Сумъяабазар улсад анх удаа долоо давж Улсын заан болж байв. Бас нэгэн сонин тохиолдол буй. 1986 оны Улсын баяр наадамд XX зууны манлай бөх Х.Баянмөнх аварга зодоглоогүй өнжсөн. Гэтэл энэ наадмын хүүхдийн барилдаанд аваргын хүү Б.Гантогтох түрүүлж, Улсын шонхор болж байв. Түүний хойтон жил 1987 оны Улсын баяр наадамд Х.Баянмөнх аварга улсад 10 дахь удаа түрүүлж Монгол бөхийн XX зууны түүхэн дээд амжилт тогтоож байхад хүүхдийн барилдаанд Цэдэвийн Цэрэнхүү түрүүлж, Улсын шонхор болж байлаа. Шинээр улсын шонхор болсон өсвөрийн бөх бол Х.Баянмөнх аваргын төрсөн ах, аймгийн заан Х.Цэдэв засуулын хүүхэд юм. Хожмоо Б.Гантогтох нь улсын гарди, Ц.Цэрэнхүү нь улсын начин болсон гэдгийг бөхийн хорхойтон монголчууд бид бүгдээрээ мэдэх билээ.
Жич: 2003 онд УИХ-аас Үндэсний их баяр наадмын тухай хууль гаргаснаар Улсын баяр наадамд амжилттай барилдсан хүчит бөхчүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулгаж цол өгдөг болсон ч хүүхдийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн өсвөрийн бөхөд цол олгох тухай заалт оруулаагүй учраас 1946 оноос уг тогтсон уламжпал зогссон юм.
Б.Ерэнтэй
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)