Засгийн газар: Шатахууны үнэ литр тутамд 120-200 хүртэл төгрөгөөр буурах боломжтой
- 2020-03-19
- Эдийн засаг
- 0
Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар танилцуулга хийв. Он гарсаар дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ огцом буурч байгаа нь хэрэглэгч орон Монгол Улсын хувьд таатай нөлөө үзүүлж байна. Өчигдрийн байдлаар газрын тос нэг баррель нь 31.41 ам долларт хүрч буурсан нь манай эцсийн хэрэглэгчдэд шатахууны үнэ литр тутамд 200 хүртэл төгрөгөөр буурч хүрэх боломжийг бүрдүүлсэн гэв.
ОХУ-аас 2020 оны эхний гурван сарын байдлаар нийлүүлсэн шатахууны хилийн үнийг аргачлалын дагуу тооцож үзэхэд шатахууны төрөл тус бүрээс литр тутамдаа 120 төгрөгөөр буулгах боломж хэдийн бүрджээ. ОХУ-ын Роснефть компаниас нийлүүлж байгаа шатахууны хилийн үнэ өмнөх сартай нь харьцуулахад энэ сард бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа 58-86 ам.доллараар буурч, Аи-92 автобензин 569 ам.доллар/тн, лизелийн түлш 566 ам.доллар/тн болоод байна.
Иймд шатахуун импортлогч аж ахуй нэгжүүд үнээ бууруулж, хэрэглэгчдээ хангана гэдэгт итгэлтэй байна гэж УУХҮ-ийн сайд мэдэгдсэн. Одоогоор улсын хэмжээнд шатахууны төрөл бүрээр дунджаар нэг сарын нөөцтэй байгаа аж. Монгол Улс шатахууны хэрэгцээгээ 100 хувь импортоор хангадаг ч хэрэглээ жил ирэх тусам өсч байна. 2018 онд 1,4 мян/тн, 2019 онд 1,7 мян/тн автобензин, дизелийн түлш импортлосон нь 14 хувийн өсөлтийг харуулжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл (0)