Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?

Хэн ийм болгочихсон юм бэ? – тасардаггүй хилэнт асуулт. Тэр тийм болгочихсон гэвэл тэр нөхрийн цусыг үзэж байж сэтгэл ханах сэтгэхгүйтэй. Цаад нөхрийг цаазалчихвал өргөс авсан аятай Монголын нийгэм сайн сайхан болчих мэтээр гэнэн сэтгэнэ.

Ингэж буруутгахыг бишгүй нэг сонсож байна. Бид өмнөөс нь сөргөж чаддаггүй. Анхлан миний буруу гэж юу байхав, би ямар шийдвэр гаргалцаж байсан биш, төр-засгийн өндөр албанд байсан биш гээд би хавьтуулдаггүй байлаа.

 

Үнэндээ арчиллын 30 жилд ардчилал нь авилгажиж, байгаль орчноо хайр найргүй цөлмөж, ард нийтээрээ ядуурсны бурууг ганц надад тохох нь, би түүний төлөө нүүрээ ширлүүлэх нь юу ч билээ гэж хэн ч боддог юм билээ.

 

 

 

Гол асуудал үе үеэрээ, үе тэнгийнхнээрээ нийгэм айхтар хуваагдаж зааглагдсаны уршиг л яригдаад байна гэдгийг би хожуухан олж харсан хэрэг. Манай нийгэмд том ангал буй болжээ.

Би бол 1950-1960-аад оны, одоогийнхоор бол ахмад үеийн төлөөлөл мөн. Бидний үеийнхэн социализм байгуулна гэж хөөрцөглөж, эвлэлийн илтгээлт (МХЗЭ) өвөртлөн мал дээр гарч, Эрдэнэт рүү явж, Монгол-Зөвлөлтийн найрамдлын үр шимийг амсаж, орос ах нар гэж өсч бойжсон. Бидний үеийнхэн бол социализм хүч нөөцөө бүрэн шавхаж барлаа, нурлаа гэдгийг мэдэрч, ардчилсан хувьсгалыг хийлцэж, хуучин коммунист тогтолцоог нураасан гавьяатнууд (тухайлан би яг биш!) мөн. Бидний үеийнхэн дотор Цагаан морин жилийн хувьсгалыг хийлцсэн, оройлсон, тугч явсан зөндөө нөхөд бий.

1990-ээд онд дэлхийн коммунист эвсэл задраад уналаа, СССР тарлаа, Монголд өгдөг, олгодог, зээлүүлдэг мөнгөний хүүдий хоосорлоо. Ажлыг нь хийж өгдөг орос ах нар хөөгөөгүй байхад нутаг буцлаа. Үүнд бидний үеийнхний буруу гэж байсан уу? Үүнд би “Хэн ийм болгосон юм бэ?” гэдгүүдээс хариулт авмаар санагддаг юм.

Оргүй хоосон дээр зах зээлийн нийгэм байгуулах гэж эрх чөлөөт ардууд ганзагын наймаанд гарцгаалаа. 1970-1980-аад оныхон өвөө эмээтэйгээ гэр сахиад өлөн зэлмүүн үлдлээ. Тэд өөрсдийгөө хэлмэгдсэн үеийнхэн гэж нэрлэдэг. Хүүхэд нас нь аз жаргалгүй өнгөрчихсөн, дөнгөж хөлөө олоод амьдралд ороод иртэл ардчилал хийлцсэн, ардчиллын үр шим амссан гавьяатнууд хамаг албан тушаалыг өмчлөөд авилгадаад суучихсан, одоо ч сууцгааж байна. Ингээд 1970-1980-аад оныхноос цүнх баригч (цүнхчид) цөөхөн залуус дээшээ гарч ирээд бас авилгачин болцгоосон. Тэдэнд итгэл үнэмшил, ёс зүй, дэлхийн боловсрол гэхээсээ хар прагматизм л байна. Гэхдээ тэдний ихэнхи нь ардчиллын үр дүнг үзсэнгүй явсаар хөгшрөх нас руугаа орчихсон. 

Завсрын үеийн тэд л биднийгээ ёстой нэг харааж хэмлэж зэмлэж өгөх аж. Одоо яалтай билээ. “Та нар, тухайлбал Та төр бариагүй, УИХ-д сонгогдоогүй, сайд дарга байгаагүй байж болно. Энэ авилгачин, хулгайч улс төрчдөө яагаад өөгшүүлээд, эвлэрээд сууж байсан юм бэ? Эд чинь Танай л үеийнхэн шүү дээ!” гээд л нүд ухаад байх нь тэр. 

“Тэр ямар хамаатай юм бэ? Эд чинь 30 жилийн туршид ард түмнээсээ сонгогдсон, ард түмний сонголтын тусгал болж гарч ирээд одоо ч байж байна” хэмээн би өмнөөс нь дуугүй суухгүй яринаа. “Та нар ард түмнийг мунхаг харанхуй байлгасан, Та нарын буй болгосон ардчилал л ард түмнийг ядууруулсан, Та нар ард түмнээ шувтан мэхлэсэн, ерөөсөө Танай үеийнхэн бол Монгол орныг балласан, хайран ч 30 жил минь” гэж ирээд завсрын үеийн  нөгөөдүүл маань ам шүдээ билүүднэ. 

Ингээд хэлмэгдэж хохирсон 1970-1980-аад оныхон маань бидэнтэйгээ хариуцлага тооцож яллах дээрээ тулчихаад байна. Тэдэнд “2020 он” эцсийн ганц боломж болчихсон юм болов уу гэж би харлаа. Мэдэрлээ. Энэ онд УИХ-ыг сонгох сонгууль л 1970-1980-аад оныхны үхэх сэхэхээ үзэх эцсийн тулаан юм шиг тэд цухалдан дэвхцэнэ. Би буруутгаж чадахгүй. УИХ-д 30 жил,  28 жил, ерөөсөө 10-аас дээш жил сууж байгаа улс төрчдөө л сонгохоо больчих, тэднийг сонгуулихгүйн төлөө сонгогчидтойгоо ажилла, өөр надад хэлэх үг, зөвлөх арга алга!

Завсрын үеийнхэн дуусчээ дуусч. Хэлмэгдэж хохирсон 1970-1980-аад оныхны дараагийн үе рүү орж хайлт хийе. 1990-2000-аад оныхон гэж цоо шинэ үе гараад иржээ. “Икс” (X) үе, “Зет”(Z) үе гээд нэрлэчихсэн ч байх шиг. Монгол нь монгол мөн. Монгол хүн яалт ч үгүй мөн. Гэхдээ тэс өмнөө, цоо шинэ, XXI зууны мэдээллийн эриний монгол залуус ярайж байна. Монгол ёс заншил, уламжлал, өвөг дээдэс, ахас ихэс тэдэнд ер нь хамаатай болов уу гэж эргэлзэх үе бишгүй таарч байна.

Тэд аз жаргалыг, тайван амьдралыг, тааваараа жаргалаараа, зоргоороо байхыг хүсэх нь тэдний буруу огтоос биш ээ. Даяаршлын эринд тэд дайрагдсан, мэдээллийн технологийн давуу талыг олж мэдээд хэрдээ хүртэж яваа (гар утас, цахим ертөнц), түүнд нь Монголын дунд  боловсролын тогтолцоо бүрэн ялагдсан, бүр гараа өргөж бууж өгөх дээрээ тулсан, тэд бол дээрхи бүх үеийнхнээсээ бүрэн салж гэрвэшсэн, ийм нийгэм Монголд буй болчихжээ. Хүлээн зөвшөөрөх цаг нь болсон.

Тэр залуус ба тэдний ах эгч, аав ээж бас буруутай, буруутныг хайя гэвэл шүү. Ардчиллын 30 жилд хувь хүний эрх чөлөөг чөлөөтэй тавьж, юу хүссэн, юу дурласныг нь хийлгэсний (уг нь ажил хийх ёстойсон!) гор гараад ирж байна. Уг нь ард түмнийг залж чиглүүлэх ёстой байжээ. Бидний үеийнхний хамгийн том алдаа тэр гэнээ. Залж чиглүүлээгүй, хувь заяаг нь өөрсдөд нь даатгаад орхичихсон, хувь заяагаа шийдэх эрхийг нь УИХ-ын сонгууль ба Ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн сонгуулиудаар олгочихсон нь одоо бидний үеийнхнийг буруутан болгочихоод байна.

 

Өнөө үеийнхэн буюу нийгмийн ихэнхи нь аз жаргалын эрэлчид, гэхдээ түүндээ зовохгүй хүрчих санаатай, өдөр хоног, цаг минутыг ууж идэж, бааж шээж, унтаж хэвтэж, зурагт үзэж, гар утсаар тоглож, зүгээр цаг нөхцөөж яваа, гэхдээ аз жаргал хайж яваа бүхэл бүтэн нийгмийн анги давхарга буй болжээ. 1950-1960-аад оны бидний үеийнхнээс ч долоон дор. Бид чинь ажил хийхгүй бол ам тосдохгүй гэдгийг залуу халуун насаараа мэдэрчихсэн улс. Харин өнөө үеийнхэнд тийм хууль үйлчилсэнгүй. Ажил хийхгүй ам тосдоод болоод байдаг, ажил хийхгүйгээр амьдраад болоод байдаг тийм зүй тогтлыг өнөөгийн Монголд дэлгэрүүллээ. Ард нийтээрээ энэ рүү хуйларч явна. Ямар том гамшиг айсуй вэ?

Бүх ялалтын дотроос хамгийн аугаа нь өөрийгөө ялах хэмээн сургадаг. Хүн өөрийгөө бүтээх ёстой гэж сургадаг. Бидний үеийнхэн үүнийг мэднэ, мэдэрнэ, хэрэгжүүлж ч байсан. Гэтэл өнөөгийн үеийнхэнд тэр нь алга. Хүн өөрийгөө болон аж амьдралаа бүтээн босгохоос шууд халшран зугтаалаа. Зугтагсдад амьдрах орон зай их байна. Тосоод авах хамт олон, найз нөхөд үй түмээрээ холхиж явна. Наад зах нь архи амлууллаа, согтлоо, мартлаа, нэг жаргалтай нөхөр нийгэмд буй болж байгаа нь тэр. Турж үхнэ гэж гонж! Түшээд авах хань нөхөд хааяагүй бялхаж байна.

“Амьдрах чадвараас зайлсхийсэн иргэншлийн үе ирж байна” хэмээн миний сэтгүүлч найз Г.Бадамсамбуу хэлээд тавьчихсан. Ямар үнэн үг хэлж вэ хэмээн би олзуурхаж байна.  

Юу ч хийхгүй байж чаддаг тийм хүмүүжлийг суулгаж өгсөн өнөө үеийнхэн Та нар ингэхэд хэнсэн билээ дээ? Түүхэнд яаж үнэлэгдэх юм бэ? Ерөөсөө түүхэнд яаж үлдэх юм бэ? 

Монголчууд минь сэртүгэй!

Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү

Нийтлэлд ашигласан гэрэл зургийг : С.Цацралт

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай