Их, дээд сургуулиудын хичээлийн шинэ жилийг наймдугаар сарын 15-ны өдөр эхлүүлнэ
- 2020-03-21
- Үнэн
- 0
Улсын Онцгой комиссын 13 дахь удаагийн хуралдаан (2020.03.20)-аар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосон хугацаа, бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоосныг, хилийн боомт хаасан, нислэг зогсоосон хугацааг тус тус 2020 оны дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгахаар боллоо. Ийнхүү сунгасантай холбоотойгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг дараах мэдээллийг хийлээ.
БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН САЛБАРТ:
Хичээл 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны пүрэв гарагаас эхэлж, түүнээс хойш даваагаас бямба гарагт хичээллэнэ.
Цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны тавдугаар сарын 31-нийг дуустал үргэлжлүүлнэ.
Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийг 2020 оны зургадугаар сарын 6-ны бямба гарагийг дуустал, дунд, ахлах ангийн зургадугаар сарын 13-ны бямба гарагийг дуустал хичээллүүлнэ.
Элсэлтийн ерөнхий шалгалтыг УИХ-ын сонгуулийн дараа буюу долдугаар сарын 2-5-нд авч, их, дээд сургуулийн элсэлтийг мөн сарын 7-8-нд зохион байгуулна.
Энэ хичээлийн жилийн сурагчдын амралт хугацаандаа буюу зургадугаар сарын 15-наас эхэлнэ. Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын амралтын 48 хоногт өөрчлөлт орохгүй, зургадугаар сарын 15-ны даваа гарагаас наймдугаар сарын 24-ний даваа гараг хүртэл үргэлжилнэ.
ДЭЭД БОЛОВСРОЛЫН САЛБАРТ:
Их, дээд сургуулиудын хичээлийг зургадугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлүүлж, 2020-2021 оны хичээлийн жилийг наймдугаар сарын 15-ны өдөр эхлүүлнэ.
СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЛБАРТ:
2020 оны эхний хагас жилд болох байсан соёл, урлаг, биеийн тамир спортын нэгдсэн арга хэмжээ, олон улсын болон улсын аварга шалгаруулах тэмцээнийг бүрэн зогсоосон. Зөвхөн олимпийн наадамд бэлтгэх Улсын шигшээ багийн дөрвөн төрлийн тамирчдын бэлтгэл, сургуулилалтыг онцгой горимтой орчин нөхцөлд хийлгэнэ. Шинжлэх ухааны байгууллагууд нэгдсэн сургалт, арга хэмжээ зохион байгуулахгүй, эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа үргэлжлүүлнэ.