Ковид-19 вирусын үед дэлхийн төв банкуудын авч хэрэгжүүлж буй арга хэмээнүүд
- 2020-03-22
- Дэлхий
- 0
ТӨВ БАНКУУДЫН АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНҮҮД
Ковид-19 вирусын нөлөө, дэлхийн эдийн засгийн идэвхижил суларч байгаа зэргээс 2020 он гарснаас хойш 24 улсын төв банкууд мөнгөний бодлогын төлөвөө зөөлрүүлээд байна. Мөнгөний бодлогын хүүгээ бууруулсан улс орнуудыг дурдвал АНУ, ОХУ, Австрали, Мексик, Бразил, Аргентин, Малайз, Тайланд, Камбож, Филиппин, Исланд, Өмнөд Африк, Кени, Турк, Македон зэрэг орнууд багтаж байна. Дэлхийн хөрвөх валюттай томоохон Төв банкуудын зарим нь санхүүжилтийн механизмыг ашиглаж байна.
Америкийн Холбооны нөөцийн банк (2020 оны 3-р сарын 3-ны өдөр)
2020 оны 3-р сарын 3-ний өдөр ХНБ бодлогын хүүгээ 0.50 нэгжээр бууруулж 1.0-1.25% болгоод байна. Хүүг ийнхүү огцом буулгах шийдвэрийг гаргахдаа “хэдийгээр АНУ-ын эдийн засгийн суурь нөхцлүүд хүчтэй хэвээр байгаа ч дэлхийн эдийн засагт үүсээд буй Ковид19-ын нөлөө эдийн засгийн идэвхжилд (хөдөлмөр эрхлэлт болон үнийн тогтвортой байдал)-д эрсдэл үүсгэж байгаа”-г онцолсон байна. Цаашид эдийн засгийн ирээдүйн төлөвт гарч болзошгүй эрсдлийг хянаж, шаардлагатай үед эдийн засгийн идэвхжлийг дэмжих зорилгоор тохиромжтой арга хэмжээ, хэрэгслүүдийг ашиглахаа ХНБ-ны тэргүүн Ж.Повел хэвлэлийн хурлын үеэр тайлбарлав.
Английн Төв банк (2020 оны 3-р сарын 11-ний өдөр)
Ковид-19-ийн дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөө маш эргэлзээтэй, тодорхой бус байгаа бөгөөд Английн эдийн засгийн идэвхжил ихээхэн суларч, инфляци зорилтот түвшинд хүрэхээргүй болсноор Английн төв банкны 3 бодлогын хороо 2020 оны 3-р сарын 11-ний өдөр хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргав. Үүнд:
• Бодлогын хүүг 50 нэгжээр бууруулж 0.25%-д хүргэв.
• Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор нэмэлт урамшуулал бүхий “санхүүжилтийн шинэ схем”-ийг танилцуулав. Тус схемийн хүрээнд ирэх 12 сарын хугацаанд 4 жилийн хугацаатай банкны хүү эсвэл түүнтэй ойрхон хүүтэй зээл хэлбэрээр олгоход зориулагдсан байна.
• Санхүүгийн бодлогын хороо нь мөчлөг сөрсөн санхүүгийн нөөцийн шаардлагыг 0%-д хүргэж бууруулав. Энэ нь банкуудад 190 тэрбум фунт стерлинг хүртэл хөрөнгө зээл олгоход зориулж чөлөөлөгдөхөөр байна. Энэхүү нөөцийн шаардлагын хувь нь 1 хувь байсан юм.
Европын Төв банк (2020 оны 3-р сарын 13-ны өдөр)
2020 оны 3-р сарын 13-ны өдөр, Ковид-19-ийн бүсийн эдийн засагт үзүүлэх нөлөөг бууруулах/саармагжуулах зорилгоор Европын төв банк бодлогын хүүг өөрчлөлтгүй хэвээр үлдээсэн хэдий ч түр хугацааны нэмэлт 120 тэрбум еврог хөрөнгийн дахин худалдан авалтын хөтөлбөрт оруулсан. Үүний зэрэгцээ хүү багатай, урамшуулах зээлийн эх үүсвэрийг ашиглахаар байна.