Химийн бодисын хор аюулын талаар цахим мэдээллийн сантай боллоо
- 2020-03-23
- Байгаль орчин
- 0
Өнөөдрийн манай зочиноор Хөдөлмөрийн Аюулгүй Байдал Эрүүл Мэндийн Төвөөс (ХАБЭМТ) гаргаж буй “Химийн бодисын цахим мэдээллийн сан”- тай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр тус төвийн химич Б.Цэлмүүнгарав оролцож байна.
Хөдөлмөрийн Аюулгүй Байдал Эрүүл Мэндийн Төвөөс бэлтгэн гаргаж байгаа “Химийн бодисын цахим мэдээллийн сан”-ын талаар бидэнд мэдээлэл өнгө үү?
Монгол улсад химийн бодисын хэрэглээ уул уурхай, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотойгоор нэмэгдэж байна. 2018 оны байдлаар Монгол улсад 3180 нэр төрлийн химийн бодис бүртгэгдсэн тоо байдаг. Үүнтэй холбоотойгоор химийн бодисын хэрэглээний аюулгүй ажиллагаатай холбоотойгоор “Химийн бодисын хор аюулын лавлах мэдээлэл”-ыг монгол хэлээр бэлтгэн химийн бодистой харьцан ажилладаг ажилчидад болон хэрэгцээт хүн бүр ашиглахад хялбар хэлбэрээр түгээх зорилгоор “Химийн бодисын хор аюулын цахим мэдээллийн сан” үүсгэн интернет сүлжээгээр болон гар утасны аппликейшн хэлбэрээр бэлтгэн олон нийтэд түгээхэд бэлэн болгоод байна. Одоогийн байдлаар аж ахуй нэгж байгууллагуудад хамгийн түгээмэл ашиглагдаж байгаа 230 орчим төрлийн химийн бодисын мэдээллийг багтаасан байгаа бөгөөд бид мэдээллийн сангаа байнга шинэчлэн химийн бодисын төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хийхээр төлөвлөсөн байгаа.
“Химийн бодисын цахим мэдээллийн сан”-д химийн бодис бүрийн хор аюулын лавлах мэдээлэл багтсан гэж ойлгож болох уу?
Тиймээ тэгж ойлгож болно. АНУ-ын Occupational Safety and Health Administration (OSHA) буюу Хөдөлмөрийн Аюулгүй Байдал Эрүүл мэндийн Агентлагын хор аюулын лавлах мэдээллийн (ХАЛМ) стандарт загварт ХАЛМ-д ямар ямар мэдээллийг оруулах шаардлагатайг зөвлөмж болгон өгсөн байдаг. Энэхүү зөвлөмжийн дагуу 15 хэсэг мэдээллийг багтаасан ба 1-ээс 8 дугаар хэсэгт тухайн химийн бодисын ерөнхий мэдээлэл болох ангилал, аюултай байдал, бүтэц, аюулгүй харьцах, ослын үед авах арга хэмжээний талаар мэдээлэл багтсан бол бусад хэсгүүдэд техникийн болон шинжлэх ухааны мэдээллүүдийг багтаасан.
Энэхүү “Химийн бодисын цахим мэдээллийн сан”-г яагаад хийх болсон бэ?
Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 54/А/136/А/215 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам”-д ашиглаж буй химийн бодисын хор аюулын лавлах мэдээллийг монгол хэлээр орчуулан ажлын байранд байршуулна гэж заасан байдаг. Зарим аж ахуйн нэгж байгууллага үүнийг хэрэгжүүлэн ажилчиддаа ашиглаж байгаа химийн бодисын талаархи мэдээллийг өгдөг боловч үүнийг хэрэгжүүлэхгүй байгаа олон аж ахуй нэгж байгууллага байна. Тухайн химийн бодисын ХАЛМ-ийг гадаад хэл дээр хэвлэн ажлын байранд байршуулах, монгол хэлээр дээр мэдээллүүд байх боловч ажлын байранд байршуулаагүй, ажилчид шаардлагатай үед харах боломжгүй, ажилчид ашиглаж байгаа химийн бодисын талаар мэдлэг мэдээлэл багатай эсвэл химийн бодисын хор аюулын лавлах мэдээлэл огт байхгүй тохиололдууд байдаг. Тухайн бодисын мэдээллүүд байдаг боловч шууд интернет сүлжээгээр монгол хэл дээр олдохгүй байх, монгол хэл дээр хэвлэгдсэн мэдээллүүд олдоц багатай зэрэг бэрхшээл тулгарч байгаа тухай гомдол манай төвд нилээд ирдэг. Үүнийг харгалзан одоо үед мэдээллийг хамгийн хурдан хүлээж авч байгаа интернет сүлжээ болон хэрэглэхэд хялбар гар утасны аппликейшн хэлбэрээр андройд болон iOS үйлдэлийн системтэй ямар ч утсанд үнэгүйгээр татаж аван интернет сүлжээгүй үед ч ашиглах боломжтойгоор цахим санг үүсгээд байна.
Манай улсад уул уурхай, хүнд үйлдвэрлэлтэй холбоотой химийн бодисын хордлого нэмэгдэх хандлагатай байгаа. Энэ талаар танай төвөөс ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?
Сүүлийн жилүүдэд буюу 2016 оноос 2019 оны хоёрдугаар улирлын байдлаар манай улсад нийт 62 химийн бодисын хурц хордлогын тохиолдолд бүртгэгдсэнээс 2017 онд Дархан төмөрлөгийн үйлдвэрт нилээд хүнийг хамарсан хордлого гарсан. Манай төвөөс химийн бодисын цахим мэдээллийн санг үүсгэн хүссэн хүн бүр мэдээллээр хангагдах боломжийг бүрдүүлсэн бөгөөд бидний цаашдаа төлөвлөж байгаа ажлын нэг болох ажилчидад химийн бодисын аюулгүй ажиллагаа, химийн бодисын хурц болон архаг хордлогоос хэрхэн сэргийлэх талаар хор судлаач, мэргэжлийн өвчин судлаач эмч, хордлогын эмч нартай хамтран сургалт зохион байгуулах ажил юм. Химийн бодисын эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөө, шинж чанар, хэрхэн харьцах, ямар тохиолдолд хурц болон архаг хордлого үүсээд байгаа талаар ажилчидад мэдээлэл өгсөнөөр тухайн хүн өөрийгөө яагаад хамгаалах хэрэгтэй, ямар тохиолдолд аюул учирч болзошгүй, аюул тулгарсан үед ямар арга хэмжээ авах талаар мэдлэгтэй болгох бидний нэг зорилго болоод байгаа.
“Химийн бодисын цахим мэдээллийн сан”-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.
Баярлалаа. Бидний хийсэн ажил химийн бодистой харьцан ажилладаг ажилтан, оюутан, сурагчид гээд хэн бүхэнд хэрэгцээтэй мэдээлэл болно гэдэгт найдаж байна.