Итали эмч: Бид сонгож эмчлэхээс өөр аргагүйд хүрч байгаа

Италийн Кремона хотын эмч Мангиатордитай хийсэн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

-Та хамт ажилладаг сувилагч Элена Паглиаранагийн зургийг авч олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байсан. Энэ зураг их олон хүнд хүрсэн.

-Тэгсээн. Их олон хүнд хүрсэн.

-Энэ зургийг та хаана авсан бэ?

-Бид нар оройн 20 цагаас хойш гараатай байсан юм аа. Бидний өмнөх ээлжинд маш олон хүнд өвчтөн хүргэгдэж ирсэн байсан. Бүгд амьсгалын хүндрэлтэй, хүчилтөрөгчийн дутагдалд орсон байсан. Нэг өвчтөнөөс нөгөөгийн хооронд 10 цаг гүйсний эцэст Элена нэг хором ч гэсэн амсхийхээр ажлын ширээн дээр толгой тавьсан байхад нь би зургийг нь авсан байсан юм аа.  

-Өвчтөнүүдийн тань биеийн байдал ямархуу байсан бэ?

-Олон өвчтөнүүд амьсгалахад хүндрэлтэй байсан. Ковид-19 өвчин бол уушигны хатгалгаанд хүргэдэг. Уушиг тэр чигтээ үрэвсдэг. Хүнд өвчтэй өвчтөнүүдийн хувьд хүчилтөрөгч шаардлагатай. Зарим өвчтөнд гуурс суулгаж хиймэл амьсгаа хийдэг. 

F.A.Z.-Newsletter Coronavirus

-Танайд амьсгалын аппарат хүрэлцээтэй байсан уу?

-Харамсалтай нь бидэнд бүх хүнд өвчтөнүүдийг эмчлэх хүрэлцээ муу. Ялангуяа эрчимт эмчилгээний ор хүрэлцүүгүй. Тиймээс бид эмнэлгийнхээ бусад тасгуудыг хүнд өвчтөнүүдийг эмчлэх эрчимт эмчилгээнд зориулж өөрчилсөн. 

-Бусад тасгуудынхаа хагалгааны өрөөнүүдийг бас эрчимт эмчилгээний тасаг болгосон уу? 

-Тиймээ. Энгийн үед хагалгаа хийдэг өрөөнүүдээ ч гэсэн бид эрчимт эмчилгээнд зориулж бэлдсэн. Манай эмнэлэг эрчимт эмчилгээний арван л ортой. Гэвч өчигдрийн байдлаар гуч гаруй хүнд өвчтөнтэй байна.

-Танай эмнэлгийн нэг эмч “Манай эмнэлгийн даац хэтрээд байна. Тэр олон хүнд өвчтөнийг эмчлэх боломж бидэнд маш бага. Одоогийн нөхцөл байдал дайнд орсон юм шиг л байна” гэж нэг сонинд өгсөн ярилцлагандаа дурьдсан байсан.

-Надад ч гэсэн тэгж л санагдаж байна. Манайд маш олон хүнд өвчтөн байгаагаас гадна манай олон эмч, сувилагч өвдсөн. Энэ өвчнөөр өвдсөн хэтэрхий олон өвчтөнтэй, энгийн үеэс ч цөөхөн эмч ажилтантай болоод байна.

-Эрчимт эмчилгээний ор дутмаг, хэт олон өвчтөнтэй үед хэнийг аврах уу хэнийг аврахгүй вэ гэдгээ та яаж сонгож байгаа вэ?

-Бид бүх хүнд, ялангуяа хөгшин хүмүүст туслахыг хичээж байсан. Гэвч өнгөрсөн арав хоногт 40-50 настай харьцангуй залуу хүмүүс ч бас манай олоороо ирж байгаа. Мөн 23 болон 25 насны уушигны хатгалгаатай хоёр залуу ирсэн. Бид үнэндээ бүх хүнд туслахыг хичээсэн. Харамсалтай нь бидэнд сонголт хийхээс өөр замгүй болсон. Тиймээс бид хамгийн залуу хүмүүст нь илүү туслахыг хичээсэн. Мэдээж хөгшин гэж хөсөр хаяагүй.

-Танай бүс нутагт маш хүнд өвдсөн, амьд үлдэх магадлал багатай өвчтөнүүдийг урьтал болгохгүй аль болох эмчлэгдэх боломжтой хүмүүсийг сонгохоос өөр аргагүй хүрч байгаа гэж сонссон. Танд бас тийм сонголт хийх бэрхшээл тулгарч байгаа юу?

-Харамсалтай нь би ч гэсэн тийм сонголттой тулгарч байгаа. Үнэхээр сонголт хийхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсч байгаа. Би тэр хүмүүсийг эмчлэхийг хүсэхгүй байгаадаа бус бидэнд үүсээд буй нөхцөл байдал өөр замгүйд хүргэж байгаа. Түрүүн хэлсэнчлэн хэтэрхий олон өвчтөнтэй, эмч ажилтан маш дутмаг байгаа.

-Ямар шалгуураар та сонголтоо хийж байгаа вэ?

-Яг тийм ийм гэсэн шалгуур байхгүй. Эмч хүнийхээ хувьд би тийм шалгуурыг хүлээн зөвшөөрөхгүй ээ. Хэнийг эмчлэх үү хэнийг эмчлэхгүй вэ гэдгээ шалгуураар шийдээд эмчил гэвэл би хувьдаа хүлээн зөвшөөрч чадахгүй. Харамсалтай нь бидэнд сонголт хийхээс өөр аргагүй нөхцөл байдал тулгараад байна. Бид бүхэн хувь хүнийхээ хувьд энэ тал дээр үнэхээр сэтгэл өвдөж байгаа. Харамсалтай нь сонголт тулгарвал бид түлхүү нас харгалзаж үзэхээс өөр аргагүйд хүрч байгаа.

-Тэгэхлээр настай хүмүүс нь эмчилгээ хүлээх шаардлагатай гэсэн үг үү?

-Харамсалтай нь тийм.

-Ийм нөхцөл байдлыг та эмч хүнийхээ хувьд хэрхэн даван туулж байна вэ?

-Үнэхээр хэцүү байгаа. Энэ нөхцөл байдал биднийг эмч мэргэжил эзэмшихийн тулд баримтлах ёстой зарчмаасаа хазайхад бас зөрчихөд хүргэж байна. Хэн амьд үлдэж болох уу хэн болохгүй вэ гэдгийг хэн ч сонгож болохгүй шүү дээ. Бид ямар Гладиаторт гардаг шиг эрхий хуруугаа гозойлгож юмуу буулгаад шийддэг Неро хаан биш.

Орчуулсан Б.Саруул

 

Эх сурвалж: F.A.Z.-Newsletter

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай