Грета Тунбергийн өрсөлдөгч "Наоми Зейбт" төсөл
- 2020-03-25
- Үнэн
- 2
"Хүн төрөлхтөн сандрах биш бодох хэрэгтэй" гэсэн илтгэлээрээ цахим ертөнцөд дуулиан тарьж, хормын дотор нэрд гарч буй 19 настай герман охин Наоми Зейбт хэвлэлүүдийн анхаарлын төвд байна. Түүнийг эко идэвхтнүүдийн төлөөлөл болсон Грета Тунбергийн гол өрсөлдөгчөөр нэрлэх болжээ. 16 настай охины НҮБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр хэлсэн үгийг дэлхий нийтээрээ магтан шагшсан. Грета Тунберг улс орнуудын удирдагчдыг "бидний бага насыг хулгайлсан" гэж буруутгасан нь олон нийтийн сэтгэлийг хөдөлгөж, бухимдлыг төрүүлсэн. Мөн дэлхий нийтийг дахин хоёр лагерьт хуваасан юм. Зарим нэг нь Шведийн дунд сургуулийн сурагч охиныг дэмжиж, түүнийг шинэ үеийнхний дуу хоолой хэмээн тунхаглаж байсан бол зарим нь үл итгэж, улс төрийн суртал ухуулгын сүүдрийг харж байв.
Энэ мэт олон ургальч үзэл "Тайм" сэтгүүлээс Грета Тунбергийг "Оны хүн"-ээр нэрлэхэд саад болоогүй юм. Мөн түүнийг Нобелийн Энхтайвны шагналд нэр дэвшүүлсэн билээ. Өнөөдөр Грета Тунберг улстөрчид, олон нийтийн зүтгэлтнүүдтэй түрэмгий харилцаж, экологийн хэлэлцүүлэг өрнүүлсээр байна. Жишээлбэл, саяхан Европын холбооны цаг уурын өөрчлөлттэй тэмцэж тухай шинэ хууль тогтоомжийг хатуу шүүмжилжээ. Гэвч Трета Тунбергийн стратегийг манай гарагийг аврах сайн төлөвлөгөө гэж бодохгүй байна" гэсэн Наоми Зейбт гэж хэн бэ. Их Британийн "Дейли ньюс" сонинд бичсэнэар Наоми Грета Тунберг шиг Европын залуу идэвхтэн. Гэхдээ үе тэнгийн Швед охиныг "үймээн дэгдээгч", "хүн төрөлхтний эсрэг суртал ухуулагч" гэж нэрлэжээ. Наоми өөрийгөө "цаг уурын реалист" гэж үздэг бөгөөд экологийн тэнцвэр олон зуун жилийн өмнөөс алдагдаж эхэлсэн гэж үздэг.
Тэрбээр "Дэлхий ертөнц цаг ямагт хувьсан өөрчлөгдөж байдаг. СO2 цаг уурын өөрчлөлтийн гол буруутан мөн үү. Бид сайтар бодох хэрэгтэй" хэмээн хүн төрөлхтнөөс асуусан юм. Мөн Германы либерал цагаачлалын бодлогын талаар өсвөр насныхны дунд хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Түүний ярьснаар багш, оюутнуудын сөрөг хариу үйлдэл нь Германы сэтгэлгээний давамгайллын талаарх эргэлзээг улам бататгасан юм.
Грета Тунбергийн "Ирээдүйн төлөөх баасан гараг" төсөлд оролцож буй залуучуудыг Наоми уур амьсгалын идэвхтнүүд гэж нэрлэхээс татгалзаж "Эдгээр өсвөр насны хүүхдүүд орилж, хашгирч байхыг хараад би гайхсан. Тэд юунаас ч юм айж байсан. Тэд ертөнцийн төгсгөл ирсэн мэт аашилж байна" гэжээ. Наоми өнгөрсөн оны тавдугаар сараас "YouTube" сувагт хүрээлэн буй орчны байдлын талаар үзэл бодлоо хуваапцаж эхэлжээ. Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Мюнхенд болсон Европын цаг уур, эрчим хүчний чуулганд үг хэлжээ. Мөн оны арванхоёрдугаар сард Наоми Зейбт Мадридад болсон НҮБ-ын форумд үг хэлж, хүрээлэн буй орчны тухай кампанит ажлын нүүр царай болох санапыг хүлээн авчээ. Энэ төслийн нэг хэсэг болсон Наоми хүмүүсийг яаран дүгнэлт гаргахгүй байхыг уриалж, уур амьсгалын өөрчлөлтийн талаар эрдэмтдийн хэлсэн үгийг сонсохыг хүссэн байна. Наоми "Дейли Телеграф" сонинд өгсөн ярилцлагадаа “Грета Тунберг шинжлэх ухаан, эдийн засгийн туршлагагүй жаахан охин. Ленонардо Ди Каприо зэрэг улстөрчид, алдартнууд шинжлэх ухааны асуудлаар ярилцах нь буруу гэж бодож байна. Хүмүүс хэн нэгнийг ухамсаргүйгээр дагана гэдэг тэнэг хэрэг. Яг л залуучууд Гретаг дагадагтай адил. Намайг "Анти Грета" гэж хочлоход дургүй. Эко скептикүүдийн гарт байгаа гөлөг биш бие даасан хүн гэдгээ хүлээн зөвшөөрүүлэх болно" гэжээ.
"БИ УТСАН ХҮҮХЭЛДЭЙ БИШ"
Наоми Зейбтийг "улс төрийн шинэ төсөл” байж магадгүй гэж харддаг. Түүний гадаад төрх Грета Тунбергтэй төстэй. Наоми Германы "Heartland Institute”-тэй хамтран ажиллаж байгаагаа нуугаагүй. "The Guardian "-ийн мэдээлснээр уг байгууллагыг газрын тос, нүүрсний компаниуд санхүүжүүлдэг бөгөөд уур амьсгалын эсрэг радикал онолуудыг ашиг сонирхолдоо нийцүүлэн сурталчилж байгаа аж. Үүнээс гадна "Heartland Institute" нь Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаатай холбоотой бөгөөд Грета Тунбергийн үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөггүй. "Вашингтон пост" сонинд бичсэнээр АНУ-ын газрын тосны лобби Наоми Зейбтийг Германы Засгийн газарт дарамт үзүүлэх хэрэгсэл болгон ашиглаж, Европын ногоон эрчим хүчний анхдагч болохыг зорьж байгаа гэнэ. Тиймээс, “Наоми Зейбт" гэх шинэ төслийг санаачилсан байж болох юм. Гэхдээ хамгийн харамсалтай нь бодит байдал дээр хоёр залуу идэвхтний сөргөлдөөн улс төрийн тэмцэл болж хувирвал байгаль орчинд аюул нүүрлэнэ.
Наоми энэ сард болсон "CPAC 2020" буюу АНУ-ын хамгийн нөлөө бүхий улс төрийн бага хурлын үеэр “Би “Анти Грета" биш. Бас өнөөдөр хэлэлцэх сэдвийн бэлгэ тэмдэг ч биш.
Уур амьсгалын реалистын хувьд хамгийн гол ажил бол эрх чөлөөний төлөөх тэмцэл гэдгийг дурдая. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарж буй цуу ярианд хариулт өгөхөд би "баруун жигүүр" эсвэл экосептикуудын утсан хүүхэлдэй биш. Бидний хамтын ажиллагаа зарчим, үнэт зүйлс дээр суурилдаг. Уур амьсгал нь үргэлж өөрчлөгдөж байдаг тул цаг уурын өөрчлөлтийг үгүйсгэх боломжгүй. Энэ үйл явц ирээдүйд ч үргэлжлэх болно. Гэхдээ хүмүүс СO2 ялгаруулалт нь дэлхийг сүйрүүлнэ гэвэл хэтрүүлэг. Байгаль өөрийгөө зохицуулдаг. Хаягдлыг дахин боловсруулж, хуванцраас татгалзсанаар дэлхийг аврахгүй. Та шинжлэх ухааны мэдлэггүй, судалгаа хийгээгүй бол ямар нэгэн хөдөлгөөнд нэгдэх хэрэггүй” гэсэн байна.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (2)
Иргэн (103.212.117.242)
Тодохоы бүлэглэлүүд энэ охидоор халхавч хийж тоглолт хийгээд байгаа юм байна. Энэ охин чинь хэт их үйлдвэрлэл байгаль орчны бохирдлыг байгаль өөрөө зохицуулна гэх утгатай юм ярьсан нь гарцаагүй бусдын санаа байна.
nasand hyrsen hyn (77.180.171.183)
yugaa ch suraagyi byren dund bolovsrolgyi baij baigal orchin gej hashigchij baigaa jaahan ohiniig bodvol ene ohin arai deer yum shig ee