Д.Бат-Эрдэнэ: Манай орон газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд тооцогддог
- 2020-03-25
- Байгаль орчин
- 0
Манай улс жил бүрийн гуравдугаар сард газар хөдлөлтийн гамшгийн эсрэг сургалт, арга хэмжээг зохион байгуулдаг. Тэгвэл энэ өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдөр ямар үйл ажиллагаа зохион байгуулж буйг ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын Сургалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Онцгой байдлын газраас гамшгийн үеийн сургалтыг жил бүр зохион байгуулдаг. Үүнд иргэдийн оролцоо хэр байдаг вэ?
-Газар хөдлөлт хаана, хэзээ болох нь мэдэгддэггүй. Үүнийг шинжлэх ухаан олж, тогтоож чадаагүй учраас аюултай гамшиг. Цөөн тооны иргэн, байгууллага биш, улс орон даяараа асар их хохирол амсдаг, маш том аюул юм. 2011 онд “Бүх нийтийн зарлан мэдээлэх дохиогоор ажиллах журам”, “Дайчилгаа нүүлгэн шилжүүлэх журам” зэрэг тогтоол гарч байсан. Уг тогтоолоор бүх нийтийн зарлан мэдээлэх дохиоллыг жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагийн 16:00 цагт зохион байгуулахаар заасан байдаг. Тус ажиллагаа эхэлснээс хойш 2014 он хүртэл иргэдийн идэвх оролцоо нэмэгдсэн. Гэвч 2015-2016 онд иргэдийн оролцоо суларч эхэлсэн. Ард иргэдийн энэ идэвхгүй хандлагыг манай байгууллагын зүгээс дүгнэхдээ “Иргэд ямар шаардлага, шалтгаанаар дохио дугарсан үед аюулгүй талбайд гарч байгаагаа ойлгохгүй байна” гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, иргэд зөвхөн байгууллагынхаа шахалт, шаардлагаар гарч, идэвхгүй оролцож байгаа нь судалгааны дүнгээс харагддаг. Иймээс газар хөдлөлтийн үйл ажиллагааг таниулах зорилгоор Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоол гарсан байдаг. Таниулах ажлын хүрээнд жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагт газар хөдлөлтийн аюулыг таниулах үйл ажиллагаа зохион байгуулдаг болсон. Улмаар маргааш нь дуут дохио өгч, биеэр туршиж үзүүлдэг. Тэгэхээр 2017 оноос хойш тус үйл ажиллагааг маш өргөн цар хүрээтэй зохион байгуулсаар ирсэн. Тодруулбал, сургалт, сурталчилгаа, нэгдсэн арга хэмжээ, өдөрлөг хэлбэрээр явуулж, ард иргэдийг газар хөдлөлтийн гамшгаас сэрэмжлүүлдэг. Энэ хүрээнд газар хөдлөлтийг хэрхэн мэдэх вэ, тухайн үед хэрхэн өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ аюулаас хамгаалах талаар мэдлэг мэдээллийг түгээдэг. Иймээс марааш (өнөөдөр)-ийг газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр болгон зарлаж, улс орон даяар зохион байгуулахаар төлөвлөж байна.
-УОК-оос олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон. Энэ жилийн таниулан, сурталчлах ажлыг хэрхэн явуулах вэ?
-Онцгой байдлын салбар нэгжүүдээ удирдамжаар хангасан. Коронавирусийн тархалттай холбоотойгоор олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглож байгаа. Иймээс хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр дамжуулан газар хөдлөлтийн гамшгийн аюулыг таниулах өргөн хүрээний ажлыг төлөвлөсөн. Мөн бид БСШУСЯ, Насан туршийн боловсролын төвтэй хамтран ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд теле хичээлийн хөтөлбөрийг газар хөдлөлтийн гамшигтай уялдуулж боловсруулах, хичээлийн завсраар таниулан сурталчлах шторк явуулж байна.
-Саяхан Говь-Алтай аймагт дөрвөн удаагийн давтамжтай газар хөдлөлт болсон. Энэ үеэр ОБЕГ болон Говь-Алтай аймгийн онцгой байдлын газар хэрхэн ажилласан бэ?
-Монгол оронд зонхилон тохиолддог байгалийн болон техниктэй холбоотой арав гаруй аюулт үзэгдэл байдаг. Эдгээрийн нэг нь л газар хөдлөлт. Тэгэхээр газар хөдлөлт гэлтгүй бүх төрлийн аюулыг бид урьдчилан тооцож ажилладаг. Мөн нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг алхам, алхмаар нь зааж өгсөн байдаг. Газар нэг хөдөлбөл ойр ойрхон давтаж хөдөлдөг. Говь-Алтайнх ч бас давтамжтай байсан. Иймээс газар хөдлөлт хүчтэй мэдрэгдэж эхлэхэд тус аймгийн Онцгой байдлын газар болон аймгийн удирдлагууд аж, ахуйн нэгж, албан байгууллага болон иргэддээ аюулгүй газар байрлах зааварчилгаа өгч ажилласан. Тодруулбал, энэ сарын 20-нд Говь-Алтай аймагт 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Тус аймгийн Тонхил сумаас зүүн урагш 30 километр газар голомт нь байсан. Тухайн газар хөдлөлт Говь-Алтай аймагт бүхэлд нь, Ховд, Завхан, Увс аймгийн зарим сумдад мэдрэгдсэн байгаа юм. Үүнээс ямар хүчтэй газар хөдлөлт байсан нь тодорхой харагдана. Цөөн тооны барилга байшингийн шавар шохой нурж унасан. Хүний амь эрсэдсэн буюу эд хөрөнгийн хохирол учирсан зүйл байхгүй. Учир нь тухайн голомт газар аймаг, сумын төв биш, харьцангуй барилгажилт багатай, зэлүүд нутаг байсан.
-Жил бүрийн нэг өдрийг зориулсан ч газар хөдлөлтийн хор хөнөөлийг хангалттай таниулж чадахгүй байх. Иргэд өөрсдөө хэрхэн сэргийлж, хаанаас мэдээлэл авах ёстой юм бэ?
– Иргэд тохь тухтай орон сууцанд амьдрахыг хүсэх болсон. Иймээс жил ирэх бүр аймаг, сумын төв их хэмжээгээр барилгажиж байгаа. Гэтэл манай орон газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд тооцогддог. Өнгөрсөн зуунд буюу 1905, 1930,1950-иад онд Монголд маш хүчтэй газар хөдлөлт болж тодорхой тооны хүн амиа алдаж, тухайн үеийнхээр 10 сая гаруй төгрөгийн хохирол учирч байсан түүхэн баримтууд ч бий.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин 2020.03.25
Сэтгэгдэл (0)