Л.Алтанцэцэг: Улсдаа тэргүүлж, дэлхийд аравт бичигдэж байгаа
- 2020-03-26
- Эдийн засаг
- 0
Энэ удаагийн “Онцлох зочин” буландаа ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчин, ОУХМ, дэд ахлагч Лутсайханы Алтанцэцэгийг урьлаа. Тэрээр боксын спортоор хичээллээд 10 жил болж байгаа. Улсын аварга шалгаруулах тэмцээний 2017, 2018, 2019 оны аваргын алтан медалийн эзэн. Олон улсын болоод дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, эх орныхоо далбааг мандуулсаар байна. Хамгийн сүүлд гэхэд энэ сард Турк улсын Станбул хотноо зохион байгуулагдсан олон улсын тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн юм. Ингээд түүний ертөнцөөр уншигч таныг аялуулж байна.
– Юуны өмнө олон улсын тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медалийн эзэн болсонд баяр хүргэе. Тэмцээний сонин сайхнаас яриагаа эхэлье?
Баярлалаа. Тэмцээнд 24 орны 200 гаруй тамирчин оролцож, жин тус бүрт аваргуудаа шалгаруулсан. Манай жинд буюу 51 кг-д Турк, Энэтхэг, Австрали, Монгол гэсэн 4 орны 10 гаруй тамирчин оролцсноос алт, мөнгөн медалийг Туркийн тамирчид хүртсэн. Тус тэмцээнээс Онцгой байдлын байгууллагын боксын шигшээ багийн тамирчид нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтай эх орондоо ирлээ.
–Боксын спорт гэдэг тийм ч амархан спорт биш шиг санагддаг. Тэр дундаа эмэгтэй хүнд. Яагаад энэ спортоор хичээлэх болов?
Би Дорнод аймгийнх. Миний анхны спорт шатар л даа. Боксын дугуйлан нь хажуу талын ангид хичээллэдэг байсан. Нэг л өдөр тус ангийн хажуугаар явж байгаад яагаад ч юм энэ спортоор хичээллэмээр санагдсан. Гэрийнхэндээ ч хэлэлгүй шууд багштай нь уулзаад л хичээллэж эхэлсэн. Одоо бодоход зөн совин ч байсан байж магад. /инээв/ Гурав хоногийн дараа багш маань чамд эвсэл, ирээдүй байна. Тэмцээнд явна аа Улаанбаатар хот руу гэсэн. Анхны тэмцээн маань Б.Эрдэнэбаяр /одоо миний багш, “Аврагч биеийн тамир-спорт хорооны дасгалжуулагч, ОУХМ/ багшийн нэрэмжит тэмцээн байсан. Анхны тэмцээнээсээ мөнгөн медаль хүртээд урам зориг авч байлаа. Түүнээс хойш энэ спортод сэтгэл, оюун, бие бялдраа хоёргүй сэтгэлээр зориулах болсон доо.
–Гэрийнхэн нь хэр хүлээж авсан бэ?
Би айлын ганц охин. Хоёр ахтай. Боксын тэмцээнд явах гэж байгаа гэдгээ л хэлсэн. Тухайн үед эмэгтэй хүүхэд байж шатрын спортоороо л амжилт гаргахыг бодохгүй гээд л их дургүй хүлээж авсан. Гэхдээ тэмцээнд явахыг маань хориглоогүй. Би ч итгэлийг нь алдаагүй медальтай очсон болохоор тэгсэн үү, хүсэл, мөрөөдлийг минь ойлгосон уу их л дэмждэг болсон доо. Манай удамд эмэгтэй хүүхэд тогтдоггүй болохоор ээж маань их эмзэг хүлээж авсан юм шиг санагддаг.
-Түүнээс хойш улсын, олон улсын, дэлхийн гээд олон ч тэмцээн уралдаанд амжилттай оролцож байгаа. Та анх 48 кг-ийн жинд тоглодог байсан байх аа?
Тийм. Энэ жинд зургаан жил тоглосон. 2015,2016 оны улсын аварга шалгаруулах тэмцээний аваргын алтан медалийг хүртэж байсан амжилттай. Мөн 2016 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, шагналт тавдугаар байрт шалгаран, ОУХМ цол хүртсэн. Харин 2017 оноос 51 кг-ийн жинд тоглож байна. Энэ жиндээ бас гурван жил дараалан улсын аваргын тэмцээнд түрүүлсэн. 2018 онд Авсрали Улсад зохион байгуулагдсан олон улсын тэмцээнээс алтан медаль хүртэж, эх орныхоо төрийн далбааг мандуулсан. 51 кг-ийн жингийн анхны олон улсын тэмцээн л дээ. Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тохиолдолд улсын шигшээ багт багтдаг. Миний хувьд 2017 оноос хойш шигшээ багийн нэг гишүүн болсон байгаа. Шигшээ багт жин тус бүрээс хоёр тамирчин байдаг.
-Боксын спортод хүч чадлаас дутахгүй мэдрэмж, богино хугацаанд шийдвэр гаргах чадвар чухал. Өмнө нь шатраар хичээллэн, оюунаа хөгжүүлсний давуу тал бий юү?
-Маш их. Ер нь IQ сайтай тамирчид спортын ямар ч төрөлд өндөр амжилт гаргадаг. Өнөөгийн амжилтад шатраар хичээллэсний үр шим их бий.
-Тэмцээнд оролцоод ялалт байгуулах үеийн мөч хамгийн гайхалтай мэдрэмж биз?
Төсөөлшгүй. Баярлаад нулимс унагана. Юу гэж хэлэхээ мэдэхгүй үгээ залгина. Эх орон, ээж, аав, хамт олноо бодно. Би болохгүй байна, болж байна гэж тэр бүр дотоод сэтгэлээ уудлаад байдаг хүн биш л дээ. Өөрөөр хэлбэл бүрэг ч юм уу /инээв/. Тийм болохоор тухайн үеийнхээ сэтгэл хөдлөлийг ил гаргаж байгаагүй. Тэрнээс бол сэтгэл дотор түмэн зүйл “буцална” ш дээ.
-Энэ амжилтуудын цаана багшийн үүрэг их байгаа байх?
Тэгэлгүй яахав. Миний анхны багш Дорнод аймгийн “Талын бүргэд” клубын дасгалжуулагч Т.Эрдэнэбаяр. Энэ хүний удирдлагад боксын спортоор хичээллэж байсан. 2017 онд улсын шигшээ багт байхдаа Болдын Эрдэнэбаяр багштайгаа танилцаж байлаа. Түүнээс хойш энэ хүний удирдлагад олон олон тэмцээнд амжилттай оролцож байгаа. Багшийнхаа заавар, зөвлөгөөг сайн дагаж, тэмцээний үед маш сайн ойлгож байж л амжилтад хүрнэ гэж боддог. Багшийнхаа ачаар цэргийн хүн болох мөрөөдлөө ч биелүүлсэн. Хэзээ цэргийн хүн болж, мөрөөдлөө биелүүлнэ дээ гэж боддог л байлаа.
–Мөрөөдлөө биелүүлж, “Онцгой” тамирчин болсноор танд ямар давуу талууд бий болсон бэ?
“Аврагч” спорт хорооны хамт олноосоо итгэл, сэтгэлийн туслалцааг авч, түүнийхээ урам, дэмээр тэмцээн уралдаануудад амжилт гаргахын төлөө хичээж хөдөлмөрлөж байна. Нэг талаар маш их хариуцлага нэмэгдсэн. Төрийнхөө далбааг мандуулаад зогсож байхад албаараа бахархах сэтгэгдэл өөрийн эрхгүй төрдөг шүү. Нэрний минь өмнө дуудагдах олон нэршлээс хамгийн сайхан нь аавын минь нэртэй адил “Онцгой” гэдэг нэр байдаг.
-Хэдийгээр өөрөө дурлаж их спортын хүн болсон ч шантрах үе гарна биз?
Шантрах үе байлгүй яахав. Үе тэнгийнхэн ганган, дэгжин байгааг хараад яагаад заавал ингэж өөрийгөө зовох гэж боддог л байсан. Гэхдээ Онцгой албанд орсноос хойш энэ бодол маань алга болсон. Учир нь миний хамгийн сайхан гоёл дүрэмт хувцас маань. Хувцсаа өмсөөд алхаж байхад жавхаалаг, эмэгтэйлэг гэдгээ илүү мэдэрнэ. Итгэл, найдварыг бүтээж чаддаг. Тийм болохоор зорилгынхоо төлөө хөдөлмөрлөж, түүний үр шимээр тив, дэлхийд эх орныхоо нэрийг өндөрт өргөхийн төлөө л зүтгэж байна даа. Миний хувьд өдөрт ихэнх цагийг бэлтгэлдээ зарцуулдаг. Мөн хээрийн бэлтгэлд гарна. Заримдаа олон цагаар ч бэлтгэл хийх тохиодол бий. Хамгийн гол нь техник. Техник болоод сэтгэлзүйн хувьд бэлтгэл сайтай бол амжилт, ялалт ойрхон. Ялагдсан ч алдаагаа ойлгоод дараагийнхаа тэмцээн дээр давтаж гаргахгүйн тулд бэлтгэлээ сайн хийдэг дээ. Хялбархан тамирчин гэж байхгүй. Бүгд л ялалт байгуулах зорилготой шүү дээ.
-Тэгвэл таны хувьд чансаагаараа улс, дэлхийд хэдэд эрэмбэлэгдэж байгаа вэ?
– 51 кг-ийн жиндээ улсдаа тэргүүлж, дэлхийд аравт бичигдэж байгаа.
– “Токио 2020” олимпд оролцох зорилго хамгийн чухал биз?
Тэгэлгүй яахав. Олимпийн эрх олгох тэмцээнд оролцохоор бэлтгэлдээ гараад байна. Эрх олгох тэмцээн хоёрдугаар сард БНХАУ-д зохион байгуулагдах байсан ч шинэ коронавирусийн улмаас хойшилж, гуравдугаар сард Йордан улсад болохоор болсон. Боксын спортоор хичээллэж, олон олон тэмцээнд амжилттай оролцсон амжилтуудаа бататгаж, төрийн далбаагаа олимпийн тэнгэрт мандуулахыг хүсч байна. Хичээл, зүтгэл, тууштай бэлтгэл, сургуулилт, зөв бодол бүхэн минь биеллээ олно гэдэгт итгэлтэй байгаа.
-Тэгэлгүй яахав. Хүсэл, мөрөөдлөө биелүүлсэн их амжилтаар эргэн ярилцахын ерөөл талбия?
Үргэлж дэмжиж тусалдаг ОБЕГ-ын удирдлагууд, “Аврагч” биеийн тамир-спорт хорооны дарга, хурандаа Г.Эрхэмбаяр, ОУХМ Б.Эрдэнэбаяр багшдаа болон хамт олондоо баярлаж, талархаж явдгаа илэрхийлмээр байна. Мөрөөдлийг минь бодит болгох гүүрийг минь бий болгодогт баярлалаа. Аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин
Сэтгэгдэл (0)