БНХАУ-ын Засгийн газраас 320 сая төгрөгийн үнэ бүхий тусламж үзүүллээ
- 2020-03-29
- Үнэн
- 0
БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, ард иргэдийг хамгаалах зорилгоор шаардлагатай эд зүйлс, материал болох халдварын 5000 ширхэг оношлуур, 5000 ширхэг эмнэлгийн болон мэс заслын зориулалттай амны хаалт, 1000 ширхэг хамгаалалтын хувцас буюу нийт 320 сая төгрөгийн үнэ бүхий зүйлсийн тусламж үзүүллээ. Тусламжийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон холбогдох албаныханд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Тэрээр “БНХАУ-тай хуурай газраар хамгийн урт хиллэдэг хөрш оронд маань коронавируст халдварын тархалт ихээр газар авч байсанд Монгол хүн бүрийн сэтгэл түгшиж байсан. Гэсэн хэдий ч БНХАУ-ын Засгийн газрын манлайлал дор Хятадын ард түмэн уг халдварын тархалтыг хяналтандаа авч, олон мянган хүн эдгэрч, ард иргэдийн амьдрал хэвийн горимд шилжиж байгаа энэ цаг үед энэхүү тусламжийг хүлээн авч байгаа нь Монголын төр, засаг, ард иргэдэд уг халдварт цар тахлыг зогсоож чадна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлж байгааг зориуд цохон тэмдэглэхийг хүсэж байна” хэмээлээ.
Ноён Элчин сайд Цай Вэньруй “Биднийг өвчинтэй тэмцэх хүнд цаг үед Монгол Улсын төр засаг, ард түмэн бидэнтэй эв санаа нэгдэж асар их туслалцаа үзүүлсэн. Бидний өнөөдрийн амжилт та бүхний дэмжлэг туслалцаатай салшгүй холбоотой байгааг мэднэ. Хятадын төр засаг, ард түмэн Монголын төр засаг, ард түмэнд чин сэтгэлээсээ талархаж байгаа. Монголын ард түмний энэ их ач тусыг бид мартаагүй, мартах ч учиргүй. Бид нэг гараар дотоодынхоо өвчинтэй тэмцэж байна. Нөгөө гараараа өвчинтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагаагаа өрнүүлж байна. Та бүхнийг өвчинтэй тэмцэхэд цаашид ч туслах болно” гэлээ.
Цаашид хоёр улс гамшигтай тэмцэх сорилтыг даван туулахын төлөө бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллаж байгаа энэ үед хоёр орны эдийн засаг, худалдааны эргэлтийг сэргээн эрчимжүүлэх, Засгийн газар хоорондын хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн үйл ажиллагааг таслалдуулалгүй үргэлжлүүлэх, Монгол Улсаас БНХАУ-д экспортлох эрдэс баялагийн бүтээгдэхүүний төрөл хэмжээг нэмэгдүүлэх зэрэг олон чухал ажлыг чухалчлан эдийн засгаа сэргээхийн төлөө түншлэлийн харилцаагаа улам гүнзгийрүүлэн өргөжүүлэхийн төлөө ажиллах цаг болсон гэдгийг тусламж хүлээлцэх ёслолын арга хэмжээний үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин мөн онцлон тэмдэглэлээ.