Монгол-адал явдал сонирхогчдын мөрөөдөл
- 2020-03-31
- Үнэн
- 0
“Tatler” сэтгүүлийн сурвалжлагч Кисса Кастанеда, гэрэл зурагчин Ник Бондарев нар Монгол орноор аялсан тэмдэглэлээ нийтлүүлжээ. Тус сэтгүүлийн энэ сарын дугаарт хэвлэгдсэн нийтлэлд “Цоохор ирвэс, саарал чоно, зэрлэг адууг байгальд нь харж, шинжлэх ухааны экспедицийн гишүүн болсон мэт аялахыг хүсвэл Төв Азийг сонго. Орчин үеийн нөлөөнд автдаггүй нүүдэлчин соёл, өвөрмөц амьдралын хэв маягтай монгол угсаатны өлгий нутгаар гэрэл зурагчин Ник Бондаревын хамт аяллаа. Тэрбээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монгол Улсад хэд хэдэн иржээ.
Энэ улсын онцлогийг илтгэсэн гэрэл зураг авах нь түүний зорилго. Монгол хэлнээ “Алтаар бүрсэн уул” гэсэн утгатай Алтайн нурууны цаст оргилууд, говь цөлөөс Баруун Сибирийн тэгш тал хүртэл уудам нутагтай энэ улс байгалийн “их дэлгүүр” мэт.
Монголд өвлийн улирал урт үргэлжилдэг. Хоёрдугаар сарын дунд үед Алтайн нуруунд 40 хэм хүртэл хүйтэрнэ. Улаанбаатар бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэлүүдийн нэг. Зүүн өмнөд Азийн нийслэлүүдтэй харьцуулбал цөөн оршин суугчтай, жижиг хот. Намар, өвлийн улиралд Монгол орон нам гүм байх аж. Хүйтнээс айдаггүй, зоригтой аялагчдыг Монгол орон гайхалтай үзэсгэлэнт газрууд, цэлмэг хөх тэнгэрээр шагнадаг болов уу.
Би говь, цөлийг хуурай, амьгүй газар гэсэн бодлоо Монголд очоод гээсэн юм. Үнэндээ Монголын говь зэрлэг ан амьтадтай, алт, зэс, нүүрсний ордоор баялаг бөгөөд эртний хүний мөр, үлэг гүрвэлийн олдворын нөөцөөрөө дэлхийд алдартай, палеонтлогич археологичдын мөрөөдлийн нутаг байв. Аварга үлэг гүрвэлүүд өндөглөдгийг баталсан газар бол Монголын говь юм.
Өнөөдөр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн улмаас говь унаган төрхөө алдаж байна. Говийн байгалийн гайхамшгийн нэг бол 12 км өргөн, 100 км урттай Хонгорын элсэн манхан. Энэхүү ид шидийн гэмээр газарт зочломтгой малчид амьдарч жуулчдад тэмээгээ түрээслүүлж, амьжиргаандаа нэмэрлэдэг аж. Харин Монголын хойд хэсэг буюу тайгын цаатан айл говийн тэмээчин айлаас ондоо амьдралын хэв маягтай. Тэднийг зочломтгой, найрсаг зан л нэгтгэж байв. Би Хөвсгөлийн бөө, Дука овгийн цаатан айлд зочилсон. Монголын дорнод болон баруун хязгаарын байгаль төдийгүй аж байдал ч ялгаатай байлаа. Зүүн нутгийн нүүдэлчид та бидний мэдэх бүргэдээр ан хийдэггүй. Бүргэдийн анчид ихэвчлэн казах удмын нүүдэлчин овгуудад хамаардаг. Монголд аялсан жуулчид байгалийн үзэсгэлэнт газраар морин аялал хийх нь түгээмэл. Монгол Улс бол хүн амынхаа тооноос хэд дахин их адуутай. Морь бол монголчуудын соёлын салшгүй хэсэг. Монголын тунгалаг гол, нуурууд миний сонирхлыг өөрийн эрхгүй татсан юм” гэсэн байна.
Photo: Nick Bondarev for Tatler Hong Kong
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)