191 иргэнийг тусгаарлах байрнаас гаргаж, гэрийн ажиглалтад шилжүүллээ
- 2020-03-31
- Орон нутаг
- 0
Тусгаарлах байранд байх хугацаа нь дууссан иргэдийг гэртээ өөрийгөө тусгаарлахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байгаа. Энэ дагуу иргэдийг тусгаарлах байрнаас гэртээ гарахад нь баталгааны хуудас дээр гарын үсэг зуруулж, заавар зөвлөгөөг сайтар өгч ажиллаж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар авто замын Цагааннуурын боомтоор орж ирэн тусгаарлагдсан нийт 343 иргэний 191 нь тусгаарлах байрнаас гарч, гэрийн ажиглалтанд шилжээд байгааг мэргэжлийн байгууллагаас мэдээллээ.
Гэвч гэртээ гарсан иргэд гэрийн хориог зөрчих явдал гарч байна. Тухайлбал энэ сарын 26-ны өдөр гэрийн ажиглалтанд шилжсэн 59 иргэний тав нь гэрийн хорионд байлгүй дур мэдэн гадуур гарч хөл хорионы дэглэм зөрчсөн тул зөрчлийн тухай хуулиар зөрчлийн хэрэг үүсгэн шалгагдаж байна.
Иймд өөрийгөө эрсдэлд оруулахгүйгээр мэргэжлийн байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлж, холбогдох хууль журмыг чанд баримтлахыг онцгойлон анхааруулж байна.
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ
Сэтгэгдэл (0)