Батзаяагийн үеэл Баабар, Баабарын үеэл Батзаяа
- 2020-04-01
- Өөр өнцөг
- 1
Монгол Улсын Гавьяат жүжигчин Батзанын Батзаяа. Тэрбээр 16 насандаа 1974 онд “Хөдөөгийн баясгалан’’ киноны Болдын дүрд тоглож, олны танил хүүхэд боллоо. Хойтон жил нь “Мартагдашгүй намар" киноны гахай унадаг Отгоны дүрийг бүтээснээр бүхний мэдэх жүжигчний хэмжээнд очсон юм.
Баабар Батбаярын аав Бат-Эрдэнэ, Батзаяагийн аав Батзана хоёр төрсөн ах дүүс, Завхан аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн хүмүүс. Бат-Эрдэнийн Батбаярын “Бүү март, мартвал...” нийтлэл нь нууцаар тарж амжаагүй, өөрөөр хэлбэл, нийтэд танигдсан Баабар болоогүй байсан 1988 он хүртэл тэдний ураг төрлийнхөн хоёрын зэрэг “нэрийн хуудас”-тай байж. Нэг нь Монголын анхны сарлагийн биологи судлаач, доктор Т.Бат-Эрдэнэ буюу Баабарын аав. Нөгөө “нэрийн хуудас” нь жүжигчин Б.Батзаяа байжээ. Баабар Батбаяр 1989 оноос нийгмээ өөрчлөх хөдөлгөөнд идэвхтэй оролцож Монголын Социал-демократ намын анхны даргаар сонгогдсоноор тэдний ах дүү, төрөл төрөгсөд гурав дахь “нэрийн хуудас”-тай болжээ хэмээн үзэж болох юм.
1974-1978 онд Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангид суралцаж мэргэжпийн жүжигчин болсон Б.Батзаяа нь Хүүхэд залуучуудын театр, Улсын циркийн тайзнаа авьяасаа сорьж, үзэгчдийн алга ташилтаар мялаалгаж явсан нэгэн. Харин 1991 онд Монголын хошин урлагийн анхны хувийн театр байгуулж хошин шогийнхныг хамт олноор нь бүхэл цөм болгож чадсанаар энэ төрөлдөө “загалмайлсан эцэг” гэгддэг. Тэрбээр Инээдмийн баярын “Азтай бадарчин” наадмыг анд найз нарынхаа хамт анхлан санаачилж байлаа.
Хошин шогийн нэрт мастер Б.Батзаяа нь “загалмайлсан эцэг” алдрын сураг ч сонсоогүй, бага залуу байхдаа Монголын сартваах зохиолчдын жүжигт шүүмж бичээд “Нусаа гоожуулчихаад юу мэдэж шүүмж бичдэг байнаа” хэмээн хариу шүүмлэлийн хатуу үг сонсож явсан. Бас яруу найрагч болох гэж шүлэг тэрлэж байлаа.
Гавьяат жүжигчин Б.Батзаяагийн 1989 онд бичсэн нэг шүлгийг толилуулъя. Ташрамд учирлахад, “Баабарын үеэл Батзаяа, Батзаяагийн үеэл Баабар” гэдгийг аль хувилбараар ярих нь зохистойг бивээр сайн мэдэхгүй байна. Батзаяад тааламжгүй хандаж жаахан доош нь хийе гэвэл түүнийг “Баабарын үеэл”, харин Баабарт дургүй хүрвэл эсрэгээр нь “Батзаяагийн үеэл Батбаяр” гэж нэрлэж болох юм. Ямар ч болов Завханы Цагаанхайрхан сумын уугуул, төрсөн ах дүүсийн хүүхдүүд Батзаяа, Баабар нар хэн хэн нь том л яваа юм байна.
ЧИ МЭДЭХГҮЙ Л ЯВНА ДАА
Хатуу чихрийг
Хазаж битгий ид л дээ!
Харин чи үл сонсож
Хайран шүдээрээ тар няр хийлгэсээр л...
Шудээ хайрлаагүй чи үгийг минь сонссонгүй
Үг сонсдоггүй хүн эхийгээ яаж хайрлана даа.
Энэхэн хэр чи хазсаар хэмхэлсээр л...
Эгдүүцэл хайр хоёр зурхэнд хамт багтаж ядна.
Хажуунаас минь хазаж хэмхэлсээр зүрхэнд минь хүрчих вий гэхээс
Хаалгаар би гадагш гарлаа, ард чи хазсаар хэмхэлсээр л...
Үнэн худал хоёр харшилдаж байдаг энэ амьдрахуйд
Үйл тавилан гэдэг ээжийн чинь зассан өлгий биш шүү.
Чихэр хазаж идэхэд хүртэл эмзэглэдэг орчлонг
Чи мэдрэхгүй л явах юм даа, мэдэхгүй л явах юм даа!
1989-10-25 01.00 цаг.
Б.Ерэнтэй
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (1)
соном (127.0.0.1)
Бат-Эрдэнэ докторын эцэг, Батзанын эцэг нэг гэдэг Гэтэл эхээрээ овоглодог байжээ Эцэг нь хятад хүн байсан учир архивт намтар түүх нь үлдээгүй байдаг. Цензургүй ярианд Батзаяа орох үед Мөнхбаясгалан танай эцгийн тухай матщриалыг архивт хайгаад олсонгүй гэв. Батзана гуай малын их эмч мэргэжилтэй, а Батэрдэнэ гуай Зоотехникч байжээ Батэрдэнэ 17 хастайдаа МУИС-ийн банш нарын байранд морин тэргээр ус зөөж өгдөг хүүхэд байжээ. Их царайлаг хөөрхөн алаг нүдтэй пацаныг багш нар өхөөрдөөд ямарч бичиг мэдэхгүй байхад нь МУИС-н хими тоо үздэггүй Зоотехникчийн ангид оруулчихсан нь 5 жил маш сайн сураад төгсөөд Архангайд хуваарилагдсан байна. Сарлаг судлаад ScD-н зэрэг хамгаалжээ СнЗ-н шийдвэрээр Хөвсгөл аймгийн орлогч даргаар томилчихоод хятад гаралтай гэдгийг нь жилийн дараа мэдээд огцруулах гэтэл ажлаа үнэхээр сайн хийсэн байсан учир шалтаг олдохгүй СнЗ-н Зох. зааварлах хэлтэс баларчээ. Батзаяаг бодлогоор хавчиж дампууруулсан бололтой