Сүүлийн үед бага хэмжээгээр халуурах шинж тэмдэгтэй өвчтөнүүдэд вирус ихээр илрэх болжээ
- 2020-04-01
- Дэлхий
- 0
ШИНЭ КОРОНАВИРУС (COVID-19)-НИЙ ХАЛДВАРТАЙ ХОЛБООТОЙ ОЛОН УЛСЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ
“Их-20”-ийн чуулган 03 дугаар сарын 26-ны өдөр онлайнаар хуралдаж “Covid-19” вирусний тархалтын талаар мэдэгдэл гаргав. Үүнд:
- Талууд тухай бүрт мэдээллээ хуваалцах, эмчилгээний эд материалын хангалтыг баталгаажуулан, зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээг идэвхжүүлж, халдварын эсрэг хамтран тэмцэх;
- Хөгжиж буй орон, ялангуяа хөгжил буурай орнуудад халдварын эсрэг тэмцэхэд талууд дэмжлэг үзүүлэх;
- Талууд дэлхийн эдийн засаг санхүүгийн тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллах.
АНУ-д “Covid-19” вирусний тархалтын улмаас тус улсын Ерөнхийлөгч Д.Трамп түүхэнд байгаагүй өндөр дүнтэй тусламжийн багцыг соёрхон батлав. Нийт 2.2 их наяд ам.долларын энэхүү багцад иргэдэд бэлэн мөнгө, чек олгох хэлбэрээр санхүүгийн дэмжлэг үзүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зээл олгох зэрэг санхүүгийн цогц арга хэмжээнүүд багтаж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп улс орон даяар хэрэгжиж буй хорио цээрийн дэглэмийг 4 дүгээр сарын дунд үеэс сулруулна хэмээн мэдэгдээд буй ч эрдэмтэд үүнд ихэд эргэлзэж байна.
Вирусний тархалт идэвхтэй нэмэгдэж буй мужууд Холбооны Засгийн газраас тусламж хүсч байгаа ч Цагаан ордноос тоймтой арга хэмжээ авахгүй байгаа нь хүчтэй шүүмжлэлтэй тулгарах болов. Үүссэн нөхцөл байдлыг намжаах үүднээс Засгийн газраас олон тооны амьсгалын аппарат худалдан авч, нэн шаардлагатай мужуудад тараахаар шийдвэрлэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ойрын хугацаанд амьсгалын аппаратын дотоодын хэрэгцээг бүрэн хангаж Европын орнууд руу нийлүүлэх боломжтой гэв. Түүний хэлснээр “Форд” (Ford), “Женерал Электрик” (General electric) компаниуд 100 хоногийн хугацаанд 50 мянган амьсгалын аппарат үйлдвэрлэх аж.
АНУ-ын эрүүл мэндийн даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Сигна” (Cigna), “Хумана” (Humana) компаниуд өөрийн даатгуулагчиддаа хандаж ““Covid-19” вирусний эсрэг эмчилгээ хийлгэж байгаа бол хувь хүнээс гарах зардалдаа санаа зовохгүй байж болно” хэмээн мэдэгдээд байна.
Хүнс, эмийн бүтээгдэхүүний хяналтын газраас хумхаа өвчинд хэрэглэдэг Гидроксихлорокин, Хлорокин гэх хоёр нэр төрлийн эмийг “Covid-19”-н эсрэг ашиглах зөвшөөрөл олгосон нь шүүмжлэл дагуулж байна. Тодруулбал, судлаачид эдгээр эм шинэ төрлийн коронавирусний эсрэг үйлчилгээтэй эсэх нь батлагдаагүй үед хэрэглээнд нэвтрүүлснийг буруушаажээ. Тус улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв “Covid-19” вирусний халдвар авч эдгэрсэн хүний биед өвчлөл үүсгэгч вирусний эсрэг биет үүсч, дархлаа тогтож байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй байгааг мэдэгджээ. Эдгэрсэн иргэд дахин өвчилсөн тохиолдол бүртгэгдэж байгаа тул өвчний шинж тэмдэг арилж, эдгэрснээс хойш өөрийгөө хамгийн багадаа 14 хоног тусгаарлах шаардлагатайг мэргэжилтнүүд сануулж байна.
Австралийн Холбооны Улсын Ерөнхий сайд коронавирстэй тэмцэх ажилд зориулж 1,1 тэрбум австрали долларын багц гаргах болсон талаар 3 дугаар сарын 29-ний өдөр мэдэгдэв. Үүнээс 669 сая австрали долларыг цахим эрүүл мэндийн үйлчилгээнд зориулах бол үлдсэн хэсгийг иргэдийн эрүүл мэнд, хүчирхийллээс сэргийлэх зэрэгт зориулахаар төлөвлөөд байна.
БНФУ-д тогтоосон хөл хорио 4 дүгээр сарын 15 хүртэл, Итали Улсад тогтоосон хөл хорио 7 дугаар сарын 31 хүртэл сунгагдах магадлалтай бол ИБУИНВУ-д дахин 3-6 сарын хугацаагаар хөл хорио үргэлжилж болзошгүй гэж тус тусын эх сурвалжууд мэдэгдэж байна.
БНТУ-ын Засгийн газар халдвар авагсдын тоо ирэх 2-3 долоо хоногт идэвхжих хандлагатай байгаа тул иргэдийг гэрээс гарахгүй байхыг уриалж байна. Эрүүл мэндийн яамнаас нь нас барсан иргэдийн дийлэнх нь тамхи татдаг байсныг онцлов. Тус улсын Истанбул, Анкара, Измир зэрэг төвлөрөл их 30 том хотод 3 дугаар сарын 28-ны өдрөөс дараах арга хэмжээ хэрэгжиж эхлэв. Эдгээрт:
- Иргэд харьяа хотын захиргаанаас зөвшөөрөл авч хот хооронд зорчих;
- Төрийн байгууллага, хувийн аж ахуйн нэгжүүдийг аль болох цөөн тооны ажилтантайгаар, богиносгосон цагаар ажиллуулах;
- Нийтийн тээврийн хэрэгслүүдийн зорчигчийн тоог цөөлөх;
- Аялал, зугаалга, түүхэн дурсгалт гэх мэт олон нийтийн газруудыг амралтын өдрүүдэд хаах, ажлын өдрүүдэд хүмүүсийн бөөгнөрөл үүсгэхгүй байх;
- Хотуудын захирагчийн ажлын албаны дэргэд цар тахлын асуудал эрхэлсэн комисс байгуулж төр, засгийн шийдвэрийн хэрэгжилтийг хангах зэрэг болно.
ИБНСириУ-ын Засгийн газраас байгууллага, үйлчилгээний газар, дунд болон их, дээд сургууль, сүм хийд, төрийн байгууллага, нийтийн тээврийн зогсоолыг хаах арга хэмжээ авав. Зарим хотод худалдан авалт нэмэгдсэнээр барааны хомстолд орж байна. Тус улсад 9 жил үргэлжилсэн дайны улмаас эрүүл мэндийн систем хүндэрсэн, халдварыг илрүүлэх тоног төхөөрөмж, оношлуур хангалттай биш, эмзэг бүлгийн иргэд ихтэй зэргээс шалтгаалж коронавирусний халдвар тархах эрсдэл “маш өндөр” гэдгийг НҮБ-аас анхааруулав.
Шийтийн олон мянган мөргөлчид Дамаск дахь сүмд мөргөл үйлдэхээр ирсээр байгаа тул Дамаскийн эрх баригчид иргэний нислэгийг зогсоож, хил залгаа мужуудын хилийн гол гарцыг хаасан байна. Иракийн тал Сирийн сүмд мөргөл үйлдээд ирсэн иргэдийн шинжилгээний хариу “эерэг” гарч байна гэж 3 дугаар сарын 29-ний өдөр мэдэгдэв.
Израиль Улсад чангатгасан хорио цээрийн дэглэм хэрэгжиж эхэлжээ. Энэ хүрээнд иргэдийг гэрээсээ 100 метрээс холдохыг хориглох, нийтийн тээврийн үйлчилгээг хэсэгчлэн зогсоох, шашны зан үйлд оролцох хүний тоог 10 дотор хязгаарлах, хүнс, эмнэлэг, эрүүл ахуй, цахилгаан бараа, харилцаа холбооны бараа, бүтээгдэхүүн худалдаалахаас бусад төрлийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоохоор болов. Өвчний улмаас тус улсын эдийн засаг ихээхэн хохирол амсахаар байна. Одоогоор ажилгүйдлийн түвшин 4-19.6 хувь болсон бол ирэх сар гэхэд 1 сая хүн ажилгүй болж болзошгүй байна.
Тайландын Вант Улсад өвчний тархалтаас сэргийлэх зорилгоор авч буй арга хэмжээ хангалтгүй, өвчлөл нэмэгдсээр байгаа тул хорио цээрийн дэглэмийг чангатгаж, 3 дугаар сарын 26-ны өдрөөс улс даяар хөл хорио тогтоов.
БНЭУ-ын Засгийн газар орон даяар 21 хоногийн хөл хорио тогтоосон ч хэрэгжилт хангалтгүй байгаа бөгөөд урьдчилж мэдэгдээгүй энэхүү шийдвэрийн улмаас орон нутгаас том хотууд руу ирж ажилладаг иргэдийн буцах хөдөлгөөн эрс нэмэгдсэн байна. Тухайлбал, Шинэ Дели хотод 100 орчим сая хүн ойролцоох суурин, мужуудаас ирж ажилладаг бөгөөд ажил зогссоны улмаас иргэдийн буцах хөдөлгөөн огцом нэмэгдэж томоохон хүндрэл үүсгэж байна. Вирусний халдвар хүн амын дунд тархсан эсэх нь тодорхойгүй байгаа ч хөл хориог сунгах төлөвлөгөө байхгүй талаар Засгийн газраас мэдэгдэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 3 дугаар сарын 28-аас 4 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал иргэдийг гэртээ байхыг уриалж, үйлчилгээний газруудыг хаах шийдвэр гаргасан ч өнгөрсөн амралтын өдрүүдэд иргэд цэцэрлэгт хүрээлэн болон бусад газар амарч, зугаалах нь эрс нэмэгдэж, архины борлуулалт 30 хувиар өссөн байна. ОХУ-ын Ерөнхий сайд М.Мишустин улс орны хэмжээнд кино театр, ресторан, үзвэр болон худалдааны төв зэрэг олон нийтийн газруудыг хаах чиглэл өгсөн байна. Мөн 3 дугаар сарын 30-ны өдрийн 00:00 цагаас эхлэн ОХУ-ын хэмжээнд автозам, төмөр зам, усан хил, явганаар орох, гарах хилийн бүх шалган нэвтрүүлэх боомтын хөдөлгөөнийг бүрэн хаах шийдвэрийг гаргав. Энэхүү шийдвэр нь ДТГ-ын ажилтнууд, алсын тээврийн жолооч, усан онгоц болон галт тэрэгний албан хаагчдад хамаарахгүй аж.
Москва хотын захиргаа “Covid-19”-ийн хөнгөн хэлбэрийн халдвар авсан иргэдийг гэрээр эмчлэх бөгөөд шаардлагатай эмийг үнэгүй олгож түргэн тусламж эсвэл сайн дурын ажилтнуудаар гэрт нь хүргүүлэх, ажлын байраа алдсан иргэдэд сар бүр 19500 рублийн тэтгэмж олгохоор болжээ.
ОХУ-д бүртгэгдсэн тохиолдлын 70 гаруй хувь нь өвчлөл гарсан орнуудад зорчсон, харин үлдсэн хувь нь дээрх иргэдээс халдвар авсан хүмүүс байна. Иймд 3 дугаар сарын 31-ний өдрөөс өвчний тархалт өндөр улс орноос татан авч буй иргэдийн тоог хязгаарлахаар тогтов. Журам ёсоор “Шереметьево” нисэх буудлаар дамжуулж хоногт 500 хүртэл, бусад хотууд 200 хүртэл иргэнийг хүлээн авах аж.
ОХУ-д нөхцөл байдал 1 сарын дараа эрс муудах болно хэмээн эмч, мэргэжилтнүүд анхааруулж байна. Тус улсын анагаах ухааны доктор, профессор Анатолий Альштейн “ОХУ-д тахлын оргил үе сарын дараа, магадгүй түүнээс хойш болно. Учир нь ОХУ-д тархалт харьцангуй удаан явагдаж байна. Жишээ нь Итали Улсад сарын өмнө нөхцөл байдал харьцангуй тайван байсан боловч одоо маш хүнд байна” гэж мэдэгдэв. Мөн Эрүүл мэндийн сайд М.Мурашко коронавирусний халдвар дотоодоос тархах магадлалтай байгаа тул гэрээсээ гарахгүй байхыг анхааруулав. Тэрээр нарны гэрэл нь вирусний тархалтад саад хийдэг ч вирус +6 - +8 хэмд хамгийн идэвхтэй байгааг мэдэгдэв. Түүнчлэн халдвар авсан иргэдийн дийлэнх нь 15-40 хүртэлх насны залуус байгаа бол 40-65 насны иргэд удаалж байгаа аж. Тус вирусээр өвчлөгчдийн дунд 17 хүүхэд байгаа аж.
ОХУ-ын Эрүүл мэндийн яам “Covid-19”-ийн эсрэг үр дүнтэй эмүүдийн жагсаалтыг өөрийн веб сайтад оруулсан нь Лопинавир+ритонавер, хлорохин, гидроксихлорохин, интерфероны төрлийн эмүүд байна. Өвчтөнүүдэд клиник туршилтын шатанд умифеновир, ремдесивер, фавипиравир гэх эмийг зөвхөн эмчийн хатуу хяналтын дор хэрэглэх хэрэгтэйг онцолжээ. Мөн Холбооны Эрүүл мэнд биологийн агентлаг “Covid-19”-ийн эмчилгээнд гели болон хүчилтөрөгчийн өндөр хэмд халаасан хольц үр дүнтэй болохыг тогтоосон байна. Түүнчлэн шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн “Фармзащита” төв БНХАУ, БНФУ-ын туршлагыг судалсны үндсэн дээр хумхаа өвчний эсрэг үйлчилгээтэй “Мефлохин” эмийн суурин дээр “Covid-19”-ийн эсрэг эм гарган авсан хэмээн мэдэгдэв. Үүний зэрэгцээ вирусний эсрэг үйлчилгээтэй триазавирин, фавипиравир болон вирусээр өвчилсөн амьтны эмчилгээнд хэрэглэдэг фоспренил гэх эмийн суурин дээр бүтээсэн “Фортепрен” гэсэн эмийг “Covid-19”-ийн эмчилгээнд хэрэглэх боломжтой гэж Оросын ШУА-ийн Эмнэлэг-биологийн салбарын эрхлэгч В.Чехонин үзэж байна.
БНХАУ-ын Бээжин хотын Боловсролын газраас анхан болон дунд шатны сургуулийн хаврын улирлын цахим хичээл 4 дүгээр сарын 13-ны өдрөөс эхэлнэ хэмээн мэдэгдэв. ӨМӨЗО-ы дунд сургуулийн сурагчдын хичээл 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхэлсэнтэй холбогдуулан тус ӨЗО-ы бүх дунд сургууль халдваргүйжүүлэлт, ариутгал, агааржуулалтыг тогтмол хийж, ажиглалтын өрөөнүүд бэлтгэсэн аж.
Шанхай хотын томоохон үйлдвэр, аж ахуй нэгжүүд шат дараатайгаар хэвийн үйл ажиллагаандаа орсон бол жижиг хүнсний дэлгүүр, худалдааны төвүүд хэсэгчлэн ажиллаж эхлээд байна. Ухань хотын метроны 6 чиглэлийг 3 дугаар сарын 28-ны өдрөөс нээсэн бөгөөд зорчигчид QR кодоо уншуулан халуунаа шалгуулан үйлчлүүлж байна.
Хятадын Ардын банк “Covid-19”-ийн дэгдэлттэй холбоотойгоор эдийн засагт учирч буй хохирлын хэмжээг бага байлгах үүднээс макро эдийн засагт тавих хяналтаа сайжруулна хэмээн мэдэгдээд байна. Тус банкны хэвлэлийн төлөөлөгч халдварыг дотооддоо хяналтдаа авч, үйлдвэрлэлийг сэргээж байгаа боловч эдийн засагт ирж буй дарамт болон дэлхийн эдийн засагт үүсээд буй нөхцөл байдал нь тус улсад томоохон сорилт болохоор байна хэмээн мэдэгджээ.
Үндэсний эмийн хяналтын удирдлагын газраас "Covid-19" вирусний халдварыг оношлох 22 оношлуурт улсаас батламж өгч, зөвшөөрөл олгосон бөгөөд албан ёсоор бүртгэгдээгүй оношлуурын хариу худлаа гарах, ажиллахгүй байх зэрэг зөрчил илэрсэн тул хуурамч оношлуурын хууль бус борлуулалтыг хянах талаар орон нутгийн холбогдох байгууллагад чиглэл өгсөн талаар БНХАУ-ын Төв телевиз 3 дугаар сарын 28-ны өдөр мэдээллээ.
Хятадын халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн эмч Лю Жиньшин Хятадын төв телевизэд ярилцлага өгөх үеэрээ “шинж тэмдэггүй “Covid-19”-ийн халдвар нь дэлхийн цар тахалд ямар нөлөө үзүүлж байгаа нь тодорхойгүй бөгөөд бидэнд одоогоор энэ талын баримт мэдээлэл бага байна” гэжээ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян шинж тэмдэггүй “Covid-19”-ийн халдварыг хянахад онцгой анхаарах хэрэгтэй хэмээн онцлон мэдэгдээд байна.
Хятадын эрдэмтэн, судлаачдын судалгааны үр дүн
Уханийн Тунжи эмнэлэгт “Covid-19”-ийн улмаас хэвтэн эмчлүүлсэн 7 жирэмсэн эхэд хийсэн эмчилгээ, ажиглалтын дүнд эмч нар шинэ төрлийн коронавирусийг SARS-ийн вирустэй харьцуулахад жирэмсэн эх болон урагт учруулах хоруу чанар “харьцангуй бага” гэсэн байна. Эдгээр 7 эмэгтэй бүгд жирэмсний сүүлийн 3 дахь сардаа байсан бөгөөд халуурсан, ханиасан, гүйлгэсэн, амьсгалахад хүндрэл үүссэн гэсэн шинж тэмдэгтэй эмнэлэгт иржээ.
Тэдэнд хүчилтөрөгчийн, мөн вирусний эсрэг эмчилгээ хийж, антибиотик болон уламжлалт тан уулгаж, шаардлагатай бусад арга хэмжээг авсан байна. Түүнчлэн эрсдэлээс сэргийлэх зорилгоор бүгдэд нь хийсвэр буюу кесарево хагалгаа хийн амаржуулсан байна. Шинэ төрсөн нярай нарын 4-т нь халдварын шинж тэмдэг илрээгүй бол бага зэрэг шинж тэмдэг илэрсэн 3 нярайд ”Covid-19”-ийн шинжилгээ хийхэд 2-ынх нь хариу “сөрөг” гарсан байна. Вирус илэрсэн нярайд амьсгал дутагдлын хөнгөн шинж илэрсэн боловч халуурч, ханиалгаагүй байна. Мөн ургийн эхэс, ус, хүйн судсанд шинэ төрлийн коронавирус илрээгүй байна. Гэвч эмч нар яаран дүгнэлт хийхээс татгалзаж байгаа бөгөөд цаашид сайтар судлах шаардлагатай хэмээн үзжээ. Нярай хүүхдүүдээс төрсөн даруйд нь шинжилгээ аваагүй тул шинжилгээний хариу “эерэг” гарсан нярай халдварыг чухам ямар замаар авсан болохыг тогтооход хүндрэлтэй байгаа аж.
Хятадын Рүжин эмнэлэг болон Шанхайн Жяо Тун эмзүйн Их сургуулийн эрдэмтэд “Covid-19”-өөр өвдсөн эрэгтэй хүний үрийн шингэн дотор вирус байгааг илрүүлсэн тул энэ нь бэлгийн замаар халдварладаг байж болзошгүй гэх дүгнэлтийг хийсэн байна.
Эмнэлзүйн хувьд 37.3 хэм нь бага халуурах ангилалд багтдаг ч коронавирусний халдвартай өвчтөнд 37 хэм орчим халуурах шинж тэмдэг илэрдэг байна.
Халдварт өвчин судлалын холбооноос мэдэгдсэнээр сүүлийн үед бага хэмжээгээр халуурах шинж тэмдэгтэй өвчтөнүүдэд вирус ихээр илрэх болжээ.
Иймд иргэд аливаа шинж тэмдгийг жижиг гэж үзэлгүй шаардлагатай шинжилгээг цаг алдалгүй хийлгэх хэрэгтэй байна. Мөн нуклейн хүчлийн шинжилгээг 2 удаа хийлгэн оношоо баталгаажуулах хэрэгтэй аж.
ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР