Л.Оюун: Зээл төлөлтийн хугацааг хойшлуулсан нь нүглийн нүдийг гурилаар хуурна гээч л болж байна
- 2020-04-02
- Эдийн засаг
- 2
Эдийн засгийн ухааны доктор Л.Оюунтай ярилцлаа.
-Коронагийн үед засгаас авч буй бодлого шийдвэр таны хувьд хангалттай шийдэл мөн үү?
-Сэтгэл байвал болдог гэдгийг харж байна. Улстөрчдөд итгэхгүй байсан л даа. Гэтэл тэр үзэл маань бага ч гэсэн өөрчлөгдөж байна. Улстөрчдийн ашиг хонжоо харж аливаа асуудалд ханддаг хандлага биднийг бүр итгэлгүй болгосон байж. Сэтгэл байвал зууханд галтай гэдэг үг хэрэгжиж эхэлсэнд олзуурхаж сууна.
-Зээлийн төлөлтийн хугацааг гурван сараар хойшлуулсан нь аж ахуйн нэгжид бодитой дэмжлэг болж чадах уу?
-Нүглийн нүдийг гурилаар хуурна гэгч л болж байна. Анхаараагүй биш анхаарсан гэж ам таглах байх. Зээлийн хүү болон зээлийн төлөлтийг гурван сараар хойшлуулж, зээлийн ангилалд өөрчлөлт орохгүй гэдэг бол бодит тусламж биш. Хүнд үеийг даван туулахад нь дэмжлэг болохыг л бодит тусламж гэнэ. Туслах гэж байгаа бол тусалсан шиг туслах хэрэгтэй л дээ. Бизнесийг дэмжсэнээр олон сайн талтай. Хувийн хэвшилд тусалбал ажлын байр хадгалагдаж үлдэнэ. Иргэд ажилтайгаа үлдвэл өрхийн эдийн засаг хямрахгүй. Эдийн засгийн өсөлтөд жин дарах нөлөө үзүүлдэг өрхийн эдийн засаг хямрахгүй бол коронавирусээс үүдэлтэй хямралыг улсаараа даваад гарах боломжтой. Хувийн хэвшилд бодит дэмжлэг үзүүлэх ёстой гээд байгаагийн цаад учир энэ л дээ.
-Бодит гэхээр яг ямар тусламж байвал зүгээр вэ?
-Нэг жишээ хэлье. 2009 оны хямралын үед АНУ-д олон үйлдвэрүүд хаагдаж, олон хүн ажилгүй, орлогогүй болж байсан. Орлогогүй болохоор бүх бараа,үйлчилгээний борлуулалт буурч компаниуд нь цалин олгох боломжгүй болж байсан. Тухайн үед АНУ-ын Засгийн газраас автомашины үйлдвэрлэлд 400 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлсэн санагдаж байна. Ингэж дэмжсэний хүчинд ажилчдаа халахгүй байх нөхцөлийг компаниуддаа бүрдүүлж өгсөн. Ажилчид машинаа үйлдвэрлэсээр, цалингаа авсаар байсан нь АНУ-ын эдийн засагт эерэгээр нөлөөлсөн. Тэд орлоготой үлдсэн болохоороо хэрэгцээт зүйлсээ худалдан авч, дараагийн үйлдвэрүүдийн орлогыг бий болгож байсан. Ингэснээр Америкийн эдийн засаг хямралаас гарч байсан юм. Энэ бол бодит тусламж, цагаа олсон дэмжлэг. Иймэрхүү тусламжийг коронавируст нэрвэгдээд байгаа улс орнууд компаниуддаа үзүүлээд эхэлчихлээ. Италид ипотекийн зээлд хөнгөлөлт үзүүлж, Герман улс жижиг бизнесүүдэд хязгааргүй хэмжээгээр зээл олгож, АНУ-д бэлэн мөнгө тарааж, гол бизнесүүддээ татаас олгож байна. Мөн Францад бизнесүүдээ ашиглалтын зардлаас чөлөөлж, БНСУ бизнесүүддээ 39 тэрбум ам.долларын хүүгүй зээл олгож байна. Энэ бол бодит дэмжлэг.
-Зээлтэй холбоотой Засгийн газраас авч байгаа арга хэмжээ эдийн засагт яаж нөлөөлөх бол?
-Засгийн газар нэг хэсэг бензиний үнийг бууруулах гэж шатахуун импортлогч компаниудыг гуйдаг байсан шиг өнөөдөр арилжааны банкуудыг гуйгаад сууж байна. Ингээд нэмэргүй.
-Банк санхүүгийн салбарын хувьд ямар эрсдэл харагдаж байна вэ?
-Зээл болон хүүгийн төлбөрийг гурван сараар хойшлуулж байгаа нь онцын эрсдэл үүсгэхгүй. Банкууд угаасаа төлбөрийн чадварыг хангах төлбөр түргэн гүйцэтгэх шалгуур үзүүлэлт хангаж ажилладаг.
-Иргэдийн хувьд ипотекийн зээлийн эргэн төлөлт том асуудал үүсгэж байгаа. Энэ тал дээр банкууд чадах хэрээрээ арга хэмжээ авч байх шиг байна. Засгийн зүгээс энэ тал дээр нэг удаагийн дэмжлэг ч юм уу тодорхой бодитой дэмжлэг үзүүлэх шаардлага бий юү?
-Аж ахуйн нэгжийн бараа, үйлчилгээ нь борлогдохгүй бол орлогогүй, ажилчид нь цалингүй болно. Тэгээд аль аль нь авсан зээлээ төлөх боломжгүй болдог. Засгийн газраас бизнесийг дэмжих бодитой арга хэмжээ авах хэрэгтэй. Ийм боломж ч байна. Манайд өнөөдөр Төрийн банк, Хөгжлийн банк гээд Засгийн газрын мэдлийн хоёр банк байна. Эдгээрээр дамжуулж бодлогоо хэрэгжүүлэх боломж чадамж засагт бий. Хувийн арилжааны банкуудыг гуйгаад, шахаад үр дүнд хүрэхгүй. Тэд өөрсдөө ямар бодлого барихаа мэднэ. Арилжааны банк харилцагчгүйгээр оршин тогтнож чадахгүй. Зээлдэгчид бол тэднийг тэжээгчид. Ирээдүйдээ харилцагчтай байя гэвэл бодитой арга хэмжээ авах л байх.
-Монголбанк бодлогын хүүг буулгасан. Бодлогын хүүгийн бууралт эдийн засагт яаж нөлөөлөх бол?
-Монголбанк бодлогын хүүг бууруулбал арилжааны банкууд төв банкны үнэт цаасны хүүг “голоод” Монголбанкны үнэт цаас авахгүй харин зээл олгож, зээлийн хүүгийн орлого олох бодлого барина гэж хүлээж байгаа юм. Бодлогын хүү буурлаа гээд арилжааны банк зээл олголтоо нэмэх эсэх нь тодорхойгүй. Тэр тусмаа бодлогын хүү 0.5-хан хувиар буулгасан. Тэгэхээр бодлогын хүүгийн энэ бууралтын эдийн засагт үзүүлэх нөлөө тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл харагдахгүй байна.
-Та бодлогын хүүг 0.5 хувиар буулгасныг чамлаж байна аа даа?
-Тийм. Банкууд үүнийг тоохгүй, эрсдэл бага гэдгээр нь төв банкны үнэт цаасыг илүүдэл нөөцөөрөө худалдан авна гэж бодож байна. Гадны орнууд бодлогын хүүгээ 3-5 хүртэл хувиар бууруулж байна. Ингэж буулгаж байж л банкуудыг зээл олгоход бодитой түлхэц болно.
-Тэгээд яах вэ. Арилжааны банкуудаас зээлийн хэмжээгээ тэлнэ гэж хүлээгээд нэмэргүй гэсэн үг үү?
-Арилжааны банкуудаас их зүйл хүлээгээд хэрэггүй. Тэд ч гэсэн хувийн бизнес эрхэлдэг. Ашгийн төлөө бизнес хийж байгаа. Гэхдээ зөвхөн өөрийгөө бодоод харилцагчдаа хүнд байдалд оруулбал эргээд өөрөө хүнд байдалд орно гэдгийг ямар ч банк мэдэж байгаа. Энэ бол цаг хугацааны л асуудал. Зээлдэгчдээ дэмжээд өгвөл эргээд өөрт нь л хэрэгтэй. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг үгийг мэдэх байлгүйдээ. Үүний ард маш гүнзгий философи агуулагдаж байгаа. Тэгээд ч компанийн нийгмийн хариуцлага банк санхүүгийн байгууллагад илүү өндөр хэмжээнд байх ёстой. Улс хөгжиж байж, аж ахуйн нэгж бизнесээ тэлж байж тэд хөгжинө. Арилжааны банк олон нийтээс, нийгмээс мөнгө татаж, тэр мөнгөөрөө зээл олгож амьдардаг онцлогтой.Тиймээс нийгмийн хариуцлага нь өндөр байх ёстой. Банкны хүрээн дэх өрсөлдөөн, өрсөлдөөний хүч хэр зэрэг байгаа нь харагдаж байна. Банкны зах дээр дөрвөн банк нийт зээл, нийт хадгаламжийн дийлэнх хувийг барьж байна. Энэ бол монопольт зах. Тэр дөрвөн банк банкны зах зээл дээр, эдийн засагт монопольт байр суурьтайгаа харуулж байна. Эцэст нь хэлэхэд бизнесүүд, банкуудын аль алиных нь хувьд одоо л хөдөлдөг цаг ирээд байна. Харилцагчид татах, хүчирхэгжих боломж банкуудад яг одоо гарч ирж байна.
-Төсөвт том хэмжээний тодотгол хийх ёстой гэсэн байр суурийг зарим эдийн засагч хэлж байгаа. Таны хувьд үүнтэй санал нийлэх үү?
-Би бас ийм байр суурь барьж байгаа. Нэг зүйлд эргэлзээд байна. Төсөвт тодотгол хийхгүйгээр манай Засгийн газар нөөцийн мөнгөтэй болов уу гэсэн асуулт тавигдаж таарна. Нөөц хөрөнгө хангалттай бол сайн хэрэг. Ирээдүйн өв сан, тогтворжуулалтын сан, эрсдэлийн сангуудад байгаа мөнгөнийхөө хэмжээг хэлэх хэрэгтэй. Төсөвт тодотгол хийхгүйгээр асуудлыг шийдэх боломжтой гэж Сангийн сайд хэлээд байгаа. Би хувьдаа энэ үгэнд итгэхгүй байна. Сонгуульд зориулаад ингэж “гүрийгээд” суугаа юм биш байгаа гэж хардаж байна.
-Засгийн газар тэгээд яаж ажилласан нь дээр вэ?
-Коронавирустэй тэмцэж байгаа шигээ сэтгэл гаргаж, яам агентлагуудаа дайчилж ажиллах хэрэгтэй. ЭМЯ, УОК, Цэрэг цагдаагийн байгууллага зэрэг холбогдох газрууд коронатай тэмцэхдээ эрдэмтдээ сонсоод ёстой л ёсоор нь, онолоор нь, дүрмээр нь ажиллаж байна. Тэднийг ч Засгийн газар нь маш сайн дэмжиж байна. Дотоод, гадаадын хандив, тусламж ч ирж байна. Үүн шиг эдийн засагт хэрэгтэй арга хэмжээг зорилготой, зоригтой, судлаачдынхаа үгийг сонсоод, дайчлаад, дэс дараалалтай аваад өгвөл эдийн засаг унахгүй байж болно.90-ээд онд лангуу яаж хоосорч байлаа. Одоо бол өөрсдийгөө ямар нэг хэмжээгээр хангахтайгаа болсон байна гэдэг нь харагдаж байна. Юу хийх хэрэгтэй нь одоо харагдаж байна. Энэ тахал бидэнд их зүйлийг хэлж өгч байна. Зөвхөн манай улсад ч биш, дэлхий нийтээрээ өөрчлөгдөх болно гэж харж байна.
-Та бодитой нэг, хоёр санал хэлээч?
-Юуны өмнө Монголбанк бодлогын зээл гаргаж болно. Бодлогын зээл ямар үр ашигтайг бид барилгын салбар дээр харсан. Барилгын компаниудад жилийн таван хувийн хүүтэй зээл өгч орон сууц бариулаад, худалдан авагчдад нь жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээл өгснөөс барилгын салбарын өсөлт мэдэгдэхүйц өндөр болсон. Бодлогын зээлийн хүү, хугацаа, хэмжээгээр дамжуулан аж ахуйн нэгжүүдийг банкуудаар дэмжүүлж болно. Бодлогын зээлээр бизнесүүдийг дэмжих зам байна. Татвар, татаасаар дамжуулж дэмжиж болно. Энэ бүгдийг хэрэгжүүлэхдээ сайн ажиллаж байсан, үнэхээр энэ давагдашгүй хүчин зүйлээс болоод хүнд байдалд орсон аж ахуйн нэгжүүдийг олж дэмжих хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүд босоод ирвэл ажилчид нь цалинтай болж, зээлүүдээ төлнө. Нөгөө талаас аж ахуйн нэгжүүд ч санаачилгатай, шинийг эрэлхийлж ажиллах хэрэгтэй. Яаж дэмжих бол гээд суугаад байж болохгүй. Санаачилсан шинэ зүйлсийг нь санхүүжүүлэх дэмжлэг байвал бүр сайн.
Сэтгэгдэл (2)
zpchin (202.126.89.13)
Toriin medliin bankh gej baihgui.Huviin hevshliin bankhuudad tor shaardaga tulgah erhguig ene hun sain medej bga sh dee
Зочин (150.129.140.45)
Монголоор дүүрэн эдийн засагч гэтэл улс нь ард иргэд нь өрөнд баригдаж өтөнд идэгдсэн нэг л их сургаал айлдсан нөхдүүд