Д.Бүрэнбаатар: "COVID-19"-тэй холбоотойгоор цахим орчинд залилуулахгүй байхыг анхааруулъя
- 2020-04-02
- Үнэн
- 0
Компьютер, ухаалаг утасны хэрэглээг дагаад цахим гэмт хэргийн тоо жил бүр нэмэгдэж, 2016 онд 97, 2017 онд 195, 2018 онд 659, 2019 оны тавдугаар сарын байдлаар 384 буюу нийт 1335 цахим гэмт хэрэг бүртгэгджээ. Харамсалтай нь хохирогчдын дийлэнх нь эмэгтэйчүүд болон насанд хүрээгүй хүүхдүүд байдаг бөгөөд энэ нь цахим гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэлбэрийн талаарх мэдлэг дутмаг, бага насны хүүхдэд тавих хараа хяналт сул зэргээс үүдэлтэй гэдгийг АТГ-аас онцолж байгаа юм. Тэгвэл энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдпын талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Д.БҮРЭНБААТАРТАЙ ярилцлаа.
-Сүүлийн үед ямар төрлийн цахим гэмт хэрэг их үйлдэгдэж байна вэ?
-“Covid-19" вирус нь дэлхийн олон улс орныг хамарч эдийн засаг, зам тээвэр, гадаад харилцаа зэрэг олон салбарт нөлөөлж байгаагийн зэрэгцээ цахим орчинд халдлага, эрсдэлийг үүсгэж олон нийтэд халдварын нөхцөл байдлын талаар явуулж байгаа санамж, зөвлөгөө, мэдээ, мэдээллийг түргэн шуурхай түгээх үед олон халдлага илэрч байгаа талаар мэргэжлийн байгууллагууд мэдээлж байна. Тухайлбал, АНУ-ын хэд хэдэн хот, бусад өндөр хөгжилтэй орнуудад кибер гэмт хэргийн бүлэглэлүүд “Phishing” халдлага үйлдэх болсон талаар сэрэмжлүүлэг гарч pdf, mp4 doc... гэх мэт 10 гаруй төрлийн мэдээллийн өргөтгөлтэй файлаар дамжуулж хэрэглэгчдийн хувийн мэдээллийг олзлох, хортой кодуудыг тараах зэрэг халдлага үйлдэж байгаа талаар судлаачид болон мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна. Энэ оны гуравдугаар сард “Covid-19” вирус, энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөө, мэдээ, мэдээллийг дамжуулж байгаа цахим сайт, олон нийтийн сүлжээг ашиглан вирусийн талаарх худал мэдээллийг тараах, халдлага үйлдэхээр төлөвлөсөн байж болзошгуй талаар олон улсад мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр ажилладаг “CheckPoint” компанийн судлаачид мэдээлсэн байдаг.
-Маск их хэмжээгээр нийлүүлнэ гэсэн мэдээллийн дагуу иргэд хохирох явдал түгээмэл байх шиг байна?
-Цагдаагийн байгууллагад шинэ төрлийн короновирус /Covid-19/-тэй холбоотойгоор бусдад залилуулсан, хуурамч мэдээлэл тараасан талаар 25 дуудлага мэдээлэл ирснийг мөрдөн шалгаж байна.Тухайлбал, БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг Монгол Улсын иргэн Д гэгч нь 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр "Маск их хэмжээгээр нийлүүлнэ” гэж иргэн Б-д санал болгон 8.400.000 төгрөг шилжүүлэн авч залилсан. “Онлайн шоп”-оор маск худалдана гэсэн зарын дагуу иргэн Г, М нар нь 117 сая төгрөгийн урьдчилгаа шилжүүлэн залилуулсныг цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж байна.
-Иргэд юуны учраас цахим гэмт хэргийн хохирогч болоод байна вэ. Ихэвчлэн ямар алдаа гаргаснаар залилуулаад байна вэ?
-Гадаад орнуудаас болон бусад газраас бараа, бүтээгдэхүүн худалдан авахын тулд тив, улс, аймаг алгасан зорчих ямар ч шаардлагагүй болж, гэрийнхээ хажуу дахь дэлгүүрээс худалдан авалт хийхээс амархан болсон нь цахим худалдааны онцлог. Тэгвэл олон улсын худалдааны сайтаас цахимаар худалдан авалт хийхдээ Смишинг болон Пишинг гэмт хэргийн хохирогч болсон хэрэг үйлдэгдсэн байдаг. Тодруулбал, тэд автомашин, цахилгаан бараа, гутал хувцас худалдан авахдаа үл таних, аль нэг худалдааны болон төлбөрийн вэб сайтыг дуурайлган хийсэн хуурамч вэб сайтыг ашиглаж, өөрсдийн дансны мэдээллийг гэмт этгээдүүдэд алдсанаар дансан дахь мөнгөө алдах тохиолдол гарч байна. Мөн иргэд фэйсбүүктээ өөрийн танихгүй хүнийг найзаар авах өөрсдийн хувийн мэдээллээ сайтар нууцлаагүйгээс гэмт этгээдүүдийн бай болдог. Гэмт хэрэгтнүүдийн цахим болон IР хаяг нь хуурамч, олдох боломжгүй, олон улс дамнасан байдгаараа бусад хэргээс ялгаатай байдаг.
Танд зээл өгнө, мөнгө явуулсан, та азтан боллоо хэмээн харилцаж буй хүн бол гэмт этгээд байдаг гэдгийг үргэлж санаж, мессежээр харилцахгүй байхыг анхааруулж байна. Мөн гэмт санаа бодолтой этгээдүүд "Та аав ээжийнхээ алийг нь их дуурайсан бэ” гэх мэтийн элдэв янзын сонжоо хэлбэрээр таны нууц код болон бусад мэдээллийг олзлох зорилготой байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Цахим гэмт хэргийн хохирогчид дунджаар хэдэн насны иргэд байдаг вэ. Ихэвчлэн насанд хүрээгүй хүүхэд залуус хохирогч болох эрсдэлтэй байдаг гэдэг. Иргэд хохирогч болохгүйн тулд юунд анхаарах хэрэгтэй вэ?
-Одоогоос хэдхэн жилийн өмнө цахимаар мэдээлэл авагчдын тоо 106 мянга байсан бол 2018 онд 2.7 саяд хүрсэн судалгаа бий. 12 ба түүнээс дээш настай хүн амын 54 хувь нь ямар нэгэн хэлбэрээр сошиал ашигладаг бол тэдний 40 хувь нь өдөрт дунджаар 2-3 цагийг зарцуулж байна. Мэдээлэл технологийн дэвшил ийнхүү цаг тутамд хурдацтайгаар урагшилж буй энэ цаг үед комльютер, утаснаасаа ганцхан товч дараад л хүссэн бараа, үйлчилгээгээ өөр дээрээ авчирч чаддаг болсон. Өдөр тутмын амьдралын хэмнэл ийнхүү цахимжсан нь цаг хугацаа, зардал хэмнэж байгаа ч иргэдийн энэхүү хэрэгцээ шаардлагыг далимдуулан амар хялбар аргаар мөнгө олох гэсэн гэмт санаа бодол бүхий хүмүүс үүнийг ашиглаж байгаа нь харамсалтай байна.
Иймд иргэд та бүхэн сэрэмжтэй байж, дараах мэдээллийг сайтар нягтлан шалгаж, өөрийгөө болон бусдыг эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй. Үүнд, Хуурамч цахим хуудас, интернэт худалдааны платформууд, олон нийтийн сүлжээ, электрон шуудангийн хаяг ашиглан амны хаалт /маск/-ны борлуулалт, хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг компани гэж итгүүлэн төлбөрийг урьдчилан авч залилах явдал гарч байна. ДЭМБ, олон улсын байгууллагаас коронавирусээс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж өгч буй мэтээр фишинг цахим холбоосуудыг олон нийтийн сүлжээнд байршуулж иргэдийн хэрэглэгчийн нэр, нууц үгийг авч таны компьютер, гар утас дээрх файлуудыг зөөх, шилжүүлэх, банкны шилжүүлэг хийж байна.
Короновирус /Covid-19/-ээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр ажиллаж байгаа төрийн байгууллага, алба хаагчдад туслах, хүнд өвчин туссан хүүхэд, өвчтэй болон гамшиг, осолд өртсөн хүмүүсийн зураг тавьж тэдэнд туслах зорилгоор хандив цуглуулж байна гэж итгүүлэн, хуурамч хаяг нээн компанит ажил өрнүүлж иргэдийг залилах зэргээс сэргийлээрэй.
-Өнгөрсөн жилд цахим гэмт хэргийн хохирогч болсон хэчнээн санал гомдлыг цагдаагийн байгууллага хулээн авч шийдвэрлэсэн бэ?
-2019 онд Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг ес үйлдэгдсэнийг шалгаж шийдвэрлэсэн байдаг. Сүүлийн үед шинэ төрлийн короновирус /Сovid-19/-тэй холбоотойгоор дэлхий нийтэд үүсээд буй нөхцөл байдлыг ашиглан олон нийтийн сүлжээнд “Маск болон гар ариутгагч худалдаа, хүргэлт” “Бөөний худалдаа, хүргэлт” гэх мэт хуурамч хаяг нээн хямд үнээр маск гар ариутгагч зарна, хүргэнэ гэж иргэдийн хувийн мэдээллийг авах, тус пэйж хуудсыг богино хугацаанд олон хандалт авахуулан цааш нь зарж борлуулах, зах, худалдааны төвүүд хааж байна, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэж байна” гэсэн худал мэдээлэл тарааж иргэдийн сэтгэл зүйг түгшээх зураг, мэдээллүүдийг оруулж амны маск, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол үүсгэн улмаар өндөр үнээр, их хэмжээгээр зарж борлуулах гэсэн үйлдэл удаа дараа гарч байна. Гадаад орнуудад ч мөн цахим хуудас, интернэт худалдааны платформууд, олон нийтийн сүлжээ, электрон шуудангийн хаяг ашиглаж амны маск үйлдвэрлэдэг нэр хүндтэй компаниудын нэр ашиглан улс дамнан залилах гэмт хэрэг үйлдэгдсэн байна.
-Цахим гэмт хэрэг үйлдэгч этгээдүүдэд хуулийн дагуу ямар хариуцлага ногдуулдаг вэ?
-Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн талаар Монгол Улсын эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэгт заасан байдаг бөгөөд 26.1 дүгээр зүйлд. Цахим мэдээлэлд хууль бусаар халдах, 26.2 дугаар зүйлд. Цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах программ, техник хэрэгсэл бэлтгэх, борлуулах, 26.3 дугаар зүйлд хор хөнөөлт программ хангамж бүтээх, ашиглах, тараах гэж тус тус зүйлчилсэн ба энэ төрлийн гэмт хэргийг үйлдвэл таван мянга дөрвөн зуун нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Дээрх гэмт хэргүүдээс гадна цахим орчинг ашиглан үйлдэгддэг гэмт хэрэг байдаг. Жишээлбэл, залилах, худал мэдээлэл тараах, мөрийтэй тоглоом зохион байгуулах зэрэг гэмт хэрэг байна. Энэ төрлийн гэмт хэрэг Монгол Улсад түгээмэл үйлдэгддэг.
- Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд хэр бэрхшээлтэй байдаг вэ?
-Аливаа гэмт хэрэг ул мөр заавал үлдээдэг. Цахимаар үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэхэд цаг хугацааны хувьд бэрхшээлтэй байдаг. Яагаад гэвэл цахим орчин дан ганц Монгол Улсын хууль, цагдаагийн байгууллагаас шалтгаалахгүй зарим тохиолдолд гадаад улс орнуудын байгууллага, иргэнтэй харьцах шаардлага гардаг тул цаг хугацаа их шаардагдана.
-Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс олон нийтэд хандаж ямар ажпууд зохион байгуулж ажиллаж байна вэ?
-Цагдаагийн байгууллага төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоотойгоор иргэддээ хандаж цахим гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр олон ажил, арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажиллаж ирсэн одоо ч тэр ажлыг тасралтгүй зохион байгуулж байгаа. Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс нь “Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс” гэсэн албан ёсны цахим хаягтай. Түүн дээр ямар нэгэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний талаар белон сэрэмжлүүлэх мэдээ, мэдээллийг цаг тутам оруулж иргэддээ түгээдэг. Иргэд та бүхэн тус хаягт хандаж мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.
-ЦЕГ-аас аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс олон аян зохион байгуулдаг. Энэ нь ч илүү үр дүнгээ өгч байгаа нь харагддаг. Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ямар нэгэн аян зохион байгуулж байсан уу. Хэрэв зохион байгуулж байсан бол үр дүнгээ хэр өгсөн бэ?
-Манай улс цахим хэрэглээгээр дэлхийд дээгүүр буюу Азид нэгдүгээрт ордог гэсэн судалгаа гарсан байдаг. Гурван сая гурван зуу орчим иргэнтэй мөртлөө хоёр сая долоон зуу орчим идэвхтэй цахим хэрэглэгчтэй байна. Өнгөрсөн хугацаанд Цагдаагийн байгууллага төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоотойгоор цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн хор уршгийг иргэдэд таниулах, иргэдийн эрхзүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр “Unfriend” хөдөлгөөн, Цахим орчин зөв бол гоё”, “Зөвийг түгээе” зэрэг арга хэмжээ зохион байгуулсан. Мөн оны эхэнд залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Ятгах тусам нягтал" арга хэмжээг зохион байгуулснаар тухайн гэмт хэрэг тодорхой түвшинд буурсан.
-Шинэ коронавирусийн халдвараас сэргийлж, хорио цээрийн дэглэмтэй байгаа энэ үед гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал ямар байна вэ?
-2020 оны эхний гурван сарын байдлаар Монгол Улсад 8003 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1902 гэмт хэргээр буюу -19.2 хувиар буурсан байна. Нийт гэмт хэргийн 80 орчим хувийг эзэлдэг хулгайлах гэмт хэрэг -18.7, халаасны хулгайн гэмт хэрэг -41.4, дээрэмдэх гэмт хэрэг -39.8, хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг -29.6, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг -15.6, залилах гэмт хэрэг -14.6 хувиар тус тус буурсан байна.
Иргэддээ хандаж хэлэхэд:
БҮҮ САНДАР- Эх сурвалж тодорхойгүй мэдээ мэдээлэлд итгэж болохгүй төрийн болон мэргэжлийн байгууллагын албан ёсны мэдээ, мэдээллийг авч байх хэрэгтэй.
БҮҮ ХУУРТ-Аливаа зүйл худалдан авах гэж байгаа бол баталгааг шаардах хэрэгтэй, мөн тухайн байгууллагын хаяг эх сурвалжийг тодруулж шалгаж байх хэрэгтэй
БҮҮ ӨГ-Аливаа худалдан авалт хийхдээ урьдчилгаа, эсвэл төлбөрийг эхэлж битгий хийж байгаач гэж уриалъя.
Г.Нямсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)