Хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталгаажуулна

УИХ-ын хаврын ээлжит чуулганыг холбогдох хуульд заасны дагуу энэ сарын 6-ныдаваа гаргийн 12.00 цагт эхлүүлнэ. Энэ удаагийн хаврын чуулган 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентын отгон чуулган гэдгээрээ онцлогтой. Учир нь, холбогдох  хуулийн дагуу ирэх зургаадугаар сард УИХ-ын ээлжит сонгууль болж, шинэ парламент байгуулагдах юм. Иймд төр, засгийн үйл ажиллагааг доголдуулахгүй, тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд сонгуулиас өмнө УИХ яаралтай хэлэлцэн батлах шаардлагатай хуулийн төсөл цөөнгүй бий. Гэхдээ энэ удаагийн чуулганыг өмнө нь байгаагүй онцгой нөхцөлд зохион байгуулах гэж байгаагаараа онцлог юм. Тодруулбал, дэлхийн 200 гаруй улс оронд коронавирусийн халдвар тархаж, цар тахлын хэмжээнд хүрсэн тул ДЭМБ-аас нэг дор олон хүнийг цуглуулахгүй байх, хүмүүс хоорондоо нэг метрээс бага зайд харилцахгүй байх зэрэг зөвлөмжийг өгч буйтай холбоотойгоор энэ удаагийн хаврын чуулганыг хойшлуулахгүйгээр цаг хугацаанд нь цахимаар хуралдуулах шийдэлд хүрээд байгаа билээ. Ингэснээр 2016-2020 онд үйл ажиллагаа явуулж буй парламент хаврын отгон чуулганаа цахимаар зохион байгуулахаар болж, УИХ-ын даргын захирамжаар хэлэлцэх асуудлын дарааллыг батлаад буй. Олон нийт хаврын чуулганаас томоохон үр дүн хүлээхээс гадна ялангуяа Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх буюу хэрэгжилтийг хангуулах болов уу гэсэн хүлээлттэй байгаа билээ.

 

ЯМАР ХУУЛИУДЫГ ЗАЙЛШГҮЙ БАТЛАХ ЁСТОЙ ВЭ?

Энэ УИХ дөрвөн жилийн хугацаанд тасралтгүй хуралдаж, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хүн амын амьдрал ахуйд өөрчлөлт шинэчлэлт авч ирсэн олон хуулийг хэлэлцэн баталсан билээ. Тухайлбал, хэд хэдэн удаагийн парламент дамжин ярьсан ч өнгөрсөн жилийг хүртэлх хугацаанд баталж чадаагүй, олон нийтэд хүлээлт үүсгэсэн томоохон хууль бол Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл байв. “Эцэг” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар 20 гаруй жил ярьж, сүүлийн гурван парламент дамжин идэвхтэй өрнөж, дөрвөн ч төслийг өргөн барьсан удаатай. Иймд Монголын ард түмний сонголтоор байгуулагдсан долоо дахь удаагийн парламент “эцэг” хуулийн төслийг гурван жилийн турш тасралтгүй бүх шатны байгууллага, ард олноор хэлэлцүүлэн өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-нд санал нэгтэйгээр баталсан билээ. Ингэж төр, засаг тогтвортой, түмэн олон амгалан, шүүх хараат бус, нутгийн удирдлагын тогтолцоо зөв замд орох боломжийг бүрдүүлсэн юм.

Өөрөөр хэлбэл, ‘‘эцэг” хуулийн нэмэлт, өөрчлөлт Монгол Улсын хууль эрх зүйн хувьсгалын эхлэл болсон гэж тодотгож буй. Энэ утгаараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх хугацаа буюу ирэх сарын 25-наас өмнө зайлшгүй батлах хэд хэдэн хууль УИХ-ын энэ удаагийн хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтын дээгүүрт эрэмбэлэгдэж байна.

 

Тухайлбал, Ерөнхийлөгчийн тухай, Шүүхийн тухай, УИХ-ын тухай, Засгийн газрын тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай, Төрийн аудитын тухай зэрэг хуульд өөрчлөлт оруулах юм.

 

“ЭЦЭГ” ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАНА

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт “Эдгээр хуулийг сонгуулиас өмнө УИХ хэлэлцэн баталж байж сонгуулийн үр дүнгээр байгуулагдах УИХ, Засгийн газар үйл ажиллагаа« явуулах эрх зүйн чадамжтай болох юм. Хэрэв энэ хуулиудыг баталж чадахгүй бол сонгуулийн дараа байгуулагдах УИХ, Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж эхэлнэ. 1992 онд Үндсэн хуулийг баталсантай холбоотойгоор төрийн байгуулалтаа шинэчилсэн. Үүнтэй адил нөхцөл байдал одоо үүсээд байна., Тиймээс дээрх хуулиудыг энэ хаврын чуулганаар нэн тэргүүнд хэлэлцэх ёстой” хэмээн тодотгохын зэрэгцээ олон нийтийн дунд эргэлзээ төрүүлсэн, Үндсэн хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулиар “давхар дээл”-ийн асуудлыг хэрхэн зохицуулсан тухайд “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуульд одоогийн хүчин төгөлдөр хуулиудыг шинэчилж, Үндсэн хуульд нийцүүлж өөрчилтөл хуучин хууль нь үйлчилж байна гэж заасан. Шинээр байгуулагдах Засгийн газар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд батлагдсан Засгийн газрын тухай хуулиараа үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ. Тэгэхээр ямар нэгэн эрх зүйн зөрчил гарахгүй гэж үзэж байгаа" хэмээсэн. Жил бүрийн УИХ-ын хаврын чуулган гурван сар гаруйн хугацаанд үргэлжилдэг бол УИХ-ын сонгууль болох жил парламент ерөнхийдөө цөөхөн хоног хуралддаг тал бий. Тиймээс энэ удаад ч мөн адил УИХ 40 орчим хоног хуралдаж, дээр дурдсанчлан нэн шаардлагатай хуулиудыг хэлэлцэн батлахаар болоод байна. Хэдий ээлжит чуулган бага хугацаанд хуралдах ч энэ нь аливаа хууль дүрмийг зөрчихгүй, дараагийн Засгийн газрыг бүрдүүлэх явц гэдгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт онцолсон,

 

НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ДЭВШИЛ АВЧ ИРЭХ ХУУЛИЙН ТӨСЛҮҮД

Хаврын чуулганаар дээр дурдсан хуулиудыг баталснаар нийгэм, эдийн засаг, ард иргэдийн амьдралд ихээхэн өөрчлөлт гарах юм. Тодруулбал, Засгийн газрын тухай хуулийг батлахдаа хэрэгжүүлж эхлэх хугацааг энэ оны долоодугаар сараасэхлэхээр зааж өгөхөөр төлөвлөжээ. Ингэснээр одоогийн Засгийн газар сонгууль өнгөртөл үйл ажиллагаа явуулах боломж бүрдэхээс гадна ямар нэгэн эрх зүйн зөрчил гарахгүй гэж үзэж байгаа аж. Тэгвэл Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталснаар төрийн санхүү, төвсийн хяналтыг хэрэгжүүлэх Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа бодитоор хэрэгжихийн зэрэгцээ шалгагдагч этгээд болон төрийн аудитын байгууллага хооронд үүсдэг хууль хэрэгжүүлэхтэй холбоотой маргаан буурах, төрийн албан тушаалтны төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үүргийн хэрэгжилтийг мэдээлэх боломж бүрдэх юм. Уг хуулийн төсөлд төрийн аудитын байгууллагын албан хаагч аудит хийх үедээ хараат бусаар ажиллах эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд чиглэсэн зохицуулалт, мөн шалгагдагч байгууллагын үүрэг, хүлээх хариуцлагыг нарийвчлан тусгажээ.

Дараагийнх нь “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл. Уг төслийг хэлэлцэн баталснаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт “амь” орж, бодитой, үр дүнтэй хэрэгжих аж. Монгол Улс хүний хөгжлийн  үзүүлэлтээр дэлхийн 177 орноос 92, эдийн засгийн өрсөлдөх чадварын индексээр дэлхийн, 140 орноос 99, бизнесийн орчны индексээр дэлхийн 190 орноос 74, авлигын индексээр 93 дугаар байрыг эзэлж байна. Монгол Улс хөгжлийн олон үзүүлэлтээр бүс нутгийн улс орнууд, дэлхийн дунджаас доогуур байдалтай байгаа тул Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гарган Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн хөгжлийн үе шатуудад дүгнэлт хийх, 2050 он хүртэлх урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан юм.

 

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод хүний хөгжлийн индексийг 0.9-д хүргэж, аз жаргалын индексээр дэлхийн эхний арван орны тоонд багтах, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхаргыг 2050 он гэхэд нийт хүн амын 80 хувьд хүргэх, ДНБ 6.1 дахин нэмэгдэж, нэг хүнд ногдох ДНБ 3.6 дахин өсөж, 15000 ам.долларт хүрч, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын босгыг давах, тогтвортой засаглал тогтож, хүний эрхийг бүрэн хангасан, шударга ёсны тогтолцоо төлөвшсөн, авлигагүй улс болох зэрэг есөн суурь зорилго, зорилттой дэвшүүлжээ.

 

Үүнийг арван жилээр буюу 2020-2030 он, 2031-2040 он, 2041-2050 он гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр зорилт тус бүрийн үйл ажиллагааны чиглэлийг төлөвлөжээ.

 

ХАВРЫН ЧУУЛГАНААР 17 АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ

УИХ-ын тухай хуулийн 15.1-т "УИХ-ын намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-ний өдрөөс дараа оны хоёрдугаар сарын 10-ны хооронд, хаврын ээлжит чуулган дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс мөн оны долоодугаар сарын 1-ний хооронд тус тус хуралдана. Хэрэв ээлжит чуулганыг нээх, хаах өдрүүд амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал ажлын дараагийн өдөр тус тус нээж, хаана" гэж заасан байдаг. Харин дөрөвдүгээр сарын 5 амралтын буюу ням гараг таарч байгаа учраас хууль ёсоор 6-нд хаврын ээлжит чуулганыг нээхээр болсон юм. 

 

УИХ-ын дарга Г.Занданшатарын гаргасан захирамжийн дагуу тогтоосон хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулъя,

 

1. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

2. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

3. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

4. "Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

6. “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Монгол Улсын Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан;

7. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт;

8. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

9. Монгол Улсын Засгийн  газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

10. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

11 .Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

12. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

13. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

14. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

15. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;

16. “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг товлож, санал авах өдрийг тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

17. бусад. 

Түүнчлэн захирамжид зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын гишүүдээс УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэж байхаар тогтоосон байна.

 

С.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)