Ч.Улаан: Ноолуураа зарсан малчны дансанд банкнаас шууд мөнгийг шилжүүлнэ
- 2020-04-04
- Эдийн засаг
- 1
Шинэ төрлийн коронавирус ( Covid 19)-ийн халдвар олон улсад тархаж цар тахлын хэмжээнд хүрсэн онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар ноолуурын үнийн уналтаас хамгаалах, үндэсний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, ажлын байрыг бууруулахгүй байх, экспортыг дэмжих зорилгоор “Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 101 дүгээр тогтоолыг батлан гаргасан. Тогтоолын зорилго, хэрэгжүүлэх арга замын талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл өглөө.
Тэрбээр, Тус тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн Банкнаас шууд болон арилжааны банкаар дамжуулан олгох үндсэн зээлийн хүү нь 12 хувь байсныг ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжид жилийн 3 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай 300 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн. ХХААХҮЯ нь нэг жилийн хугацаанд оногдох зээлийн хүүгийн зөрүү болох 9 хувь буюу 27 тэрбум төгрөгийг Банканд шилжүүлэх юм. Ноос, ноолуур бэлтгэх гүн боловсруулалт хийдэг 20 гаруй үйлдвэр, Ноос ноолуурын холбооноос ХХААХҮЯ-нд дунджаар 100 мянган төгрөгөөр ноолуур бэлдэнэ ингэхийн тулд хөнгөлөлттэй зээл шаардлагатай хэмээн хүсэлт ирүүлсэн. Тухайлбал, Говь, Кашмер холдинг, Богд кашмер, Сор кашмер, Монгол микра, Хатад интернэйшнл, Монгол нэхмэл, Сувд, Гоёл, Влю скай, Буян, Эрдэнэт ноолуур, Өгөөж шим ХХК, Баялаг-Өлзий ХХК, Жижиг сүлжих үйлдвэрүүд дээрх саналыг ирүүлсэн юм.
Энэхүү зээлд хамрагдах аж ахуйн нэгж нь тус яамтай “Бодлогын гэрээ” байгуулсны үндсэн дээр Хөгжлийн банк болон арилжааны банкнаас ноолуур бэлтгэлд зориулсан хөнгөлттэй зээлийг авна.
Бодлогын гэрээгээр ноолуур бэлтгэх хөнгөлөлттэй зээлд хамрагдах Аж ахуйн нэгж нь Малчдын орлогыг бууруулахгүй, стандартын шаардлага хангасан, сайн чанарын ноолуур бэлтгэх, “Бодлогын гэрээ”-нд тусгасан ноолуурын чанараас хамааран ноолуур худалдан авах доод үнээс доош худалдан авалт хийхгүй байх, Малчин, малчны хоршоо бусад бэлтгэн нийлүүлэгчдээс ноолуур худалдан авсан баримт, малчдын жагсаалтаа Сумын Хөдөө аж ахуйн тасгаар батгаалжуулж банкинд хүргүүлэх, Банк нь Сумын Хөдөө аж ахуйн тасгаас баталгаажуулсан малчдын жагсаалт болон холбогдох баримт бичгийг үндэслэн ноолуур худалдан авсан төлбөрийг зөвхөн малчны дансанд шилжүүлэх зэрэг үүргийг хүлээх юм гэв.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, “Ноос, ноолуурын холбоо гуравдугаар сарын 12-ны өдөр төлөвлөгөөгөө гаргаад Засгийн газар, Ерөнхий сайдад хандаж хүсэлт ирүүлсэн. Тэдний хүсэлтийн дагуу их хэмжээний буюу 300 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас олгох гэж байна. Мөн нэлээд хэмжээний хөнгөлөлтийг өгч, нэг жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэй байхаар тооцсон. Ингээд өөрсдийнх нь хийсэн тооцоо судалгаан дээр үндэслэсэн онцгой нөхцөлөөр их хэмжээний зээл өгөх асуудлыг нь шийдсэн. Одоо харин журмын хувьд анхаарах ажил байна. Ноолуур худалдан авахад санал зөрүүтэй байгаа нэг асуудал нь дээрх 20 гаруй үйлдвэрүүд банкнаас зээл авах гэхээр зээлийн шалгуур хангадаг үйлдвэр гуравхан байна. Бусад нь их хэмжээний зээл авч чадахгүй. Мөн ноолуур бэлтгэх бүх үйлдвэрүүд өнгөрсөн жил авсан зээлээ төлж дуусгаагүй буюу банкинд муу түүхтэй байна гэсэн үг. Тийм учраас энэ жил онцгой нөхцөлд, тусгай журмаар хандаж байна. Ялангуяа зээлийн зарцуулалт үндсэн үүргээсээ гажих вий гэдэг болгоомжлол бий учраас зохион байгуулалтыг маш нарийн хийхээр ажиллаж байна.
ХХААХҮ-ийн сайдын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/103 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг нэгдсэн бодлого чиглэлээр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн бодлого зохицуулалтын газар мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангаж, аймаг, нийслэлийн ХХААГ, сумдын ХАА-н тасгууд орон нутгийн түвшинд хэрэгжилтийг зохион байгуулна. “Бодлогын гэрээ”-гээр хөнгөлттэй зээлд хамрагдсан аж ахуйн нэгж нь орон нутгийн онцлогоос шалтгаалан ноолуур худалдан авах доод үнээс доош худалдан авалт хийхгүй байх, Малчин, малчны хоршоо бусад бэлтгэн нийлүүлэгчдээс ноолуур худалдан авсан баримт, малчдын жагсаалтаа Сумын Хөдөө аж ахуйн тасгаар батгаалжуулж банкинд хүргүүлэх, Банк нь Сумын Хөдөө аж ахуйн тасгаас баталгаажуулсан малчдын жагсаалт болон холбогдох баримт бичгийг үндэслэн ноолуур худалдан авсан төлбөрийг зөвхөн малчны дансанд шилжүүлэх зэрэг үүргийг хүлээнэ гэлээ.
Мөн ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан малчдад хандан хямд үнээр яаран худалдаалалгүйгээр ноолуурынхаа чанар, хадгалалтад анхаарлаа хандуулахыг хүслээ.
ХХААХҮЯ
Сэтгэгдэл (1)
э\з (202.9.40.68)
Дэлхий дахин хямраад байхад Монголд боловосруулсан тэр "тансаг" ноолууран эдлэлийг авах хэрэглэгч олдох уу? Сонгуулийн популизм болгож малчдад тал засаж буй дүр зураг л харагдаад байна...