Хүн төрөлхтнийг газрын хөрснөөс арчих шахсан тахлууд
- 2020-04-06
- Нийтлэл
- 0
Тахал, халдварт өвчин нь хүн төрөлхтний соёл иргэншлийн байнгын дагуул байсаар иржээ. Өмнө нь дэгдэж байсан тахал өвчнүүд халдварын эх үүсвэр, голомт, тархах хурд, орчин, үхэлд хүргэх эрчмээрээ өөр өөр байсан, хойшид ч зайлшгүй ийм л байна.
Аймшигт өвчин тахал нөмрөн ирэхэд хүмүүс дараахь үйлдлийг хийдэг аж. Юуны өмнө өвчний голомтноос дүрвэн зугтаадаг болохыг дундад зууны үед амьдарч байсан Италийн хүмүүнлигийн үйлстэн Марсилио Фичино гэгч “cito, longe, tarde” гэж томъёолсон байдаг. Энэ нь “мөд эргэж ирэхгүйгээр шалав зугтах” гэсэн үг юм. Өвчин голомтлон тархаж буй улс орнуудаас Монголчууд эх орондоо ирье, ав гэцгээгээд байгаа нь хатуухан хэлэхэд тэд эх орондоо гэнэт хайртай болсондоо биш Монголд өвчнийг хянаж байгаа учир голомтоос зугтах “cito, longe, tarde” хууль үйлчилж байгаа юм.
Өвчнийг хяналтаас алдсан тохиолдолд үймсэн олон буруутныг хайж, хатуу ширүүн шийтгэж, зэрлэг догшин аашилдаг. Европд гараад буй Хятад үндэстнүүдийг гудамжинд зодож нүдэж, гадуурхаж байгаа, Украйнд халдвар авсан хүмүүсийг дайрч заналхийлж буй, Францад эрх баригчдаа буруутгаж байгаа нь үүний илрэл юм.
Тахал газар авч, хаа сайгүй амь насаа алдаад ирэхээр хүмүүс ид шидэт эм, зан үйлд итгэж, асар ихээр цуу ярианд автаж, хий хөөрөлд автдаг.
Энэ нь нийгмийг хамарсан шинжтэй болдог учир өмнө нь Орос, Европт цэрэг оруулж дарж байсан түүх бий. Доор хүний түүхэнд тохиолдож байсан томоохон тахал, халдварт өвчний талаар товч өгүүлэв.
НТӨ 3000 он. Хамин манга. Өнөөгийн Хятадын газар нутгийн баруун хойд бүс нутгаас хүмүүс нь гэр оронтойгоо булшлагдсан олон тооны олдвор олддог бөгөөд эрдэмтэд үүнийг халдварт өвчний улмаас мөхсөн суурингууд гэдгийг тогтоожээ.
НТӨ 430-426 он. Афины тахал. Өнөөг хүртэл энэ тахал юунаас болж үүссэнийг тогтоож чадаагүй, тахал 5 жил үргэлжилж, 100 мянган хүний амийг авч одсон. Харин Афин, Спарта хотуудын дайсагнал тахлаас болж түр намжжээ.
НТӨ 180-165 он.Антонины тахал. Аян дайнаас ялалтын тугаа хийсгэн нутагтаа буцаж ирсэн Ромын эзэнт улсын легионууд салхин цэцэг тээж ирснээс болж цэрэг, ард нийлсэн 5 сая хүн үхжээ.
НТӨ 250−271 он. Кипрын тахал. Эрдэмтэд энэ яг ямар өвчин байсныг тогтоож чадаагүй. Оргил үедээ 1 сая хүний аминд хүрсэн.
НТӨ 541−750 он.Юстинианы тахал. Тахал өвчний талаар анх удаа тэмдэглэсэн анхны албан ёсны бөгөөд нилээд нарийвчилсан баримт бичиг. Византийн эзэн хаан Юстиниан I-ийн хаанчлалын үеэс эхэлж, 2 зууны турш 90 сая хүн аминд хүрчээ.
1346-1353 он. Хар үхэл. Европ, Дундад дорнодын бүс нутагт хэдэн жилийн турш тархаж, 200 сая буюу дэлхийн хүн амын 60 хувийг устгажээ.
Энэ тахлын дараа дээрх бүс нутгуудын байгаль орчин эргэн сэргэж, зэрлэг амьтдын тоо толгой нэмэгдэж, гол, нуурууд цэвэршин, тариалангийн талбай тал болж хувирсан. Нөгөө талаар Европ шашны 1000 жилийн хүлээснээсээ салах эхлэл болж, шинжлэх ухаан, улс төр хөгжих суурь тавигдсан. Дэлхийн хүн амын тоо тахал намжсанаас хойш 200 жилийн дараа л тахлын өмнөх тоондоо хүрсэн.
1545-154 он. Хортон шавьжны тахал. Мексик ба Төв Америкт 15 сая хүн цусархаг шингэнээр бөөлжиж, өндөр халуурч, амь насаа алдсан.
XVI зуун. Америкийн тахал. Энэ нийтлэг нэрийн дор Америкийг нээсэн европчуудын тээж аваачсан янз бүрийн халдварын улмаас Америкийн уугуул иргэдийн 90 хүртэлх хувь устаж, Инк, Ацтекийн соёл иргэншил сүйрэх эхлэл болсон. Нутгийн ард иргэд тахал өвчнөөр маш их ядарч, туйлдсан тул түрэмгийлэгчдийг эсэргүүцэж чадахгүй байв.
1665-1666 он. Лондонгийн их тахал. Британид дэгдсэн хар үхлийн сүүлийн тэсрэлтээр 100 мянган хүн түүний дотор Лондонгийн хүн амын 15 хувь амь насаа алдаж, тахал зогсох үед их түймэр дэгдэж Лондон хотын хугас нь шатсан.
1720−1722 он. Марселийн тахал. Тахал Марсель боомтоос эхэлж, Прованс мужийн хэд хэдэн хотыг хамарч, нийт 100 мянган хүн нас барж, Марсель хотын хүн амын 1/3 нь үрэгдсэн.
1770−1772 Оросын тахал.Төв Оросын бүс нутгаар тархаж, зөвхөн Москвад гэхэд 100 мянган хүн амь насаа алдсан. Энэ үед Хар тэнгисийн умард хэсэгт Орос-Османы эзэнт гүрний хооронд дайн болж байсан бөгөөд тахал нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэсэн тул цэргийн хүч хэрэглэн хорио, цээрийн дэглэм тогтооход хүрчээ.
XIX зуун. Холер.XIX зуунд хүн төрөлхтөн 3 удаа холерын дайралтад өртжээ. 1816−1826, 1829—1851 онд Европ, Ази 200 мянга, 1852−1860 онд Умард Америкт 1 сая хүн амь насаа алджээ.
1855−1960. Гурав дахь цар тахал.Энэ тахал хэдэн арван жил хүн амьдардаг тивүүдээр хэсүүчлэн дэгдсэн бөгөөд хүний түүхэн дэх хамгийн хөнөөлт өвчин болжээ. Зөвхөн Хятад, Энэтхэгт гэхэд 12 сая хүн үхсэн.
1877−1977.Энгийн салхин цэцэг. Салхин цэцэг өвчинтэй хүн төрөлхтөн эртний танил бөгөөд хүний түүхэнд энэ өвчин 500 сая хүний амь авч оджээ. Гагцхүү 1978 онд л вакцин гаргаж авч, энэ өвчнөөс ангижирсан байна.
1889−1890. Ханиадны дэгдэлт. 19 дүгээр зуунд ханиадаар 1 сая хүн амь насаа алдсан.
1918−1920 он. Испани ханиад. Ханиадаар хамгийн олон хүн үрэгдсэн тохиолдол, хэдэн жилийн дотор 100 сая хүн үхсэн нь хүн төрөлхтний 5 хувь байсан.
1957−1958. Азийн ханиад. Хятадад анх дэгдэж, яах ийхийн зуургүй Азийн орнууд болон Америкийн 1.1 сая хүний аминд хүрсэн.
1968−1969 он.Хонконгийн ханиад. Ханиадны вирус хувирч өөрчлөгдөн 1 сая хүн 10 жилийн дотор нас барсан.
1980 оноос. ДОХ.Өнөөдрийн байдлаар 35 сая хүн үхээд байна. Эмчлэх төгс арга олдоогүй.
2009−2010.Гахайн ханиад. 600 мянган хүн амь насаа алдсан.
2013−2015. Эбола вирус. Баруун Африкийн орнуудад дэгдэж 11 мянган хүн амь насаа алдсан.
2019 оноос. COVID-19. 1 сая 254 мянган хүн халдвар авч 65 мянган хүн амь насаа алдаад байна.
COVID-19-ийн халдвар тарах хурд их, шинж тэмдэг нь удаан хугацаагаар бүдэг байдаг зэрэг нь харилцаа, тээвэр өндөр хөгжсөн, хүн ам нягт суурьшсан зэрэг өнөөгийн дэлхий, ертөнцийн хэв маягтай нөхцөлдөн маш хүнд байдал үүсгээд байна. Япон зэрэг орны эрдэмтэд энэ өвчин ойрын 10 хэдэн жилд устахгүй, хүн төрөлхтөн зохицон амьдрахаас өөр гарцгүй болов гэсэн дүгнэлт хийж эхлэв. Гэвч хүмүүс бид түүхэндээ тохиолдсон бүх л тахал, өвчнийг ялсаар ирсэн, ялах ч болно.