Монгол төрийн гучин жилийн ээдрээтэй замнал
- 2020-04-08
- Нийтлэл
- 4
“Өдрийн явдлаа
Үдэш нь шинжил
Өнөөдрийн явдлаа
Маргааш нь шинжил”
(Чингис хаан)
Оршил
Гучин жилийн өмнө Монгол орны оршихуйн Их Огторгуй доргин хөрвөв.
Бүхэл зууны турш хүн ардынхаа гурван үеийн амьдрал тэмцлийг зориулсан Дэлхийн социалист систем буюу Социалист хамтын нөхөрлөл задран нурж, түүний гол багана болж ирсэн ЗХУ задран задрал, хямралын замд эргэлтгүй оров.
Социализм хэн нэгний хүсэл, үйлдлээр нурсан гэвэл дэндүү гэнэн дүгнэлт болно. Нийгмийн амьдралын зохион байгуулалт, үнэлэмж, ёс зарчим нь өгөршин хөгжил дэвшил төрүүлэх чадваргүй болсон нөхцөлд тогтолцооны хувьсгал гарч нийгмийн байгуулал өөрчлөгддөг нь хүн төрөлхтний түүхийн хууль юм.
Социалист хамтын нөхөрлөлийн нуралт ч энэ хуульд л захирагдсан. Тэхдээ улс орон бүрт үйл явдал өвөрмөц илрэл, өрнөлтийн өнгө аястай байлаа.
Монгол орны хувьд Доминант их гүрний гар харсан, тусгаар тогтнол, бүрэн эрх, түүний зээл тусламжид түшиглэсэн хэрэглээний нийгмийн хэвшил, үзэл суртлаар дэглэн инженерчилсэн эрх чөлөө нийгмийн эрс өөрчлөлт хийх суурь болж байв. ЗХУ-д М.С.Горбачевын тунхагласан “ил тод байдал”, “өөрчлөн байгуулалт”-ын үзлийн нөлөөгөөр хаалттай нийгмийн гажуудал, алдаа завхралын тухай үнэн мэдээлэл өргөн цацагдаж эхэлсэн нь нийгмийн сэтгэхүйг огцом цочирдуулж, социализм, түүнийг тэтгэгч улс төрийн хүч, төрийн удирдлагад итгэх итгэл үнэмшлийг хөрсөөр нь эргүүлсэн юм.
Түүнчлэн Монголын дээд удирдлагын дотор “өөрчлөн байгуулалт”-ад үнэнчээ илэрхийлж, доминант гүрний дэмжлэг олохыг горилсон өрсөлдөөн хүчтэй болсон нь нийгмийн нэгэнт хөвсөлзсөн сэтгэхүйг хөөрөгдөн хувьсгалын мөрөөдлийг бодит хөдөлгөөн болгох нэг том хүчин зүйл болж, цаг хугацааны урсгалын хүчийг тодорхойлж байв.
Эхлэл
1989 оны арванхоёрдугаар сараас эхэлж, гурван сар үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаал цуглааны дараа 1990 оны гуравдугаар сарын 9-нд МАХН-ын Улс төрийн товчоо огцрох шийдвэр гаргасан нь Монгол дахь социализмын нуралтын улс төрийн эхлэл болов.
1990 оны дөрөвдүгээр сарын 11-нд Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хуралдаж, Үндсэн хууль дахь МАХН-ын удирдан манлайлах эрх, социалист эдийн засгийн төлөвлөгөөт зохицуулалтын тухай заалтыг цуцалж, Төрийн эрх барих дээд байгууллага болох Ардын Их Хурлын дор байнгын ажиллагаатай хууль тогтоох байгууллага-Улсын Бага Хурал байгуулж, гурван сарын дараа бүх нийтийн сонгууль явуулахаар шийдвэрлэж, төрийн удирдлагыг шинэчилсэн нь нийгмийн хувьсгалын эрх зүйн шийдэл болсон юм.
Энэ бүхний үр дүнд Монгол Улс улс төр, эдийн засгийн өөрчлөлтийг цогцоор хэрэгжүүлэх хүнд сорилтод тулгарсан ч нийгмийн шинчлэлийг үндэснийхээ эв нэгдэл, зөвшлийн зарчмаар тайван хувьсгалаар хэрэгжүүлэх угтвар нөхцөл бүрдсэн юм.
Өрнөлт
Түүхийн аль ч мөчид, ямар ч улс оронд нийгмийн хувьсгал урьдчилан зохиосон зураг төслөөр өрнөж, бэлэн тогтолцоо хуучныхаа байрыг эзэлдэггүй. Социализм нурахад ч энэ зүй тогтол хүчин төгөлдөр илэрч, тухайн улс үндэстэн хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг өөрийн орчин нөхцөл, соёл иргэншлийн өв уламжлал, сорилт даах чадал тэнхээнд нийцүүлэн нутагшуулж, Оршихуйн орон зайгаа шинээр бүтээхээс өөр зам байгаагүй.
1990 оны сонгуулиар байгуулагдсан төрийн шинэ тогтолцоо, социализмын дараах нийгмийн амьдралын зарчим, зохион байгуулалтын гол шинж төрх нь:
Монголчууд хувь заяаныхаа жолоог гартаа бүрэн авсан тусгаар тогтнол, бүрэн эрх;
Ард түмэн өөрийн хүсэл зоргоороо сонгон, нийгмийн амьдралыг хүний төлөө үзлээр зохицуулах чадвартай шударга төр;
Монгол хүний эрх, эрх чөлөөг Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-д нийцүүлэн баталгаажуулсан эрх зүйн орчин;
Хүн ардын эрх чөлөө, амьдралын хариуцлагын баталгаа болсон хувийн өмч;
Улс орноо хоцрогдлын хүлээснээс гаргаж, ядуу буурай амьдралын тавилангаас салгаж, хөгжил дэвшлийг тэтгэх чадвартай үндэсний эдийн засгийн тусгаар тогтносон цогцолбор байх болно гэсэн хүлээлт байлаа.
Үүнээс хойш 30 жил өнгөрч Монголын нийгэмд асар их өөрчлөлт гарсныг нийтээр мэднэ.
Энэ хугацаанд Монгол орны туулсан замыг үйл явдлуудын утга агуулга, түүний хувирлын талаас дараах таван үед хувааж болно. Үүнд:
Нэгдүгээр үе буюу 1990-ээс 1992 оны дунд хүртэл
Өөрөөр хэлбэл, Монгол орны ардчилсан хувьсгалын эхнээс 1992 оны Үндсэн хуулийн дагуу төрийн шинэ тогтолцоонд шилжих хүртэлх хугацаа энэ үед хамаарна.
Нийгмийн өөрчлөлтийн энэ үеийн улс төр, эдийн засгийн агуулгын гол онцлог нь социализмын нуралтын араас улс орны амьдралыг зохицуулалтын хаост оруулахгүйгээр, тогтолцооны хямралын хязгаарлаж, шинэ замналын суурийг тавих явдал болж байв.
Түүний гол чиглэлүүд нь:
Шинээр цогцлоох нийгмийн амьдралын эрх зүйн орчныг бүрдүүлэх, юуны өмнө Үндсэн хуулийг шинээр боловсруулж батлах;
Төрийн өмчид тулгуурласан төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас өмчийн олон хэлбэрт түшиглэсэн төрийн зохицуулалттай өрсөлдөөний тогтолцоонд шилжүүлэх арга зам, эхлэлийг оновчтой тогтоож хэрэгжүүлэх утгатай байлаа.
Энэ хугацаанд нийгмийн амьдралд гарсан олон талт гүнзгий өөрчлөлтүүдийг нийтээр мэдэх бөгөөд түүний дотроос олон түмний анхаарлыг хөндөж, одоог хүртэл маргаан дагуулсаар байгаа цөөн асуудлын нэг нь өмч хувьчлал, нөгөө нь үнийн чөлөөлөлтийн шийдэл юм.
Энэ тухай өчүүхэн дэлгэрүүлж өгүүлбэл:
Өмч хувьчлал.
Алив нийгмийн тогтолцооны мөн чанар нь эдийн засгийн талаасаа өмчийн хэлбэрээр, улс төрийн талаасаа төрийн язгуураар тодорхойлогддог. “Улсын өмч” дангаар ноёрхсон социалист нийгмээс салсны дараа нийгмийн ажиллах хүч хэний өмч дээр ажиллаж амьдрах тухай асуудал шууд тулгардаг. Угаас хувийн өмчгүй хоцорсон хүмүүсийг хувийн өмчитний хөлсний ажилчин бол гэвэл капитализмыг л төрүүлнэ. Нийгмийн хамтын хүч хөдөлмөрөөр бүтсэн “улсын өмч”-ийг ард иргэддээ тэгш хуваан эзэмшүүлбэл тэд өмчийн эзэн болж, үйлдвэрийн хамт олон өөрийн үйлдвэрийн эзэн нь болж, өөрийн өмчийн ашиглалт, өрсөлдөх чадвар, хувь заяаг өөрсдөө л хариуцна. Социализмын дараа “улсын өмч”-ийг хүн арддаа тэгш хувааж эзэмшүүлсэн нөхцөлд нийт иргэд гарааны ижил нөхцлөөр шинэ нийгмийн орчинд шилжих бөгөөд орчин үеийн улс нийгмийн тогтвортой байдал, тууштай хөгжлийн үндэс болсон “дунд давхарга” баттай төлөвшиж, нийгэм баян ядуугийн хурц ялгарлаас зайлах билээ. 1990 оны сонгуулиар бүрдсэн улс төр, төрийн тогтолцоо энэ замыг сонгож, ардчилсан хүчнүүд энэ зарчмыг дэмжиж, МАХН 1990 оны арваннэгдүгээр сарын 8-ны Бага хурлаараа өмч хувьчлалын үзэл баримтлалыг хэлэлцэн тогтоол гаргаж, баталгаажуулан Улсын Бага Хурал 1991 оны эхэнд “Өмч хувьчлалын тухай хууль” баталсан билээ.
1990 оны эцсийн байдлаар манай улсын нийт үйлдвэрлэлийн үндсэн хөрөнгө (малаас бусад) 33 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байсан бөгөөд түүний 2⁄3 буюу 22 тэрбум төгрөгийг 2.2 сая хүн амдаа тэгш хувааж, үлдэх 1⁄3 хэсэг буюу одоогийнхоор “стратегийн” чанартай үйлдвэрийн өмчийн ихэнхийг төрийн өмчид үлдээхээр шийдсэн юм. Үүний зэрэгцээ хэдий төржсөн шинжтэй боловч хоршооллын өмчийн статустай хөдөө аж ахуйн нэгдлийн өмч болох малын хувьчлалыг Хөдөө аж ахуйн нэгдлийн нийт гишүүдийн хурлаар шийдэхийг зөвшөөрсөн юм.
Улсын өмчийн хүрээнд өмч хувьчлалыг “эрхийн бичиг”-ээр шийдэж, хүн бүрт 10 мянган төгрөгийн өмч эзэмших эрх олгосон нь дунджаар нэг айлд (4.7 хүнтэй) 50 мянган төгрөг ноогдож байв. Тэр үед “УАЗ-469” машин 16.420 төгрөгийн үнэтэй байснаар жишиж бодвол, хувьчлалын үр дүн нь өрх айлын амьдрал тэтгэх эх үүсвэр болж чадаж байлаа.
Өмч хувьчлалын анхны хуулийн нэг гол агуулга нь үйлдвэр аж ахуйн хувьчлалд тухайн хамт олон эрхийн бичгээр оролцох давуу эрхтэй гэсэн заалт байв. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжийн хувьцаа гаргахад эхлээд ажиллагчид нь “их хувьчлалын” эрхийн бичгээрээ авах эсэхээ өөрсдөө сонгосны дараа хувьцааг зах зээлд гаргана гэсэн үг. Ингэснээр үйлдвэрийн хамт олон үйлдвэрийн эзний хөлсний “боол”-ууд биш, “эзэд” болж үлдэх болно.
Тэгэхдээ эрхийн бичгээр өмч хувьчлал явуулах нь аж ахуйн хувьцааг арилжих үнэт цаасны зах зээл нээснээр төгс шийдэгдэх бөгөөд 1992 оны аравдугаар сарын 1-нээс Монголын хөрөнгийн биржийг нээх бэлтгэл хийсэн байлаа.
1992 оны дунд үе буюу төр солигдох үе хүртэл нийт малын малын 50 хувь, үйлдвэрлэлийн үндсэн хөрөнгийн 13 хувийг хувьчилсан байлаа.
Өмч хувьчлалын асуудалд ингэж хандсан нь аль нэг улс төрийн хүч, эрх мэдэлтэй хүний “волюнтарист” алхам байгаагүй. Социализмын дараа “зэрлэг капитализм”-аас сэргийлэхэд чиглэсэн үндэсний хэмжээний ухаарал, улстөрийн зөвшлийн үр дүн байсан юм.
Үнийн чөлөөлөлт
Төвлөрсөн төлөвлөгөөт зохицуулалтаас татгалзсан нөхцөлд чөлөөт үнийн системд шилжих нь үндэсний эдийн засаг өөрийгөө тэнцвэржүүлэн, үр ашгийн баримжаагаар орших үндсэн нөхцөл юм. Монгол оронд чөлөөт үнийн тогтолцоонд шилжих үйл явц өөр бусад аль ч оронд тохиолдоогүй хоёр өвөрмөц хүчин зүйлийн нөлөөнд оршиж байв. Үүнд:
1976 оноос Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөлийн гишүүн орнууд гадаад худалдаандаа “гулсах үнийн суурь”-т шилжсэнээс хойш ЗХУ манайд нийлүүлдэг гол барааныхаа үнийн өсөлтийг хааж, 1976-гаас 1980 онд 402 сая шилжих рублийн буцалтгүй тусламж, 1981-ээс 1983 онд 1100.0 сая шилжих рублийн хүүгүй зээл, 1986-1990 онд 1500.0 сая шилжих рублийн хөнгөлөлттэй зээл өгч, тухайн үнийн өсөлтийг Монголын дотоодын хэрэглэгчийн үнэд тусгахгүй байх болзол тавьж байв. 1990 оны есдүгээр сард ЗХУ гадаадын аль ч оронд зээл, тусламж өгөхийг хориглов.
Монгол оронд 1986 онд бөөний үнийн шинэчлэлт хийж, импортын барааны бодит үнийг бөөний үнэд шингээж, хэрэглэгчийн үнээс давсан бөөний үнийн зөрүүг улсын төсвөөс нөхөж ирсний улмаас 1990 онд улсын төсвийн 25 хувийг зөвхөн үнийн зөрүүг нөхөхөд зарцуулах болсон байв. Ийм нөхцөлд хэрэглээний үнийг шууд чөлөөлөх нь гиперинфляцид шууд хүргэж, эдийн засаг хаост орох аюул дагуулна.
Монгол оронд ЗХУ-ын 110 гаруй мянган хүнтэй армийн нэгтгэл байрлаж, түүний худалдаа үйлчилгээнд Монгол банкнаас гадуур нийлүүлсэн мөнгөн тэмдэгт хэрэглэж байв. 1990 оны сүүлчээс ЗХУ-ын цэрэг Горбачев-Дэн Сяо Пиний тохиролцооны дагуу Монголоос гарч эхлэв. 1990 оны аравдугаар сарын эхэнд Монгол Улс 3.3 тэрбум төгрөгийн барааны үлдэгдэлтэй, эдийн засагт үйлчлэх нийт мөнгөний 32 хувь буюу 748 сая төгрөг банкнаас гадуур эргэлдэж байв. Барааны нийлүүлэлт он дуустал хэвийн үргэлжлэв. Гэвч гурван сарын дотор барааны нөөц 2 дахин хорогдож, 1991 оны нэгдүгээр сарын 15 болоход 1.8 тэрбум төгрөгийн бараа үлдэв. Хомсдолын аюул бодитойгоор нүүрлэв.
Эдгээр хоёр хүчин зүйлийн улмаас 1991 оны нэгдүгээр сарын 16-наас барааны жижиглэнгийн үнэ болон цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, 10 мянган төгрөгөөс бага банкны хадгаламжийг хоёр дахин нэмж, хэрэглээний үнийн 50 хувийг чөлөөлж, хүнсний гол нэрийн барааг нэрийн барааг картаар хуваарилах болсон билээ. Энэ нөхцөлд үйлдвэрлэгчийн бөөний үнэ дунджаар 41 хувь нэмэгдэвч эцсийн хэрэглэгчийн үнэ нь бөөний үнээс давж алдагдалгүй болсноор “тогтолцооны өөрчлөлтийн гиперинфляци”-ийг хяналтад оруулах нөхцөл бүрдсэн юм. Энэ арга хэмжээг хэрэгжүүлэхэд банкинд 10 мянган төгрөгөөс дээш хадгаламж эзэмшигчид болон бэлэн мөнгөө “авдартаа” эсвэл “оймсондоо” хадгалж буй хүмүүс хохирч байгаа мэт боловч тэд “бага хувьчлал”-аар хөрөнгө оруулалт хийхэд ашигтай нөхцөл бүрдсэн юм. Хэрэглээний үнийг 1992 оны аравдугаар сараас өмнө бүрэн чөлөөлөхөөр төлөвлөж байв.
Нийгмийн өөрчлөлтийн энэ шатны өөр нэг гол асуудал нь төвлөрсөн төлөвлөгөөт зохицуулалтыг халсны дараах шинэ нөхцөлд үндэсний эдийн засгийн жолоодлого, удирдлагад төрийн гүйцэтгэх үүрэг, арга хэрэгслийг оновчтой тогтоох явдал юм.
Зах зээлийн механизм урт хугацааны стратегийн зорилтыг шийдэж чадахгүй. Үүнээс үндэслэн 1991-ээс 1992 онд Монголын эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг сонгож, төрөөс хэрэгжүүлэх арван зорилтот хөтөлбөр боловсруулж, “Алт”, “Гангийн үйлдвэр”, “Газрын тос” хөтөлбөрүүдийг эхлүүлж, “Зэс”, “Мэдээлэл технологи” хөтөлбөрүүдийн бэлтгэл хийж байлаа.
Нийгмийн шинэчлэлтийн гарааны шатанд улс орны дотоод нийгэм-улс төрийн төвөгтэй нөхцөл байдлын зэрэгцээ, урьдын доминант гүрний хүчтэй дарамт хавчилт учирч байсан ч монголчууд ирээдүйд итгэх сэтгэлийн тэнхээгээр тэр бүхнийг тэвчиж, шинэ нийгмийн амьдралын нэн чухал эрх зүйн орчныг бүрдүүлсэн 170 гаруй хууль батлан, өрсөлдөөнт эдийн засгийн тогтолцооны өөрийн орны онцлогтой суурийг тавьсан нь энэ үе шатны гол үр дүн байлаа. 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлан төрийн сонгууль явуулснаар дараагийн үе шатанд шилжсэн.
Хоёрдугаар үе буюу 1992-2006 он
Шинэ үндсэн хуулийн дагуу бүрдсэн төрийн тогтолцооны гол онцлог нь нийт ард түмний хүсэл зоригийн төлөөлөл болсон 430 хүнтэй Их Хурлаа тарааж, 76 гишүүнтэй хууль тогтоох байгууллагыг Улсын Их Хурал хэмээн төрийн эрх барих дээд байгууллагаар тунхаглаж, томсгосон тойргоор сонгосон явдал юм. Энэ сонгуулиар ардчилсан хүчнүүд сонгогчдын 46 хувийн санал авсан ч Улсын Их Хуралд 4 (5.2 хувь буюу) суудалтай хоцорч МАХН 71 суудал авсан билээ. Социалист нийгмийг далан жил дэглэсэн энэ улс төрийн хүчнээс хуучин тогтолцоо руугаа буцах хандлага хүлээж болох байлаа. Гэтэл үйл ажиллагаа нь анхны алхмаас огт өөрөөр эргэлээ. Тухайлбал,
Өмч хувьчлалын тухай хуулийг өөрчлөн, аж ахуйн хамт олон эрхийн бичгээрээ хувьцаа эзэмших эрхийг цуцалж, үнэт цаасны зах зээл (хөрөнгийн бирж) нээхийг 1995 он хүртэл саатуулав. Энэ хугацаанд үйлдвэрүүдийн үндсэн хөрөнгийн үнэ тав дахин өсч, хувьчлалын эрхийн бичиг үнэгүй цаас болж хувирав. Энэ алхам нь нэг талаас төрийн өмчийг сэргээн хамгаалж, дахин нийгэмчлэл явуулж байгаа мэт боловч, нөгөө талаас зайлшгүй тулгарах хувьчлалыг зөвхөн хувь хөрөнгөтнүүдэд нээж, аж ахуйн хамт олонд хөлсний ажилчдын тавилан үлдээснээр эдийн засагт капиталист тогтолцооны суурийг тавив.
Татварын хуулийг өөрчилж, татварын доод түвшин жижиг аж ахуйн нэгжүүдэд 7 хувь байсаныг 15 хувь болгон нэмж, том аж ахуйн нэгжүүдэд 45 хувь байсныг 35 хувь болгон бууруулж, эхлэл төдий байсан капиталын анхны хуримтлалын эдийн засагт эзлэх байр суурийг сулруулав. Түүнчлэн энэ алхам нь төсвийн тэнцлийг хүндрүүлж, засгийн эрх баригчид инфляцийг “сонирхох” үзэгдэл төрүүлж байлаа.
Төрийн өмч ноёрхож байсан банкны салбарт зээлийн хүүг жилийн 300 хувь хүртэл нэмснээр тэртэй тэргүй экспортын зах зээлгүй болсон эх орныхоо үйлдвэрүүдийг өөрийн зах зээлээс шахаж, улирлын чанартай түүхий эдийн нөөцөд түшиглэдэг хөнгөн үйлдвэрүүдийн уналтыг хөөрөгдөв.
Энэ мэт суурь өөрчлөлтийн үр дүнд Үндсэн хуулиар тунхагласан “Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм”-ийн үзэл санаа нь капиталист нийгмийн сонголт болж хувиран, төрийн нийгэм-эдийн засгийн бодлого шинэ баримжаатай болов.
Монголын нөхцөлд хот, хөдөөгийн зах зээлийн соёлжсон харилцааны үндэс болсон хөдөө аж ахуйн биржүүдийг татан буулгаж, панзчидын чөлөөт орчин үүсгэв.
1990-ээд оны дунд үед “Молам”, “Айбекс”, “Тэнгэр газрын гэрээ” хэмээх гадаадын том капиталтай хуйвалдсан авилгын илэрхий шинжтэй үйлдлүүд удаа дараа гарсан нь сул дорой боловч, нөөц баялаг ихтэй Монгол орон гадны шинэ колоничлолын бай болж эхэлсний дохио байлаа.
Үргэлжлэл бий.
Дашийн Бямбасүрэн
Сэтгэгдэл (4)
Саран (59.153.112.164)
МАХН, одоо бол МАН өөрийгөө социал демократ нам гэх боловч хэрэг дээрээ зэрлэг капитализмын либерал бодлого явуулсаар ирсэн нь үнэн, тэр нь ингэж эхэлж байсныг өгүүлсэнд талархаж байна, Бямбасүрэн гуайдаа эрүүл энхийг хүсье
irgen (31.165.215.200)
Odoo toroos idej hanaagui huuchin , shine hymyys bygd 100 sayiig tolood mongoliig luivardaj shuldag ajildaa oroh geed ichihgui dairzgaaj baina…..Ene muuhai 30 jiliig ardaa orhino shyy ard tymen, mongolchuud mini….huuchin namuud, huuchin zali meheer tord garsan hymyysiig songohgui ee ... oor eldev um yariad baih umgui, !!!!!!!!
Иогэн (66.181.161.82)
Энэ нэг балиар юм дандаа яах гээд байдгийн бэ балиар юм 20р тогтоол гаргаж жирийн ажил хөдөлмөрөө хийж авдаг цалинг 2 дахин унагаж мэдээлэлд ойр байдаг болон хадгаламжтай баячуудын мөнгийг 2дахин өсгөж өгч монголын ард түмнийг баян ядуугийн 2 туйлруу унах эхлэлийг тавьсан балиар юм нүгэл нь нүүрээрээ гарсан яран нүүрт олны нүдэнд үзэгдэхээсээ ичдэггүй хог
Зочин (122.201.24.102)
Өнгөрсөн 30 жилийн алдаа завхралын талаар та яагаад ярихгүй байгаа юм бэ? Ард түмний 30 хувь нь нэн ядуу, одоо 20% нь ядуурал руу гулсахад бэлэн болсон бна. 30 жил үүний төлөө л явсан бол дэндүү харамсалтай бна. 30 жил гэдэг бол урт хугацаа шүү. Өмч хувьчлал, намчирхал, талцал, баян ядуугийн дэндүү их ялгаа зэргийн учир шалтгааныг гаргах хэрэгтэй. Өнгөрсөн 30 жилд ядуурал, ажилгүйдэл, янхандалт, хүн амын боловсрол, ёс зүйн хоцрогдол гээд ярих юм их бнаа
Хоосон байна
Хоосон байна