Ойд хууль бусаар мод бэлтгэсэн, гал тавьсан тохиолдолд одоогийнхоос 3 дахин өндөр төлбөр ноогдуулна
- 2020-04-08
- Байгаль орчин
- 0
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын тушаалаар 1 шоо.метр модны үнэлгээг 2.7 дахин, 1 га ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмлээ. Шинэчилсэн баталсан ойн экологи-эдийн засгийн үнэлгээнд ойн нөөц, ойн дагалт баялгийн үнэлгээнээс гадна, ойн ус зохицуулах, хөрс хамгаалах, нүүрсхүчлийн хийг шингээх, нийгэм, амралт зугаалгын ач холбогдлын үнэ цэнийг нэмж тооцжээ.
Ойн экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчилснээр ойн нөөц ашигласны төлбөрөөс орон нутгийн төсөвт жилд дунджаар ордог байсан 3 тэрбумтөгрөг хамгийн багадаа 3 дахин нэмэгдэж, ойг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах хөрөнгийн хэмжээ нэмэгдэх боломж бүрдэж байгаа юм.
мөн ойд хууль бус үйл ажиллагаа явуулсан нөхцөлд Байгаль хамгаалах тухай хуульд заасны дагуу ойн экологи-эдийн засгийн нийт үнэлгээг 3 дахин нугалсантай тэнцүү хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулах тул хууль бус мод бэлтгэл, уул уурхайн ашиглалтаас үүдэлтэй ойд хохирол учруулах, түймэр тавих зэрэг ойн баялгийн эсрэг үйл ажиллагаанд тооцох хариуцлагыг өндөрсөж, тэдгээрийг таслан зогсооход томоохон алхам болно гэж үзэж байна.
Харин мод бэлтгэхэд мөрдөж байгаа хөнгөлөлтүүд хэвээр байхын зэрэгцээ импортын мод, модон материалыг гааль болон НӨАТ-аас чөлөөлсөн тул дотоодын зах зээлд үнийн хөөргөдөл бий болохгүй юм.
Шинэчлэн баталсан ойн экологи-эдийн засгийн үнэлгээг дараах линкээр үзэх боломжтой.
Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ батлах тухай
Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ойн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.13 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээг 1 дүгээр, Ойгоор бүрхэгдсэн 1 га талбайн экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дугаар, Ойгоор бүрхэгдээгүй 1 га талбайн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дугаар, Нэг ширхэг өсвөр залуу модны экологи-эдийн засгийн үнэлгээг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.
2. Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ шинэчлэн батлагдсантай холбогдуулан ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэх арга хэмжээ авахыг Ойн бодлого зохицуулалтын газар (Б.Оюунсанаа)-т даалгасугай.
3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ батлах тухай” 394 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
Эх сурвалж: БОАЖЯ
Сэтгэгдэл (0)