Монгол төрийн гучин жилийн ээдрээтэй замнал-2

Монгол төрийн гучин жилийн ээдрээтэй замнал-2

Түрүүч нь Монгол төрийн гучин жилийн ээдрээтэй замнал

 

Энэ үед гол төлөв хөрш хоёр орны үнийн зөрүүг түшиглэн капиталын анхны хуримтлалын эхний алхам хийсэн ч гэсэн хөрөнгө чинээ нь хүсэлдээ хүрэлцэхгүй хэвээр байгаа “хөрөнгөтнүүд” өмч хувьчлалыг “ой ширэнгийн хуулиар шийдэхийг оролдож” зэрлэг капитализмын дүр төрх тодорч эхэлсэн.

1990-ээд оны дунд үед нэг талаас, инфляцийг хөөрөгдөх дотоод хүч саарч, нөгөө талаас Дэлхийн зах зээл дээр манай экспортын гол барааны үнийн долгионы таатай мөчлөг тохиосны үр дүнд эдийн засгийн уналт зогсож, инфляцийн хурд буурч, тогтворжих хандлага давамгайлж, “хонгилын үзүүрт гэрэл харагдав”.

 

1996 оны төрийн сонгуулиар МҮАН-МСДН-ын “Ардчилсан холбоо” эвсэл Улсын Их Хурал-д олонх болов. Нийгмийн ардчилсан замналын үзлийн гол багана болж ирсэн эдгээр улс төрийн хүчнүүд эвсэж төрийн эрх авснаар Монголын Ардчилсан Хувьсгал улс төрийн ялалтад хүрлээ. Гэвч эсэргүүцэж, жагсаж, шүүмжлэх болон төрийн жолоо барихын хооронд асар их ялгаатай нь жам.

 

“Ардчилсан холбоо” эвсэл Засгийн газар байгуулахдаа өөрийн орны орчин нөхцлийг үл харгалзан улс төрийн тэнхим байгуулж, анхны алдаа хийлээ. Хариуцсан салбарынхаа талаар төсөөлөл бага сайдууд “бүтцийн өөрчлөлт” нэрийн доор бололцоотой бүхнийг хувьчлахыг л хичээх болов.

Өмнөх төрийн үед “өмч хувьчлалын тухай хууль”-ийг өөрчилж, хувьд худалдах зарчимд шилжсэн нь өнгөц харахад төрийн өмчийг үнэ хүргэж, төсөвт орлого оруулах талтай ч, капитал хомс хөрөнгөтнүүд өмч хувьчлалд оролцохын тулд тухайн обьектыг алдагдалтай ажиллуулж, үнэ хямдруулах, улс төрийн хүрээнд бүлэглэн хуйвалдаж, өөрт ашигтай шийд гаргуулах зэрэг “ер бусын” арга ашиглах болов. Чухамхүү энэ үндсэн дээр нам дамжсан олигархи бүлэглэлүүд үүсч байлаа. Тэхдээ энэ төрийн үед орон сууцыг оршин суугчдад нь үнэ төлбөргүй хувьчилсан нь өмч хувьчлалын талаарх нийгмийн сэтгэхүйг илааршуулж байлаа.

“Ардчилсан холбоо” эвсэл төрийн эрх авсны дараах анхны алхмаас эхлэн дотроо зөрчилдөн, өрсөлдөгч сөрөг хүч түүнийг овжин ашиглаж, дөрвөн жилийн хугацаанд Засгийн газрыг дөрвөн удаа сольсноор “төрийн хямрал” ужгирч, нийгмийн дургүйцлийг төрүүлж, байр суурь нь суларч байлаа. 1998 оны намар ардчилсан хувьсгалын нэг удирдагч С.Зоригийн амийг хөнөөсөн гэмт хэргийг тухайн үед илрүүлж чадаагүй нь эрх баригчдын нэрийг хүнд сэвтүүлэв.

1999 онд ардчилсан хүчнийхэн сөрөг хүчтэйгээ үгсэн Үндсэн хуульд ноцтой өөрчлөлт оруулж, төрийн эрх мэдлийн хуваарилалтыг гажуудуулсан нь 20 жилийн турш уршиг тарьж ирлээ.

“Ардчилсан холбоо” эвсэл төрийн эрх барьж эхэлсэн үед Монголын экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн олон улсын зах зээлийн үнэ огцом унаж, 1997 оноос “Азийн эдийн засгийн хямрал” эхэлсэн нь хүнд цохилт болж, төгрөгийн ханш тавин хувиар сулрав.

1997 онд татварын хуулийг өөрчлөн том аж ахуйн ашгийн татварын хэмжээг 30% болгож бууруулан, гаалийн татварыг тэглэж, “Ашигт малтмалын тухай” шинэ хууль баталж, АМНАТ-ийг 60 хувь бууруулав. Энэ бүхэн нь Монголын эдийн засагт нэвтрэх сонирхолтой гаднынханд урам өгч, Толгойтын алтны ордыг эзэмших хөрөнгө оруулалтын гэрээ гэгчийг байгуулсан нь уул уурхайн салбарт гаднын хөрөнгө оруулагчдад тал засч, улс орноо хохироон эрх мэдэлтнүүд завшихын жишиг алхам болсон юм.

2000 оны сонгуулиар сонгогчид “Ардчилсан холбоо” эвслийн засаглалд хатуу үнэлэлт өгч, МСДН Улсын Их Хурал-д суудалгүй, МҮАН ганцхан суудалтай үлдэв. МАХН-ын дагнасан төрийн тогтолцоо бүрдэв. Энэ нь хэдийгээр нийгэм дэх улс төрийн тэнцвэр алдагдахад хүргэсэн ч, нөгөө талаар Засгийн газар тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлэв. Түүнд түшиглэн 2002 онд иргэдэд газар өмчлүүлэх хууль гаргаж, ОХУ-д төлөх 11 тэрбум ам.долларын өрийн асуудлыг шийдсэн нь улс орны амьдралын хоёр том зангилааг тайлсан нэн чухал арга хэмжээ болов.

 

2000 оны үеэс Азийн эдийн засгийн хямралын уршгийг гэтэлж сэргэсэн Дэлхийн зах зээл дээр Монголын экспортын гол бараа зэс, алтны үнэ өсч таатай макро эдийн засгийн нэн таатай нөхцөл бүрдлээ. Үүний үр дүнд 2006 онд Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл, улсын төсвийн тэнцэл ашигтай болж, инфляци нэг оронтой тоонд багтах болов.

Өөрөөр хэлбэл, 2000-аас 2006 оны улс орны эдийн засгийн динамик нь төрийн бодлогыг оновчтой томъёолж, нийгмийн зөвшилд хүргэж чадвал, 15 жил үргэлжилсэн нийгмийн өөрчлөлтийн зам мөрийг тууштай хөгжлийн замд оруулах алтан боломжийг бүрдүүлж байлаа. Энэ үед эрх баригч намын удирдагч нь Н.Энхбаяр Энтони Теддинсийн “сайн засаглал”-ын үзэл санааг талархан Дорнын төрт ёсны суварга руу харах болсон ч, Шинжлэх ухааны академи нь ч, философичид нь ч, улс төр судлаачид нь ойлгоо ч үгүй, дэмжээ ч үгүй. Харин энэ үед төрийн дээд удирдлагад байр суурийн хурц зөрчил үүсч, саяхан болтол архагшиж иржээ.

 

 

 

Гуравдугаар үе: 2006-гаас 2017 он.

 

 

 

Үндсэн хууль батлагдсанаас хойш гурван удаагийн сонгуульд төрийн хүчтэй савалгаа амссан монголчууд 2004 оны сонгуулиар “хаан сонголт” хийж, сөргөлдөгч гол хүчнүүдийн УИХ дахь байр суурийг тэнцвэржүүлсэн юм. Энэ нь үндэсний зөвшлийн хүрээнд хөгжил дэвшлийн замд орох хамгийн хариуцлагатай үе буюу VIII Богдын хэллэгээр “Тэнгэрийн цаг” нүүрлэсэн түүхийн хором байлаа. Тэр цагийн өнгийг таньж боломжийг ашиглах эсэх нь хувь заяаны шийдэл болж байв.

Гэвч үйл явдал өөр замаар өрнөв. 2005 онд Улсын Их Хурал дахь ардчилсан хүчнүүдийн эвсэл задарч, МАХН-ын сайдууд Засгийн газраас гарч, улс төрийн бичил эргэлт хийх нөхцөл бүрдэв. 2006 оны  1 дүгээр сард Монголын түүхэнд анхны олигархуудийн Засгийн газар байгуулагдан, 2007 оныг “Их бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, барилгын салбарыг хөөрөгдөн дөнгөж төлжиж байсан эдийн засгаа макро түвшний хямралд оруулав. 2008 оны дунд үед үндэсний эдийн засагт үйлчилж байсан нийт мөнгөний 40% нь дуусаагүй барилгад хүлэгдсэн байлаа. Энэ үед дэлхийн эдийн засгийн хямралын цохилт ирж, төгрөгийн ханш 40% хүртэл унаж, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ буурав.

 

2008 оны төрийн сонгууль ээдрээтэй болж, улс төрийн хүчнүүдийн сөргөлдөөнд таван хүний амь үрэгдэж, 800 орчим хүн баривчилга, яллагаанд өртөж, Монголын ардчилсан замналын түүх цус, нулимсаар будагдав.

 

Сонгуулиар УИХ-д олонхи болсон МАХН сөрөг хүчнээ урьж, хамтарсан Засгийн газар байгуулав. Ардчилсан нам сонгуульд ялагдаж, дотооддоо олигархуудаар толгойлуулсан фракцуудын зөрчилд улайсч байсан энэ үед 7 дугаар сарын 1-ний эмгэнэлт үйл явдлын дараа бултах орон зай эрсэн МАХН-ын зүгээс хамтарч Засгийн газар байгуулах санаачилга гаргасан нь авралын рашаан болж Ардчилсан намын олигархууд уухайлан уралдаж, намын дарга нь Тэргүүн шадар сайд, 5 олигархи нь сайдууд болов.

Чухамхүү энэ үеэс эхлэн Монголын улс төрийн амьдрал өнгөн дээрээ улс төрийн намуудын өрсөлдөөн мэт боловч хөшигний цаана нам дамнасан олигархи бүлэглэлүүдийн зөрчил хуйвалдаанаар шийдэгдэх болсон. Монгол орон олигархи бүлэглэлүүдийн засаглалтай зэрлэг капитализмын тогтолцоо руу гулсаж орлоо. Тэхдээ үйл явдал эгэл төсөөллөөс давсан нарийн төвөгтэй замаар өрнөжээ.

Худалдаа, барилгын салбарт үүссэн анхны хуримтлал том хөрөнгө оруулалтад хүрэлцэхгүй тул гадаадын том капиталтай сүлбээлэх нь баяжих хамгийн дөт зам болж байв. Монгол улс 1990 оноос хойш нээлттэй эдийн засгийн бодлого тунхагласан ч гадаадын хөрөнгөтнүүд нэг талаас элдэв болгоомжлолд автахын зэрэгцээ нөгөө талаас Монголын арвин их байгалийн баялгийг гартаа оруулж колоничлон мөлжих сонирхлоо тогтоож чадахгүй болсон байжээ.

2006 онд Монголын татварын хууль, ашигт малтмалын хуулийг тэдний захиалга сонирхолд нийцүүлэн өөрчилсний дараа Оюутолгойн зэс, алтны орд, Тавантолгойн чулуун нүүрсний орд хэмээх үлэмж их нөөц баялгийн төлөө гадныхны өрсөлдөөн ид дүрэлзэж, Монголын сөргөлдөгч улс төрийн хүчнүүдэд тарж байршсан олигархууд гадаадын хөрөнгө оруулагчдын үйлчлэгч буюу үндэсний компрадорын хэргэм олохыг туйлаас гориловч бие биеэ хардан чөдөрлөж байв.

Ийм нөхцөлд ард иргэдийнхээ сонгуулиар илэрхийлсэн хүсэл зоригоос зөрж МАХН, АН-ын хамтарсан Засгийн газар байгуулсан ажээ. Үүний үр дүнд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хүчлэн байгуулж, улс үндэстнийхээ эрх ашгийг цөөн баячууд, авилгачдын шуналын салхинд хийсгэсэн юм.

Ингэж сонгуулийн үр дүнг хөсөрдүүлснээ эрх баригчид “стандарт бус шийдэл” хэмээн нэрлэдэг боловч тэр нь эцсийн дүндээ улс төрийн ялзралын нэг гол үндэс болсоор иржээ. 2012 оны сонгуулиар Ардчилсан нам олонхийн суудал авсан ч нэг талаас дотоод зөрчил нь хурцдаж, нөгөө талаас Оюутолгойн гэрээнд Дубайн төлөвлөгөө гэгчийг нэмж, гадны хөрөнгөтөнтэй шинэ сүлбээ тогтоох болохдоо Монгол Ардын Намыг Засгийн газарт урьж, тэр нь ч дуу алдан ирж, улс орноо хүндээр хохироох алхмыг хамт хийсэн билээ.

 

Нийгмийн шилжилтийн энэхүү гуравдахь шат буюу олигархи засаглалын үед тохиолдсон нэн хатуу сургамж бол төрийн эдийн засгийн бодлого волюнтарист буюу эрх баригчдын дураар авирлах нөлөөнд автаж, эцэстээ сүйрлийн ирмэгт хүрсэн үзэгдэл мөн.

 

2006-гаас 2016 онд улсын төсвийн зарлага 7.7 дахин өсч, гадаад өр зээл 5 дахин нэмэгдэв. Төрийн эрх мэдлийг авсан олигархууд 4 жилийн бүрэн эрхийн хугацаанд амжиж “төсөв сааж”, гадаад зээлээр хөрөнгө оруулалт хийх нэрийдлээр ашиг хонжоо олохыг эрмэлзэж, өөрийгөө нөхөн сэргээх чадваргүй хөрөнгө оруулалтад шунасны уршгаар үндэсний эдийн засаг дахь хөрөнгө оруулалтын өгөөж 10 жилд 5 дахин буурав. Харамсалтай нь дээрх хугацаанд төр барьж байсан аль ч улс төрийн нам алдаагаа таньж, дүгнэлт хийхгүйгээр өдийг хүрчээ.

2012-оос 2016 оны хооронд Монголын эдийн засгийн хувь заяаны нэгэн түлхүүр нь Тавантолгойн нүүрсний ордын ашиглалтын асуудал болж байлаа. 2008-аас 2012 оны хооронд уг ордыг барьцаалан гадаадын компаниас зээл авч, сонгуулийн популист амлалтдаа зарцуулсны дараа энэ том төсөл дампуурлын ирмэгт тулж байсан хүнд нөхцөл дээр 2012 оноос хойш эрх баригчдын шунал, хуйвалдааны хүчин зүйл нэмэгдсэнээр одоогийн улс төрийн өнгөтэй хямрал,  сөргөлдөөний суурь тавигджээ. “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал яаж төрж, яаж төгсөж байгааг нийтээр мэдэх билээ.

Олигархиуд дураараа төрийн бодлогыг тодорхойлж байсан энэ 10 жилд хуулиуд компанийн захиалгаар төрж батлагдах нь хэвийн үзэгдэл болж, улс нийгмийн амьдралын суурь зарчмыг гажуудуулж, төрийг сулруулж ирсэн.

2006 оны Татварын болон Ашигт малтмалын хуулиуд, 2009 оны Оюутолгойн гэрээ, 2013 оны Хөрөнгө оруулалтыг хамгаалах тухай хуулиуд улс орны эдийн засгийн тусгаар тогтнол, бүрэн эрхийг үлэмж доройтуулан үндэсний эдийн засгийн нэгдмэл байдлыг үндсэнд нь цуцалсан юм.

Волюнтарист зарчмаар төрийн бодлогыг тодорхойлох оролдлого 2014-өөс 2015 оны үед туйлдаа хүрч, Үндсэн хуулийг өөрчлөн засаглалын хуваарийг өөрчилж тэнцвэржүүлэх нэрийн дор Төрийн тэргүүнээ бүх ард түмний саналаар сонгодог зарчмыг өөрчилж, УИХ-аар сонгох, Засгийн газрыг Ерөнхий сайд дур мэдэн байгуулах мэт “шинэчлэлт”-ээр төрийн далд эргэлт хийх, төрийг олигархиудын “найрын ширээний ууц” болгох оролдлого хийж байв.

Монгол орны 30 жилийн замналын нэн ээдрээтэй энэхүү 3 дахь шатны гол үр дүн нь эдийн засгийн ерөнхий өсөлт, нийгмийн энх амгалан байдал, олон улсын харилцааны оролцоо дээшилсэн зэрэг эерэг үзэгдлүүдийн зэрэгцээ улс орны хувь заяа, ирээдүйн талаас нэн нухацтай хандаж үнэлэх зайлшгүй шаардлагатай гашуун сургамж үлдээжээ. Тухайлбал

 

Монгол орон хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан бүтээх зорилгоосоо хазайж, олигархуудын ноёрхолтой зэрлэг капитализмд гулсан оров.

Монголчууд хүн ардынхаа хүсэлд нийцүүлэн төрөө байгуулж, хувь заяаныхаа жолоог гартаа авахын тулд сонгосон ардчилсан тогтолцоо утга агуулгаараа гажуудав. Түүний нотолгоо нь төрийн сонгууль баячуудын хөрөнгө чинээний өрсөлдөөн, улс төрийн намуудын стриптиз (тайчих үзүүлбэр), төрийн албыг худалдах яармаг болж хувирсан явдал мөн. Одоогийн төр бол олигархуудийн төр буюу бизнесийн сонирхлыг улс төртэй хутгаж, төрд ноёрхогч баячуудын төр юм.

2008-аас 2016 онд улсын гадаад өр 5 дахин өсч, дотоодын нийт бүтээгдэхүүнээс 2 дахин давж, Монгол Улс гадаад өрийн эргүүлэгт оров. Гадаадаас зээл авах, Засгийн газрын үнэт цаас (бонд) борлуулах үйлдлүүд эрх баригчдын дур зоргоор шийдэгдэж, эрх баригчид сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд мөнгө угааж идэх нэг гол эх үүсвэр болов. Монгол Улс өрийн эргүүлэгт орсноор ирээдүй хойч үеийнхээ амьдралыг одоогийн авилгачид, олигархуудын өрийн барьцаанд тавьжээ.

 

Улс орны эдийн засгийн тусгаар тогтнол үлэмж сулран доройтож, өөрийгөө нөхөн сэргэх чадвараа алдаж байв. Эдийн засгийн өсөлт зогсоход хүрч билээ. Улс орон эдийн засгийн сүйрлийн ирмэгт ирсэн байлаа.

 

Монгол нийгэм бүхэлдээ мөнгө хүүлэгч капиталын хүлээсэнд орж, иргэдийн амьдрал үндэсний эдийн засгийн шим шүүсийг гадагш сорон мөлжих тогтолцооны золиос болжээ. Улс орон нь гадаад өрөө дийлэхгүй,  иргэд 2 жилийн бүх мөнгөн орлогоосоо 2 дахин давсан дотоод зээлийн өрөнд унажээ. Төрийн эрх мэдлийн төлөө өрсөлдөгч гол намууд төрийн албан тушаал, төрийн сонгуульд орох эрхийг худалдах үйл ажиллагаа улс төрийн амьдралын хэвийн үзэгдэл болж, авилга, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд үүсч, хүчээ авсныг одоо цагийн олон баримт нотолж байна.

 

 

 

Дөрөвдүгээр үе: 2017 оноос одоог хүртэл

 

 

 

Дээр өгүүлсэн 10 жилийн ээдрээтэй замнал олон түмний дунд шудрага ёс, хуулийн тэгш хандлагыг үгүйлэх, амьдралын доройтлыг гэтлэх төрийн бодлогын хүлээлтийг хүчтэй болгож, тэр бүхнийг төрүүлэгч тогтолцооны өөрчлөлтийг Үндсэн хуулийн түвшинд хийхийг шаардах болов. 2016 оны төрийн сонгууль нийгмийн шинэчлэлийн амьсгааг тод илэрхийлж, нам дамнасан олигархи бүлэглэлийн байр суурь ганхаж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль тэдэнд хүчтэй цохилт өгсөн билээ.

Энэ үндсэн дээр 2017 оноос төрийн эрх баригч МАН-ын дотор “төрөө цэвэрлэх”, “намаа цэвэрлэх”-ийн төлөө тэмцэл ил болон өрнөж, 2018 оноос Монгол Улсын Ерөнхийлөгч “эрс шинэчлэл”-ийн бодлогоо тунхаглаж, Улсын Их Хуралд шахалт үзүүлж эхэлсэн нь өнгөрсөн 30 жилийн замналын өвөрмөц шинэ үеийн эхлэл болсон.

Энэхүү дөрөв дэх үе эхэлснээс хойш хэдийгээр дөнгөж 3 жил өнгөрч байгаа ч түүнийг гол онцлогуудыг дараах байдлаар томъёолж болох юм гэж үзэж байна. Үүнд:

 

Монголын улс төрийн нэг гол бүрдэл болох МАН-ын удирдлагын дотор намаа цэвэрлэхийн төлөө байр суурьтай хэсэг нь давамгайлж, 2012 оноос нийгмийн анхаарлыг татаж байсан “60 тэрбумын хэрэг” гэгчийг хүлээн зөвшөөрч, хэргийн эздийг илчлэн нам дагасан мафиоз бүлэглэлд цохилт өгч, хуулийн дагуу шийдэх нөхцөл бүрдсэн.

 

Үндсэн хуулийн өөрчлөлтийг өмнөх төрийн үед нэгэнт шийдэж, явцууруулсан хүрээн дотор авч үзсэн боловч, төрийн далд эргэлт хийхийг горилсон олигархуудын мафиоз бүлэглэлийн явуулгыг няцааж, үндэсний өв баялгийн эзэмшилт, түүний үр өгөөж ард түмэндээ шударга хүртээлтэй байх зарчмуудыг тогтоов. Төрийн өндөр эрх мэдэлтнүүдийн тангаргийн хариуцлагыг томъёолж, төрийн алба тогтвортой ажиллахад чиглэсэн эрх зүйн орчныг сайжруулав.

 

Шүүх, прокурор, Авилгатай тэмцэх газрын дээд удирдлагын дархлааг оновчтой хязгаартай болгож, Эрүүгийн хуульд шигтгэсэн луйварчид ял завших нүхийг хааснаар олон түмний хурц бухимдлыг төрүүлж байсан дээдэст хууль үйлчилдэггүй шударга бус, тэгш бус байдлыг өөрчлөх чухал алхам хийв.

Хууль бус ажиллагаа нь даварч, элдэв залихай хуйвалдаанаар эрдэс баялгийн нөөцийг эзэмшиж, байгаль орчныг хөнөөн хорлож байсан 146 уул уурхайн компанийн үйл ажиллагааг зогсоож, уул уурхайн салбарт ноёрхсон олигархуудад “төрийн нударга” амсуулав.

Монголын уул уурхайн үйлдвэрийн сор болсон “Эрдэнэт” үйлдвэрийн хувь заяаг хууль, шударга ёсны зарчимд нийцүүлэн шийдвэрлэж, мафиоз бүлэглэлийн санаархлыг таслан зогсоов. Оюутолгойн хөрөнгө оруулалтын талаар бүтэн 10 жил үргэлжилсэн маргаанд улс үндэснийхээ эрх ашгийн үүднээс оновчтой хариу өгч, уг гэрээ, түүний нэмэлт нь Монголын эрх ашгийг хохироосныг төрийн эрх барих дээд байгууллагын түвшинд хүлээн зөвшөөрч, нийгмийн санал үнэлэлт нэгдсэнээр улс нийгэмд хагарал үүсгэж, хооронд нь тэмцэлдүүлэн завсарт нь завшдаг шинэ колоничлолын хорт явуулгын замыг нэг удаа хаалаа.

 

Түүхий эдийнхээ үнэт баялаг болсон газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлыг эхлүүлж, зэсийн үйлдвэр байгуулах шийдвэр гаргаж, талбайн сонголт хийснээр төрийн эдийн засгийн бодлого үр ашигтай зорилтот хөтөлбөрүүдээр хэрэгжих зарчмын эхлэлийг тавьж байна.

 

Тэтгэврийн зээлийг (6 сая хүртэл) нэг удаа тэглэх шийдвэр гаргалаа. Энэ асуудалд олон өнцгөөс хандаж байгаа боловч нийгмийн хамгийн эмзэг давхарга болох өндөр настны бүлгийг мөнгө хүүлэгч капиталын хүйтэн савар, дарамтаас чөлөөлөх алхам мөн гэж үзвэл үндэсний аюулгүй байдлын нэн хурц зангилаа тайлагдаж байна. Гэхдээ энэ асуудлыг Улсын Их Хурал дээр хэлэлцэхдээ “нүхэнд унасан хүмүүсийг аварсны төлөө унаагүй нь гомдоно” гэдэг шалтгаанаар хавтгайрсан халамжийн өнгө оруулсан нь харамсалтай.

Сүүлийн хориод жилийн түүхэн түүхэнд анх удаа тохиолдож буй нэн ховор үзэгдэл бол Монголын төрийн дээд удирдлага “гар нийлэн” ажиллаж байгааг Ерөнхийлөгч шинэ жил тохиолдуулан зарласан явдал юм. Төрийн удирдлагын доторх хардлага хагарлын гашуун уршгийг чамгүй амсаж мэдэрсэн монголчуудын хувьд энэ бол улс төрийн нэн чухал эерэг хүчин зүйл билээ.

Социализмын дараах Монгол орны амьдралын одоогийн шатанд илэрч буй зэрэг үзэгдлүүд хэдийгээр түүхийн салхины зөв чиглэлд нийцэж байгаа ч гэсэн олон жил архагшин царцаж байгаа нийгмийн гажуудлын уг үндсийг хөндөж чадаагүй байгааг зайлшгүй анхаарах шаардлагатай байна. Тухайлбал,

 

Олигархи бүлэглэлийн засаглалыг төрүүлэгч улс төр, эрх зүйн тогтолцоо хөндөгдөөгүй байна.

Олигархи засаглал мөнгөөр худалдагдсан намуудаар дамжиж, хэмжээлшгүй эрх, дархлаатай, хяналтгүй нэг танхимтай Улсын Их Хурал хэмээх парламентаар төгс утгаа олсоор ирснийг бүгд мэднэ. Энэ гажуудлыг өөрчлөх торгон боломж олгосон Үндсэн хуулийн өөрчлөлтийн явцад УИХ-д суудалтай намууд ч, төрийн эрх барих эрхмүүд ч уг асуудлыг хөндөхөөс аль болохоор зугтаж, нийгэмд үүссэн зөрчлийн гол шалтгаан нь засаглалын эрх мэдлийн тэнцвэргүй байдал боллоо хэмээн олон түмнийг төөрөгдүүлэн мунхруулж өнгөрлөө.

Төрийн дээд байгууллагынхны эрх мэдлээ ашиглан ЖДҮХС-аас их хэмжээний мөнгө луйвардсан үйлдэл шинээр илэрч, нийгмийг цочирдуулан бухимдуулсан боловч, Улсын Их Хурал тэднийг хаацайлан хамгаалснаар авилга, шударга бус ёс, төрийн ялзралыг нийгмийн амьдралын хэвийн хэмжээ болгож байна.

Төрийн албаны эрх мэдэл, төрийн сонгуульд нэр дэвших эрхийг худалдан бизнес хийж, сонгуулиас сонгуульд хуурамч амлалт, мөнгө, өглөгөөр сонгогчдын санал авч амташсан Улс төрийн намуудын тухай хууль, тэдний сонирхлыг хэрэгжүүлэх гол хэрэгсэл болсон Сонгуулийн тухай хуулийн гол утга агуулгыг өөрчилж чадсангүйгээр дараагийн сонгуульд орж байна.

Улс орны эдийн засгийг олигархууд, гадаадын луйварчдын ашиг сонирхолд захируулан, баялгийн тэгш бус хуваарилалтад хүргэж буй төрийн бодлого,  эрх зүйн орчин хадгалагдан үлдэж, нэгэнт бодитой нүүрлэж байгаа дэлхий нийтийн эдийн засгийн сөргөлдөөн, хямралын нөлөөн дор сөхрөх аюулыг сөрөх чадваргүй хоцорч байна.

 

 

 

Өрнөлтийн төгсгөл

 

 

 

Монгол орон нийгмийн байгуулалтын өөрчлөлтийн 30 жилийн замналын үр дүнгийн талаарх үнэлэлт янз бүр байх нь жам боловч хамгийн ерөнхий, хамгийн гол нэг асуултад өгөх хариу үндсэндээ адилхан байна гэдэгт эргэлзэхгүй байна.

 

Тэр асуулт нь:

 

“Монголын нийгмийн амьдралын одоогийн төлөв байдал 30 жилийн өмнөөс түмэн бэрх сорилтыг давж, зорьж тэмүүлсэн нийгмийн тогтолцоо мөн үү?”

гэсэн утгатай байх болно.

 

Монголчуудын олонхи нь “биш” гэж хариулахын үндэслэл нь олон талтай бөгөөд тодорхой билээ. Монголчууд бид:

 

Нийгмийн баялгийн 3⁄4 нь цөөн олигархиудын гарт орж, хүн амын 28% (2018 он) нь амьдралын баталгаажих түвшнээс ч доогуур ядуу амьдрахыг хүсээгүй.

Төрөө хүсэл зоригоороо сонгож байгуулан хувь заяаныхаа жолоог гартаа авах эрхийг нь мөнгөөр худалдаж, Монголын төр, нам дамнасан олигархи бүлэглэлийн дураар авирлах зэвсэг болгохыг хүсээгүй.

Монгол Улс гадаад “өрийн эргүүлэг”-т буюу “өрийн нүх”-энд унагаж, ирээдүй хойч үеийнхээ амьдралыг олигархуудын өрийн барьцаанд тавихыг хүсээгүй.

Монголын төр авилгад идэгдсэн ялзарч, эрх мэдэлтнүүд өөрсөддөө зориулан баталсан хуулиар халхавчлан, нийгмийн шударга ёс хөсөрдөхийг хүсээгүй.

Зуунаас зууныг дамжин хадгалж, хамгаалж ирсэн төрөлх нутаг, уул усаа хуулийг уландаа гишгэсэн, баялагт шунасан луйварчдаар хорлон сүйтгүүлэхийг хүсээгүй.

Орь залуу оюутнуудаас эхлээд өндөр настан өтгөс хүртэл мөнгө хүүлэгчдийн хүйтэн саварт атгуулж, монгол хүний амьдралын утга учир нь өр дарж, мөлжүүлэн цусаа соруулах зовлон болохыг хүсээгүй.

Улс орны тусгаар тогтнол, бүрэн эрх нэрийн төдий үлдэж, шинэ колоничлогчдын торонд орж, харийн хавсарга дагуул болохыг хүсээгүй.

Үлэмж их баялагтай хэрнээ хоцрогдлын хонхроос гарч чадахгүй, “ардчилал”-ын багаар гоёж гангалсан Дэлхийн гуйлгачин болж амьдрахыг хүсээгүй.

Ядуу дорой амьдрал, шударга бус нийгмээс зугтаж, хөдөлмөрийн чадвар, мэдлэг боловсролтой, эрүүл саруул залуучууд нь үй олноороо төрийн нүүрэн дээр, төрж өссөн нутагтаа, гаднынханд “малиндуулан” байж эх орноосоо дайжихыг хүсээгүй.

Монголчуудын хүсээгүй энэ бүх шинжийг агуулж байгаа одоогийн нийгэм нь Үндсэн хуулиараа тунхагласан Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм (ХИАН) биш гэдгийг эрүүл сэтгэдэг эгэл иргэд маргахгүй гэж бодож байна.

Харин эрх баригчид маань “ХИАН” гэдэг бол монголчуудыг мунхруулж мэхлэхийн тулд “олигархиудын зэрлэг капитализм”-д өмсгөж гоёсон хуурамч баг байсан юм. Итгэсэн хохь чинь гэж мурихгүй байгаасай.

 

Үргэлжлэл бий.

Дашийн Бямбасүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)