Сувилагч, эх баригч нарыг дэмжье
- 2020-04-09
- Дэлхий
- 0
2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр буюу “Дэлхийн Эрүүл Мэндийн Өдөр”-өөр сувилагч, эх баригч нарын ажлыг дэмжих ба эрүүл дэлхий ертөнцийг бий болгоход тэдний оруулж буй хувь нэмрийг дэлхийн манлайлагч нарт батлан харуулахыг зорьж байна.
Сувилагч, эх баригч нар, эрүүл мэндийн ажилтнууд Коронавируст халдвар (COVID-19)- ын эсрэг хариу арга хэмжээ авахад тэргүүн эгнээнд ажиллаж байгаа бөгөөд тэд чанартай, хүлээн зөвшөөрөгдсөн тусламж, үйлчилгээ үзүүлж, хүн амын дунд тохиолдож буй айдас бухимдлыг бууруулахад манлайлж байна. Түүнчлэн тэд эмнэл зүйн судалгаа хийхэд гар бие оролцож нотолгоогоор хангахад үүрэг гүцэтгэж байна. Энгийнээр хэлэхэд тэдэнгүйгээр хариу арга хэмжээ авч чадахгүй.
Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтын зорилтод хүрэхэд сувилагч, эх баригч нарын чадварлаг баг гол үүрэг гүйцэтгэнэ. Сувилагч, эх баригч нарт олон улсын стандартын дагуу боловсрол олгох нь улс орнуудын эдийн засагт эерэгээр нөлөөлнө. Тухайлбал, шаардлагагүй, өртөг ихтэй үйл ажиллагааны төсвийг хэмнэсний дүнд тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах болон бүх нийтийн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлж чадна.
2019 оны 5 дугаар сард хуралдсан Дэлхийн Эрүүл Мэндийн 72-р ассемблейн шийдвэрээр энэ жилийг “Сувилагч, эх баригч нарын жил” болгож зарласан юм. Иймд энэ өдөр ДЭМБ нь “Дэлхийн сувилагчдын байдал-2020” дэлхийн хэмжээний тайланг танилцуулж байна. Уг тайланг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/ нь Олон Улсын Сувилагчдын Нийгэмлэг, Сувилахуйг Одооноос Кампайн, гишүүн орнуудын засгийн газрууд болон бусад түншлэгч нарын дэмжлэгтэйгээр боловсруулсан юм. Тайлангаар дэлхийн түвшин дэх сувилахуйн хүний нөөцийн одоогийн төлөв байдлыг харуулах бөгөөд энэ нь тэдний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд оруулах хувь нэмрийг үр дүнтэй болгоход нөлөөлөхүйц нотолгоонд тулгуурласан төлөвлөлтийг дэмжих зорилготой юм. Мөн тайланг хэлэлцүүлсний дүнд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн мэдээлэл цуглуулах, бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэх, судалгаа, нөлөөлөл ухуулга ба хөрөнгө оруулалтыг ирэх жилүүдэд хэрхэн төлөвлөх тухай хөтөлбөрийг гаргана. Үүнтэй ижил Эх барихуйн хүний нөөцийн тухай тайланг 2021 онд гаргана.
ДЭМБ-ын Ерөнхий захирал Др.Тедрос Гебрейесүс тэмдэглэн хэлэхдээ: “Сувилагч, эх баригч нар нь эрүүл мэндийн тогтолцооны хамгийн чухал тулгуур бөгөөд, 2020 онд дэлхийн улс орнуудыг “Бүх нийтийн эрүүл мэндийн төлөө” тууштай ажиллаж байгаа сувилагч, эх баригч нарыг дэмжих үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийхийг уриалж байна” гэж онцлон тэмдэглэжээ.
Онцлох баримтууд:
- Дэлхийн хэмжээнд, эрүүл мэнд, нийгмийн салбарт ажиллаж байгаа нийт ажиллах хүчний 70 хувь нь эмэгтэйчүүд байна. Сувилагч, эх баригч нар үүний нилээдгүй их хувийг эзэлдэг.
- Сувилагч, эх баригч нар бүх улс оронд бүх цаг хугацаанд тухайлбал, халдварт өвчний дэгдэлт, дайны үед ч хүний эрүүл мэндийн төлөө ажилладаг.
- Бүх нийтийн эрүүл мэндийн төлөөх зорилгод хүрэхийн тулд сувилагч, эх баригч нарын боловсрол, эрх зүйн орчин, тасралтгүй суралцан хөгжих боломжийг хангах нь чухал юм.
- Сувилагч, эх баригч нар ба өвчтөнүүдийн хоорондох харилцаа холбоо итгэл үнэмшил дээр суурилдаг ба хэн нэгний эрүүл мэндийг сайжруулахад ямар тусламж үйлчилгээ хэрэгтэй байгааг сувилагч, эх баригч нар мэддэг. Тэд мөн үйлчлүүлэгчдийнхээ ёс заншил, зан үйлийг сайн мэддэг тул халдварт өвчний дэгдэлтийн үед эсвэляаралтай тусламж үзүүлэхэд чухал үүрэгтэй оролцдог.
- Эх, нярайн эрүүл мэндийг сайжруулахад болон гэр бүл төлөвлөлтөд чухал үүрэг гүйцэтгэдэг эх баригч нарт хөрөнгө оруулалт хийх нь эхийн эндэгдэл, амьгүй төрөлт, нярайн эндэгдлийг 80%-иар бууруулахад нөлөөлж болох юм. Мөн эх баригч нар эмэгтэйн жирэмсэн үеэс эхлэн төрсний дараах тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлбэл дутуу төрөлтийг 25%-иар бууруулахад нөлөөлнө.
- Улс орнууд сувилагч, эх баригч нарын ажлын байрны аюулгүй байдлыг хангах, хамт олон, олон нийтийн хүндлэл, ойлголцлыг сайжруулах болон тэдний ажлыг бусад эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн чиг үүрэгтэй уялдуулах талаар илүү анхаарч ажиллах хэрэгтэй.
Эх сурвалж:
- “Дэлхийн сувилагчдын байдал-2020” дэлхийн хэмжээний тайлан:
- Дэлхийн Эрүүл Мэндийн өдөр:
Сэтгэгдэл (0)