Ц.Цэцэгдэлгэрэх: Хөрөнгө, орлогоо АТГ-т бүртгүүлээгүй бол сонгуульд нэр дэвшүүлэхээс татгалзах үндэслэл болно

УИХ-ын  ээлжит сонгуулийн хугацаа дөхсөн энэ өдрүүдэд холбогдох газрууд дор бүрнээ бэлтгэл ажлыг хангаж байна. Тухайлбал, сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газар хүлээн авч хянаад хуульд нийцээгүй гэж үзсэнээ буцаасан. Ингэснээр ажлын тав хоногийн дотор зарим нам мөрийн хөтөлбөрөө хуульд нийцүүлэх үүрэг хүлээгээд байна. Харин үүний дараагаар буюу ирэх сарын 10-16-ны хооронд улс төрийн намууд сонгуульд нэр дэвшигчдээ   зарлах учиртай.  Ийнхүү нэр дэвших үнэмлэхээ авсан бүх хүн  хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж, АТГ-т бүртгүүлэхээр болжээ. Энэ нь  Сонгуулийн болон Авлигын эсрэг хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд энэ жилээс авч хэрэгжүүлж буй шинэ зохицуулалт юм.  Өөрөөр хэлбэл, сонгуульд  өрсөлдөх хүн бүр өөрийн болон гэр бүлийнхнийхээ  ХОМ-ийг гаргаж, олон нийтэд тайлагнахаар болж байна. Үүнтэй холбогдуулан АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхтэй ярилцлаа.

-Сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг АТГ-аас бүртгэж, хяналт тавих шинэ зохицуулалтыг энэ жилээс мөрдөх юм байна. Ямар хуулийг, хэрхэн өөрчилснөөр нэр дэвшигчдэд ийм үүрэг хүлээлгэж байна вэ?

-Авлигын эсрэг болон Сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд дээрх шинэ зохицуулалтыг энэ жилийн сонгуулаас эхлэн мөрдөхөөр болсон. Ингэснээр сонгуульд нэр дэвшигч бүр ХОМ-ээ гаргаж, АТГ-т бүртгүүлэхээр болж байна. Өмнө нь Авлигын эсрэг хуульд зааснаар бүх шатны сонгуульд нэр дэвшигчид ХОМ-ээ СЕХ болон тойргийн хорооддоо гаргаж бүртгүүлдэг байсан. Харин энэ жилээс дээрх хоёр хуульд өөрчлөлт оруулснаар ХОМ-ээ АТГ-т бүртгүүлэх үүргийг хүлээж байгаа юм. Ингэхдээ   Авлигын эсрэг болон Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигчдийн ХОМ-ийг цахимаар бүртгэж авна. Үүний тулд эхлээд урьдчилсан байдлаар тухайн нэр дэвшигчийн мэдээллийг АТГ-т ирүүлэх ёстой байгаа. Ингэснээр нэр дэвшигч АТГ болон СЕХ-ны   даргын хамтран гаргасан маягтыг бөглөж  ирүүлнэ.  Ингэж ХОМ гаргах нь  улс төрийн бүх нам, эсвэл болон бие даагчдад хамаатай. Урьдчилсан байдлаар өөрийнхөө мэдээллийг  гаргаж, СЕХ-нд  хүргүүлнэ гэсэн үг.  Харин энэ мэдээллийг нь үндэслээд  ХОМ-ийг нь  АТГ-ын цахим хуудаст мэдүүлэх эрхийг нь нээж өгөх юм. Мөн хуулиар сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлээд ХОМ-ээ гаргасны дараа Сонгуулийн тухай хуульд заасны дагуу тухайн нэр дэвшигчийн мэдээллийг АТГ-ын цахим сайтад байршуулна. Энэ нь иргэдэд нээлттэй байдлыг бий болгож байна гэсэн  үг. Өөрөөр хэлбэл, иргэд сонгогчид маань сонгуульд нэр дэвшигчийн орлого, хөрөнгийн байдалд хяналт тавих боломж бүрдэх юм. Тухайлбал, таны амьдарч буй тойргоос нэр дэвшигч өмнө нь хэдий хэмжээний хөрөнгө, орлоготой байсан юм. Сонгуульд ялалт байгуулаад УИХ-ын гишүүн болсныхоо дараа орлого, хөрөнгө нь хэр хэмжээгээр нэмэгдсэн бэ гэдгийг хянах бүрэн боломжтой болно гэсэн үг.  Энэ  хүрээнд АТГ цахим системдээ холбогдох өөрчлөлтийг оруулж, техникийн шинэчлэл хийж байна. Энэ бол сонгуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд манай зүгээс хийж буй томоохон ажлын нэг  юм.

-Сонгуульд нэр дэвшигч  өмнө нь ХОМ-ээ СЕХ болон тойргийн хороодод гаргадаг байсан гэлээ.  Энэ удаагийн шинэчлэл өмнөхөөс ямар ялгаатай юм бэ?

-Сонгуульд нэр дэвшигчийн ХОМ-ийн маягтыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор баталдаг. Энэ маягтыг өөрчлөөгүй. Өмнөх маягтын хүрээнд мэдүүлгээ гаргах юм. Өөрчлөгдсөн зүйл нь цаасан хэлбэрээр байхаа болиод цахим хэлбэрт шилжлээ гэсэн үг. Ингэхдээ мэдээж өмнөхөө бодвол олон нийтэд илүү ил тод, нээлттэй болж байгаа юм. Өмнө нь  зөвхөн СЕХ-нд гаргаж өгдөг байсан бол хүн бүрт нээлттэй болгож нэг шат ахисан шийдэл.  Бас нэг ялгаа нь  СЕХ болон, тойргийн хороондоо мэдүүлэг гаргасан нэр дэвшигч сонгогдсон тохиолдолд АТГ ХОМ-ийг  ирүүлдэг байсан бол одоо нэр дэвшиж буй бүх хүнийхийг татан авч, олон нийтэд нээлттэй болгохоор болж байна.

-Сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг хэзээнээс хэд хоногийн хугацаанд бүртгэх вэ?

-Хуульд зааснаар сонгуульд нэр дэвшигчээр СЕХ-нд  бүртгүүлсний дараа  буюу ирэх сарын 17-19-ний хооронд АТГ-ын цахим сайтад хөрөнгө, орлогоо мэдүүлэх хуультай. Тэгэхээр ирэх сарын 19-ний 24.00 цаг гэхэд манай цахим систем хаагдана. Үүнээс өмнө нэр дэвшигчид  АТГ-ын цахим сайтад нэвтэрч, өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ орлого, хөрөнгийг үнэн зөвөөр мэдүүлэх үүрэгтэй. ХОМ-ийн мэдүүлснийг баталж баталгааны маягтаа нэр дэвшигчээр бүртгүүлэхээр СЕХ-нд хүргүүлэх материалдаа хавсаргах ёстой.

-Хэдийгээр сонгуульд нэр дэвшигчид тодроогүй ч  одоогийн УИХ, Засгийн газрын  гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнууд сонгуульд олонтаа нэр дэвшдэг. Эдгээр хүмүүсийн хувьд дахин ХОМ-ээ гаргах шаардлагагүй гэж ойлгож болох уу?

-Албан тушаалынхаа хүрээнд зарим нэр дэвшигч 2019 оны хөрөнгө, орлогоо мэдүүлчихсэн байгаа. Тэгэхээр дахин мэдүүлэг гаргах шаардлагагүй. Бид цахим системээсээ түүвэрлээд  холбогдох лавлагааг нь СЕХ-нд хүргүүлчихнэ. Тиймээс 2019 оны хөрөнгө, орлогоо мэдүүлсэн хүн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх гэж байгаа бол дахин мэдүүлэг гаргах шаардлагагүй гэдгийг онцолъё. Нэр дэвшигчийн ирүүлсэн ХОМ-ээ гаргасан байдлын талаарх лавлагааг бид нэг хоногийн дотор СЕХ-нд хүргүүлнэ.

-Хэрвээ заасан хугацаанд АТГ-т хөрөнгө, орлогоо мэдүүлэхгүй бол нэр дэвшүүлэхгүй байх үндэслэл болох уу, эсвэл  ямар нэгэн хариуцлага тооцно гэсэн үг үү?

-УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу хэрвээ нэр дэвшигч заасан хугацаанд хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй нь манай лавлагаагаар тогтоогдвол бүрдэл дутуу гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчээр бүртгүүлэх үйл ажиллагаанд заасантай холбоотойгоор ХОМ-ээ мэдүүлээгүй нь нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болно. Мэдээж нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзахаар бол тухайн шийдвэрийг СЕХ-ноос гаргана. Бидний хувьд зөвхөн цахим системд нэвтэрч, мэдүүлгээ гаргасан эсэхийг хянаад холбогдох лавлагааг СЕХ-нд хүргүүлэх юм.

-Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогыг ингэж нийтэд ил болгох нь ямар ач холбогдолтой гэж үзсэн бэ?

-Өмнө нь Авлигын эсрэг хуульд зааснаар бүх шатны сонгуульд нэр дэвшигчид  хөрөнгө, орлогоо мэдүүлдэг байсан. Гэхдээ зөвхөн  өөрийн нэр дэвших тойргийн хороод болон СЕХ-нд цаасаар гаргаж өгдөг байсан. Өөрөөр хэлбэл, сонгуульд нэр дэвшичгийн бүрдүүлэх материал дунд ХОМ-ээ хавсаргадаг байсан гэсэн үг. Тэр үед ХОМ гэдэг нь бүрдүүлэх материалын нэг хэсэг байсан учраас нэр төдийхнөөр гаргадаг байсан гэж хэлж болно. Харин одоо хөрөнгө, орлогын мэдүүлгийг нь цахимаар хүлээн аваад олон нийтэд хүргэхээр болсон нь иргэд, олон нийтийн хяналтад илүү оруулж өгч байна гэсэн үг. Харин хэчнээн хоногийн хугацаанд  олон нийтэд нээлттэйгээр цахим сайтад байршуулах талаар Сонгуулийн тухай хуульд нарийвчлан заасан. Тэгэхээр бид заасан хугацаанд байршуулна. Үүний тулд одоогийн байдлаар цахим системдээ зарим өөрчлөлтийг хийгээд бэлтгэл хангаж байна. АТГ-ын цахим сайтад төрийн өндөр албан тушаалтнуудын сүүлийн таван жилийн ХОМ-ийн хураангуй мэдээлэл байдаг. Нийтийн албан тушаалтны сүүлийн хоёр жилийн мэдүүлэг бий. Тэгэхээр иргэд  эндээс мэдээлэл авч, хяналт тавих бүрэн боломжтой.  Ингэж мэдүүлгээ гаргасан хүмүүсээс жишээлбэл,  энэ удаагийн сонгуульд нэр дэвшихээр болбол харьцуулж харах боломж бүрдэнэ гэсэн үг. Энэ нэр дэвшигч хоёр жилийн хугацаанд төрийн байгууллагад ажиллахдаа ийм хэмжээний хөрөнгө, орлоготой байжээ. Улмаар сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлэхдээ ингэж өөрчлөгдсөн байна. Цаашлаад сонгуульд ялалт байгуулаад УИХ-ын гишүүн болсны дараа хөрөнгө, орлого нь ингэж өсчээ гэх мэтээр харьцуулан харах боломжийг бүрдүүлэх үүднээс хийж буй ажил гэж ойлгож болно.

-Нэр дэвшүүлэхгүй байх нэг үндэслэл болох учраас сонгуульд өрсөлдөх хүмүүс маш сайн нягтлах шаардлагатай юм байна гэж ойлголоо. Гурав хоногийн хугацаанд бүх нэр дэвшигч мэдүүлгээ гаргах боломжтой юу. Мэдүүлэг гаргагчдад  таны зүгээс ямар зөвлөгөө өгөх вэ?

-Мэдүүлэг хүлээн авахаас өмнө СЕХ-ны зүгээс нам, эвслээс сонгуульд нэр дэвших хүмүүсийн ерөнхий мэдээллийг бидэнд ирүүлнэ. Харин бүртгэх явцад тухайн нэр дэвшигчийн цахимаар нэвтрэх код нь и-мэйл хаягаар очих болохоор өөрийн ашигладаг зөв и-мэйл хаягаа өгсөн бичиж өгсөн байх ёстой. Тиймээс үүнд нам, эвслийн ажлын алба юмуу зохион байгуулалтынхан маш сайн анхаарч, ажиллах ёстой. Дээр дурдсанчлан СЕХ, АТГ-аас хамтран гаргасан  маягтын дагуу сонгуульд нэр дэвшигчид холбогдох мэдээллээ СЕХ-нд өгөх учиртай.  Ингээд СЕХ-ноос ирүүлсэн мэдээлэлд үндэслээд АТГ-аас тухайн хүний мэдүүлэг гаргах эрхийг нь нээж өгнө гэсэн үг. Ингэж эрхээ авсан нэр дэвшигчид манайхаас код өгснөөр цахим системд нэвтрэх эрх нь үүссэнээр хөрөнгө, орлогоо мэдүүлэх юм. Түүнчлэн сонгуульд нэр дэвшиж, мэдүүлэг гаргах эрхтэй болсон хүн өөрийн болон гэр бүлийн хөрөнгө, орлогыг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Түүнчлэн хувь эзэмшдэг болон хамтын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө, хувьцаа болон компани, аж ахуйн нэгжийн талаарх холбогдох бүх мэдээллийг ирүүлэх ёстой. Хэрвээ хувьдаа  болон өөрийн хамаарал бүхий компани, аж ахуйн нэгжтэй бол түүгээрээ 2019 онд хэчнээн төгрөгийн ашиг орлого олсон юм гэдгийг үнэн зөвөөр мэдүүлэх хэрэгтэй. Хамгийн гол нь  мэдүүлэг гаргагчийн орлогын эх үүсвэр хаанаас юм бэ гэдгийг маш тодорхой буюу үндэслэлтэйгээр тайлбарласан байх ёстой. ХОМ-ийн хамаарах хугацаа нь 2019 оны 1 дүгээр сарын 01-нээс 2019 оны 12 дугаар сарын 31-ний хооронд буюу 2019 оны ХОМ-ээ гаргаж өгнө.

 М.Өнөржаргал

“Монголын үнэн” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • irgen (31.165.215.200)

    2020-04-13

    ta nar tegeed yagaad idsen uusan toriin ajiltanii davuu talaa ashigladag hymyysiig oruulaad 30 jil bolood bainaa