Тахлын эсрэг бид юу хийж чадах вэ?
- 2020-04-09
- Нийтлэл
- 0
Өнөөдөр бол бүтэн сайн өдөр, эх оронд маань хавар болж байна. Гэхдээ энэ өдөр амралтын өдөр ч биш,. баярын өдөр ч биш, аюулт халдвар дамжин ирсэн хөл хорионы өдөр болж байна. Энэ аюулт тахлын эсрэг бид юу хийж чадах вэ гэдэг сонголт бидний ирлээ. Амьдрал биднээс үргэлж сонголт хийхийг шаардаж байдаг. Байсхийгээд л нэг мэдэхгүй юм гарч түүнийг нь мэдээд авахад дахиад л цаана нь огт мэдэхгүй юм гараад ирнэ. Үүний эсрэг өөрсдийгөө, гэр бүлээ, садан төрлөө элдэв муу бүхнээс хамгаалж байх дархлааг дээд овог маань бидэнд үлдээсэн. Одоо бид цочирдолгүй ухаалаг байж өөрсдөө дотроо ариун цэврээ сахин, халдвар тараахгүй байх хэрэгтэй, ердөө л энгийн сонгодог арга, бидний өдөр тутам хийж чадах зүйл. Хэрэв дотроосоо халдвар алдваас байдал маш хүндрэнэ.
Гаднаас бол ирж буй өөрсдийн иргэдээ бид авах л болно. Харин тэднийг эхлээд шууд нийслэлд оруулах бус хилийн ойролцоох боомт хотуудад тараан байрлуулж эмнэлгийн шинжилгээ авах техник, байр савны нөхцөл боломжтой болох нь чухал байх Төвдөө их ачаалалтай байгаа эмч сувилагч нараа гаднаас ирж буй зуу зуун хүнээр нэг дор дарваас дийлэхгүй болно.
Одоогоор тархалт нэмэгдэх нь тодорхой болж байх шиг байна. Иймээс маш сэрэмжтэй,нийтээрээ хариуцлагатай байх хэрэгтэй. Бид дотроосоо халдвар нэг л алдвал байдал хэцүүдэнэ гэдгий хатуу ухаарах хэрэгтэй. Юу ч хийхгүй, ямарч сонголтгүй суугаад асуудлыг шийдэж чадахгүй тул иргэд бид чадах бүхнээ хийх учиртай.
Тоомсорлохгүй хайхрахгүй байж үл болно. Мэдээж гадаа гарахгүй гэртээ байнга суух гэдэг амаргүй зүйл. Эрүүл үлдэхийн тулд үүнийг тэсвэрлэх хэрэгтэй. Зарим хотын иргэд 70 гаруй хоног гэрийн хорионд суугаад эрүүлжин хориогоо цуцалж байна
Иймээс бид чадах бүхнээ хийе, санаа нэгтэй, хариуцлагатай Алунгоо эхийн багц сум шиг бат бөх байя. Яагаад гэвэл энэ чинь ганц нэгээр чармайгаад давах зүйл биш. Хүн бүр амны хаалт зүүж, гараа угааж, гэр орноо агааржуулж, үр хүүхдүүдээ анхаарч эмч нартаа ачаалал нэмэхгүй, төвөг удахгүй ядаж л онцын шаардлагагүй бол гэртээ сууцгаая. Энэ хариуцлагаа бид бусдад тохох хэрэггүй, өөр дээрээ л авах үүрэгтэй. Үүнийг бид хийж чадна. Үүнээс гадна бас нэг зүйл бий. Толгой тархиа ажиллуулж дороо суурьтай, дотроо ухаантай байцгаая. Өнөөдөр бидний дундаас короновирусийн халдвар гараагүй нь бидний ололт, хамтын дархлаа юм шүү. Энэ бол гоц халдвар тархахаас өмнө иргэд бидний авч чадаж буй энгийн механик хамгаалалт юм шүү дээ.Эмч нар цэвэр эмчилгээний асуудалдаа хүч, мэдлэгээ зарцуулаг. Эмч сувилагч нар болон Улсын онцгой комиссынхон,цагдаа нар маань маш их ачаадлалтай нойр хоолгүй зүтгэж байна. Тэд бол манай үеийн баатрууд, бидний амь сахигч нар юм шүү. Байдлыг үл тоомсорлосон зарим улс орон дайны байдалтай буйг бид харж байна.
Дарга нар маань мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсож, мэргэжлийнхэн маань дарга нарынхаа аяыг даган ярих бус бодит мэдээлэл байнга бидэнд өгч байвал элдэв таамаг, цуурхал гарахаас сэргийлэх болно.Энэ бол улс төр биш, амь үлдэх эсэхээ шийдэх цэвэр эмчилгээний асуудал.
Бид нилээдгүй асуудлыг шийдээд байхад дахиад л цаана нь асуудал гарч байна. Гадны иргэд оруулох нь халдвар тарах эрсдэлтэй байна. Цаашид тэднийг түр зогсоовол дээр байх. Онцгой албаныхан, эмч нартаа бид маш их баярлаж байгаа. Бид тэдэнд юугаар тусалж чадах юм. Өөрсдийгөө халдвараас маш сайн хамгаалж, засгаас гаргаж буй хүсэлт, тавьж буй шаардалгыг нь дагах л хэрэгтэй нэг л толгойтой байя. Мөн тахалын голомтод ажиллаж буй дээрх хүмүүст маш сайн иж бүрэн хамгаалалтын хувцас, ар гэрт нь тусламж дэмжлэг хэрэгтэй дээ. Монгол ахан дүүс минь энэ аюулт тахлыг элэг бүтэн, эсэн мэнд давах болтугай
Найдансүрэнгийн Бадарч