Ш.Шинэбаяр: Дотооддоо үйлдвэрлэж байгаа гурилаа тооцохоор 70-80 мянган тонн гурил дутаж байна

Коронавирусийн цар тахлын үед зарим улс орон дотоодод хүнсний хомсдол үүсэхээс сэргийлж, гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийхээ экспортыг хориглоод байна. Үүнд улаанбуудай, цагаан будаа, элсэн чихэр зэрэг хамаарч байгаа юм. Манай улсын хувьд стратегийн бүтээгдэхүүн болох улаанбуудайг дотоодоосоо бүрэн хангаж чадахгүй байна. Энэ талаар болон цаашид улаанбуудайн хэрэгцээг дотоодоос бүрэн хангах боломжийн тухай Монголын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Ш.Шинэбаяртай ярилцлаа.


-Коронавирусийн цар тахлын үед хүмүүс хүнсний нөөц бүрдүүлэхээр нэг хэсэг шуурсан. Энэ нь ч аргагүй. Ямар ч байсан 60 сая малтай учир маханд санаа зовох зүйл алга. Харин гурилын нөөц, хангамж ямар байна вэ?

-Иргэдийн санаа зовоосон асуудал учир эхлээд айх зүйлгүй гэдгийг хэлье. Энэ жилийн гурилын хангамжийг ярихын тулд ургацтайгаа холбож тайлбарлах ёстой. Тэр дундаа 2019 оны ургацыг ярих учиртай. Бид өнгөрсөн онд 60 жилийнхээ ойгоор 403 мянган тонн буудай хурааж авсан нь үнэн. Гэхдээ гурил хийх улаанбуудайн стандарт гэж бий. Байгалийн хүчин зүйлээс шалтгаалж намар чийг ихтэй байсан тул 403 мянган тонн улаанбуудайнаас Тариалан эрхлэлтийг дэмжих санд 247 мянган тонныг стандартын шаардлага хангасан гурил болохоор буудай хэмээн авсан. Энэ 247 мянган тонн буудайнаас энэ хэмжээний гурил гарахгүй. Буудайн хальс гэх зэргээр хаягдал их гарна. Ерөнхийдөө буудайн 65-70 хувь нь гурил болно гэж тооцдог. Ингэхээр 170 гаруй мянган тонн гурил гарна. Энэ жилийн хувьд ийм хэмжээний гурил дотоодоос хангаж байна. Тэгвэл Монгол Улсад жилд 252 мянган тонн гурил хэрэгцээтэй. Яахав, дээш доош бага хэмжээгээр хэлбэлзэнэ. Гэхдээ таван мянган тонноос хэтрэхгүй. Ингээд дотоодод үйлдвэрлэж байгаа гурилаа нийт хэрэгцээнээсээ хасахаар 70-80 мянган тонн гурил дутагдаж байна. Сард 20 мянган тонн гурил хэрэглэнэ гэж тооцвол бидэнд 3.7 сарын хэрэгцээний гурил дутагдалтай байгаа юм. Гэхдээ Засгийн газар бодлогоо хэрэгжүүлээд яг дутагдалтай байгаа тоо хэмжээгээр улаанбуудай оруулж ирээд гурилаа тээрэмдээд ард иргэдээ ханга гээд үйлдвэрүүдэд квотыг нь өгчихсөн. Тиймээс гурилгүй болчих вий гэсэн айдас байхгүй. Орос, Казахстан байна уу импортолж оруулж ирээд дотоодын үлдсэн гурилын хэрэгцээгээ хангах боломжтой. Илүү улаанбуудай оруулж ирээд намар тариаланчдынхаа улаанбуудайг авахгүй болчих вий гэсэн айдас ч байхгүй гэж ойлгож байна.

-Гурилыг яагаад стратегийн хүнс гэж үзэх ёстой вэ?

-Манай улсад 2004 онд ган болж бид 70 мянган тонн улаанбуудай авсан юм. Гэтэл улсын хэрэгцээ 460 мянга давсан тонн байдаг. Үүнд гурил хийх, дараа жил тарих үрээ авах, спиртийн үйлдвэр, улсын нөөцийн газар өгөх зэрэг бүгд багтаж байна. Тухайн үед Байнгын хорооны хуралдаан дээр зарим бизнесмэн дутагдаад байгаа 250 мянган тонн гурилыг гаднаас оруулаад ирэхэд болох юм биш үү. Заавал газар тариалан мөнгө өгч яах юм гэж байсан. Гэтэл тухайн үед Орос, Казахстан ургац алдаад улаанбуудайгаа өгөхөө больчихсон. Бид аргагүйн эрхэнд Япон, Америкаас улаанбуудай оруулж ирж гурил тээрэмдэж байлаа. Мөн хаа хол Америкаас гурил зөөж байсан удаатай. Тэр үед ямар хэцүү болохыг мэдэрч 2004 оны УИХ-аар улаанбуудай, мах хоёрыг стартегийн хүнс гэж оруулж өгсөн. Энэ хүнсийг өөрсдөө үйлдвэрлэхээс өөр арга байхгүй. Хүний ам руу шууд ордог бүтээгдэхүүн тул өөрсдөө хянаж, эрүүл ахуйн шаардлагыг баталгаажуулж байх ёстой. Энэ нөхцөл байдлыг коронавирус дахин харууллаа. Дэлхийн олон оронд хүнсний хомсдол үүсч байна. Цаашид хөл хорио удаан үргэлжилсээр байвал зарим оронд иргэдийнхээ ам руугаа хийх юм олдохгүй байдал руу шилжиж болзошгүй. Тэгвэл энэ цаг үед монголчууд махаа чанаад, гурилаа шидээд хоолоо хийгээд идчихэж байна. Энэ чинь үндэсний аюулгүй байдлын гол зорилго, агуулга юм.

-Өмнө нь одоогийн хэрэгцээг 2-3 нугалсан их хэмжээний ургац авч байжээ. Гэвч 1990-ээд оноос унасан. Бид ямар алдаагаа засах ёстой вэ?

-Атрын I аяны жилүүдэд гурван жилд л ургац алдаж байсан. Жилийн ургацын дундаж хэмжээ 320 мянган тонн байсан. Хоёрдугаар аяны хугацаанд жилд дунджаар 600 мянган тоон улаанбуудай хураан авч байсан. Ургац алдсан жил нь ганц. Тэр нь 1980 онд 286 мянган тонн улаанбуудай хурааж авч байсан юм. Гэтэл 1991 оноос 2007 он буюу 17 жилийн 13 жилд нь ургац алдсан байдаг. Зарим жил бүр 70 мянган тонн, ер нь 100 гаруй мянган тонн ургац л авч байсан. Энэ бүхнээс стратегийн салбарт төрийн бодлого хэрэгтэй, дэмжиж явах шаардлагатай гэдэг нь харагдаж байна. Зах зээлийн нийгэмд шилжиж төрийн бодлого алдагдсанаар ингэж их ургац алдсан байгаа юм. Гэтэл улс орнууд коронавирусийн халдвар гарахад бүх юмаа хааж байна. Орос гэхэд элсэн чихэр, цагаан будаа зэрэг голлох нэрийн бүтээгдэхүүнийхээ экспортоо зогсоочихлоо. Цар тахал хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй тул дотоодын хэрэгцээндээ зориулж нөөцөлж байна. Яахав, өнгөрсөн жил Орос улаанбуудай сайн авсан учир экспортлохыг зөвшөөрч байгаа. Хэрэв Орос улаанбуудайн экспортоо хаасан бол бид хаанаас буудай авах вэ. Энэ үед бэлэн гурил оруулж ирэх шаардлага үүснэ. Ингэхээр гурилын үйлдвэрүүд ажилгүй болж унана. Энэ бүхнээс стратегийн бүтээгдэхүүнээ дотоодоос хангахын тулд тогтвортой өсөлттэй ургац авах, үүнд төрийн бодлого, дэмжлэг хэрэгтэй нь харагдаж байна.

-1990-2007 оны хооронд 13 удаа ургац алдахад байгаль цаг уурын нөлөө хэр их байсан бэ. Төрийн дэмжлэгийг хэрхэн үр дүнтэй болгох вэ?

-10 жилийн хугацаанд хамгийн ихдээ 3-4 удаа л гарцаагүй гамшигт үзэгдэл тохиолддог. Дээрх хугацаанд ган гачиг нөлөөлсөн ганц, хоёр жил л бий. Гол нь төрийн нэгдсэн бодлого, дэмжлэг дутагдаж, санхүүгийн хүндрэлтэй байдал үүсч, технологийн хүчин чадал муу зэрэг байдлаас болж олон удаа ургац алдсан. Дээр нь банкны хүү өндөртэй. Тухайн үед сарын хүү бараг 10 хувь байлаа. Гэтэл газар тариалан ийм хэмжээний эрсдэл үүрч ажиллана гэдэг хүнд. Хавар үр, бордоо, шатахуунаа авна, цалин өгнө гэх зэргээр бөөн мөнгөний хэрэг гардаг. Ингээд сарын 10 хувийн хүүтэй зээл авахад есөн сарын дараа хоёр нугалж төлж байгаа юм. Гэтэл энэ салбар өм цөм ашиг олдоггүй. Хамгийн дээд тал нь 30 хувийн ашиг хүртэнэ. Бүх сайхан тохироо бүрдэж байж энэ хэмжээний ашиг олно шүү.

Харин санхүүгээр дэмжээд өгвөл яаж босч болохыг Атрын-III аян харуулж байна. Гэхдээ тогтвортой ургац авах хэмжээнд хүртэл явахгүй байгааг 2015, 2017 зэрэг оны ургац алдалтуудаас харж болно. Яг хоёрдугаар аян шиг хэвийн өсөлттэй ургац аваад тогтвортой явж чадахгүй байна. Тийм учраас ургац тогтворжуулах бодлого барих ёстой гэж боддог.

Нэгдүгээрт, мэдээж төрөөс дэмжлэгүүд хэрэгтэй. Тариаланчдад тонн буудай тутамд 50 мянган төгрөгийн урамшуулал өгдөг. Энэ дэмжлэг мөн. Гэхдээ эдийн засгийн боловсрол багатай хүнд шууд мөнгө өгөхөөр хүүхэд чихэр авах гээд дэлгүүр рүү гүйдэгтэй ижилхэн болчихож байна. Төр засгаас урамшуулал өгч байгаа юм машин авчихъя, хүүхдийнхээ сургалтын төлбөрт өгчихье гэдэг хандлага тариаланчдын дунд их. Тиймээс энэ мөнгийг үрээр өгч болно. Ингэхдээ яг сортын үрээр нь өгөх хэрэгтэй. Одоо манайд үрийн бодлого алдагдсан. Ургац алдаж байгаа нь үүнтэй холбоотой. Супер элит, элит үрээр тарих ёстой. Супер элит, элит, нэг, хоёр, гуравдугаар гэх зэргээр таван жилийн дараа үрээ шинэчлэх ёстой. Тэгэхгүй давтан тариалаад байх юм бол чанар муудаад, ургац багасаад байна. Үрээ сольж чадахгүй учир байгаа юмаа тариад явдаг. Нөгөө талаас мэргэжлийн дутмагшил байгаа учир үр нь болоод байгаа эсэхийг сайн мэддэггүй.

Хоёрдугаарт, ургацыг нэмэгдүүлдэг эрдэс бордоо байна. Үүнд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Жишээ нь, 20 тонн будаа тушаасан бол урамшууллын мөнгөнд чинь тааруулж бордоо өгнө гэж болно. Хэрэв өнгөрсөн жил бордоогоор дэмжээд өгсөн бол ургацын хэмжээ 30 хувиар өсөх байлаа. Энэ мэтээр ургацыг тогтвортой дээшлүүлж чадах хүчин зүйлсийг дэмжих ёстой. Мөн ургамал хамгааллын бодис байна. Үүнийг хэрэглээгүйгээс болж ургацыг 30 хүртэл хувиар багасгаж байдаг. Манайханд мөнгө хэлбэрээр дэмжлэг үзүүлэхээр зориулалтын дагуу ашигладаггүй. Мэдээж бүгд биш.

-Ургацаа өсгөхөд талбайг нэмэхээс илүү нэг га-аас авах хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай юу?

-Салбарын яамнаас ярьж байна лээ. 340 гаруй мянган га-д уринш хийсэн. Хавар үрэлгээгээ хийнэ гэж байна. Эндээсээ л чанаржуулж, ургацыг нь нэмдэг ургамал хамгааллын бодис, бордоо энэ тэрийг нь бэлэн мөнгөний оронд өгчих юм бол бид асуудалгүй га-гаас 12 центр ургац авчихна. Ингэснээр 400 гаруй мянган тонн буудай хураах боломжтой. Технологио баримтлах учиртай. Намар комбайны тохиргоогоо сайн хийхээс л эхэлнэ. Сайн тохиргоо хийгээгүйгээс болж нийт будааны 8 хувь нь талбай дээр хаягддаг. Энэ мэт өөрөөс шалтгаалах зүйлсээ хийж чадвал га-гаас 18 центр авсан ч болно. Тэгвэл талбай нэмэхгүйгээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах буудай хураах боломжтой.

Ер нь Орос, Хятад тухайн жилийн хэрэгцээнээс давж дахин нэг жилийн нөөц бүрдүүлдэг. Хэрэв тэдэн шиг нэг жилийн нөөц нэмж бүрдүүлнэ гэвэл талбайгаа нэмэгдүүлнэ. Манай компаниуд 750-800 мянган га талбай ашиглаж байгаа. Социализмын үед 1.2 сая га байсан. Тэгэхээр атаршсан 400 гаруй мянган га талбайгаа эргэлтэд оруулж болно. Гэхдээ болох болохгүйг мэргэжлийн байгууллага, хүрээлэнгүүд шийдэх ёстой.

Манайд жилд 430 гаруй мянган тонн улаанбуудай хэрэгтэй. Чи гайхаж байж магадгүй, 300 гаруй мянган тонн буудай гэж дээр ярьсан. Тэр чинь 252 мянган тонн гурил хийхэд зарцуулагдах буудай юм. Нэмээд үр нөөцлөх хэрэгтэй. Манайх 300-400 мянган га-д тариалдаг. Нэг га-д 150-170 кг үрийн нормоор боддог. Ингэхээр 51-60 мянган тонн үр нөөцлөх хэрэгтэй. Дээр нь Онцгой байдлын газарт нөөц бүрдүүлдэг. Энэ нь 10-аад мянган тонн. Мөн спиртийн үйлдвэрт 10-15 мянган тонн буудай шаардлагатай. Ингээд ерөнхийдөө 430 гаруй мянган тонн улаанбуудайн жилийн хэрэгцээ гарч ирж байна.

-Төр газар тариалангийн салбарыг оновчтой дэмжиж, нэг га-гаас авах ургацын хэмжээ нэмэгдэж, тогтвортой ургац авах чиглэл рүү явах ёстой юм байна. Тэгвэл улс төрийн үл ойлголцол газар тариалангийн салбарт хэрхэн нөлөөлж байна вэ?

-Яам үйлдвэрүүдэд гурилын үнээ нэмж болохгүй шүү гэдэг. Эргүүлээд гурилын үнэ нэмэхгүй гэвэл буудайгаа хямд авмаар байна гэдэг. Ингээд Тариалан эрхлэлтийг дэмжих санд улаанбуудайг хэдэн төгрөгөөр худалдаж авах талаар зөвшилцдөг. Үүнээс болоод улс төрийн багахан маргаан гардаг. Түүнээс биш ойлголцохгүй байгаа зүйлгүй. Та анзаарсан бол өнгөрсөн арав гаруй жилд улаанбуудайн үнэ дорвитой өсөөгүй. Гурил арав гаруй жилийн өмнө 800 төгрөг байсан бол одоо 1000 төгрөг жаахан гарсан. Хэрэв гурилын үнэ огцом өсөөд ирвэл махны ханш нэмэгдэхээр юу болдог билээ, түүнтэй ижил хүндрэл тулгарна. Тиймээс ард түмнээ бодсон бодлого хэрэгжүүлж байгаа учир улс төрийн бага зэргийн маргаан гардаг.

Тариаланчид маань жаахан ажиллах ёстой. Бидэнд 700-800 мянган га эргэлтийн талбай байна. Үүнээс 350 орчим мянган га-д тариалж, үлдсэнд нь уринш хийдэг. Талбайг 100 хувь гэж үзвэл 50 хувьд нь ашиг олоод, 50 хувьд нь өнжөөгөөд байна шүү дээ. Тэгвэл уринш, улаанбуудай, арвай гэсэн гурван сэлгээтэй болох хэрэгтэй. Ингэх юм бол 100 хувийн талбайн 66 хувиас ашиг авдаг болно. Энэ чиглэл рүү явах хэрэгтэй. Үүн рүү орохын тулд яаманд мэргэжлийн хүмүүс зөвлөх ёстой, бодлого зөв хэрэгжих хэрэгтэй. Дээрх нэмэлт сэлгээ оруулж ирж тарьвал арай жаахан нэмүү урамшуулал өгнө гэдэг ч юм уу. Атрын-II аяны үед бүр таван сэлгээ байсан. 100 га байлаа гэхэд 20 га-д нь уринш хийж, 85 га-аас ашиг олж байсан. Дэлхийн зах зээлийн хандлага ч ийшээ явж байна.

Ер нь мал маллахаа марксизмаар заалгахгүй гэдэг шиг газар тариалангийн салбарт бүхэл бүтэн давхарга, үйлдвэрлэгчид бий болчихсон. Үүнд улс төр ерөөсөө хэрэггүй. Бужигнуулж улс төр хийхийн оронд зүгээр л зөв дэмжээд өгчих. Одоо зах зээлийн хэдэн жилд шалгараад яг энэ салбарт үнэнч явах, чадах нь үлдчихсэн. Гол нь зөв дэмжлэг л хэрэгтэй байна. Улс төр хийх гэж байгаа бол өөрийнхөө идэх гурилны чанар, хангамжийн төлөө хий.

Г.БАТЗОРИГ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)