Шинэ коронавируст халдвартай холбоотой хөрш орнуудын нөхцөл байдал

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин улс орны хэмжээнд онц байдал зарлах, мөн орон даяар болон тодорхой нутаг дэвсгэрийг бэлэн байдалд шилжүүлэх эрх Засгийн газарт олгох тухай зарлигт гарын үсэг зурсан. Мөн “ажлын бус” өдрүүдийг 04 дүгээр сарын 30-ныг хүртэл сунгаж, тухайн нөхцөл байдалдаа тохирсон нэмэлт арга хэмжээ авах бүрэн эрхийг орон нутгийн удирдлагад олгов. Үүнтэй холбоотойгоор эрчим хүч, орон сууцны төлбөрөө хугацаанд нь төлөөгүй хэрэглэгчдэд торгууль, хүү бодохыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хоригложээ.

Тэрээр мөн Москва хотын нөхцөл байдал хүндэрч байгааг онцолсон бол Москва хотын захиргаа хот руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлахгүй гэдгээ мэдэгдээд байна. Тус хотод коронавирусээр өвчилсөн 2475 тохиолдлын 46 хувь нь 18-45 насны, 33 хувь нь 46-65 насны, 15 хувь нь 65-аас дээш насны, 6 хувь нь 80-аас дээш насныхан эзэлж байгаа аж. Москва хотод 2 эмнэлэг бэлтгэсэн бөгөөд Халдвар судлалын төв институтийн бүтээсэн коронавирусний эрт үеийн оношлуурыг Москва мужийн хэмжээнд худалдаанд гаргахаар болжээ.

Мөн “Covid-19”-ийн улмаас иргэд болон эдийн засагт учирч буй хүндрэлийг давах зорилгоор дараах нэмэлт арга хэмжээг авах болсноо танилцууллаа:

Нэг. Эмч, эмнэлгийн ажилтныг дэмжих арга хэмжээ:

Эмнэлгийн байгууллагын ажилтнуудын урамшуулалд зориулж 10 тэрбум рубль зарцуулах болов. Энэ ангилалд багтсан эмнэлгийн ажилтнууд 3 сарын турш дараах урамшуулал авна:

  • эмч 80 мянган рубль;
  • эмнэлгийн дунд мэргэжилтэн /сувилагч, бага эмч/ 50 мянган рубль;
  • эмнэлгийн бага мэргэжилтэн 25 мянган рубль;
  • түргэн тусламжийн эмч 50 мянган рубль;
  • түргэн тусламжийн жолооч, сувилагч, бага эмч 25 мянган рубль.

Хоёр. Бизнесийг дэмжих арга хэмжээ:

  • орон нутагт ачаа болон зорчигч тээврийг хязгаарлах, эдийн засгийг зогсоохыг хориглох;
  • өвчний дэгдэлтийн улмаас хохирол хүлээсэн ждү-үүдийн нийгмийн даатгалын хураамж төлөх хугацааг 6 сараар хойшлуулах. хуримтлагдсан өрийг сар бүр хувааж төлөх;
  • төв банк, засгийн газар иргэдийн ажлын байр болон цалин хөлсийг хадгалах үүднээс бизнесийг дэмжих нэмэлт хөтөлбөр 5 хоногийн дотор боловсруулах;
  • ажлын байраа хадгалсан компаниудад эхний ээлжид туслах;
  • эрсдэл нэмэгдсэний улмаас үйл ажиллагааг нь зогсоох аж ахуйн нэгжийн жагсаалтыг гаргаж, бусад аж ахуйн нэгжийг ажиллуулах.

Гурав. Нийгмийн хамгааллын арга хэмжээ:

  • зээлийн “амралтын” хөтөлбөрийг өргөжүүлж, аль болох олон иргэн хамрагдах боломж бүрдүүлэх;
  • түр хугацаанд ажилгүй болсон иргэдийн орлогод 3-7 насны хүүхдэд олгох мөнгө болон бусад халамжийг хамруулж тооцохгүй байх;
  • 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлсэн иргэн бүрт 3 сарын турш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх /12130 рубль/ тэтгэмж олгох;
  • паспорт, жолооны үнэмлэх болон бусад баримт бичгийг хөл хорио тогтоосон үед автоматаар сунгах зэрэг болно.

ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин “Covid-19”-ийн өвчлөлтэй тэмцэхэд 2.6 тэрбум рубль зарцуулах талаар мэдэгдэв.

ОХУ-д коронавирусний халдвартай холбоотой хорио цээрийн дэглэмээс үүдэн иргэд, бизнес эрхлэгч аж ахуй нэгжүүд эдийн засгийн хохирол ихээр амсаж байгаа тул Засгийн газраас дараах цогц арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

1. Галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотой Оросын төмөр замын байгууллагууд ашиглагдаагүй галт тэрэгний тасалбарыг 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ямар нэг шимтгэлгүйгээр буцаан авч, мөнгийг бүрэн олгож байна.

2. Сбербанк, ВТБ, MSP-банк, Промсвязбанк, Газпромбанк, Альфабанк, Откритибанк зэрэг банк 04 дүгээр сарын 08-ны өдрөөс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийг дэмжих, ажилчдын цалингийн нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор ЖДҮ эрхлэгчдэд хүүгүй зээл олгохоор төлөвлөж байна. Оросын Төв банк дээрх зорилгоор банкнуудын цалингийн зээлийн санд 150 тэрбум рубль хуваарилсан.

3. 03 дугаар сарын 31-нээс 12 дугаар сарын 31-нийг дуустал этилийн спирт, согтууруулах ундаа, түүний найрлага бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэх, газрын хэвлий ашиглах болон телевиз, радио, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх зэрэг тусгай зөвшөөрлийн хугацааг 12 сараар сунгах шийдвэр гаргав.

4. Иргэд орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд он дуустал торгууль ногдуулахгүй байхаар шийдвэрлэв.

Гэвч энэ нь төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй гэдгийг онцолж, хорио цээрийн дэглэмтэй холбоотой нөөцийн хангамжийн байгууллагуудын ачаалал нэмэгдэж байгаа тул төлбөрөө цаг тухайд нь төлөхийг уриалж байна.

ОХУ-ын Засгийн газар агаарын болон авто тээврийн; соёл амралтын; биеийн тамир, эрүүл мэндийн; аялал жуулчлал, зочид буудал, нийтийн хоолны; боловсролын (төрийн өмчийн бус); ахуйн үйлчилгээний; үзэсгэлэн, хурал зөвлөгөөн зохион байгуулагч компаниудыг “Covid-19”-ийн улмаас хамгийн ихээр хохирч буй салбар хэмээн зарлаж, тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн зээлийн эргэн төлөлтийг 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хойшлуулахыг банкнуудаас хүссэн байна.

ОХУ-ын Засгийн газраас эмнэлгүүдэд вирусний халдвартай өвчтөнийг хүлээн авахад шаардлагатай тусгаарлах өрөө байгуулах, эмнэлгийн тоног төхөөрөмж, амьсгалын аппарат, хүчилтөрөгчийн систем зэргээр хангах зорилгоор 33.4 тэрбум рубль (442 сая ам.доллар) зарцуулсан байна. Тус улсын Эмнэлэг биологийн агентлагийн боловсруулсан түргэвчилсэн оношлуурыг улсын хэмжээнд болон гадаадын 30 гаруй оронд нийлүүлж байгаа бөгөөд цаашид Европ, Зүүн Өмнөд Азийн орнууд болон АНУ-д нийлүүлэхээр төлөвлөж байгаа талаар Технологийн инновацын төв мэдээллээ. Уг оношлуур нь 94-өөс дээш хувийн нарийвчлалтай, 40 минутын дотор хариу гардаг байна.

ОХУ-ын эрүүл мэндийн байгууллагууд “өвчний тархалтад “тэсрэлт” гарах магадлал бага. Улсын хэмжээнд “Covid-19”-ийн халдвартай өвчтөнүүд хүлээн авахаар 90 мянган ор бэлтгээд байгаа бөгөөд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын халдварын эсрэг бэлтгэл дунд буюу “боломжийн” түвшинд байна” гэж мэдэгдлээ. Гэвч тус улсын халдвар авсан иргэдийн 20 хувь нь шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилсөн, мөн гадаад улсад зорчсон иргэд өөрийгөө тусгаарлах дэглэм бүрэн сахихгүй байгаа нь нөхцөл байдал муудах эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Мэргэжилтнүүд өвчний тархалт нэмэгдэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл нь шинж тэмдэггүй өвчтөнүүд бөгөөд нийт халдвар авсан иргэдийн 10-50 хувь нь энэ төрлийн өвчтөн байгаа тул нийтийг хамарсан оношилгоо хийх шаардлагатай гэж үзэж байна. Мөн тусгаарлах дэглэм сахиж, гадаад улсаас ирэх иргэдийн хөдөлгөөнийг бүрэн зогсоосон цагт өвчний тархалт зогсоно гэжээ.

ОХУ-ын мэргэжилтнүүдийн тооцоолсноор өвчний оргил үе тус улсад 10-14 хоногийн дараа эхэлж, 06 дугаар сарын дунд үе хүртэл үргэлжлэх магадлалтай аж. Үүний зэрэгцээ Оросын дийлэнх мужид томууны өвчлөл нэмэгдсэн, “Covid-19”-ийн оношлуурын хүрэлцээ хангалтгүй байгаа тул эмнэлгийн байгууллагууд 38.5 хэмээс доош халуунтай иргэдэд томуу гэсэн онош тавьж гэрт нь буцааж, шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслээ ашиглуулахыг хувийн эмнэлгүүдээс хүссэн байна.

Тус улсын эрүүл мэндийн байгууллагаас эмнэлгийн үзлэгт хамрагдах албан ёсны бичиг олгосны үндсэн дээр зөвхөн гадаад улсаас ирсэн сэжигтэй шинж тэмдэгтэй зорчигчид; халдвар авсан нь тогтоогдсон хүнтэй харилцаанд орсон; уушгины хатгалгаа өвчний оноштой; амьсгалын замын өвчний зовиур илэрсэн 65-аас дээш насны; халдвар авсан хүнтэй ажиллаж буй эмнэлгийн байгууллагын албан хаагчид; байнгын ажиллагаанд байгаа тусгай мэргэжлийн байгууллага; цэргийн анги нэгтгэл, асрамжийн төвүүд, шүүх, хуулийн болон хүчний байгууллагын ажилтнууд, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн албан хаагчид зэрэг иргэдийг “Covid-19” вирусний халдварын шинжилгээнд хамруулж байна.

Харин дээрх ангилалд багтаагүй бусад хүн, тус улсад суугаа дипломат төлөөлөгчид болон албаны хүмүүс вирусний шинжилгээнд хамрагдах боломжгүй бөгөөд өвчний шинж тэмдэг илэрч байна гэж үзвэл өөрийгөө тусгаарлаж, ажиглалтад авах, хэрэв биеийн байдал хүндэрч, шинж тэмдэг нэмэгдсээр байвал түргэн тусламжийн утсанд хандаж, эмчийн зөвлөсөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх боломжтой аж. ОХУ-ын “Роспотребнадзор” агентлагаас тус улсын нийт нутаг дэвсгэрт ирээдүйд үүсч болзошгүй ноцтой нөхцөл байдал, халдварын огцом өсөлт, эмнэлгийн байгууллагын хүчин чадал, тоног төхөөрөмж, ор, амьсгалын хэрэгслийн хүрэлцээ зэргээс хамаарч коронавирусний халдвар нь хөнгөн шатандаа үргэлжилж буй өвчтөнүүдийг гэрийн хөл хорионы нөхцөлд асаргаа сувилал хийх санаачилга гаргаж байна.

ОХУ нь одоогоор Австри, Азербайжан, Герман, Итали, Казахстан, Хятад, Умард Солонгос, Киргиз, Латви, Литва, Молдав, Монгол, Польш, Тажикистан, Узбекистан, Украйн, Франц, Финлянд, Чех, Эстони, Беларус зэрэг нийт 20 гаруй улс руу хийх галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоогоод байна. Мөн хилийн чанадаас өөрийн иргэдийг татан гаргахаа түр зогсоосонтой холбоотойгоор гадаадад суугаа 26 мянга орчим иргэн нутаг буцах эсвэл тусламж авахыг хүсч өргөдөл гаргажээ.

ОХУ-ын зарим субьектүүд ч дотоодын хөдөлгөөнийг хязгаарлаж эхэллээ. Тухайлбал, Алтайн БНУ Москва руу хийх нислэгийг зогсоосон бол “Оросын төмөр зам” нийгэмлэг Калининград чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоогоод байна. Мөн Красноярск, Томск, Норильск зэрэг хотууд Москва болон Санкт-Петербургээс ирж буй иргэдийг 14 хоног тусгаарлахаар боллоо. Тус улсын Эрүүл мэндийн яам анагаахын мэргэжлээр суралцагч оюутнууд хүсэлт гаргасан тохиолдолд амбулаторийн хяналтад байгаа өвчтөнд зайнаас хяналт тавих, шуурхай албаны дуудлага хүлээн авах зэрэг практик сургалт, дадлагад хамрагдах боломжтой гэв.

Манай улстай хил залгаа ОХУ-ын субъектүүдийн хувьд Буриадын БНУ-ын нөхцөл байдал хүндэрч болзошгүй байна. Өвөрбайгалийн хязгаарт Москва хотоос “Covid-19”-ийн халдвар зөөвөрлөгдөж ирсэн ч өвчтөнтэй нэг онгоцоор зорчсон 69 иргэнээс халдвар илрээгүй байна. Тус хязгаарын засаг захиргаа өвчний тархалтаас сэргийлэх зорилгоор бусад муж хотоос ирж буй иргэдийг 14 хоногийн турш заавал тусгаарлах шийдвэр гаргав.

Буриадын БНУ-д шаардлагатай эм, эмнэлгийн тоног төхөөрөмж авах, нэмэлт ор дэлгэхэд зориулж орон нутгийн төсвөөс 252 сая рубль, Холбооны төсвөөс 136 сая рубль гаргахаар боллоо. Өвчний тархалтыг зогсоох зорилгоор Буриадын БНУ, Эрхүү муж, Өвөрбайгалийн хязгаарын удирдлага 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн оршин суугчид, түүний дотор 60-аас дээш насны болон архаг хууч өвчтэй иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг үүрэг болгов. Иргэд гэртээ хамгийн ойр дэлгүүрээс хүнс худалдаж авах, гэрээсээ 100 метрийн зайд тэжээвэр амьтан салхилуулах боломжтой боловч өөр хоорондоо 1.5 метраас дотогш зайд ойртож болохгүй аж. Мөн дэлгүүрт нэг дор 50-иас дээш тооны худалдан авагч үйлчлүүлэх, яаралтай эмнэлгийн тусламж авах, ажилд явахаас бусад тохиолдолд гэрээс гарахыг хориглосон байна.

 

БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛС

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян автозамын боомтоор халдвар импортлогдохоос сэргийлэхэд онцгой анхаарах чиглэлийг холбогдох байгууллага, албан тушаалтанд өгсөн байна. Тэрээр иргэдийн хил нэвтрэлтэд тавих хяналтыг сайжруулж, “Covid-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд хөрш орнуудтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэйг сануулсан байна. 

БНХАУ “Covid-19”-ийн шинж тэмдэггүй халдвар бүхий иргэдийг илрүүлэхэд чиглэсэн ажлыг идэвхжүүлж байна. Энэ хүрээнд “Covid-19”-ийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд, халдварын эрсдэл өндөр хүн ам, газар оронд чиглэсэн судалгаа хийхээр төлөвлөөд байна. Түүнчлэн улсын хэмжээнд “Covid-19”-ийн шинж тэмдэггүй халдвартай иргэдийг илрүүлэхэд анхаарч, илэрсэн тохиолдолд нэн даруй 14 хоног тусгаарлах, тусгаарлалтын хугацаа дуусах үед 24 цагийн давтамжтай нуклейн хүчлийн шинжилгээ хийж, хариу 2 дараалан “сөрөг” гарсан нөхцөлд тусгаарлалтаас гаргах шаардлага тавьж байна. Мөн шинж тэмдэггүй халдварын тохиолдол илэрсэн даруйд халдвар тархалтын судалгааг 24 цагийн дотор хийх ёстой аж.

БНХАУ-ын Худалдааны яамны Гадаад хөрөнгө оруулалтын газрын дарга Жүн Чанчин 04 дүгээр сарын 03-ны өдөр мэдээлэл хийхдээ “гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хурдацтай сэргэж, үйлдвэрлэгчдийн 70 орчим хувь нь хэвийн ажиллагаанд ороод байна” гэв. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн 98.8 хувь нь сэргэжээ. Мөн 03 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар гадаадын хөрөнгө оруулалттай 8756 томоохон гол аж ахуйн нэгжийн 66.9 хувь нь үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үйлдвэрүүд нийт хүчин чадлын 70 орчим хувиар ажиллаж байна.

БНХАУ-ын Зам, тээврийн яамнаас улсын хэмжээнд галт тэрэг, автомашины хөдөлгөөн хэвийн горимд орсныг мэдэгдэв. Тухайлбал, Хубэй мужийн Ухань хот 04 дүгээр сарын 08-ны өдрөөс агаар болон зам тээврийн хөдөлгөөнийг сэргээснээр Бээжингээс хийгдэх 200 гаруй дотоодын нислэг мөн сэргэж байна. Үүнтэй холбоотойгоор сүүлийн 2 сарын турш тус хотод “гацаад” байсан иргэд Хятадын бусад муж, хотууд руу явах боломжтой болжээ. Гэхдээ иргэд хотоос болон орон сууцны хорооллоос гарах, нийтийн тээврээр болон дэлгүүрээр үйлчлүүлэхийн тулд эрүүл мэндийн үзлэгт орж эрүүл гэсэн тодорхойлолт бүхий бичиг эсвэл QR кодыг биедээ авч явах шаардлагатай аж.

Бээжин хотын захиргаанаас “Covid-19” халдварыг дахин дэгдэхээс сэргийлж, авч хэрэгжүүлж буй аливаа арга хэмжээ, шийдвэрийг гадны иргэд мөрдөөгүй тохиолдолд БНХАУ-ын хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг анхааруулав.

Түүнчлэн Хонконгийн Их сургуулийн тэргүүлэх микробиологич Хо Паклэүн Засгийн газар иргэдийг олон нийтийн газар амны хаалт заавал хэрэглэхийг хуульчлах хэрэгтэй хэмээн мэдэгдэв. Хонконгт хоолны газарт хооллохоос бусад үед амны хаалт заавал хэрэглэх журам үйлчилж байгаа ч журмын үйлчлэх хүрээг тэлж, эмнэлэг болон бусад олон нийтийн газрыг хамруулах хэрэгтэй хэмээн тэрээр үзэж байгаа аж.

 

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)