Амар байна уу, ээжээ
- 2020-04-10
- Нийтлэл
- 0
Та минь буман дарь эх заларсан энхжингийн орондоо түмэн зулын гэрэлд амар амгалан сууна уу. Алтан нар, амьтай бүхнийг аглагчлалгүй илч гэрлээрээ ээж, дулаацуулдгийн нэгэн адил ачит ижий минь та халуухан хайраараа хүүгээ өсгөж гарыг минь ганзганд, хөлийг минь дөрөөнд хүргээд бурхны орондоо зорьжээ. Хүний амьдрал богинохон, цаг хуацаа гэж хурдан юмаа ээж ээ. Бурханд заларсан таныгаа үгүйлж буурап хорвоод танаараа дутаж, таныгаа дуудаж таныгаа дуулсаар үртэй бүхэн төлжиж үндэстэй бүхэн дэлгэрсэн 18 дахь хавартайгаа золгож муу хүү нь тандаа захидал бичиж сууна. Хэдэн жилийн өмнө хүүгийн тань насан баярын өдөр тохиож "Миний ижий орчлон хорвоод хүүтэй болсон ээжий минь баярын өдөр” хэмээн өөртөө, бас өрөөлд дуулгаж “Ээж ээ хүү нь дуулж л явна" дурсамж нийтлэлээ бичиж тэнгэрт суугаа тандаа илгзэсэн, та минь хүлээн авсан биз ээ.
Санчиганд минь хяруу сууж сэтгал минь дотогшоо өмөлзөхийн цагт аминаасаа амь төрүүлсэн амьд бурхан, алтан нутаг хоёроо л даан ч их санах юм. Нас цаашлах тусам нутаг, ээж хоёр наашилдаг юм байна шүү ээжээ. Арван хүүхэд төрүүлж өсгөн “Алдарт эх”-ийн хос одонгоор энгарээ гоёсон та минь биднийгээ "ухаан байвал нас багаддаггүй юм" хэмээн ухааруулж өсгөсөн сүүтэй бурхан шүтээн минь билээ.
Бид хэд чинь хоорондоо хоёр, хоёр насны л зайтай таныхаа алтан хэвлийгээс унасан өнөр бүлийн ахан дүүс. Нэгийг нь дөнгөж л хоёр нас хүргээд дараагийн хүүхдээ төрүүлж өсгөн ар гэр, ахуй амьдрал, цаг наргүй хөглөрсөн их ажлыг ёстой гадаа гарч эр, гэрт орж эм болж борви бохисхийх завгүй л амжуулж явсан даа ээж минь. Ээжийнхээ ахадсан их ачааных нь хажуугаар хүүхэд насны гэнэн томоогүй, дөнгөж л сургуульд орсон үедээ машины цонх хагалсан хэрэг тарьж таныгаа зовоож явсан минь сэтгэлээс ер гардаггүй юм. Тэр үед аав минь сумын мал эмнэлэгт оношлох кабинетийн бага эмчээр ажиллах болж манайх мап эмнэлгийн хашаанд буусан байлаа. Хашааны гадаа Улаанбаатараас ирсэн ЗИЛ-130 машин зогсож байсан юм. Хүүхэд л болсон хойно сониучхан зантай юм юм л үзэж, харж сонирхож явна. Хашаан дээр хэдэн болжмор сууж байхаар нь чулуу аваад шидтэл нөгөө машины жолооч талынх нь шилийг хагалчихлаа шүү. Бушуухан гэртээ гүйж ороод ахад хэлтэл тоосон шинжгүй хичээлээ хийгээд хэвтээд байна. Тэгэхэд ээж минь та сургуулийн халуун усны газар ажиллаж байсан даа. Айж сандарч таны ажил дээр хар хурдаарааа гүйж очоод цаад өрөөнд чинь бушуухан орж бутанд хярсан бүжин аятай буланд шигдэж чимээ чагнан завсар нүхээр харж суулаа. Төд удалгүй машины жолооч бололтой хэн нэгэн орж ирээд “Насанцогтын авгай байна уу” гэж асуухад та минь “Би байна” гэхэд өнөө хүн “Танай танхай хүү миний машины цонхыг хагалчихсан байна” гэж нэлээн ширүүхэн хэлж байгаа сонсогдлоо. Та хүүгээ дуудаж гаргаж ирээд үнэн үү гэж асуухад нь би ч толгойгоо даран доош харан "тийм” гэж билээ. Жолооч ах сургуулийн дотуур байрны хоёр хүүхэд дагуулж, нэг нь хагарч бутарч, үүрмэг болсон цонхны шил хормойлсон зогсож байлаа. Ингээд муу хүүгийн тань тарьсан хэрэг тэр дороо нотлогдож, та минь “За та орой манайд хүрээд ир ээ, аавд нь хэлж төлж өгье” гээд салцгаалаа. Орой нөгөө жолооч ах манайд ирэхэд аав маань хөөрхий хагалсан цонхны төлбөрт 57 төгрөг өгснийг та санаж байна уу.
Тэр үед мөн ч их мөнгө сонсогдож, санагдаж билээ. Аав минь хүүгээ хааяахан нэг зэмлэхдээ өнөөх хийсэн хэрэг, төлсөн төлбөр хоёроо сануулдаг байж билээ. Ингээд бодохоор л та минь үр хүүхдээ өсгөж өндийлгөх гэж өчнөөн олон сар хоног зовж, зүдэрч нойргүй хонож, багаар бодоход л 30 гаруй жил унтах нойр, идэх хоолоо умартан зүтгэж дээ. Алс хол, аян замд алжаан ядарч, айж сандарч, аргаа барж тэвдэхдээ ч “ээжээ” гэж аврал эрэн таныгаа дуудаж, халуурч бүлээрч, даарч жиндэхэд өвөр дулаан энгэр, өтгөн шаргап цайгтань хичнээн их санадаг гээч ээжээ... Ийм л болохоор аугаа их хайр ачлал энэрэлийгтань алтан нар, амьд бурхан хэмээдгийн учир нь энэ биз ээ ээжээ... Орчлонгийн мөнх бусыг ойлгож мэдсээр байж ижийнхээ өвөрт эрхэлж нэг унтаж чадаагүйдээ, аялгуут сайхан дуугаа тандаа дуулж, ачит ээж минь та баярлан муу бор хүүгээ үнэрлэж суугаа юутай ч зүйрлэмгүй энэ л агшинг мөнхөлж чадаагүй дээ, эх, үр хоёрыг аймшигт хагацлын хар сүүдэр нөмрөхөд таныхаа дэргэд тань байж чадаагүй дээ одоо ч хүртэл харамсаж хааяа уйлах ч багадах юм даа ээжээ. Таны минь хамгийн сайхан чанар нь хүний төлөө гэх сэтгэл, ил цагаан сургамж үг, хүний, өөрийн хүүхэд бүхнийг алагчлалгүй хайрладаг өр зөөлөн, өрөвч нинжин хайр гэж хүү нь боддог шүү ээжээ. Та минь ядарч зүдэрсэнд дэм тустай, хол, ойроос зорьж ирсэн, орж гарсан хэн бүхнийг хооллож ундалж хайраа дэвссэн ёстой л түмэн олондоо өндөр ээж нь байсан даа...Та минь хонины толгойны яс хандалж чанаад, уураг сүүл, шар тосонд шар будаа хуурч арвайн гурил самарч амтлан, хуйхалсан сүүлний год, борц, хавирга хийж болгосон хийцтэй сайхан цайгаараа түмнээ дайлж “Хүн сайн хооллож бай, хүн хооллосноор хоосордоггүй юм, олонтойгоо л яв хүүхдүүд минь” гээд л цайгаа оочилж суудаг тэр л дүр тань одоо ч нүдэнд минь харагдах юм ээжээ. Усан морин жилийн тэр нэг зуд турхантай хатуухан өвөл, хаврыг хэдэн хүүхэдтэйгээ давсан ч таны минь бие өдрөөс өдөрт дордож үр хүүхэд бидэндээ сургамж захиасаа хэлж, хүүдээ хандаж “Надаас хойш ээжийнхээ ачааг миний хүү үүрнэ шүү" гэж аминчлан захисаныг тань өнөө хүртэл чадан ядан биелүүлж хичээж л яваа шүү ээж ээ. Энэ өдөр та минь холын хол аргапд явсан өдөр...(2002,04,10)
Хүний орчлонгийн түмэн нугачаанд хүү нь таныгаа дуулж л явна ээж ээ...
Бүлээн уураг сүү нь тагнайд дандаа амтагдах шиг
Ээж минь, ижий минь дээ ертөнцийн сайхан ээж минь...
Бурханд заларсан ээж тандаа захидал илгээсэн
Баавгай хүү нь... (Уран бүтээлч, дуучин Насанцогтын Энхбат)
Сэтгэгдэл (0)