Л.Энхсайхан: Сэтгэл санааны дарамт, стресс, хэт ачаалал дархлаа бууруулдаг
- 2020-04-13
- Үнэн
- 0
АШУҮИС-ийн Био анагаахын сургуулийн Дархлаа судлалын тэнхимийн ахлах багш, анагаах ухааны доктор Л.Энхсайхантай хүний дархлааны онцлогийн талаар ярилцлаа.
-Дархлаа гэж чухам юуг хэлээд байна вэ?
-Аливаа бие махбод амьд явах, үржих, оршин тогтноход дархлааны тогтолцоо шийдвэрлэх үүрэгтэй тухай Ф.Бернет анх шинжлэх ухааны үндэслэлтэйгээр томьёолсон байдаг. Дархлааны тогтолцоо бие махбодын дотоод тэнцвэрт байдлыг хангах үүрэг гүйцэтгэдэг. Мөн дотоод орчны тогтвортой байдлыг хангахын тулд мэдрэл, цус, дотоод шүүрэл, зүрх, бөөр, хоол боловсруулах эрхтэн тогтолцоотой нягт уялдаатай ажиллана. Дархлааны олон эс, уураг молекулын бүхэл бүтэн сүлжээ хоногийн 24 цагийн туршид ажиллаж, биднийг эрүүл байлган, гадна дотнын олон таагүй хүчин зүйл тухайлбал эмгэг төрөгчийн халдвараас хамгаалдаг.
-Шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор иргэд дархлаа дэмжих бүтээгдэхүүн, аргуудыг судалж байна. Ер нь дархлаа дэмжих шилдэг арга гэвэл та юуг зөвлөх вэ?
-Коронавирусийн халдвараас хамгаалахад дараах зүйлийг анхаарна. Үүнд, гараа сайн угаах, чийгтэй цэвэрлэгээг тогтмол сайн хийх, олон нийтийн газар амны хаалт зүүх, өрөө танхимд агаар байнга сэлгэх, даарч хөрөхгүй байх, аминдэмээр баялаг чанарлаг хүнс хэрэглэх, шингэн сайн уух, сайн унтаж амрах зэрэг орно. Мөн аливаа эерэг хандлагыг чухалчилж, айдас түгшүүрээс ангид байх, эрүүл мэндийн боловсролоо сайжруулах нь чухал.
-Дархлаа суларч буй үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Ханиад томуугаар өвчлөх үед хүүхэд халуурч, уйлагнадаг. Энэ нь хүүхдийн дархлааны тогтолцоо ажиллаж байгаагийн нэг илрэл. 38 хэм хүртэл халуурах үед дархлааны эд эс ажиллаж, өвчин үүсгэгчийн эсрэг хариу урвал өрнүүлдэг. Харин хэт өндөр халуурах, халдварт өртөмхий болох, идээт халдвараар давтан өвчлөх үед эмчид хандах шаардлагатай. Бага насны хүүхэд, өндөр настай хүмүүс ханиад томуугаар өвчлөх эрсдэлтэй боловч энэ насныхан бүгд өвчилнө гэсэн үг биш. Учир нь, хүн бүр ялгаатай. Аливаа нэг өвчнөөр өвчлөх эсэх нь тухайн хүний удмын онцлогтой холбоотой байдаг.
Дархлааны үйл ажиллагаа сулрах үед халдварт өртөмхий болох, идээт халдвараар давтан өвчлөх, хоруу чанар багатай эмгэг төрөгчийн халдвараар өвчлөмтгий болдог. Гэхдээ дархлаа тийм амархан сулрахгүй. Онолын хувьд дархлаа хомсдолыг төрөлхийн дархлаа дутмагшил, олдмол дархлаа дутмагшил гэж ангилдаг. Төрөлхийн дархлаа дутмагшил зарим фермент, уургийг хариуцдаг генийн эмгэгээс шалтгаалан ихэвчлэн бага насны хүүхдэд илэрдэг. Энэ нь хүн амын өвчлөлийн дунд маш бага хувийг эзэлдэг. Олдмол дархлаа дутмагшил нь гадаад орчны таагүй нөлөө, хорт зуршил, хоол тэжээлийн дутагдал, халдвар, хавдрын шалтгаантайгаар үүсдэг. Түүнчлэн архи, тамхи, чихэрлэг зүйл хэт их хэрэглэх, дэлгэцийн дон, даарч хөрөх, хөдөлгөөнгүй суугаа ажил, эмгэг төрөгчийн халдвар, сэтгэл зовнил, айдас түгшүүр, дааврын хямрал, хэт ачаалалтай ажиллах зэргийг дурдаж болно. Хорт зуршил хүний дархлаа буурах, хямрахад нөлөөлдөг.
-Дархлаа сулрах шалтгааныг стресстэй холбон тайлбарладаг. Энэ хоёр зүйл хэр нягт холбоотой вэ?
-Дархлааны үйл ажиллагаа сэтгэл санаатай нягт холбоотой. Сэтгэл санааны байнгын дарамт, стресс, хэт ачаалал дархлааны тогтолцооны үйл ажиллагааг дарангуйлдаг. Хүний дархлааны эд, эрхтэн симпатик мэдрэлийн ширхгээр торлогдсон байдаг. Сэтгэл түгшил, стрессийн үед кортизол, кортикостероид, эндорфин зэрэг бодисууд их хэмжээгээр ялгарна. Эдгээр нь дархлааг дарангуйлах нөлөөтэйг тогтоосон байдаг. Кортизол ихээр ялгарах нь үрэвслийн эсрэг урвалыг саатуулна.
Эерэг ба сөрөг стрессийн үед бидний үзүүлж буй хариу урвал нь тухайн хүний өвчлөх эсэхийг шийддэг. Сэтгэл санааны байнгын дарамт, сөрөг сэтгэл хөдлөл, байнгын айдас, сэтгэл түгшил нь архаг ядаргаа, хавдар, зүрхний өвчнийг үүсгэхэд ихээхэн нөлөө үзүүлдэг. Тиймээс дараах зүйлийг өдөр тутмын амьдралдаа анхаарах хэрэгтэй.
Үүнд, алжаал тайлах дасгал хөдөлгөөн хийх, эерэг бодолтой байх, аюул бэрхшээл тулан ирсэн ч тайван байж, сэтгэлээ зөв удирдах, сахилга бат дархлааны үйл ажиллагааг дэмждэг, ажлаа төлөвлөж цаг тухайд нь хийж гүйцэтгэх, эрүүл мэндийн хичээлийг цэцэрлэг, бага сургуулиас эхлэн тогтмол оруулах, мэдлэгийг дээшлүүлэх, гамшгийн үеийн сургалтыг бага наснаас нь эхлэн хүн бүрт тогтмол, системтэй олгох, нийгмийн эерэг харилцаанд байх зэрэг нь чухал юм.
1980-аад оны эхэн үед сэтгэл судлаач Janice Kiecolt-Glaser, дархлаа судлаач Ronald Glaser нар амьтан дээр туршилт судалгаа хийгээд стресс болон халдвар холбоотой болохыг тогтоосон байдаг. 1982-1992 оны хооронд эдгээр судлаач анагаахын оюутнуудыг судалгаанд хамруулахад сонирхолтой үр дүн гарчээ.
Тухайлбал, гурван өдөр үргэлжилсэн шалгалтын үеэр оюутанд үүссэн сэтгэл түгшил, айдас зовнилын улмаас дархлааны эсүүд хямарч байгааг ажигласан байна. Хавдар, вирусийн халдварын эсрэг тэмцдэг байгалийн устгагч эс болох NK эсийн тоо шалгалт өгсөн оюутнуудад буурч байгааг судалгааны дүнд ажиглажээ. Дархлааг дэмждэг гамма интерферон хэмээх уургийн нийлэгжил буурч, халдварын эсрэг тэмцдэг Т эсийн тоо багасч буйг тэд тэмдэглэжээ. Кентаки их сургуулийн судлаач Suzanne Segerstrom, Британийн Колумбийн их сургуулийн судлаач Gregory Miller нар стресс ба эрүүл мэндийн чиглэлийн 300 гаруй судалгааг нэгтгэн дүгнэж, задалж шинжилсний дүнд хэдэн минутаас эхлээд сар жилээр үргэлжилж буй стресс дархлааг сулруулдаг болохыг тэмдэглэжээ. Хэрэв стресс удаан хугацаагаар үргэлжилбэл дархлааны тогтолцоог маш их сулруулна.
Тиймээс гэртээ төдийгүй ажил дээрээ бие биедээ найрсаг хандаж, аливаад уужуу ухаантай, эерэг хандлагатай байж, аз жаргалыг түгээх нь биеийг тамиржуулахад тусална. Зохистой хооллох, сайн унтаж амрах, тохирсон дасгал хөдөлгөөн хийх нь дархлааны үйл ажиллагааг дэмждэг.
-Иргэд дархлаа дэмжих нэрийдлээр антибиотик, эм бэлдмэлийг дур мэдэн хэрэглэх дуртай. Энэ хэр зөв вэ?
-Эм бэлдмэлийг дураараа хэрэглэх нь маш буруу. Олон төрлийн эмийн бэлдмэл нь дархлаанд нөлөөлж, дархлаа дутмагшил үүсгэх эрсдэлтэй. Иргэд эмчийн заавраар эм, бэлдмэлийг хэрэглэх хэрэгтэй.
Антибиотикийг эмнэлгийн практикт маш өргөн ашиглана. Гэхдээ эмгэг төрөгч бактери нь уламжлалт антибиотикт тэсвэртэй болох явдал улам нэмэгдсэн тухай судалгааны материалыг хэвлэсээр байна. Зөвхөн 2015 оны байдлаар АНУ, Европын орнуудад 50000 хүн антибиотикт тэсвэртэй бактерийн халдварын улмаас нас баржээ. 2050 онд антибиотик тэсвэржилтийн улмаас жилд 30 сая хүн амь насаа алдах эрсдэлтэй байгааг судлаачид тэмдэглэсэн байна.
Антибиотик эмчилгээний дүнд халдвар бүхий эмчлүүлэгч эдгэрч, нийгэмд халдварын тархалт буурдаг эерэг талтай, хэдий тийм боловч антибиотикийн зохисгүй хэрэглээний улмаас үйлчлүүлэгч болон нийгэмд антибиотикийн тэсвэржилт тархах, хортой бактерийн өсөлт нэмэгдэх, системийн өвчин үүсэх нөхцөл бүрдэх зэрэг олон сөрөг үр дагавартай байдаг. Антибиотикийн хэрэглээ нь тухайн халдварыг биеэс зайлуулах үйл явцыг түргэсгэхээс гадна хэвийн бичил биетний орчныг өөрчилж, бие махбодын эсэргүүцлийг бууруулдаг.
Өнөөгийн нийгэм дэх антибиотикийн зохисгүй хэрэглээ нь хүний биеийн ашигтай бичил биетнийг өөрчлөлтөд хүргэж буй гол хүчин зүйл гэж үзэж байна. Эрүүл хүмүүст богино хугацаанд (5 өдөр) антибиотик хэрэглэхэд хэвийн бичил биетний 1/3 нь алдагдаж, дөрвөн долоо хоногийн дараа нөхөн сэргэж эмчилгээнээс өмнөх үеийнхтэй адил болсон ч, зарим зүйлийн бактер нөхөн сэргээгдээгүй байсныг тогтоожээ.
Антибиотик хэрэглээний улмаас хэвийн бичил биетний тоо, чанар, олон угшилт байдлын тэнцвэр алдагдана. Энэ нь дархлааны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Тиймээс антибиотикийн зохистой хэрэглээг дэмжих нь өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүний биеийн хэвийн бичил биетнийг тогтвортой, дархлаа тогтолцоог тэнцвэртэй байлгахад чухал нөлөөтэй.
Г.Нямсүрэн
"Монголын Үнэн"
Сэтгэгдэл (0)