Forbes: Үнийн дайныг зогсоох эвлэрэл
- 2020-04-14
- Дэлхий
- 0
Нефтийн үнийг навс унагасан Саудын Арави, ОХУ хоёр өөрсдийн дэгдээсэн үнийн дайныг зогсоохоор шийджээ. Гэхдээ тус хоёр улсын зарлан мэдэгдээд буй олборлолтоо танах хувь хэмжээ нь олборлогчдод ашигтай байх үнийг эргүүлэн тогтоож чадах болов уу. Энэ талаар Америкийн улс төр судлаач Ариэль Коэн (Ariel Cohen) “Форбес” сэтгүүлд бичсэнийг орчуулан хүргэе.
Өнгөрсөн долоо хоногт ОПЕК+ бүтцийн гол орнууд болох Саудын Арави, ОХУ хоёр нефть олборлолтоо танах тухай түүхэн тохиролцоонд хүрснээр нефтийн үнийн дайн үндсэндээ зогслоо. Энэ дайны улмаас нефтийн үнэ 1 дүгээр сарынхтай харьцуулахад 50 гаруй хувиар унаад байсан билээ. Дөнгөж сая ОПЕК+ бүтцийн видео бага хурлын үеэр талуудын хийсэн тохиролцооны талаарх мэдээллүүд ирснийг толилуулъя.
1. 2020 оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн 2020 оны 6 дугаар сарын 30 хүртэлх хоёр сарын хугацаанд ОПЕК+ бүтцэд багтдаг улс орнууд түүхий нефтийн олборлолтоо хоногт 10 сая баррелиар бууруулна. Дараагийн 6 сарын хугацаанд буюу 2020 оны 6 дугаар сарын 1-нээс 2020 оны 12 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд нийт олборлолтын хэмжээг хоногт 8 сая баррелиар багасгана.
2. Дараагийн 16 сарын хугацаанд буюу 2021 оны 1 дүгээр сарын 1-нээс 2022 оны 4 дүгээр сарын 30 хүртэлх хугацаанд хоногт олборлох нефтийн хэмжээг 6 сая баррелиар бууруулна.
3. Таналтын хэмжээг тогтоохдоо суурь үзүүлэлт болгож 2018 оны 11 дүгээр сарын олборлолтын хэмжээг авчээ. Гэхдээ Саудын Арави болон ОХУ-ын хувьд уг суурь үзүүлэлт нь хоногт 11 сая баррель байх болно.
4. Уг тохиролцоо 2022 оны 4 дүгээр сарын 30 хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд хэлэлцээрийг сунгах эсэх тухай асуудлыг 2021 оны 12 дугаар сард багтаан хэлэлцэнэ.
Америкийн занарын нефть олборлогчид ийм тохиролцоо хийхийг дэмжсээр ирсэн бөгөөд Ерөнхийлөгч Трамп ОПЕК-ийн орнуудад хандан олборлолтоо хоногт 10-15 сая баррелиар бууруулахыг уриалсан байна. Тэрбээр Оросын Ерөнхийлөгч В.Путин, Саудын Аравийн угсаа залгамжилсан ханхүү Мухаммед бен Салман нартай утсаар ярих үеэрээ энэ талаар дурдсан бөгөөд ОПЕК-ийнхон Америкийн Ерөнхийлөгчийн уриалгыг хүлээн авчээ.
Гэхдээ олборлолтыг танах хэмжээ нь олборлогчдын хувьд ашигтай байх түвшинд нефтийн үнийг эргүүлэн тогтоож чадахгүй байж тун магадгүй. Танахаар төлөвлөж буй хэмжээ нь урьд хожид байгаагүй их боловч олборлолтыг хоногт 10 сая баррелиар буурууллаа ч гэсэн зах зээл дэх эрэлт нийлүүлэлтийн тэнцвэртэй байдлыг хангаж чадахгүй л болов уу.
Орос, Саудын Арави хоёрын аль алиных нь хувьд нефтийн үнийг өсгөх сонирхол асар их байгаа бөгөөд үнэ өссөнөөр төсвийнхөө тэнцлийг хангаж, валютынхаа нөөцийг аль болох бууруулахгүй байлгах боломж бий болно. Хэрвээ үнэ өнөөдрийнх шиг хэвээр байх аваас Орос улс 5-6 жилийн хугацаанд, төсвийнх нь орлогын 80 хувь нь нефтиэс хамаардаг Саудын Арави 3 жил гаруйхан хугацаанд тэсэн тогтоно.
Хэлэлцээр байгуулагдсанаар Оросын явуулж буй бодлого бүтэлгүйтлээ гэсэн үг. Олборлолтыг танах тухай саудчуудын саналыг хүлээн авахаас оросуууд татгалзсан нь Америкийн занарын нефтийн салбарт цохилт өгөх, дэлхийн хамгийн том гурван олборлогчийн нэг гэдгээ харуулах зорилготой байсан. Шаардлагатай үед олборлолтоо бууруулахаас татгалзсан оросууд одоо бүр их хэмжээгээр танахаар болж байна. Нефтийн үнэ огцом унахад хүргэх үнийн дайныг Москва өдөөсөн билээ.
Коронавирусний цар тахлын улмаас нислэг зогсож, ажилчид ажилдаа явахаа больсны улмаас нефтийн эрэлт буурсан нь төсөөллөөс давсан хүчин зүйл юм. Үйлдвэрүүд хаагдаж, хөл хорио тогтоосны улмаас 2020 оны 2-р улиралд нефтийн эрэлт хоногт 15-35 сая баррелиар буюу хоногийн хэрэглээний 1/3-ээр буурна гэж шинжээчид таамаглаж байна. Хэрвээ хамгийн их хэмжээгээр буюу 35 сая баррелиар буурсан тохиолдолд ганцхан сарын дотор 1 тэрбум баррель нефтийг “хаа нэгтээ шингээх”-ээс аргагүйд хүрнэ. 1 тэрбум гэдэг бол нефть хадгалах зориулалттай газар дээрх болон хөвөгч байгууламжуудын хүчин чадлаас /~900 сая баррель/ давсан тоо юм.
ОПЕК-ийн шийдвэрт Уолл-Стритийн үзүүлсэн хариу үйлдэл
Пүрэв гарагт анхны мэдээлэл цацагдсан дараа трейдерүүдийн зүгээс зохих ёсны хариу үйлдэл хийгээгүй гэж хэлж болно. 4 дүгээр сарын 9-ний өдрийн арилжаа хаагдах үед WTI маркийн нефтийн фьючерс хэлцлийн үнэ 7,61 хувиар буурч, 23,19 доллар, Brent маркийнх 2,95 хувиар хямдарч 31,87 доллар болжээ. Ийм зүйл болно гэж ОПЕК+ бүтцийн орнууд тооцоолоогүй нь лавтай.
ОПЕК-ийн хүрээнд хэлэлцээ үргэлжилж байгаатай холбогдуулан “Кристол Энержи” зөвлөгөө өгөх компанийн ерөнхий захирал Кэрол Нахл дүгнэн хэлэхдээ ”Орос-Саудын Аравийн тохиролцоо, бүр өргөн хүрээнд хэлбэл ОПЕК ба ОПЕК+бүтцийн тохиролцооны хүрээнд Орос улс олборлолтоо хоногт 1,6 сая баррелиар, Саудын Арави 3 сая баррелиар тус тус танах төлөвтэй байгаа нь хангалтгүй байж магадгүй. Гэтэл эрэлт 30 сая баррелиар буурч магадгүй байна шүү дээ” гэлээ.
Өргөн утгаар нь авч үзвэл, Москва, Эр-Риядын сөргөлдөөн нь улс орны дотоодод зөрчил байгааг харуулж байна. Орост гэхэд хувийн болон төрийн өмчийн хэд хэдэн компани, санхүүгийн байгууллагууд бий. Тэгэхээр шийдвэр гаргахад илүү их цаг хугацаа шаардлагатай” хэмээн К.Нахл ярилаа.
Ерөнхийлөгч Трамп ОПЕК+ бүтцийн хэлэлцээрт албан ёсоор оролцохоос татгалзаж байгаа учраас одоогийн энэ тохиролцоо нь хамгийн сайндаа гэхэд, олборлогчдын нефть хадгалах хүчин чадалд үзүүлэх ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулах боловч эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлж чадахгүй юм.
Б.Адъяахүү
Эх сурвалж: inosmi.ru/economic
Сэтгэгдэл (0)