БНХАУ “COVID-19”-ийн гурван вакцины эмнэлзүйн туршилтыг зөвшөөрлөө
- 2020-04-15
- Дэлхий
- 0
БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ “COVID-19”-ийн гурван шинэ вакцины эмнэлзүйн туршилт явуулах зөвшөөрөл олгосон гэж тус улсын Шинжлэх ухаан, технологийн яамнаас мягмар гарагт мэдээллээ.
Хятадын Инженерингийн академийн академич, Цэргийн шинжлэх ухааны академийн харьяа Цэргийн эмзүйн судалгааны хүрээлэнгийн судлаач Чэнь Вэйгээр ахлуулсан судалгааны багийн гарган авсан аденовирусний векторын вакцин эмнэлзүйн туршилтын зөвшөөрлийг анх авсан байна.
Энэхүү вакцины эмнэлзүйн туршилтын эхний үе шат өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр дууссан бөгөөд хоёр дахь үе шат энэ сарын 12-нд эхэлжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, уг вакцин нь эмнэлзүйн туршилтын хоёр дахь үе шатандаа шилжсэн “COVID-19”-ийн дэлхийн анхны вакцин ажээ.
Ухань хотын оршин суугч, 84 настай Шюн Жэншин охиныхоо хамт энэ сарын 13-нд вакцин хийлгэсэн бөгөөд тэрбээр эмнэлзүйн туршилтын хоёр дахь үе шатанд хамрагдсан хамгийн өндөр настай сайн дурын оролцогч болжээ. Эхний үе шаттай харьцуулахад хоёрдугаар үе шатанд насны хязгаарыг арилгаж, 60-аас дээш насны сайн дурын хүмүүсийг оролцохыг зөвшөөрчээ.
Өндөр настай хүмүүсийн хувьд “COVID-19” халдвар авсан тохиолдолд биеийн байдал нь хүндрэх магадлал өндөр байгаа тул вакцин тэдний биед хамгаалалт үүсгэх юм гэж Чэнь Вэй хэлсэн байна.
Сайн дурын 108 хүн оролцож, өнгөрсөн сарын 27-нд дууссан эхний эмнэлзүйн туршилтын үеэр оролцогчдын биеийн байдалд голчлон анхаарчээ. Хоёрдугаар үе шатанд сайн дурын 500 хүнийг хамруулах бөгөөд тэдний дархлаа болон вакцины аюулгүй байдлыг үнэлэх хяналтын бүлэг байгуулсан байна. Энэ сарын 13-ны оройны 17 цагийн байдлаар сайн дурын 273 оролцогчийг вакцинжуулжээ.
Шинжлэх ухаан, технологийн яамны мэдээлснээр, Хятадын Үндэсний эм зүйн группийн харьяа Ухань хотын Биологийн бүтээгдэхүүний хүрээлэн болон Хятадын Шинжлэх ухааны академийн харьяа Ухань хотын Вирус судлалын хүрээлэнгийн хамтран бүтээсэн идэвхгүй вакцины эмнэлзүйн туршилтийг энэ сарын 12-нд зөвшөөрчээ. Мөн Бээжин хотод төвтэй “Sinovac” компанийн гарган авсан өөр нэгэн идэвхгүй вакцины эмнэлзүйн туршилтыг энэ сарын 13-нд зөвшөөрсөн байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)