Ш.Адьшаа: Зүүнбаянгийн төмөр зам зүгээр нэг бүтээн байгуулалт бус үндэсний сэргэн мандалт
- 2020-04-16
- Нийтлэл
- 1
Ямар улс үндэстэнд итгэл үнэмшил байна, тэдэнд эрч хүч буй. Монголчууд хийж бүтээж чаддаг гэдгийг харуулж буй “Үндэсний Сэргэн мандалтын бүтээн байгуулалт” бол Дорноговь аймгийн Зүүнбаян сумаас Өмнөговь аймгийн Цогтцэций сум хүртэл тавьж буй 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил яах аргагүй мөн. Халуун дулаан говийн хавраар Монголчууд урьд өмнө өөрсдөө ингэж хийж байгаагүй үндэсний бүтээн байгуулалтын түүхэн төсөлтэй танилцах ховор завшаан надад олдсон юм. Хаврын хавсарга, нар салхийг үл ажран ажиллах Монгол залуусаа хараад ажил хийвэл ам тосдоно гэдэг энэ дээ гэж бодож явлаа. Гэтэл зам дагаж хөгжил гэх үг санаанд орж, боловсруулах үйлдвэр, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлүүд хөгжинө гэсэн бахархал төрж, бас ч гэж “том амбиц” хөдөлж байна аа. Монголын Дорнын их говьд хөдөө орон нутагт өрнөж буй их бүтээн байгуулалтыг хараад хамгийн гол нь Монгол хүн, эх орныхоо баялгийн эзэн нь болчихоод, үр шимээр нь үндэсний их бүтээн байгуулалт хийж чаддагийг харах үнэхээр бахдам байлаа.
УИХ-ын индэр дээрээс эрхэм спикер асан алх цохиход, Эрдэнэс Таван толгойгоо авч үлдэх эх оронч зөв шийдвэр гаргасан 40 гишүүний нэр урсах тэр мөч ч бас зурвасхан санаанд орно.
Хөдөөх говь талд хөрслөг хөх цэргүүд “мэдлээ гүйцэтгэе” хэмээн Монгол эх орныхоо хөгжлийн төлөө хүчин зүтгэж байна. Зэвсэгт хүчин маань “дэвшилтэт хүчин” болж дэлхийн чиг хандлагыг олж төгөлдөршин, цэрэг чи нэг зэрэг ажил сурч, цалин авч, бас дээр нь мэргэшиж байгаа юм байна. Монгол инженерүүд зураг төслийг нь гаргасан энэ төсөлд, Монголын үндэсний компаниуд, Монгол барилгын инженерийн цэргийн анги нэгтгэлүүд мөр зэрэгцэн ийнхүү зүтгэж байгааг харахад сайхан байлаа.
Үндэсний бүтээн байгуулалт үнэндээ эв нэгдэл, хүч хөдөлмөрийн үр шим, баяр бахдал болж чадаж байгааг хараад “Бүтээн байгуулалт бол сэргэн мандалт юм байна” гэж бодогдож, догдоллоо. Хамгийн сүүлд хаана юунд ингэж сэтгэл хөдөлсөн билээ дээ ч гэж бодогдоно. Олимпийн аварга төрөхөд үү, эсвэл?
Ингэхэд "Сэргэн мандалт” гэдэг үгийн утга учрыг судалж үзлээ. Урлаг, утга зохиол, оюун санааны шинэ дэвшил, урагшлалт хэмээх ойлголтыг илэрхийлдэг “сэргэн мандалт” хэмээх үгийн утгыг хоёр янзаар тайлбарладаг аж.
Нэгдүгээрт, Ренессанс буюу “шинээр бүтэж, бий болох” хэмээсэн франц, итали хэлнээс гаралтай үг /фр. Renaissance, итали. Rinascimento/ үгийн утгаар нь тайлбарласан байна. Тиймээс энэ үг Европын соёл урлагийг шинэчлэн сэргээж, урлагаар дамжин хүн төрөлхтний соёл иргэншилд шинэ цагийн эхлэл болсон эрин үеийг нэрлэх нэршил болж үлджээ.
Хоёрдугаарт, Нийгмийн хөгжил, улс орны түүхийн хөдөлгөгч хүч болсон хүний хөгжпийн сэргэн мандалт гэсэн агуулга, утга санааг илэрхийлсэн Антропоцентризм буюу "Ертөнцийн төв нь хүн” хэмээсэн тайлбар байдаг юм байна. Тийм ээ. Өнөө цагийн бидэнд “бүтээх сэтгэлгээний сэргэн мандалт” л үгүйлэгдэж байна. Үндэсний оюун санаа, итгэл үнэмшлийн энэ том орон зайд гэрэл асааж чадсан Дорноговь аймгийн Зүүнбаянгаас Өмнөговь аймгийн Цогтцэций хүртэл тавигдаж буй 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил яах аргагүй "бүтээх сэтгэлгээний сэргэн мандалт” юм. Зөвхөн бусдын хийснийг хэрэглэдэг “хэрэглэгч ард түмэн байх", бусдын бүтээснийг борлуулдаг “наймаачин ард түмэн байх” нь улс орны хөгжлийг доройтуулж байгааг хүн бүр ойлгож ухаарч буй энэ цагт өөрсдөө хийж чадна гэдэг үлгэр жишээ төдийгүй, хамтдаа урагшлах зөв хандлага үндэсний ухамсар юм.
Би хуульч, сэтгүүлч, судлаач иргэн хүнийхээ хувьд өөрт төрсөн бодол дүгнэлтээ иргэн тантай ийнхүү хуваалцаж байна. Төмөр замын хөгжил бол улс орны хөгжлийн том дүр зураг бүхий хөгжлийн хөтөч юм. Эргээд бодох нь ээ манай улсад анх 1938 онд Улаанбаатар-Налайхын хооронд нарийн төмөр зам тавигдаж, уурын галт тэрэг явж эхэлсэн тухай уншиж байсан санагдаж байна. Дахин тодруулж нэг харлаа...
Нийслэлийн үйлдвэр аж ахуйн газрууд, байгууллага, хүн амыг Налайхын нүүрсээр хангах зорилготой уурын галт тэргийг "бух тэрэг” хэмээн нэрийдэж, сонирхож, дуу чимээнээс нь айж сандардаг байсан тухай сонирхолтой түүхийг ч өгүүлжээ. Өдгөө дэлхийн техник технологийн хөгжлийг эх орондоо суурьшуулж, эзэмшсэнийг үнэлбэл хурдтай, урагштай байна гэж дүгнэмээр. Гэтэл хэрэглээ давамгайлсан хөгжлийн үзүүлэлт дундаас өөрсдийн гараар хийж бүтээснээ эрж хайвал тун ядмаг, нэн харамсалтай санагддаг.
1939 онд дорнод хязгаарт цэргийн зориулалттай төмөр зам Эрээнцав -Баянтүмэнд баригдсан бол БНМАУ болон ЗСБНХУ-ын хооронд байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд ЗХУ-ын Наушки өртөөнөөс Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот хүртэл тавигдах төмөр замын барилгын ажлыг 1947 онд эхлүүлжээ. Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн зураг төслөөр хоёр жилийн хугацаанд Наушки -Улаанбаатарын 400 км урт төмөр замын шугамыг барьсан түүхтэй юм байна. Ганц төмөр зам ч биш ер бүхий л томоохон бүтээн байгуулалтын ажилд гадны хөрөнгө мөнгө, гадны мэргэжилтэн, гадны тусламж ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байдгийг энд дурдах нь зүйтэй. 1990 оноос өмнөх бүтээн байгуулалтууд Орос ах нарын дэмжлэгээр, 1990 оноос хойших бүтээн байгуулалтын ажлыг ихэнхдээ урд хөршийн дэмжлэгээр хийсэн байх юм. Эндээс Монголчууд бид өөрсдөө юу ч хийж, бүтээж чаддаггүй юм уу, яачихсан ард түмэн гэхээрээ ингэж хүний гар харж суудаг юм гэх асуулт аяндаа урган гарах нь ойлгомжтой. Энэ бол итгэл үнэмшлээ олж авах гэсэн үндэстний эрэлхийлэл яах аргагүй мөн.
Чухам энэ асуултыг өөрсдөөсөө асууж, үнэн зөв хариулт хайж, сэтгэл, мэдлэг, зориг, хамтын хүчээр үндэсний оюун санааны сэргэн мандалтыг эхлүүлж байгааг олж харж, ухаарах нь чухал.
Дорноговь аймгийн Зүүнбаянгаас Өмнөговь аймгийн Цогтцэций хүртэлх 414.6 км замыг Монголын Зэвсэгт хүчний Барилгын цэргийн дугаар ангийн бие бүрэлдэхүүн, монгол инженерүүд, үндэсний компаниудын барилгачдын бүрэлдэхүүнүүд төмөр замынхаа гүүр хоолойг өөрсдөө угсарч, өөрсдөө замаа тавьж байгааг нь нүдээр үзээд ихэд баярлан догдлосноо нуух юун.
Замын бүтээн байгуулалтад оролцсон цэргийн албан хаагчид хоёр сая төгрөгийн цалинтай, цэргээс халагдахдаа бас мэргэжилтэй боловсон хүчин болж халагдана гэдгийг албаны хүнээс баттай мэдэж авлаа. Их бүтээн байгуултад гар бие оролцох урам өгч, хөлсөө урсгаж байж хүн шиг амьдарч, улс орноо хөгжүүлдэг юм гэдгийг Монгол хүний тархинд нь сэргээж, Монгол үндэстэнд эргэн ухааруулж, итгэл үнэмшлийг нь дахин амилуулж буй явдал нь метрлэж, литрлэж болдоггүй үнэ цэнэ, ашиг тус, үндэсний хөрөнгө оруулалт, оюун санааны сэргэн мандалт яах аргагүй мөнөөс мөн гэдгийг би энд хэлэхийг хүсч байна.
Албаны эх сурвалж түшиж ойлговол 2010 онд УИХ-аас баталсан “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичиг”-т тусгагдсан үндсэн таван томоохон зорилт болох
1. Төмөр замын дотоодын сүлжээг өргөтгөх,
2. Улаанбаатар төмөр замыг шинэчлэх,
3. Хөрш орнуудаар дамжин гуравдагч зах зээлд хүрэх төмөр замын тээврийн гадаад таатай орчныг бүрдүүлэх,
4. Монгол Улсаар дамжин өнгөрөх төмөр замын тээврийг хөгжүүлэх
5. “Сайншанд" аж үйлдвэрийн паркийг хөгжүүлэх гэсэн төрийн бодлого зорилгын хүрээнд
Таван толгойн ордыг Зүүнбаянтай холбох эл бүтээн байгуулалт хийгдэж байна гэж ойлгохоор байна.
“Монголын төмөр зам” ТӨХК- ийн захиалгаар төмөр замын доод бүтцийн далан, хоолойн ажлыг Монгол Улсын Зэвсэгт хүчний барилгын цэргийн бие бүрэлдэхүүн, Монголын Үндэсний аж ахуйн нэгжүүд төмөр замын дээд бүтцийн ажлыг “УБТЗ” гүйцэтгэх энэхүү бүтээн байгуулалтын ажлын явцад дөрвөн мянга шахам хүн ажилтай, орлоготой байх хүний нөөцийн судалгааг ч харлаа. Таван толгойн коксжих нүүрсийг нэг зах зээлээс хэт хамаарлыг арилгаж, төмөр замын дагуух бусад орд газрыг ашиглах, олон улсын зах зээлд нийлүүлэх боломжтой болно гэсэн тооцооллыг хийжээ. Дорнын их говьд төмөр замын дэд бүтэц хөгжсөнөөр бэлчээр сүйтгэлт, тоосжилт, хөрсний бохирдол саармагжиж, үндэсний үйлдвэрүүд хүнс, мал аж ахуйн салбар, арьс ширний үйлдвэрлэл, тэдгээрийн логистик худалдаанд эерэг нөлөө үзүүлж, улс орны нийгэм, эдийн засагт томоохон түлхэц болно гэж дүгнэсэн байна.
2021 онд ашиглалтад өгөхөөр төлөвлөөд буй төмөр замын бүтээн байгуулалтын их ажлаас,
-“Ашиг олно” гэдэг нь өнөөдрөөр хэмжигддэггүй болохыг
-Цаашид цэргийн анги салбарыг улс орны томоохон бүтээн байгуулалтад татан оролцуулж, завгүй цэрэг, хадгаламжтай цэрэг, зам барилгын салбарын мэргэжил чадвар эзэмшсэн цэрэг, хийж бүтээхийн сайхныг мэдэрч ойлгосон цэрэг эрс бэлтгэх боломжтойг
-Үндэсний сэргэн мандалт нь үндэсний бүтээн байгуулалт юм гэдгийг
-Эцэст нь бид өөрсдөө хийж чадна гэдэг итгэл үнэмшлээ олж харлаа. Гадны зээл тусламж авалгүйгээр, гадаадын мэргэжилтэн урихгүйгээр Монголчуудын тархи оюун, сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөөр бүтээгдэж буй уг бүтээн байгуулалтын ажил “бид өөрсдөө бүтээгчид байх" оюун санааны итгэл үнэмшлийг ийнхүү эхлүүллээ. Зам барилга, төмөр замын ажлыг гадны зээл тусламжаар бус дотоодын нөөц боломж, баялгийн ашгаасаа зөв хуваарилалт хийн бүтээж болдгийг харуулж байгаагаараа энэхүү бүтээн байгуулалт нь “Үндэсний” гэх их тодотголыг зүүх бүрэн эрхтэй юм.
Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Таван толгой” хэмээх их айлын орлого, ашгийг бид нийтээрээ бүтээл, бүтээмж, бүтээн байгуулалт болгон хувиргаж буй хөгжилд хөрөнгө оруулж чадсан энэ ажил нь цаашид ч их хөгжлийн хөтөч зам болон дурайх учиртай.
Ач холбогдол, үр дүн нь харагдаж байгаа ажлаасаа хавьгүй том энэхүү бүтээн байгуулалтын ажилд гар бие, сэтгэл зүрхээрээ оролцож буй цэрэг эрсээрээ бахархахаас өөр яалтай. Бас энэхүү бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд оролцож байгаа дотоодын дөч гаруй аж ахуйн нэгжийн ажилтнууддаа нийт Монголчуудынхаа өмнөөс талархах учиртай. Мөн Дорноговь, Өмнөговь аймгийн орон нутгийн засаг захиргаа, орон нутгийн удирдлагууд бүтээн байгуулалтад оролцож байгаа аж ахуйн нэгж, ажилчдыг бүхий л талаар дэмжин тусалж байгаа нь сайшаалтай. Дорнын говь, Өмнийн говьд Монголчуудын баялгийн тэгш хуваарилалтын сайн үр нөлөөнд суурилсан хөгжил цэцэглэлтийн түүчээ болсон төмөр зам зурайж, бидний сэргэн мандалт биелэлээ олж, монгол хүн хийж бүтээж чадна гэдэг итгэл үнэмшлийг төрүүлж байна.
Дорноговь аймгийн Зүүнбаянгаас Өмнөговь аймгийн Цогтцэций хүртэл тавигдаж буй 400 гаруй км төмөр замын бүтээн байгуулалтын ажил нь миний Монголын түүхэнд их бүтээн байгуулалтын эхпэл түүчээ болж, “бүтээх сэтгэлгээний сэргэн мандалтын зам” хэмээн хөх Монголынхоо наран ээвэр алтан шаргал говийнхоо элгэнд ган төмрөөр тамгалагдаж, хөгжпийн хөтөч болон тэмдэглэгдэн үлдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Говийн тухай, замын тухай, хүний тухай, хөгжлийн тухай , үндэсний итгэл үнэмшил, үндэсний сэргэн мандалтын тухай гээд олон сайхан бодол тээсээр явахад зам амархан хордог юм байна.
Хуульч, сэтгүүлч
Ширнэнбаньдын АДЬШАА
Зүүн баян, Цогц-цэций
2020.03.28-29
Сэтгэгдэл (1)
(202.126.89.219)
h