Байгалийн ойгоос 6 метрээс дээш өндөртэй шилмүүст мод шилжүүлэн суулгахаар авсан бол 977130 төгрөг төлнө
- 2020-04-17
- Байгаль орчин
- 0
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат ойн экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн баталжээ. Ингэснээр нэг шоо.метр модны үнэлгээг 2.7, нэг га ойн экологи-эдийн засгийн үнэлгээ гурав дахин нэмэгдэж байгаа аж. Шинэчлэн баталсан ойн экологи-эдийн засгийн үнэлгээнд ойн нөөц, ойн дагалт баялгийн үнэлгээнээс гадна ойн ус зохицуулах, хөрс хамгаалах, нүүрсхүчлийн хийг шингээх зэргийн ач холбогдлын үнэ цэнийг нэмж тооцжээ.
Ойн нөөц ашигласны төлбөрөөс орон нутгийн төсөвт жилд дунджаар гурван тэрбум төгрөг ордог байна. Харин ойн экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчилснээр энэ тоо хамгийн багадаа гурав дахин нэмэгдэж, ойг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах хөрөнгийн хэмжээ нэмэгдэх боломж бүрдэх гэнэ.
Мөн өсвөр, залуу модны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн тогтоожээ. Тухайлбал, зургаан метрээс дээш өндөртэй шилмүүст модны нэг бүрийн үнэ 350000 төгрөг байсан бол одоо 977130 төгрөг болж байгаа юм.
Байгалийн ойгоос эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр өсвөр, залуу модыг хот суурины ногоон байгууламжид шилжүүлэн суулгахад уг үнийг мөрдөх юм. Модыг зөвшөөрөлгүй авсан тохиолдолд дээрх үнийг гурав нугалж хохирлыг тооцох аж. Ингэснээр хууль бус мод бэлтгэл, уул уурхайн ашиглалтаас үүдэлтэй ойд хохирол учруулах, түймэр тавих зэрэг ойн баялгийн эсрэг үйл ажиллагаанд тооцох хариуцлагыг өндөрсгөж, үүнийг таслан зогсооход томоохон алхам болно гэж үзэж байна.
Иймд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хавар, намрын цэцэрлэгжүүлэлт, тохижилтод зориулан ойгоос мод шилжүүлэн суулгахдаа заавал зөвшөөрөл авч ажиллахыг зөвлөж байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
Сэтгэгдэл (0)