"Амь бүр үнэтэй"
- 2020-04-20
- Өөр өнцөг
- 0
Энэ тэнд юм чанга дуугарахад би маш ихээр цочдог болчихсон. Хэн нэгэн автомашинтайгаа огцом хөдлөх, хурдтай явахад миний зүрх зогсох шахдаг. Яагаад гэж үү?
Охинтойгоо хамт ханийгаа ажлаас нь авах гээд явж байв. Гэрэл дохион дээр зогсож байгаад ногоон гэрэл асахаар нь хөдлөсөн. Нэг мэдэхэд түр тар, пэр пар хийгээд явчихсан. Сэхээн амьдруулах тасагт сэрсэнээ мэдэхийн зэрэгцээ охиноо хайж эхлэсэн.
Хажууд байхгүй болохоор нь айсан бүр маш их. Наймхан настай нандин сайхан охин минь хаана байгаа бол, тэр аймшигтай явдлаас амьд гарч чадсан болов уу гэсэн бодол толгойд минь буухад би эмчээс асуух гэсэн боловч хоолой чичрээд, хэл ам нийлэхгүй, амнаас авиа гарсангүй.
Ээрэн мууран арайхийн асуухад эмч надад баяртай мэдээ дуулгав. Охин чинь сайн, санаа зоволтгүй гэсэн.
Баярынх ч юмуу, гомдлын ч юм уу ямартай ч нулимс асгараад л байлаа. Нулимсаа арчсан ч гэлээ гараад л байв...
Охины минь цангисан хоолой, эхнэрийн минь үзэсгэлэнт царай нүдэнд харагдаж чихэнд сонсогдоно. Ашгүй тэр хоёр минь ирлээ. Охин минь сэргэлэн цовоо, эхнэр минь сайхан хэвээрээ байна. Миний хэр их баярласныг та таашгүй.
Эхнэр минь баярын нулимстай, охин минь хайрын харцаар харах үед надад дахин амьдрал бэлэглэсэнд баярлалаа гэхээс өөр хэлэх үг олдсонгүй.
Ногоон гэрэл асч хөдөлгөөнд оролцох үед миний жолоодож явсан автомашины хурд 20км/цаг, харин нөгөө автомашин 85км/цагийн хурдтай ирж, миний жолоодож явсан автомашиныг мөргөхөд энерцийн хүчээр машин маань шонгийн мод мөргөхөд би ухаан алдсан байв. Болсон явдал ердөө л энэ. Хэдхэн секунд л болсон байх.
Ослын үед хорин хэдтэй, хоёр залуу амь насаа алдсан гэхийг сонсоод би маш их шаналсан.
Хүн залуу байж болно, цовоо сэргэлэн байж болно, баяртай гунигтай зүйл аль нь ч тохиолдож болно. Гэхдээ согтууруулах ундаа уусан үедээ машин барина гэдэг юутай гуниг, юутай уйтай харамсал вэ?
Хоёр сайхан залуугийн ард хичнээн хүн нойргүй хонож, дэрээ норгон хэвтээ бол оо?
Залуус минь та бүхэн бидний ирээдүй. Эх орондоо ихийг хийж бүтээдэггүй юмаа гэхэд ижий, аавынхаа ачийг хариулж, элэг бүтэн амьдрах хэрэгтэй шүү.
Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар цагдаагийн байгууллагад зам тээврийн ослын шинжтэй дуудлага, мэдээлэл 13.183 бүртгэгдсэнээс, 5170 нь зам тээврийн осол байна. Ослын улмаас улсын хэмжээнд 69 хүн нас барсан гэх харамсалтай боловч бодит үнэн тоон мэдээлэл байгаа юм.
Согтууруулах ундаа уусан л бол жолооны хүрднээс хол байж, өөрийгөө, хайртай бүхнээ, эрдэнэт хүний алтан амийг хайрлан, хамгаалъя! Эргэж олдохгүй эрдэнэ, ахин олдохгүй алтан амь бүхнээс үнэтэй.
Эх сурвалж: http://police.gov.mn
Сэтгэгдэл (0)