Ковид-19 ба хүнсний аюулгүй байдал

COVID-19 ба хүнсний аюулгүй байдал /Хүнсний бизнес эрхлэгчдэд зориулсан зөвлөмж/

Дэлхий ертөнцөд урьд өмнө хэзээ ч байгаагүй цар тахал болох SARS-CoV-2 вирусын улмаас үүссэн COVID-19 вирусын аюул заналхийлж байна. Олон улс орнууд Дэлхийн эрүүл мэндийн байг ууллагаас өгсөн зөвлөмжийг даган өвчнийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Ихэнх бизнес, сургууль, боловсролын байгууллага, аялал жуулчлал, нийгмийн цугларалтууд нь утсаар ярих, онлайн, интернэт хэлэлцүүлэг, уулзалт хийх зэргээр гэрээсээ ажиллаж болж байна. Харин хүнсний үйлдвэрлэлийн салбарын ажилтнууд, гэрээсээ ажиллах боломж байхгүй ба ажлын байрандаа ажиллах шаардлагатай салбар юм. Иймээс хүнсний үйлдвэрийн ажилчдыг хүнсний үйлдвэрлэл, хангамжийн бүх сүлжээнд эрүүл, аюулгүй байлгах нь  энэ салбарт тулгамдаж буй асуудал болоод байгаа бөгөөд   COVID-19-ын халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг ханган ажиллах, хоол хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн дэглэмийг чанд сахих нь чухал байна.

Иймээс дараах зөвлөмжийг ДЭМБ болон ХХААОУБ /WHO, FAO/-аас хүргүүлж байна. Үүнд:

  1. Нэг удаагийн бээлий ашиглах

Хоол хүнстэй харьцдаг хүнсний салбарын ажилчид нэг удаагийн бээлийг заавал ашиглах ёстой бөгөөд ойр ойрхон сольж, солих явцад гараа заавал угааж ариутгаж байх шаардлагатай. Нэг удаагийн бээлийг ямар нэг хоолноос өөр төрлийн зүйлд хүрсэн тохиолдолд /хаалга хаах, нээх, хогын сав суллах гэх мэт/ заавал солих хэрэгтэй.

Хоол хүнстэй харьцаж ажиллаж байгаа ажилчид нэг удаагийн бээлий хэрэглэж байх үед гар дээр янз бүрийн бактер үржих магадлал маш өндөр байдаг, тиймээс бээлийг тайлах үед гараа заавал угаах нь хамгийн чухал.

Нэг удаагийн бээлий хэрэглэж байгаа тохиолдол гараа угаахгүй байж болно гэж ташаа ойлгож болохгүй. Нэг удаагийн бээлий өмссөн нь вирусээс бүрэн хамгаалсан гэсэн үг биш юм.

Гар ариутгагч бодисууд гар дээрхи бактерыг тодорхой хэмжээгээр устгах ч халуун бүлээн усаар гараа савандаж угаахыг хэзээ ч гүйцэхгүй гэдгийг анхаараарай.

  1. Ажлын байранд хүмүүс хоорондын зай барих

COVID-19 вирусын тархалтыг удаашруулах болон сэргийлэхэд хүмүүсийн ажлын байран дээр хоорондын зай барих нь хамгийн чухал үүрэгтэй.

ДЭМБ-ын заасанчлан ажилчид хоорондоо багадаа 1 метрийн зай барихыг зөвлөж байгаа. Энэ нь хоол хүнсний салбарт ажиллаж байгаа хүмүүст хүндрэлтэй мэт боловч аль болох дээрх журмыг хэрэгжүүлэх нь чухал.

  1. Хоол болон түүхий эд материалыг зөөвөрлөх

Хүнсний салбарт бизнес эрхлэгчид COVID-19 вирусээс хамгаалахын тулд халдваргүйтгэл болон нэмэлт ариун цэврийн хяналтад голлон анхаарах хэрэгтэй. Уг вирус нь зөвхөн өвчилсөн хүнээр дамжих эсвэл вирус тээгчтэй бүтээгдэхүүн болон эд зүйлээр дамжих эрсдэлтэй.

Хоол хүнс тээвэрлэж байгаа эсвэл хүргэлт хийж байгаа жолооч өөрийн машинаас буухгүй байх, спиртны агууламж бүхий гар ариутгагч бодисоор хангагдсан байх, хоол болон хүнсний материалын бүтээгдэхүүнийг ажилтанд хүлээлгэн өгөхийн өмнө гараа спиртын агууламжтай ариутгагчаар ариутгасан байх шаардлагатай. Хүргэлтийн явцад аль болох нэг удаагийн хэрэглээний баглаа боодлыг ашиглах нь  олон удаагийн ариутгал цэвэрлэгээнээс зайлсхийхэд тустай.

Жолооч нь вирусээр халдварласан байх магадлал бүхий эд зүйл бараа материалд аль болох хүрэхгүй байхыг анхаарах хэрэгтэй /гар утас, хаалга, шатны бариул…/

Тиймээс гараа тогтмол ариутгалын бодисоор ариутгах, ажилчид хоорондын зайг тогтмол барих нь нэн чухал юм.

  1. Хүнсний худалдаа: COVID-19 хөл хорионы үед, хүнсний худалдаа үйлчилгээний салбарууд үйл ажиллагаагаа тасралтгүй хэвийн явуулж, үйлчлүүлэгчдийг өдөр тутмын хоол хүнсээр хангахын тулд орчны халдваргүйтгэлийг тогтмол хийх, ажилчдыг халдвараас урьдчилан сэргийлэх, ажилчдын ажлын байран дах хоорондын зай барилтыг чанд сахих гэх мэт өндөр хариуцлагатай ажиллах нь хамгийн чухал юм.

Энэ үед хүнсний салбарын ажилчид хувийн ариун цэвэр болон эрүүл ахуйн стандартыг чанд мөрдөх нь хүнснээс гаралтай өвчлөлийг бууруулах, вирусын халдвар тархахаас урьдчилан сэргийлнэ.

Үйлчлүүлэгдийн хувьд хоорондын зайг барих нь вирусын тархалтыг бууруулах ач холбогдолтой бөгөөд дараах зохион байгуулалтыг хангаж ажиллах:

  • Үйлчлүүлэгчдийн тоог хязгаарлах, худалдааны талбайд нэг доор хэт олноор бөөгнөрөл үүсэхээс сэргийлэх;
  • Орох хаалганы ойролцоо үйлчлүүлэгчийн биеийн байдал тааруу байгаа бол үйлчилгээний зааланд нэвтрэхгүй байхыг анхааруулсан анхааруулга байршуулах;
  • Үйлчилгээний газрын гадна болон дотор үйлчлүүлэгчдийн дугаарлан зогсох хоорондын зайг зохицуулах;
  • Гар ариутгалын бодис байршуулах;
  • Хамгийн их бөөгнөрөл үүсэх магадлал бүхий газруудын шалан дээр хүн хоорондын зайг зохицуулах зураасан тэмдэглэгээ хийх;
  • Үйлчилгээний газрын радио, чанга яригчаар зай барих талаар тогтмол анхааруулгыг зарлаж байх;
  • Аль болох зайны төлбөрийн системийг санал болгох;
  1. Задгай бүтээгдэхүүнээр үйлчилдэг үйлчилгээний газрууд:

COVID-19 вирус нь хоол хүнсний гадаргуураар тархах магадлалтай тул нарийн ногоо болон жимс хүнсний ногоог сайтар угааж хэрэглэхийг үйлчлүүлэгчидэд анхааруулж байх.

Хүнсний лангуу, тоног төхөөрөмжийн гадаргуу дээрх эрүүл ахуйн болон COVID-19 вирусын тархалтыг бууруулах болон сэргийлэх аргууд:

  • Хоол, хүнс хадгалдаг сав суулгыг тогтмол ариутган, угааж цэвэрлэх;
  • Хоол, хүнстэй харьцаж байгаа ажилчид тогтмол гараа угааж, хоол бэлдэхийн өмнө болон дараа нь нэг удаагийн бээлийг тогтмол сольж байх;
  • Хоол хүнс бэлтгэлийн тавцан болон хоолны сав, суулгыг ойр ойрхон угааж цэвэрлэж, ариутгаж байх;
  • Үйлчлүүлэгчидэд зориулан тэднийг орох болон гарахад нь гар ариутгалын бодисоор хангах;
  • Нарийн боовны газруудын өөртөө үйлчлэх хэсэгт савлагаа уутгүй бүтээгдэхүүн зарахгүй байх;
  • Дэлгэрэнгүй мэдээлэлийг дараах эх сурвалжаас авна уу.

Эх сурвалж: https://apps.who.int/iris/bitstream/handle/10665/331705/WHO-2019-nCoV-Food_Safety-2020.1-eng.pdf

Орчуулан бэлтгэсэн: СТЭҮТ-ийн Эрсдэлийн үнэлгээний мэргэжилтэн Д.Ханбуурал

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай