Дэлхий дахинд цаазаар авах ялын гүйцэтгэл 5%-иар буурлаа
- 2020-04-21
- Өөр өнцөг
- 0
Дэлхий дахинд цаазаар авах ялын гүйцэтгэл буурч байгааг үл харгалзан Саудын Араб улс 2019 онд хамгийн их цаазаар авах ял гүйцэтгэлээ хэмээн “Цаазаар авах ял ба гүйцэтгэл 2019” тоймоо өнөөдөр хэвлэн гаргаж байгаа Эмнести Интернэшнлээс мэдээллээ. Тус байгууллагын судалгаагаар өнгөрсөн жил Саудын Арабт 184 хүн цаазалсан нь тус улс дахь нэг жилд гүйцэтгэсэн хамгийн өндөр тоо байв.
“Цаазаар авах ял нь жигшүүрт, хүнлэг бус ял шийтгэл бөгөөд хорих ял шийтгэлээс илүүтэй гэмт хэргийг зогсооно гэсэн нотолгоо байхгүй. Улс орнуудын дийлэнх нь үүнийг хүлээн зөвшөөрч байгаа нь дэлхий дахинд энэ ялын гүйцэтгэл буурч байгаагаас харагдаж байна. Гэвч цөөн тооны улс цаазаар авах ялаас татгалзах дэлхийн чиг хандлагыг үл тоомсорлон энэ ялыг гүйцэтгэсээр байна. Ирак улсад цаазаар авах ял гүйцэтгэх нь нэмэгдэж, Саудын Араб энэ ялыг өөрөөр сэтгэгчдийн эсрэг улс төрийн зэвсэг болгон хэрэглэж байгаа нь түгшүүр төрүүлж байна” хэмээн Эмнести Интернэшнлийн Судалгаа, Нөлөөлөл, Бодлого хариуцсан Ахлах Захирал Клайр Алгар өгүүллээ.
2019 онд хамгийн их цаазаар авах ял гүйцэтгэсэн таван улсад Хятад (1000+), Иран(251+), Саудын Араб(184), Ирак(100+), Египет(32+) багтаж байна.
Ирак улсад цаазаар авах ялын гүйцэтгэл хоёр дахин нэмэгдэж, Иран улс Хятадын дараа удаах байрыг эзэлсэн хэвээр байна. Хэдийгээр эдгээр улс цаазаар авах ялын чиг хандлагаас ухарч байгаа ч дэлхий дахинд цаазаар авах ял гүйцэтгэх нь 2018 онд 690 байснаас 2019 онд 657 болж, сүүлийн дөрвөн жилийн байдлаар тогтмол буурч байна.
2019 онд 20 улс л цаазаар авах ял гүйцэтгэлээ. Үүнээс Саудын Араб, Ирак, Өмнөд Судан, Йемен улс өмнөх жилээс илүү олон хүн цаазалжээ.
2019 онд Саудын Арабт цаазаар авахуулсан 184 хүний зургаа нь эмэгтэй, 178 нь эрэгтэй байсан ба тэдний бараг тал нь гадаадын иргэд байв. 2018 онд тус улс 148 цаазаар авах ял гүйцэтгэж байв. Цаазаар авахуулсан хүмүүсийн дийлэнх нь хүн амины болон мансууруулах бодистой холбоотой хэргээр ял шийтгүүлжээ. Мөн тэрчлэн энэ ялыг өөрөөр сэтгэгчид буюу Саудын Арабын цөөнх болох Шиа мусальманчуудын эсрэг улс төрийн зэвсэг болгон хэрэглэх нь нэмэгдэж байгааг Эмнести Интернэшнл баримтжууллаа.
Ирак улс 2018 онд 52 цаазаар авах ял гүйцэтгэж байсан бол 2019 онд 100 болж нэмэгджээ. Өмнөд Судан 2019 онд 11 хүн цаазалсан нь тус улс 2011 онд тусгаар тогтнолоо олж авснаас хойш бүртгэгдсэн хамгийн өндөр тоо юм. Йемен улс 2019 онд наад зах нь долоон хүн цаазалсан бол 2018 онд энэ тоо дөрөв байв. Бахрейн 2018 онд цаазаар авах ял гүйцэтгээгүй ч 2019 онд гурван хүн цаазалжээ.
Олон улс орон цаазаар авах ял хэрэглэсэн талаарх албан ёсны мэдээллээ өгөхгүй, хэвлэн нийтлэхгүй байгаа нь тэдгээр улсын засгийн газруудад ил тод байдал дутагдаж байгааг харуулж байна.
Иран улс 2018 онд 253 цаазаар авах ял гүйцэтгэж байсан бол 2019 онд 251 цаазаар авах ял гүйцэтгэсний дөрөв нь гэмт хэрэг үйлдэхдээ 18 насанд хүрээгүй байв. Гэвч ил тод байдал дутагдаж байгаагийн улмаас цаазаар авах ял гүйцэтгэсэн бодит тоон мэдээллийг баталгаажуулахад төвөгтөй байгаа ба илүү өндөр байх магадлалтай байна. Тус улс 2019 оны 4-р сарын 25-нд Фарс мужийн Шираз дахь Аделабад хорих газарт Амин Седагхат, Мехди Сохрабифар гэх хоёр хүүг нууцаар цаазалжээ. Тэд 15 насандаа баривчлагдан, шударга бусаар шүүгдэн олон удаагийн хүчингийн хэргээр яллагдсан байна. Цаазлуулахаасаа өмнө тэд энэ ялаар шийтгүүлсэн гэдгээ мэдээгүйгээр барахгүй, тэдний цогцост ташуурын ул мөр тод үлдсэн нь зодуулсныг илтгэж байв.
“Дэлхий даяар цаазаар авах ялын гүйцэтгэлийг нууцалсаар байна. Беларусаас Ботсван, Иранаас Япон хүртэл улс орнууд цаазаар авах ял гүйцэтгэх тухайгаа өмнө нь гэр бүл, өмгөөлөгч, заримдаа бүр ялтанд хүртэл мэдэгдэхгүй байна.” хэмээн Клайр Алгар өгүүллээ.
2011 оноос хойш анх удаа Ази Номхон далайн бүс нутагт цаазаар авах ял гүйцэтгэж байгаа улс орны тоо буурч, долоо болжээ. Япон, Сингапур улсад 15-аас 3, 13-аас 4 болж цаазаар авах ял гүйцэтгэх нь буурсан байна.
Афганистан улс 2010 оноос хойш анх удаагаа цаазаар авах ял гүйцэтгээгүй ба Тайван, Тайланд улс мөн энэ ялыг гүйцэтгэлгүй өнжсөн бол, Казакстан, ОХУ, Тажикстан, Малайз, Гамби улс цаазаар авах ялын гүйцэтгэлд зарласан албан ёсны мораторигоо хадгалж үлдлээ.
Дэлхий дахинд цаазаар авах ялыг бүрэн буюу бүх гэмт хэрэгт халсан 106 улс байгаа бол, хуульдаа болон практикт хэрэглэхээ зогсоосон нийт 142 улс байна.
Мөн зарим улс цаазаар авах ялыг төгсгөл болгох эерэг алхмууд авч хэрэгжүүллээ. Тухайлбал Экваторын Гвиней улсын Ерөнхийлөгч 4-р сард засгийн газраас цаазаар авах ялыг халах тухай хууль танилцуулах гэж байгаагаа зарлаж, Төв Африкын Бүгд Найрамдах Улс, Кени, Гамби, Зимбабве улсад мөн цаазаар авах ялыг халах эерэг өөрчлөлтүүд гарсан байна. Барбадос улс Үндсэн хуулиасаа заавал оногдуулах цаазаар авах ялыг халжээ.
АНУ-даа хамгийн их цаазаар авах ялтнуудтай Калифорни мужийн амбан захирагч цаазаар авах ялын гүйцэтгэлд моратори зарласан бол Нью Хампшир муж бүх гэмт хэрэгт цаазаар авах ялыг халсан 21 дэх муж улс болжээ.
“Цаазаар авах ялыг халах дэлхийн чиг хандлагыг бид хадгалж үлдэх ёстой. Бид бүх улсуудыг цаазаар авах ялыг халахыг уриалж байна.” хэмээн Клайр Алгар өгүүллээ.
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ
Сэтгэгдэл (0)